| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2016/04308/И |
| Дугаар | 3132 |
| Огноо | 2017-11-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 3132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Ш-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Б-д
гэрээний үүрэгт 146,040,620 төгрөг гаргуулах тухай үндсэн,
109,842,030 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Д.Т, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ш би 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн Тэрэлжид байрлах “Баянгол” нэртэй хүүхдийн зуслангийн 1 блок буюу уулзалтын байрны угсралтын ажлыг нийт 24,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцон уг ажлыг хийсэн. Ингээд дараа нь нэмж ажилчдын байрны дээврийн ажилд 5,000,000 төгрөгөөр 8х8 хэмжээтэй 6 барилгын газар шороо ажилд 3,000,000, хэв хашмал суурийн ажлыг 9,000,000 төгрөгөөр, уулзалтын байрны прон тооны өрлөгийг 2,000,000 төгрөгөөр тус тус хийж 2015 оны 6 дугаар сард хүлээлгэн өгсөн. Дараа нь 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр дахин саун душны барилгын газар шороо 1,000,000 төгрөгөөр, хэв хашмал суурийн цутгалтыг 5,000,000 төгрөгөөр, өрлөг дүүргэлтийн ажлыг 4,000,000 төгрөгөөр, тус барилгын дээврийн цутгалтыг 5,000,000 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэсэн. Мөн 23 ортой 7 барилгын газар шорооны ажлыг 7,000,000 төгрөгөөр, суурийн хэв суурийн хэв хашмал бетон цутгалтыг 35,000,000 төгрөгөөр, өрлөг дүүргэлтийг 30,800,000 төгрөгөөр, дээврийн цутгалтийг 35,000,000 төгрөгөөр, сүүлд 8х8 хэмжээтэй 4 барилгын дээврийн мужааны ажлыг 4,000,000 төгрөгөөр, 8х8 хэмжээтэй 1 барилгын дээврийн цутгалтийг 1,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн юм. 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 6 дугаар 30-ны хооронд хийж гүйцэтгэсэн ажлын нийт төлбөрт 43,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн ажлын нийт төлбөрт 128,700,000 төгрөгөөр С.Ш миний бие Баянзүрх дүүргийн Горхи Тэрэлжид байрлах “Баянгол” хүүхдийн зуслангийн барилгын ажлыг нийт 171,700,700 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн. Үүнээс нийт 119,127,580 төгрөгийг хүлээн авсан. Одоо үлдэгдэл 52,573.120 төгрөгийн үлдэгдлийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Ш нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие С.Ш нь Г.Бямбадорж болон Р.Золбаатар нарт холбогдуулж 52,573,120 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон “Унага трейд” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Миний бие Баянгол хүүхдийн зуслангийн барилгын ажлыг 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд хийж гүйцэтгэсэн ба 119,127,580 төгрөгийг хийсэн ажлын хөлсөнд хүлээн авсан. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Итгэлт эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээчийн дүгнэлтээр миний хийж гүйцэтгэсэн ажлын нийт төсөвт өртөг нь 236,168,200 төгрөг болсон гэжээ. Иймд нийт хийсэн ажлын хөлс 236,168,200 төгрөгөөс хийсэн ажлын хөлсөнд хүлээн авсан 119,127,580 төгрөгийг хасаад үлдэх 144,040,620 төгрөг дээр шинжээчийн ажлын хөлс 2,000,000 төгрөгийг буюу нийт 146,040,620 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 1/ Миний бие Т.Б нь иргэн С.Штэй 2015 оны 3 дугаар сарын сүүлээр харилцан тохиролцож “Баянгол хүүхдийн зуслангийн гэр бүл уулзалтын байрны карказын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар болсон. Дээрх ажил нь 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хийгдэж дууссан ба ажпын хөлсөнд нийт 24,288,500 төгрөгийг төлсөн.
2/ Баянгол хүүхдийн зуслангийн ажилчдын байрны дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Уг ажлыг 2015 оны 06 дугаар 16-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хийж дуусгасан ба 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр С.Шд ажлын хөлс болох 5,000,000 төгрөгийг төлж дуусгасан.
3/ 8х8 хэмжээтэй 6 барилгын хэв хашмал суурийн ажлыг 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон ба ажлын хөлсөнд 9,000,000 төгрөгийг төлсөн.
4/ Саун душны хэв хашмал суурийн ажлыг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, шалны ажлыг, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хийж дуусгасан ба ажлын хөлсөнд нийт 5,000,000 төгрөг төлсөн.
5/ Гучин наймын хананы саун душны өрлөгийн ажлыг 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хийж ба ажлын хөлсөнд 4,400,000 төгрөг төлсөн.
6/ Саун душны дээврийн цутгалтын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ба ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг төлсөн.
7/ Баянгол хүүхдийн зуслангийн 23 ортой амрах 7 барилгын суурийн хэв хашмал бетон 35,000,000 төгрөг, өрлөг дүүргэлтийн ажлыг 30,800,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон ба ажлын хөлсийг төлж дуусгасан болно. Мөн Баянгол хүүхдийн зуслангийн 23 ортой амрах 7 барилгын дээврийн цутгалтын ажлыг нэг барилгын цутгалтын ажлыг 5,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон 3 барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн тул 15,000,000 төгрөгийг төлсөн. Харин Баянгол хүүхдийн зуслангийн 23 ортой амрах 7 барилгын дээврийн цутгалтын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 35,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч 5 барилгын дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн ба уг 5 барилгын дээврийн ажлаас 2 барилгын дээврийн цутгалт нь хөлдөж ашиглах боломжгүй болсон. Иймд уг 7 барилгын дээврийн цутгалын ажлаас 4 дээврийн цутгалын барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй гэж үзэж байгаа тул дээрх 4 дээврийн цутгалын барилгын хөлс болох 20,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. 8х8 хэмжээтэй 6 барилгын газар шороо ажилд 3,000,000 төгрөг, саун душны барилгын газар шороо 1,000,000 төгрөг, 23 ортой барилгын газар шорооны ажилд 7,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Учир нь уг барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцохдоо газар шорооны ажлын хөлс гэж тохиролцоогүй. Энэ нь өөрөө тухайн барилгын суурийн ажлын нэг хэсэг юм. Мөн гэр бүл уулзалтын байрны пронтоны өрлөгийн 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг нэхэмжилж буй үнийн дүнгээс тусад нь бодож С.Шд төлсөн болно. Иймд Т.Б миний бие нь иргэн С.Шд барилгын ажил гүйцэтгэсэн ажпын 119,650,500 төгрөг төлсөн. Дахиж төлбөр төлөх үндэслэлгүй байх тул С.Шгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 1/ Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын 23 ортой амрах байрны 1, 3 дугаар байрны хучилтын ажлыг гүйцэтгүүлэхээр 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл туслан гүйцэтгэгчээр С.Ш ахлагчтай бригадыг ажиллуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл дээрх ажлыг гүйцэтгэхдээ чанарын шаардлага хангаагүйгээс гадна хучилтын бетонын арчилгааг хийгээгүйн улмаас тухайн барилгын дээврийн хучилтын бетон бүхэлдээ хөлдсөн. Түүнчлэн дараагийн үе шатны ажил хийгдэхгүй зогссон. Энэ байдлаас болж 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх ёстой байсан ажил хойшлогдож алдагдалд орж байна. Тухайлбал: Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын 23 ортой амрах байрны 1, 3 байрны хучилтын ажлыг дахин шинээр хийж гүйцэтгэх шаардлагатай болсон ба уг шинээр гүйцэтгэхэд барилгын материалын үнэ 22,576,800 төгрөг, тээврийн хөлсөнд 400,000 төгрөг, түрээсийн тоног төхөөрөмж /тулгуур төмөр/ 2,335,200 төгрөг, ажиллах хүч 12,000,000 төгрөг, буулгалтын ажлын зардалд 4,128,000 төгрөг, НӨАТ 4,144,000 төгрөг, нийт 45,584,000 төгрөгийн зардлын тооцоо гарсан.
2/ С.Ш ахлагчтай бригад нь ажилчдын амрах байрны дээврийн ажлыг 2015 оны 6 дугаар сард хийж гүйцэтгэсэн. Уг барилгыг улсын комисст 2015 оны 11 дүгээр сард хүлээлгэж өгсөн. Гэтэл хүлээлгэж өгөөд удаагүй байхад чанарын шаардлага хангаагүйн улмаас ажилчдын амрах байрны дээврээс дусаал гоожиж коридор болон 2 өрөөний тааз, ханын шаск, эмүльс хууларч унасан. Эдгээрийг дахин шинээр хийж гүйцэтгэх шаардлагатай болсон ба зардалд ажиллах хүч 3,267,000 төгрөг, барилгын матөриал 9,059,287 төгрөг, НӨАТ-1,232,628 төгрөг, нийт 13,558,915 төгрөгийн зардлын тооцоо гарсан.
3/ С.Ш ахлагчтай бригад нь уурын зуухны бүс бетоны ажлыг 2015 оны 10 дугаар сард хийж гүйцэтгэсэн. Гэтэл дээрх ажлыг гүйцэтгэхдээ чанарын шаардлага хангаагүйгээс гадна бүс бетонын арчилгааг хийгээгүйн улмаас тухайн барилгын дээврийн бүс бетон бүхэлдээ хөлдсөн. Түүнчлэн дараагийн үе шатны ажил хийгдэхгүй зогссон. Дээрх ажлыг шинээр хийж гүйцэтгэх шаардлагатай болсон. Эдгээр ажлыг шинээр хийж гүйцэтгэхэд пронтоны өрлөгө буулгах бүс бетон буулгах зардалд 5,952,000 төгрөг, ажиллах хүчний зардал 7,952,000 төгрөг, барилгын материалын үнэ 5,903,850 төгрөг, машин ашиглалтын зардал 1,752,000 төгрөг, НӨАТ 1,560,785 төгрөгийн зардал, нийт 17,168,635 төгрөгийн зардлын тооцоо гарч байна.
4/ С.Ш ахлагчтай бригад нь Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын 23 ортой амрах 2,7-р байрны хучилтын ажпыг хийж гүйцэтгэхээр тохиролцож ажпын хөлсөө авсан боловч хийж гүйцэтгээгүй. 7 дугаар байрны хучилтыг бид өөрсдөө хийж гүйцэтгэсэн, 2 дугаар байрны дээврийн ажил хийгдээгүй, тухайн барилгын ажлын хөлс болох 10,000,000 төгрөгийн тооцоо гарсан.
5/ С.Ш ахлагчтай бригад нь барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа сарилгын материалыг эвдэж, дахин ашиглах боломжгүй болсноос 23.530.480 төгрөгийн зардал гарсан. Иймд хариуцагч С.Шгээс нийт 109,842,030 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Шгээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 1/ Баянгол дүүргийн “Баянгол хүүхдийн зуслан” цогцолборын 23 ортой хүүхийн амрах байр буюу 7 байрны суурь, өрлөг дээврийн хучилтын мужаан, арматурын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс 2 дугаар барилгын мужаан, арматурын ажлыг хийж амжаагүй юм. Мөн 1,3-р байрны мужаан, арматурын ажпыг бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд уг барилгын бетоны ажлыг “Унага трейд” ХХК-ийн ажилчид хийсэн болно. Манай бригад хийгээгүй.
2/ Ажилчдын амрах байрны дээврийн ажлыг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн. Тухайн барилгыг хүлээлгэж өгөхөд баруун урд талын усны цоргоноос ус шүүрч байсныг зассан, мөн тус барилгын дээвэр нь 4 цорготой бөгөөд тэдгээрийг бөглөн усны нацоссоор 10 тн ус асган шалгаж хүлээлгэн өгсөн. Уг барилга борооны улиралд дусаал дусаагүй, харин 11 сард өвлийн эхэн сард бороо ороогүй байхад дусаал дуссан гэдэг нь үндэслэлгүй байна.
3/ Уурын зуухны барилгын ажлыг нь тухай үед хийх талаар тохиролцоогүй байсан ба тус барилгын багана, дан нурууны мужаан, арматурын ажпыг тухайн “Унага трейд” ХХК-ийн ажилчид хийж чадахгүй байсан учраас манай баригадаар ажлаа сольж хийсэн. Энэ нь 23 ортой 1, 3 дугаар байрны бетон хучилтын ажпаар сольж хийсэн бөгөөд уурын зуухны бүс бетоны ажпыг хийхэд н.Бямбадорж улсын комисст хүлээлгэн өгөх шаардлагатай байна, мөнгө орох гэж байгаа учир танай баригад хийж өгнө үү гэж гуйж хийлгэсэн болно.
4/ 23 ортой 2 дугаар байрны дээврийн хучилтын ажпыг манай баригад хийгээгүй, захиалагч материал нийлүүлээгүй учир бид хийгээгүй. Харин 7 дугаар байрны мужаан арматурын ажпыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.
5/ Манай баригад “Баянгол” хүүхдийн зуслангын ажлыг хийж гүйцэтгэхдээ захиалагч талаас ямар нэгэн тоног төрөөрөмж авч хэрэглээгүй бөгөөд манайх өөрийн багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийг ашиглан тус ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн болно. Иймд хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх байх тул сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Г.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх Т.Б, “Унагатрейд” ХХК, Р.Золбаатар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-уудад холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Золбаатар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-уудад холбогдох шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж шийдвэрлэсэн билээ. С.Ш болон Т.Б нар ах дүүгийн хүүхдүүд бөгөөд тэд харилцан тохиролцсоны үндсэн дээр Т.Бийн “Унага трейд” ХХК-ийн хийж байсан ажилд туслуулахаар Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Горхи тэрэлжид 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн зуслангийн цогцолборын ажлыг С.Ш хийсэн, энэ талаар талууд маргахгүй байгаа. С.Шгийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт ажлын хөлс нь 171,770,000 төгрөг болсон ба үүнээс 119,127,580 төгрөгийг тэрээр Т.Боос авсан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үлдэгдэл 52,573,120 төгрөгийг гаргуулахаар хандсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Учир нь шинжээчийн дүгнэлтээр С.Ш нь хийх ёстой ажлыхаа 90 хувиас дээшхийг хийсэн байдаг юм. Шинжээчийн дүгнэлтээр нийт 236,168,200 төгрөгийн ажлын хөлстэй ажлыг хийсэн гэж тогтоогдсон. Үүнээс 119,127,580 төгрөгийг хасахаар нийт 144,040,620 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээс өмнөх 52,573,120 төгрөг дээр зөрүү мөнгө 93,467,500 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 2,000,000 төгрөгийг нэмээд, нийт 146,040,620 төгрөгийг Т.Б болон “Унага трейд” ХХК-иас нэхэмжилж байна. Шинжээчийн ажлын хөлсийг С.Ш төлсөн бөгөөд хэрэв Т.Б зүгээр гэрээний үүргээ биелүүлсэн бол С.Шд өмгөөлөгч авах, шинжээчийн хөлс төлөх шаардлага гарахгүй байсан. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй болохыг шүүхээс анхаарч өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Унага трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажилладаг бөгөөд өөрийн болон компанийн өмнөөс тайлбараа гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Унага трейд” ХХК болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрууд Баянгол дүүргийн хүүхдийн зуслангийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт авсан. Би ах дүүгийн хүүхдүүдийн хувиар С.Штэй харилцан тохирч уг зуслангийн барилгын ажлыг хийлгэсэн. 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн зуслангийн цогцолборын ажлыг С.Ш хийсэн. С.Ш Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Горхи тэрэлжид 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн зуслангийн цогцолборын 23 ортой амрах байрны 7 ширхэг барилгын суурь, өрлөг угсралт, дээврийн хучилт, гэр бүл уулзалтын байрны карказ, дээврийн хашлагны өрлөг, саун душны барилгын суурь, өрлөг угсралт, дээврийн хучилт, багш ажилчдын байрны дээврийн ажил, 8 ортой амрах 6 ширхэг байрны суурийн ажил, 8 ортой 4 ширхэг байрны модон дээврийн ажил, эдгээр барилгуудын суурийн газар шорооны ажлуудыг миний гаргасан барилгын материал, хөрөнгөөр хийсэн болон түүний хийж гүйцэтгэсэн ажлын нийт ажлын хөлсөнд 119,127,580 төгрөгийг төлсөн эсэх тал дээр маргахгүй. Гэвч тэрээр хийх ёстой ажлаа дутуу, доголдолтой хийсэн. Хийж гүйцэтгэсэн ажлууд нь чанарын шаардлага хангаагүй. Бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй, амаар л тохиролцсон. Тухайн газар дээр Шинэхүү, түүний бригад ажил хийсэн, өгсөн үнийн дүн дээр маргахгүй. Харин шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь С.Шгийн хийж гүйцэтгэсэн ажлыг хэт өндрөөр үнэлж, нэг талыг барьсан дүгнэлт байсан. Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Би ажлын хөлсөнд 10,000,000 төгрөгийг төлөөд эсхүл илүү үнийн дүнг удаан хугацааны турш төлөөд эвлэрэх боломжтой. С.Ш барилгын ажил зогссон байгаа тул шууд их хэмжээний мөнгийг гаргаж өгөх боломжгүй гэдгийг сайн мэдэж байгаа гэжээ.
Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбарыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч Т.Б, Р.Золбаатар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, “Унагатрейд” ХХК-иудад холбогдуулж 146,040,620 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Золбаатар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.
Үндсэн нэхэмжлэл:
2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Унага трейд” ХХК болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрууд №БГД-ХААА/ОН-14-10 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр “Унага трейд” ХХК нь 1,025,897,673 төгрөгийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүргийн хүүхдийн зуслангийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.
“Унага трейд” ХХК-ийн захирал буюу хариуцагч Т.Б дээрх төслийг хийж гүйцэтгэх ажлын хүрээнд нэхэмжлэгч С.Штэй харилцан тохирч Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Горхи тэрэлжид 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хүүхдийн зуслангийн цогцолборын барилгын ажлыг хийлгэснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүхээс үзлээ.
С.Ш дээрх тохиролцооны хүрээнд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Горхи тэрэлжид 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн зуслангийн цогцолборын
а/ 23 ортой амрах байрны 7 ширхэг барилгын суурь, өрлөг угсралт, дээврийн хучилт,
б/ Гэр бүл уулзалтын байрны карказ, дээврийн хашлагны өрлөг,
в/ Саун душны барилгын суурь, өрлөг угсралт, дээврийн хучилт,
г/ Багш ажилчдын байрны дээврийн ажил,
д/ 8 ортой амрах 6 ширхэг байрны суурийн ажил,
е/ 8 ортой 4 ширхэг байрны модон дээврийн ажил,
ё/ дээрх барилгуудын суурийн газар шорооны ажлуудыг хариуцагч Т.Бийн буюу хариуцагч талын материалаар хийж гүйцэтгэсэн болон Т.Б хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 119,127,580 төгрөгийг С.Шд төлсөн талаар зохигчид маргаагүй.
Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд “...би ажлын хөлсөнд 10,000,000 төгрөгийг төлөөд эсхүл илүү үнийн дүнг удаан хугацааны турш төлөөд эвлэрэх боломжтой, барилгын ажил зогссон байгаа тул шууд мөнгийг гаргаж өгөх боломжгүй” гэж тайлбарласнаас үзэхэд талууд С.Шгийн хийсэн ажлын хөлсийг төлөх, төлөхгүй дээр бус харин төлбөрийн хэмжээн дээр маргасан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч С.Ш 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Т.Б болон Р.Золбаатар нараас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 52,573,120 төгрөгийг шаардаж шүүхэд хандахдаа өөрийн шаардлагын үндэслэлийг “...би нийт 171,700,700 төгрөгийн ажил хийсэн, үүнээс 119,127,580 төгрөгийг хүлээн авсан. Одоо үлдэгдэл 52,573,120 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлаж байжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2016/23191 дугаар захирамжаар шинжээч томилсон бөгөөд шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэж С.Ш өөрийн шаардлагыг 93,467,500 төгрөгөөр ихэсгэсэн байна.
Тодруулбал, “...шинжээчийн дүгнэлтийн дагуу С.Шгийн хийсэн ажлын төсөвт өртөг 236,168,200 төгрөг болсноос хүлээн авсан 119,127,580 төгрөгийг хасч үлдэх 144,040,620 төгрөг болон шинжээчийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 146,040,620 төгрөгийг би хариуцагч нараас шаардах эрхтэй” гэж нэхэмжлэгч С.Ш өөрийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба хариуцагч Т.Бийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15/262 тоот “Горхи тэрэлж” БЦГазар байрлах Баянгол хүүхдийн зуслангийн барилгын ажлыг ашиглалтад оруулах комиссын акт зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Ш нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Горхи тэрэлжид 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдлийг хариуцагч Т.Боос шаардах эрхтэй байна гэж шүүхээс дүгнэлээ.
Харин дээрх хуулийн заалтаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд ажлын үр дүнг хүлээн авсан тал хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх учиртай тул С.Шгийн анх шүүхэд хандахдаа тодорхойлсон нэхэмжлэлийн үнийн дүн болох 52,573,120 төгрөгийг хариуцагч Т.Бямбодоржоос гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэдийгээр 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний дагуу “Унага трейд” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай тохирч Баянгол дүүргийн хүүхдийн зуслангийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон хэдий ч хүүхдийн зуслангийн барилгын ажлыг Т.Бийн хүсэлтээр С.Ш гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй тул гэрээний үүргийг Т.Бид хариуцуулах нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгтэй харшлахгүй.
Шүүх нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хүсэлтээр нийт 2 удаа шинжээч томилсон бөгөөд шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 56/01 тоот дүгнэлтийн зардал 2,000,000 төгрөг болсон, уг төлбөрийг С.Ш төлсөн талаар зохигчид маргаагүй.
“...Т.Б гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол С.Шд шинжээчийн хөлс төлөх шаардлага гарахгүй байсан” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж С.Шгийн зүгээс шинжээчид төлсөн 2,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.
Түүнчлэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2017/02601 дүгээр захирамжаар шинжээч томилсон хэдий ч нэхэмжлэгч болон хариуцагч нарын хүсэлтээр шинжилгээ хийгээгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн бөгөөд зохигчдоос шинжээч томилуулах хүсэлтийг дахин гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Сөрөг нэхэмжлэл:
Хариуцагч Т.Б нь С.Шгээс 109,842,030 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1/ Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын 23 ортой амрах байрны 1, 3 байрны хучилтын ажлыг дахин шинээр хийж гүйцэтгэхэд гарах барилгын материалын үнэ 22,576,800 төгрөг, тээврийн хөлс 400,000 төгрөг, түрээсийн тоног төхөөрөмж /тулгуур төмөр/ 2,335,200 төгрөг, ажиллах хүч 12,000,000 төгрөг, буулгалтын ажлын зардалд 4,128,000 төгрөг, НӨАТ 4,144,000 төгрөг, нийт 45,584,000 төгрөг.
2/ С.Ш ахлагчтай бригадын хийсэн ажилчдын амрах байрны дээврийн ажлыг дахин шинээр хийж гүйцэтгэхэд гарах зардал буюу ажиллах хүчний 3,267,000 төгрөг, барилгын материалын 9,059,287 төгрөг, НӨАТ 1,232,628 төгрөг, нийт 13,558,915 төгрөг.
3/ С.Ш ахлагчтай бригадын хийсэн уурын зуухны бүс бетоны ажлыг шинээр хийж гүйцэтгэхэд гарах зардал буюу пронтоны өрлөгө буулгах бүс бетон буулгах зардалд 5,952,000 төгрөг, ажиллах хүчний зардал 7,952,000 төгрөг, барилгын материалын үнэ 5,903,850 төгрөг, машин ашиглалтын зардал 1,752,000 төгрөг, НӨАТ 1,560,785 төгрөг, нийт 17,168,635 төгрөг.
4/ Баянгол хүүхдийн зуслангийн цогцолбор барилгын 23 ортой амрах 2, 7 дугаар байрны хучилтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцож ажлын хөлсөө авсан боловч хийж гүйцэтгээгүй барилгын ажлын хөлс 10,000,000 төгрөг.
5/ С.Ш ахлагчтай бригадын барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа барилгын материалыг эвдэж, дахин ашиглах боломжгүй болсноос гарсан зардал 23,530,480 төгрөг, нийт 109,842,030 төгрөг гэжээ.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчлэх ба үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй болохыг мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгээр зохицуулжээ.
Дээрх сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд нэхэмжлэгч С.Ш хүлээсэн үүргээ зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлоо Т.Б нэхэмжилж байна гэж шүүхээс үзлээ.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6., 353 дугаар зүйлийн 353.2., 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй буюу гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирсон үр дүн шилжүүлэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй болно.
Иргэний хэрэг, маргаанд зохигч өөрийн шаардлага татгалзлыг нотлох үүргийг хүлээж оролцдог бөгөөд хариуцагчид 109,842,030 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч Т.Боос 54,573,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93,467,500 төгрөгт болон “Унага трейд” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэлгүй тул С.Шгээс 109,842,030 төгрөг гаргуулах тухай Т.Бийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,046,103 төгрөг, хариуцагчаас төлсөн 707,160 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Т.Боос 420,816 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ