Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Шүүгдэгч Ч.З******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.З*******т холбогдох 1715000980027 дугаартай, 132/2017/0168/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Цагаан Хайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, МSС барилгын компанид засал чимэглэлчин ажилтай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 77-А гудамж, 03 тоотод оршин суух, урьд 1995 оны 08 дугаар сарын 10-нд Увс аймгийн сум дундын шүүхийн 97 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, -1997 оны 07 дугаар сарын 20-нд Увс аймгийн сум дундын шүүхийн 149 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, -2000-09-05-нд Увс аймгийн сум дундын шүүхийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар , -2001-07-09-нд Завхан аймгийн сум дундын шүүхийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4, дахь хэсэгт зааснаар 9 жил 01 сар 26 хоногийн хорих ялаар -2015-05-07-нд Сум дундын 22 дугаар шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овогт *******ын З******* РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.З******* нь 2017 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар 2 багийн нутаг "*******" гэх газарт оршин суух иргэн Х.Э*******ын 9 тооны адууг хулгайлж 7950000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.З******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

1715000980027 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Х.Э*******ын өгсөн: "...2017 оны 08 дугаар сары 14-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг *******ийн бэлчирт манай 10 тооны адуу байсан тэгээд 15-ны өдөр манай хүүхэд хайгаад олоогүй тэгээд тэрнээс хойш 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хайгаад олоогүй тэгээд байж байтал 20-ны орой цагдаа нар ирээд Улаанбаатар хотод адуу олдсон танай адуу мөн үү гэж ирсэн тэгээд зургийг хартал мөн байсан тэгээд Улаанбаатар хот явсан..." гэх мэдүүлэг /хх-н 15-17 дугаар хуудас/,

Гэрч Э.М*******ын өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Орхон сумын 2 дугаар баг ******* гэх газар манай адуу байсан тэгээд 15- ны өдөр ******* гэх газар хараад байхгүй байсан. Тэгээд 16-ны өдөр өөрийн адуунуудыг Хангал өртөө, 36 тойрог, Улаан толгой арцат, Бэр овоо, Улаан хонх, Орхон гол, ******* гэх газраар хайгаад олоогүй байж байтал 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн орой 21 цагийн орчимд цагдаа нар ирээд адуу алдсан уу?, алдсан бол энэ адуу танай адуу мөн үү? гээд зураг үзүүлсэн. Үзүүлсэн зургийг нь хараад манай адуу мөн байсан... гэх мэдүүлэг /хх-н 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Х.Х*******гийн өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай Э******* Орхон сумын 2 дугаар баг ******* гэх газраас 10 тооны адуу алга болчихлоо хайж байна гэсэн. Тэгээд бас 2017 оны 08 дугаар сарын 17-ноос хойш байж болох газруудаар хайсан тэгээд олдоогүй байсан тэгээд байж байтал 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай ах Э*******т танай адуунуудыг хотод хулгайч авсан байна гэж хэлсэн гэсэн. Манай ах 2 машинтай цагдаа нарын хамт явж морь авч ирсэн. Тэр морьноос нэг морь байхгүй байсан. Бусад морь зүсээрээ таарч байсан ... гэх мэдүүлэг /хх-н 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Т*******ын өгсөн: ...Сая надад харуулсан хүнийг танина. 2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэс 2017 оны 08 дугаар сарын 05-ны хооронд шиг санагдаж байна манайх отор хийгээд Орхон аймгийн хойд талд байрлах хиймэл нуурын хажууд очсон. Тэнд манайхтай нэг газар хамт нутагладаг Мөнгөнсүх гэх айл зусч байсан ба тэнд саяны надад харуулсан хүн З******* гэх хүн байсан. Намайг Мөнгөнсүхийнд хоёр ч удаа очиход байсан ба Мөнгөнсүх тэр З******* гэх хүнийг Зоригоо гэж дуудаж байсан. Би Мөнгөнсүхийнд 2 удаа очихдоо 3 хоногийн зайтай очсон. Намайг очиход З******* гэх хүн Мөнгөнсүхийнд хэвтэж байсан..." гэх мэдүүлэг /хх-н 22-23 дугаар хуудас/

Яллагдагч Ч.З*******ын өгсөн: ...Тэгээд маргааш өглөө нь хулгай хийх адуу хайгаад явж байтал нэг өвөлжөөн дотор 9 тооны хээр, хул, хонгор, хүрэн, халиун, саарал, бор, халзан, бор халтар, хээр зүсмийн морьд байсан ба хайрцгаа задлаад эмээл, хазаар, ногтоо гаргаад жижиг хээр морийг нь барьж унаад бусдыг туугаад шууд Улаанбатар хотын чиглэлд Орхон гол гараад явсан. Би замдаа морьдыг шөнө нь туугаад өдөр нь амарч идүүлээд явсан. Явсаар байгаад 2017 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Улаанбаатар хот орж Эмээлтэд хоноод маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө Хэнтий аймаг руу явах гэж 3 байгаад Их тэнгэрийн аманд цагдаад баригдаж саатуулагдсан... гэх мэдүүлэг /хх-н 54-57 дугаар хуудас/

Орхон аймаг дахь "Тольдох оюуны өгөөж үнэлгээ тогтоох" ХХК-ны 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1 тал/,

хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-3 тал/,

гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4 тал/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-7 тал/,

эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 8-10 тал/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 10-13 тал/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-16 тал/,

урьд ял шийтгэлийг шалгасан хуудас /хх 44 тал/,

хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 32 тал/,

хохирогчийн гомдол саналгүй гэсэн бичиг /хх 49 тал/,

шийтгэх тогтоолын хуулбар /хх 33 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.З******* нь 2017 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг "*******" гэх газат оршин суух иргэн Х.Э*******ын 9 тооны адууг хулгайлж 7950000 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Х.Э*******, гэрч Э.М*******, Х.Х*******, Б.Т******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.З*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.З*******ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.З*******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.З*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Э******* нь шүүхийн хэлэлцүүлэгт 10 тооны адуу хулгайд алдсан 9 тооны адууг зүсээр нь буцааж авсан, их насны халтар зүсмийн морио олж аваагүй гэж маргаж байгаа ба 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/09 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч Ч. З******* нь Х. Э*******ын их насны халтар зүсмийн 2500000 төгрөгийн үнэтэй морийг хулгайлсан нь тогтоогдохгүй байх тул үйдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 171500229 дугаартай прокурорын тогтоолоор Ч. З*******т холбогдох хэргээс хохирогч Х. Э*******ын “их насны халтар зүсмийн 2.500.000 төгрөгийн үнэтэй морийг хулгайлсан” гэх хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ч.З*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х. Э******* нь шууд бус хохирол морио эрж хайхад зарцуулсан зардал болон халтар морины 2.500.000 төгрөг бүгд 4.087.000 төгрөг нэхэмжилсэн ба нотлох баримтын шаардлага хангасан морио эрж хайсан, улаанбаатар хотоос морио машинтай авчирсан зардал бензин шатахуун, Лэндэс ХХК-ны үнэлгээний 300000 төгрөг, байцаан шийтгэх ажиллагааны зардал бүгд 822450 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй боловч хохиролыг бүрэн төлж барагдуулсан байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас морины үнэ 2.500.000 төгрөг, нотлох баримтын шаардлага хангахгүй шатахууны зардал 764.550 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.З******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон цэнхэр өнгийн гөлөмтэй, хар өнгөтэй эмээл 1 ширхэг, хар өнгийн бризентэн материалтай ногт 1 ширхэг, суран хазаар 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн З*******ыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ч.З*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.З*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.З******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ногоон цэнхэр өнгийн гөлөмтэй, хар өнгөтэй эмээл 1 ширхэг, хар өнгийн бризентэн материалтай ногт 1 ширхэг, суран хазаар 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр 5 болмогц Булган аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.З*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНДУЛАМ