Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/321

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Б.Б-д холбогдох 1921008040371 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах “.............” ХХК-д хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, .................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...... овогт Б.Б. /РД: .................../

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг, Сансарын 5-09 тоотод байрлах хамтран амьдрагч Ц.М-ын гэрт болон мөн Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг, Сансарын 8-63 тоотод байрлах гэртээ өөрийн хамтран амьдрагч Ц.М-тай үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар нуруу тус газар хөлөөрөө өшиглөх, толгой болон нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..гэв.

Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Б гэх хүнтэй хамтран амьдраад 6 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд Б манай аав, ээжид албан ёсоор хадаг тавьж намайг гуйж аваагүй учраас би хүүхдүүдийнхээ хамтаар Баяндун сумын 4 дүгээр баг, Сансарын 5-09 тоотод аав, ээжтэйгээ цуг амьдардаг юм. Хамтран амьдрагч Б тусдаа гэр оронтой боловч би нүүж очоогүй бид хоёр хоёр талд ирэн очин амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн орчим би Сансарын 5-09 тоот гэртээ угаалга хийгээд аав, ээж айл руу хөзөр тоглохоор явчихсан байсан юм. Тэр хойгуур манай хамтран амьдрагч Б гаднаас согтуу орж ирээд “Чи муу аав, ээжийнхээ дэргэд даварч байна аа янхан минь” гэж хэлээд миний ахар сүүл рүү маань нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед миний гуя өвдөөд хэсэг хугацаанд явж чадахгүй болсон. Тэгээд өвдөлт намдахаар нь би гар утсаа аваад гэрээс гарсан. Би хашааны гадна гараад утсаараа цагдаа дуудах гэсэн боловч утас нэгжгүй байсан. Тэгээд би буцаад гэр рүүгээ орох гэж байтал миний өөдөөс Б охин Эгшиглэнг нимгэн куртикээр ороож гарч ирсэн. Тэгэхээр нь би “чи хүүхэд даарууллаа наашаа өг” гэж хэлсэн. Тэгтэл Б надад “чи тэр муу цагдаа, ээж хоёрыгоо дагуулж ирээд хүүхдээ аваарай” гэж хэлээд миний толгой болон нүүрэнд маань хоёр удаа цохисон. Тэгээд би Б-гийн гэр рүү буюу Сансарын 8-63 тоот руу араас нь хүүхдээ авахаар дагаад явсан боловч Б гэртээ ороод хаалгаа түгжээд намайг оруулаагүй. Тэгээд би сумын цагдаа Амгаланбатад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд Б-г дагуулаад гарсан бөгөөд би араас нь хүүхдээ тэврээд хашаанаас гарч байтал Б эргэж хараад зүүн шанаанд маань нэг удаа зангидсан гараараа цохисон. Тэр үед толгой манасхийгээд эгээтэй газар уначихаагүй. Тэр үед цагдаа Б-г өөрийнхөө машинд суулгаад цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. ...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 21-23 тал/           

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 737 тоот дүгнэлтэд

1. Ц.М-ын биед зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 29 тал/

- Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 11-14 тал/

- Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 30 тал/

- Б.Б-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25, 35-37 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ............ овогт Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг, Сансарын 5-09 тоотод байрлах хамтран амьдрагч Ц.М-ын гэрт болон Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг, Сансарын 8-63 тоотод байрлах гэртээ өөрийн хамтран амьдрагч Ц.М-тай үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь “зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, шанаанд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, аюулын зэргийн үнэлгээ, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 737 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Хохирогч Ц.М нь шүүгдэгч Б.Б-тэй эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Б.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Б-гийн ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....... овогт Б.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Б-гийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ