| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/01032/И |
| Дугаар | 00037 |
| Огноо | 2018-01-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 00037
| 2018 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 142/ШШ2018/00037 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Ж.Б
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Т.Б холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Б нь Т.Бтэй 2007 оноос хамтран амьдарч байгаа. Бидний дундаас 2016 оны 09 дүгээр сарын 29-нд охинтой болсон. Т.Бтэй албан ёсоор тусдаа гараагүй манай ээжийнд цуг амьдардаг. Амьдрах хугацаандаа архи ууж агсам тавьж хэлэх хэлэхгүй үгсээр дайрч доромжилж цохиж чамайг алчихаад хүүхдээ авч явна гэж булааж хүүхдээ айлгадаг. Удаа дараа олон жил Цагдаагийн байгууллагад хандаж арга хэмжээ авахуулж байсан. Энэ байдал нь эрүүл мэнд сэтгэл санааны болон хүүхдүүдэд минь сөргөөр нөлөөлж байна. Иймээс бид хоёр хоорондоо таарч тохирохгүй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж охин Б.Гыг өөрийнх нь асрамжинд авч, Т.Бгээс охин Б.Гад тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.Б анх Ж.Бтэй 2007 онд танилцаж, бидний дундаас 2016 онд охин төрсөн. Ж.Б салах өргөдөл гаргасан байна. Би охиноо өнчрүүлж салмааргүй байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Т.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Т.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Зохигчид 2007 онд танилцаж, гэр бүл болж 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн лавлагаагаар, гэрлэгсдийн дундаас охин Б.Г 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, Мөнхсүндрэл ӨЭМТ-ийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа нөхөр Т.Б нь архидан согтуурч, агсам тавих, хэл амаар доромжлох, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулах зэргээс болж хоорондын тааламжгүй харилцаа бий болж улмаар тусдаа амьдрах болсон, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон шүүхийн шатанд эвлэрлийн хугацаа олгосон боловч эвлэрээгүй, зохигчид тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Охин Б.Г нь эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч хүүхдийн асарамжийн талаар маргаагүй зөвшөөрч байгаа, бусад нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан эцэг Т.Бгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх тухай эцэг, эхийн үүргийн талаар шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт олгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 29 145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ж.Б, Т.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Гыг эх Ж.Бийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Гыг бүс нутагт тогтоосон амьжиргааны доод төвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас, / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Т.Бгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
5.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бгээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт олгож, 29,145 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН