Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 00093

 

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2018/00093

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, З.Б  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Ю.Д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Зэдбазар овогтой Баярмагнай нь Юнрэн овогтой Дарамбазартай 2001 онд танилцаж, 2002 онд гэр бүл болж албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2002 онд охин Д.Н, 2009 онд бага охин Д.Унар тус тус төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир 2016 оны 01 сараас хойш 2 жил тусдаа амьдарч байна. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, охин Д.У, Д.Н нарыг өөрийн асрамжинд авч, хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй хүсэлтэй байна. Миний бие 2 охины хамт өөрийн эзэмшилийн 1 өрөө орон сууцанд амьдардаг. Тухайн орон сууцыг банкны зээлээр авсан, зээлээ би өөрөө төлдөг. Бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Ю.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ю.Днь З.Бгийн гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин Д.Н, Д.Унарыг ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Ю.Д-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Ю.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2001 онд танилцаж, гэр бүл болж 2002 онд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээгээр, гэрлэгсдийн дундаас охин Ю.Н 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, охин Д.У 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, “Мэндцэцэн” ӨЭМТөвийн тодорхойлолт, Орхон аймгийн лаборатори 8 дугаар бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.

Зохигч хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Охин Д.Н, Д.У нар нь эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч хүүхдийн асарамжийн талаар маргаагүй зөвшөөрч байгаа, бусад нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх тухай эцэг, эхийн үүргийн талаар болон хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Д-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар З.Б, Ю.Днарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д.Н, 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Д.Унарыг эх З.Бгийн асрамжид үлдээсүгэй.

3.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Дарамбазараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Бд олгосугай.

6.Зохигчид хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БЯМБАСҮРЭН