Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/320

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Г.М-д холбогдох 1921000000360 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Дорнод аймгийн Матад сумын Газрын тосны 19 дүгээр талбайд “..................” ХХК-д цооног үйлчилгээний туслах ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар баг ................. оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Г.М. /РД: ..................../

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 3 дугаар гудамжинд иргэн Э.Б-тэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохих, хэвлий нуруун тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..гэв.

Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 2-12 тоотод эхнэр, 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн орчим гэртээ байж байхад манай эхнэр Бэрцэцэг “чи хүүхдийн дэвтэрний гадар аваад ир” гэхээр нь гэрээсээ гараад хойд талынхаа дэлгүүр рүү ороход байхгүй болохоор нь баруун талд байдаг дэлгүүр рүү орж авчихаад буцаад гэр рүүгээ явж байтал Зангиатын 3 дугаар эгнээний 1 тоотын гадаа согтуу 20 гаруй насны 2 эрэгтэй хүнтэй таарсан. Тэр хоёр залуугийн өндөр нь буюу М гэх залуу надаас “Гал байна уу” гэж асуухад нь уг залууд “гал байхгүй, жаахан юм байж тамхи татаж яадаг юм” гэж хэлсэн. ...Тэр залуу миний тохойн дээрээс барьж байгаад намайг газар хавсарч унагаасан. Тухайн үед би баруун дал мөр хэсгээрээ газар унасан бөгөөд миний баруун гарын бугалга хэсэг бадайрч өвдөж байсан. Намайг газар унасан үед тэр залуу миний эрүүнд нэг удаа, бөгсөнд бас нэг удаа өшиглөсөн. Тэгээд би босож ирээд тэр залууг цаашаа зугтааж байхаар нь араас нь гүйж очоод дахин куртикнээс нь зуураад автал тэр залуу миний нүүр рүү мөргөсөн. Тэгээд би тэр залууг зуурсан чигээрээ чирж байгаад гэрийнхээ гадаа ирээд дүүгээ дуудаж цагдаа дуудуулсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 7-10 тал/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 752 тоот дүгнэлтэд

1. Э.Б-ийн биед дээд, доод уруулд өнгөц шарх, эрүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 18 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/

- Г.Мөнх-Эрдэнийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12, 23-25 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч .............овогт Г.М нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 3 дугаар гудамжинд хохирогч Э.Б-тэй үл ялих шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “дээд, доод уруулд өнгөц шарх, эрүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Б, О.Зол-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 752 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Г.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Хохирогч Э.Б нь шүүгдэгч Г.М-тэй эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Г.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.М-ийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........... овогт Г.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.М-ийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ