Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 28

 

109/ШШ2020/0028

                                                  Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж, 

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч А.Түвшинтулга даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан иргэн Д.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Энэ хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Р-тэй эвлэрлийн гэрээ байгуулсныг уншиж танилцуулъя. Энэхүү Эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г, хариуцагч талаас хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Р нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав. Нэг. Ерөнхий нөхцөл. Нэгийн нэг. Иргэн Д.Б нь Архангай аймгийн Засар даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн захирамж гарч, захиргааны хэрэг үүсгэсэн байгаа болно. Хоёр. Гэрээгээр тохиролцсон байдал. Хоёрын нэг. Энэхүү гэрээгээр хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнийг шүүхийн шийдвэрээр албажуулан гаргуулахаар тохиролцов. Хоёрын хоёр, хариуцагч тал нь энэхүү гэрээний хоёрын нэгд дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд үүнийг хариуцагчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлд тодорхой дурдсан байгаа болно. Гурав. Бусад зүйл. Гурвын нэг. Талууд нь энэхүү гэрээний зүйл, заалт бүрийг бүрэн ойлгож байгаа бөгөөд үүнээс гарах үр дагаврыг бүрэн ойлгож, ямар нэгэн хөндлөнгийн шахалт нөлөөгүйгээр тэгш эрх, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх зарчмын хүрээнд энэхүү гэрээг байгуулав. Гэрээ байгуулсан хариуцагч Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Р, нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г гэжээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн Д.Б-с Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01/838 дугаар албан бичгээр иргэн Д.Б-ын нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Р-ийг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар томилж, захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээн оролцуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 27, 28, 36 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх үүргийг бүрэн эдлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилсон байна. 

Маргаан бүхий захиргааны актын тухайд, Архангай аймгийн Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. дахь хэсэгт заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгож шийдвэрлэсний дотор 8 дугаарт иргэн Д.Б-ын эзэмших эрх бүхий газар багтжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өмгөөлөгч В.Г-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулсан, улмаар 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өмгөөлөгчөөр оролцож байсан В.Г-д итгэмжлэл олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүрэн эрхийг эдлүүлэхээр тусгажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасан бөгөөд уг гэрээнд “хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрээр албажуулан гаргуулахаар тохиролцсон” гэж эвлэрлийн нөхцөлийг дурджээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1.-д “ ... нэхэмжлэгчтэй эвлэрэх, ...”, 28 дугаар зүйлийн 28.2. дахь хэсэгт Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: 28.2.5.-т “эвлэрэх”, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ.

Уг хэрэгт нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна.” гэж зааснаар, хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. дахь хэсэгт “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө.”, 27.7. дахь хэсэгт “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.” гэж зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг томилон, төлөөлөх бүрэн эрх олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5.-д заасан эвлэрэх эрх олгосон, мөн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулаагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлэн нэхэмжлэгчтэй эвлэрсэн, тэдгээрийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Түүнчлэн товлосон шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Р хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэх татгалзах зүйлгүй талаар тайлбар гаргасан тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4., 91.5. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Д.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт “Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” нөхцөлөөр эвлэрсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, иргэн Д.Б-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

ШҮҮГЧ                                              А.ТҮВШИНТУЛГА