Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

 

 

 

     2022        01         20                                   2022/ШЦТ/138

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

            Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хд холбогдох эрүүгийн 2106 03796 2646 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

...

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баянмонгол хороолол"-ын хойд талын төв зам дээр хохирогч Х.Гийг “оршуулгын ажлын машины цуваан дундуур орж машинаа мөргүүллээ” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр эмээгийн буяны ажил гаргах гээд цуваагаар явж байхад хохирогчийн машин дундуур нь орж ирэхэд эгч Уянгын машин  тэр машины араас мөргөчихсөн. Тэгэхээр нь би ахаа бид нар ажил явдалтай явж байна дараа учраа олъё гэж хэлсэн чинь машины жолооч  тэр чинь ямар хамаатай юм бэ? гээд намайг заамдаж аваад цохих гэж оролдсон. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад дээр дээрээсээ унасан. Нөгөө жолооч миний доор унахдаа машиныхаа купертээ толгойгоо хагалсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

  Эрүүгийн 2106 03796 2646 дугаартай хэргээс:

  Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний талийгаач эмээ болох Долгорсүрэнгийн ажил явдал болоод буяны цуваа татаад Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын ертөнцийн зүгээр хойд талын замаар явж байхад саарал өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл цуваан дундуур орж ирсэн ба миний урд явж байсан тээврийн хэрэгслийн жолооч эгч Уянга нь хойноос нь нөгөө Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн юм шиг байсан ба Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч гарч ирээд гай болсон гарууд гэх мэт зүйл яриад байхаар нь би машинаасаа бууж очоод буяны ажилтай явж байна гэхэд чам шиг бацаантай юу ярихав гэхээр нь буяны ажил болоод байна танд ийм зүйл тохиолдохгүй юу гэхэд манайд ийм юм тохиолдохгүй гэхээр нь би та бичиг баримтыг нь аваад үлдчих ажил явдалтай байна гэхэд чам шиг бацаан юу вэ манайд ийм зүйл тохиолдохгүй хохьчин гэж хэлээд намайг заамдаж авсан. Бид хоёрыг заамдалцаж  байхад манай эгч Уянга болон өөр хүмүүс салгасан. Бид хоёрыг салсны дараа тухайн жолооч нь миний цээж рүү өшиглөхөөр нь би тэр ахын суган доогуур ороод давхар хамаад газарт шидсэн. Тэр ах надад шидүүлээд босож ирэхдээ гараараа толгойгоо барьсан толгойн ар хэсгээс цус гарсан байсан ба сүүлд хамраас нь цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

Хохирогч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9 цагийн үед эхнэрийгээ ажилд нь хүргэж өгөх гээд өөрийнхөө 63-64 УАН улсын дугаартай саарал өнгийн Приус-30 маркийн машинтайгаа Баянмонгол хорооллын чанх хойд талын зам дээгүүр явж байхад зүүн талаас 26-76 УНӨ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл эргэж байхдаа миний машины араас мөргөсөн. ... Тэр Приус машины ард явж байсан Соната-7 маркийн машинаас нэг залуу бууж ирээд маргалдаад хальт өшиглөлцөөд байж байхад хүмүүс ирээд салгасан. Гэтэл нэхэл хатуутай юм шиг нөгөө залуу араас гүйж ирээд миний хоёр хөлийг давхар хамах мэхээр унагаасан. Яг тэгээд ар дагзаараа савж унахдаа өөрийнхөө машины арын куперийг мөргөж унасан. Тэгээд босож амжаагүй байхад миний нүүр рүү өшиглөсөн. Өшиглөхдөө гутлаараа хамрын голд байх хэсгийг эсгэчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 20-ны 10 цагийн орчим Манай гэр бүл эмээгээ гаргах гээд цуваа болон явж байсан. Тэр үед Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах нарны замаас натур орох гол руу эргэх гэтэл нэг машин манай оршуулгын цуваа таслан урдуур ирэхэд нь  би очоод хойд хэсэгт мөргөсөн юм. Тэгээд буугаад хартал купер нь салаад уначихсан байсан тэр машины жолооч бууж ирэхэд нь чи оршуулгын цуваа тасалж ороод ирэх юм гэж хэлэхэд тэр чинь ямар хамаатай юм дууддаг цагдаагаа дууд гээд орилоод байсан. Тэгэхэд нь би гайгүй байна гэхэд миний өөдөөс орилж бархираад гараа далайгаад байсан. Тэр үед манай дүү Б.Х ирээд бид нар оршуулганд явж байна зүгээр зохицож болохгүй юм уу гэхэд эхнэр нь та нарыг явдаг газраар явуулна гээд миний өөдөөс чарлаад байсан. Тэр машины жолооч манай дүүг заамдаж аваад ноцолдож байгаад тэр салсан купер дээр мөргүүлсэн. Машины жолооч унахдаа толгой хэсгээ цохиод уначихсан тэрнээс бол зодолдсон зүйл байхгүй. Тэгтэл манай эгч Баянбулаг ирээд тохиролцоод салчих тэгэх үү бид нар буяны ажилтай байна гэхэд цагдаа дууд гээд чарлаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч М.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Манай нөхөр Х.Г Приус-30 маркийн машинтай Зайсангийн “Хану” нэртэй жимсний дэлгүүрт намайг хүргэж өгөхөөр явсан.  Бид хоёр Баянмонгол хорооллын хойд талын нарны замаар чигээрээ явж байхад гэнэт манай машины араас хойд купер салтал саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй мөргөсөн. Тухайн эмэгтэй эсрэг талын замаас буцаж эргэсэн уулзавраар эргэхдээ мөргөсөн. Манай нөхөр нөгөө машины жолооч эмэгтэй хоёр хоорондоо юу болов гэж байхад мөргөсөн машины арын Сонота маркийн машинаас эрэгтэй хүн бууж ирээд ажил явдалтай явж байхад дараа нь болно биздээ холдооч гэж хэлсэн. Манай нөхөр чамтай яриагүй энэ хүүхэнтэй ярьж байна гэхэд тухайн залуу энэ хүн манай эгч, та хуцаад байгаа юм бэ? гээд нөхрийн толгой руу цохиж өшиглөөд, боогоод, зууралдаад дагз хэсгээр нь хойш нь түлхэхэд түлхэхэд манай нөхөр машины хойд куперийн төмрийг мөргөж  газар унахад хамар хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн.  Нөхрийн хамраас цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Б.Баянбулагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 09 цагийн орчим манай ээж Долгорсүрэнгийн буяны ажлаар автомашинтай цуваагаар Нарантуул захын уулзвар орчимд явж байхад манай дүү Уянгын унаж явсан саарал өнгийн Приүс-20 маркийн автомашин Приус-30 маркийн машинтай шүргэлцэхэд тэр машинаас  жолооч нь болох 30 гаран насны эрэгтэй бууж ирээд манай дүү Уянга руу дайрч хэрэлдээд байсан. Тэгтэл ар талын машинд нь явж байсан манай эгчийн хүүхэд болох Б.Х бууж ирээд Уянгатай муудалдсан тэр залуутай барилцаж аваад түлхэлцээд тэр хоёр газарт унахдаа Б.Х тэр эрэгтэйгийн дээр унасан. Тэгэхэд нөгөө залуугийн толгойноос цус гарсан. Тэр залуу цагдаа дуудна гээд бид нар луу уурлаад хэрэлдээд хараагаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 55 дугаар хуудас/,

Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10178 дугаартай шинжээчийн “...1. Х.Гийн биед тархины доргилт, дагзны зүүн дээд хэсэг, хамрын үзүүрт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, дагз, хамрын шарх нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. З.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Х холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баянмонгол хороолол"-ын хойд талын төв зам дээр хохирогч Х.Гийг оршуулгын ажлын машины цуваан дундуур орж машинаа мөргүүллээ” гэх шалтгаанаар маргалдан зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Хгийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтад гаргасан мэдүүлэг, хохирогч Х.Г, гэрч Б.Уянга, М.Ариунаа, Б.Баянбулаг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10178 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Хн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Х.Гийн  биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Хн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Хн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 108.000 төгрөгийг хохирогч Х.Гт шүүгдэгч Б.Х төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Х.Г нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн зардлын нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Б.Хгаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч  Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Хд оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х нь хохирогч Х.Гт гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 108.000 төгрөгийг төлсөн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Х.Г нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн зардлын нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Б.Хгаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                   Х.САНЖИДМАА