| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02701/И |
| Дугаар | 3434 |
| Огноо | 2017-11-18 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 3434
| 2017 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2017/03434 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Д-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаа гудамж, өөрийн байранд оршин байх, /РД:5021111/-т холбогдох,
Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээ газарт ахлах нягтлан бодогчоор томилуулах, цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие РТҮСазрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн үндэсний сүлжээний газарт 2002 оны 11 дүгээр сарын 02-ны 19 тоот тушаалаар нягтлан бодогчоор ажиллаж, 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 35А тоот тушаалаар ахлах нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж ирсэн. Тус Говь-Алтай аймгийн Радио телевизийн үндэсний сүлжээний газрын даргаар Б.Ариунтуяа нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр томилогдон ажиллаж эхэлсэн. Тэрээр “ажлаа өг, та ажиллахгүй” гэж шахаж дарамтлах болсон. 2017 оны 6 дугаар сарын эхээр намайг ажлаасаа халагд гэсэн. Тэгээд би халагдахгүй гэхэд намайг нярав хий гэсэн. Би “...яахаараа нярав хийдэг юм бэ, үгүй” гэхэд тэрээр “...чамайг дээш нь хэлж байгаад ажлаас чинь халуулна, харин өөрийн хүсэлтээр гэж бичээд ажлаа өгвөл яахав нярав хийлгэнэ” гэж хэлсэн. Тухайн үед шахалтанд орж нярав ч гэсэн хийж байгаад шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар шийдээд зөвшөөрсөн. Гэтэл надаар бичүүлж авсан хүсэлт гэх зүйлээ дээд газарт явуулж нягтлангийн ажлаас чөлөөлсөн. Одоо миний бие шахалтын улмаас өөр аргагүй болж няравын ажлыг хийж байгаа бөгөөд нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 тоот тушаалыг ямар ч үндэслэлгүй гаргасан гэж үзэж хүчингүй болгуулж, Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн үндэсний сүлжээний газарт ахлах нягтлан бодогчоор томилуулж, цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би РТҮСазрын Говь-Алтай аймаг дахь салбарт 2002 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор 14 жил 8 сар ажилласан. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Ариунтуяа нь манай Говь-Алтай аймаг дахь салбарын даргаар томилогдсон. Б.Ариунтуяа дарга ажиллах хугацаандаа манай хамт олныг ажлаас халж, дарамт шахалт үзүүлдэг байсан. Намайг халуулна гэж хүртэл хэлсэн байсан. Тухайн үед хүн бүртэй янз бүрээр харьцаж биднийг хооронд нь эвдрэлцүүлдэг байсан. 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хамт олноороо хэлэлцээд Б.Ариунтуяа нь байгууллагыг удирдаж чадахгүй байгаа талаар захиралд өргөн бичиг өгсөн. 2017 оны 4 дүгээр сарын 28-нд н.Цагаанхүү захиралд уг өргөх бичиг очсон байдаг. Б.Ариунтуяа нь н.Цагаанхүү захирал дээр орж н.Чулуунбаатар, Х.Д нарыг ажлаас халж өгөхийг хүссэн байсан. Үүний дараа намайг ажлаас халах зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр даргын зөвлөлийн хурлыг хуралдуулж, уг хурлаар н.Чулуунбаатар дарга болон намайг авч хэлэлцсэн. Уг хурлаас н.Чулуунбаатарын цалингийн 20 хувийг хасч, харин намайг ажлаас халах шийдвэр гаргасан. Гэвч Н.Энхсайхан гэж мэргэжилтэн надад “...чамайг ажлаас халсан нь эргэлзээтэй байгаа учраас н.Цагаанхүү захиралтай уулз” гэсэн. Би н.Цагаанхүү захиралтай уулзаад “...ажлаасаа халагдмааргүй байна” гэж хэлсэн. Н.Цагаанхүү захирал маргааш нь намайг дуудаад н.Эрдэнэбаатар даргатай уулз гэсэн. Н.Эрдэнэбаатар даргатай уулзахад тэрээр “...чамайг эргүүлж нягтлангаар авахгүй, няравын ажлыг хий гэсэн, хийхгүй бол халагдахаас өөр арга байхгүй” гэж хэлсэн. Би тухайн үед ажлаас халагд гэсэн үгийг сонсоод шууд дарамтад орсон. Хэрвээ ажилгүй болчихвол би зээлээ төлж чадахгүй, бас хүүхэд маань оюутан болох гэж байсан учраас би дарамт шахалтад орж, нягтлангийн цалинг маань бууруулахгүйгээр нярав бол гэснийг зөвшөөрч нярав болсон. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр санхүүгийн албаны даргатай уулзахад тэрээр “...санхүүгийн талын асуудал чинь чамайг ажлаас халах үндэслэл биш. Харин өргөх бичиг дээр гарын үсэг зурсан учраас чамайг буруутгаж ажлаас халсан” гэж хэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 12-ны н.Энхсайхан мэргэжилтэн яриад өөрийн хүсэлтээр албан тушаал буурсан тухай хүсэлтээ бичиж өг гэсэн. Би өгөхгүй гэхэд тэрээр “...тэгвэл чи ажлаа чөлөөлж өг” гэсэн. Ингээд би аргагүй эрхэнд дарамт шахалтад орж хүсэлтийг бичиж өгсөн. Одоо би “Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ”-ын Говь-Алтай аймаг дахь салбарт нярваар ажиллаж байгаа. Анх тохиролцохдоо цалинг маань бууруулахгүй гэсэн. Гэтэл цалинг маань бууруулсанд гомдолтой байна. Би санхүүгийн тал дээр зөрчил гаргасан нь үнэн. Би өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгууллагад учруулсан хохиролд 1,412,982 төгрөг төлсөн. Мөн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Х.Д би РТҮС-т хандаж “...Миний бие Хоролсүрэн овогтой Дуламсүрэн нь 2002 оноос хойш 15 дахь жилдээ ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Одоо намайг няравын албан тушаалд томилж өгнө үү” гэж өөрийн гараар бичсэн, уг баримтыг ажил олгогч тал 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр цахим шуудангаар хүлээж авсан эсэх тал дээр маргахгүй. Иймээс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын даргын Б-138 тоот ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргээс харвал 2014 оны 10 дугаар сарын 11-нд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. Х.Дг ажлаас халах тухай тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байна гэтэл уг заалт нь ажилтны өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заасан. Хэрэв өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1, 39.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Ажлаас халах тухай тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 2.3-т ажлаас чөлөөлөгдөх асуудал яригдаагүй, ажил өөрчлөгдсөн тухай асуудал байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажилтныг ажлаас халахдаа шат дараалсан арга хэмжээ авах ёстой байсан гэтэл шат дараалсан арга хэмжээ авалгүйгээр шууд ажлаас халсан. Х.Дгийн гаргасан зөрчил нь ноцтой зөрчилд тооцогдохгүй. 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журамд удаа дараа гэсэн зүйл байхгүй, н.Эрдэнэбаатар нь өөрийн харьяалал хамаарахгүй асуудлаар Дуламсүрэнг дуудан уулзаж ажлын байран дээр дарамт үзүүлсэн. Тиймээс Х.Д нь ажилгүй болчихгүйн тулд албан шахалтаар уг хүсэлтийг бичсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Д нь Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газарт 2002 оноос эхлэн нягтлан бодогч, 2009 оноос ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Х.Д нь 2016 оны ээлжийн амралтыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал биеэр эдлэн амарч 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс ажилдаа орох байтал 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажил нэг саруй гаруйн хугацаанд ажил тасалсан, /албан ёсны чөлөө, зөвшөөрөлгүй/, мөн тус салбарын ажилчдын 2016 оны 10, 11, 12 дугаар сарын цалин, үр дүнгийн нэмэгдлийг ямарч цагийн бүртгэл, тооцоогүй урьдчилан бодож гаргасан, өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийгөө ажилласан байдалтайгаар ажлын цагийн бүртгэл, тооцоог зориуд илт хуурамчаар үйлдэн гаргаж цалин, үр дүнгийн нэмэгдэлийг өөрийгөө ажилласан байдлаар гарган авч байгууллагад 1,366,982 төгрөгийн хохирол учруулснаа нуун дарагдуулан ажиллаж байсан нь байгууллагын хяналт /хөндлөнгийн хяналт шалгалт/ шалгалтаар тус тус тогтоогдсон болно. Энэ асуудлын дагуу тус газрын даргын Зөвлөлийн хуралд Х.Д /Г.Чулуунбаатар нарыг/-г оролцуулах тухай 2017 оны 265 тоот албан бичгийг Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газарт хүргүүлсэн. “Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын зөвлөл 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр №04 дүгээр хуралдаанаар Х.Дг холбогдох хууль тогтоомж зөрчсөн тухай асуудлыг хэлэлцэн зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Дд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах, мөн байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн. Х.Д нь тус газрыг даргын Зөвлөлийн хуралд оролцож удирдлагын гаргасан шийдвэрийг биеэр сонсон, улмаар 2017.06.12-ны өдрийн тус газрын захиралд хандан өргөдөл гаргаж уг өргөдөлдөө “...би ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаа одоо намайг няравын албан тушаалд томилж өгнө үү...” гэсэн утга бүхий өргөдлийн дагуу байгууллагын удирдлага Х.Дгийн хүсэлтийг нь хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу өөрийнх нь хүсэлтээр 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас нь чөлөөлж, Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/10 дугаар тушаалаар тус газрын няравын ажилд томилж өргөдлийг шийдвэрлэсэн. Мөн Х.Д нь байгууллагад учруулсан хохирлыг өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байгаа болно. Иймд Х.Дгийн хүсэлтийн дагуу “Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын “Ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны Б/131 дүгээр тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Д нь Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын Говь-Алтай аймаг дахь салбарт 2002 оноос 2009 он хүртэл нягтлан бодогч, 2009 оноос хойш ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Х.Д нь 10,11,12 дугаар сарын цалингийн тооцоо, холбогдох санхүүгийн баримт бичгийн тооцоог хийлгүйгээр гадаад руу явсан. 2017 оны 4 дүгээр сард уг зөрчил нь илэрч, хөндлөнгийн шалгалтаар зөрчил илэрсэн. 2016 оны байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3, 4 дэх хэсгийг зөрчсөн байдаг. Х.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2 дэх заалт, ажлын байрны тодорхойлолтыг тус тус зөрчсөн. Х.Д нь өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад 1,366,982 төгрөгийн хохирол учруулсан ба уг асуудлыг байгууллагын зүгээс хэлэлцээд Х.Дд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах, мөн байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч байгууллагын зүгээс түүний ажилласан жил болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, ажлаас халалгүй, Х.Дгийн хүсэлтийг үндэслэж няравын ажилд томилсон. Х.Д нь байгууллагад учруулсан хохирлыг өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан байгаа нь өөрийгөө зөрчил гаргасан болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг мөн. Иймд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын даргын Б-131 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дэх хэсэг, хөдөлмөрийн дотоод журам болон ажилтны өөрийн хүсэлтийг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийн шаардлага хангаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Х.Д 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу РТҮС-ын Говь-Алтай аймгийн Радио телевизийн станцын ахлах нягтлан бодогчоор ажиллаж эхэлжээ.
РТҮС-ын захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, РТҮС-ын дүрмийн 6.3.6, 6.3.10, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.1, 2.3 дахь заалтуудыг үндэслэн Х.Дгийн гаргасан хүсэлтийг харгалзан түүнийг Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын ахлах нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байна.
Улмаар Х.Дг Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/10 дугаар тушаалаар тус газрын няравын ажилд томилсон ба одоо уг ажил, үүргээ Х.Д хэвийн гүйцэтгэж байгаа талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч Х.Д нь РТҮС-т холбогдуулж тус газрын захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн станцын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд хандаж, өөрийн шаардлагын үндэслэлийг “...надад шахалт үзүүлсний улмаас би хүсэлт бичиж, улмаар миний ажлыг өөрчилсөн” гэжээ.
Х.Д нь өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад 1,366,982 төгрөгийн хохирол учруулсан ба уг асуудлыг байгууллагын зүгээс хэлэлцээд Х.Дд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах, мөн байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч түүний ажилласан жил болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, Х.Дгийн хүсэлтийг үндэслэж няравын ажилд томилсон. Х.Д нь байгууллагад учруулсан хохирлыг өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан байгаа нь өөрийгөө зөрчил гаргасан болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг мөн бөгөөд түүний хүсэлтийг үндэслэж ажлыг нь өөрчилсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэж хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлийг тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажил олгогч эсхүл ажилтан санаачилсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2 дахь хэсгүүдэд заасан. Өөрөөр хэлбэл гэрээний үйлчилгээг зогсоох санаачилгыг гэрээний талуудын аль нэг нь гаргаснаар хөдөлмөрийн гэрээг цуцлагдах нөхцөл үүснэ.
2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Х.Д нь РТҮС-т хандаж “...Миний бие Хоролсүрэн овогтой Дуламсүрэн нь 2002 оноос хойш 15 дахь жилдээ ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Одоо намайг няравын албан тушаалд томилж өгнө үү” гэж өөрийн гараар бичсэнийг ажил олгогч 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр цахим шуудангаар хүлээж авсан үйл баримтын талаар талууд маргаагүй ба дээр дурдсанчлан Х.Дгийн хүсэлтэд үндэслэж түүнийг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, няравын ажилд шилжүүлсэн ажил олгогчийг буруутгах боломжгүй.
Хэдийгээр нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр РТҮС-т хандаж бичсэн өргөдлийг бусдад дарамтлуулж бичсэн гэх боловч түүний тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч Г.Чулуунбаатарын “...өргөдлөө бичиж өгөхгүй бол ажлаас хална гэж хэлсэн гэдгийг Х.Дгээс сонссон” гэх мэдүүлэг Х.Д бусдын дарамтан дор хүсэлтээ бичсэн болохыг нотлохгүй байна гэж шүүхээс үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр РТҮС-ын захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн станцын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах тухай Х.Дгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан РТҮС-ын захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн станцын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах тухай Х.Дгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ