Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

-улсын яллагч Г.Энхмаа,

-хохирогч Г.Цэндмаа,

-хохирогчийн өмгөөлөгч н.Ганбаатар,

-Шүүгдэгч Н.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Н.Д-д холбогдох эрүүгийн 1734002540102 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилгүй, малчин, Төв аймгийн Өндөрширээт Баянтуул 1 дүгээр багийн нутаг "Ухаа хошууны өвөр" гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Нгэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багийн нутаг "Хар усан тохойн дэнж" гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Г.Цэндмаагийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Н.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд: "..2017 оны 08 дугаар сарын 24-ны орой Ц.Мэндсайхан гэх манай эхнэрийн хамаатаны хүүхдийнх нь үсний найр болсон юм. Уг найранд очоод архи, айраг уугаад* байж байтал Г.Цэндмаа бид хоёр малын бэлчээрээс болоод маргалдсан юм тэгтэл Г.Цэндмаа гэрээс гараад буцаж орж ирэхдээ над дээр ирээд миний нүүр рүү 2 удаа гараараа алгадсан тэгтэл хүмүүс хориод бид хоёрыг салгаад Г.Цэндмааг гэрээс хүмүүс аваад гарсан тэгтэл Г.Цэндмаа нь удалгүй дахиж орж ирээд намайг алагдахаар нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

Хохирогч Г.Цэндмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 08 сарын 24- ний 17 цагийн үед манай нутгийн н.Мэндсайхан гэдэг айл бага хүүхдийнхээ үсийг аваад найр хийсэн юм. Тухайн найранд би нөхөр н.Эрдэнэбилэгийн хамт очиход н.Мэндсайханыд н.Ууганбаяр, н.Гантулга, н.Баянбат, н.Даваажаргал, н.Гонгор, Н.Д, н.Бямбадулам, н.Хишигдулам, н.Цэрэндулам нар байсан. Тэгээд найран дээр ууж идээд байж байтал Бямбадулам надруу хараад энэ муу чинь архи уугаад согтдоггүй новш байгаа юм гээд миний баруун талын өвдөгөн дээр баруун гараараа алгадаад би хүн самарддаг хүн шүү гээд агсам тавих шинжтэй болохоор нь би босоод гэрийн зүүн талын орон дээр очоод суутал н.Бямбадулам эгч чи хүний өгсөн архи айраг уухгүй их зан гаргалаа чи дүүгээ засаг дарга болсон гээд уухгүй байгаа юм уу гэхээр нь би архи уухгүй одоо болсон миний дүү засаг дарга болсон нь надад хамаагүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа н.Бямбадулам эгчийн нөхөр Н.Д гэрийн хоймор хэсэгт сууж байгаад гэрийн зүүн талаар ирээд баруун гараараа миний зүүн нүдэн тус газар нэг удаа цохисон тухайн үед би ухаан балартаад дараа нь юу болсон талаар санахгүй байж байгаад гэрийн гадаа гарсан байснаа санаж байна. Тэгээд миний уур хүрээд иргээд гэрт ортол Н.Д, н.Хишигдулам, н.Бямбадулам, н.Цэрэндулам нар н.Хишигдулам баруун гараараа толгойн хэсэгт цохисон яаг хаана цохисон талаар би мэдэхгүй байна. н.Бямбадулам баруун гараараа нүүр самардаж, миний толгойтой үснээс зулгаагаад гэрийн хана мөргүүлсэн чинь н.Ууганбаяр салгаад би гэртээ харьсан. Тэрнээс хойш Н.Д, н.Хишигдулам, н.Бямбадулам, н.Цэрэндулам нартай маргалдаж хэрэлдэж зодуулаагүй... " гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Шинжээч Э.Эрхэмбаярын мөрдөн байцаалтад өгсөн "...Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөрб настай, эмэгтэй, Г.Цэндмаагийн биед үзлэг хийсэн. Г.Цэндмаа нь 2017 оны 08 дугаар сарын 24-нд бусдад зодуулсан гэж 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Д.Батхуягын шинжээч томилох, шинжилгээ хийлгэх тогтоолтойгоор ирж үзүүлсэн. Г.Цэндмаагийн биед үзлэг хийхэд толгой өвдөнө, нүд бүрэлзэнэ, нүдний ухархай руу лугшиж өвдөнө, цээж, хүзүү нуруугаар хөндүүрлэнэ гэсэн зовиуртайгаар ирсэн. Биед нь үзлэг хийхэд: Дагзны булчингийн хөшингө 1 хуруу, зүүн нүдний салстад цус хурсан, зүүн нүдний дээд зовхинд цус хурсан, орчны эд хавдсан, баруун хөмсөгний дээд талд, духны голд, зүүн хөмсөгт, зүүн хазарт, хамрын зүүн талд зулгаралтуудтай* байсан. Тухайн үед Г.Цэндмааг нүдний эмч, аймгийн мэс засалын эмчид үзүүлж Улаанбаатар хот руу цээж, хүзүү, толгойн компьютер томограф хийлгэхээр явуулсан. Аймгийн мэс засалын эмчийн оношоор тархи доргилт, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэсэн оноштой, нүдний эмчийн үзлэгт зовхи, хаван хөхрөлттэй, салст дор цус хурсан гэсэн үзлэгтэй, цээж хүзүү, толгойн компьютер томографийн хариутайгаа ирсэн. Уг компьютер томографийн хариунуудад гэмтлийн гаралтай өөрчлөлт илрээгүй байсан. Г.Цэндмаагийн биеийн дүгнэлтийг тухайн биеийн байдал түүний биед илэрсэн зовиур дагзны булчингийн 1 хуруу болон мэс заслын эмчийн оношоор тархи доргилт, зүүн нүдний салстад цус хурсан зөөлөн эдийн няцрал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан ..” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 528 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  • Ж.Бямбадуламын биед нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  • Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 29-р хуудас/,

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  • Г.Цэндмаа-н биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус хурсан, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух зүүн хацар, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 -ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтбох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 34-р хуудас/,
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх-н 42-р хуудас/
  • Ял шийтгэлийн хуудас / хх-ийн 44-р хуудас/,
  • Хохирлын баримтууд /хх-ийн 6-13-р хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад:.

Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багийн нутаг "Хар усан тохойн дэнж" гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Г.Цэндмаагийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Н.Дийн “..Бид хоёрыг салгаад Г.Цэндмааг гэрээс хүмүүс аваад гарсан тэгтэл Г.Цэндмаа нь удалгүй дахиж орж ирээд намайг алагдахаар нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон ..” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

Хохирогч Г.Цэндмаагийн "н.Бямбадулам эгчийн нөхөр Н.Д гэрийн хоймор хэсэгт сууж байгаад гэрийн зүүн талаар ирээд баруун гараараа миний зүүн нүдэн тус газар нэг удаа цохисон тухайн үед би ухаан балартаад дараа нь юу болсон талаар санахгүй байж байгаад гэрийн гадаа гарсан байснаа санаж байна..” гэх мэдүүлэг / хх-ийн 15-16-р хуудас/,

Шүүх шинжилгээний албаны “ПЦэндмаагийн биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус хурсан, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух зүүн хацар, хамарт зулгаралт гэмтэл тогтоогсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгч Н.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүх шүүгдэгч Н.Д-ид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Д-ид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзав.

Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгч Н.Д-ийн торгох ялыг 2018 оны 2 сарын 01-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Д-оос 113500 төгрөг гаргуулан хохирогч Цэндмаад олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 524500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтад шүүгдэгч нь хохирогчид 863600 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т овгийн Н.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Д-ийн торгох ялыг 2018 оны 02 сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.Д нь торгох ялыг энэ тогтоолын 3 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-оос 113500 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Цэндмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 524500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Д 863600 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг тус тус дурьдсугай.
  6. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
  9. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОТГОНЖАРГАЛ