Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 223/МА2017/00017

 

 

 

Эбердигм Монгол ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 151/ШШ2017/00369 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ньюпэрл” ХХК-д холбогдох

“10149 арлын дугаартай 4153 УН улсын дугаартай SD300N маркийн дугуйт ачигч хариуцагчаас гаргуулах, /тоног төхөөрөмжийн үнэлгээ 132.055.000 төгрөг/, тоног төхөөрөмжүүдийн түрээсийн төлбөр, сэлбэг, засварын хөлс, тээвэрлэлтийн зардал нийт 415.996.530 төгрөг гаргуулах, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №052/2014, №053/2014 зохигчдын хооронд байгуулагдсан хэлцлийн 4 дэх хэсэг буюу түрээсийн гэрээ гэх хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс нь  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь Ньюперл ХХК-тай 2014 онд 052,053 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 10148,10149 арлын дугаартай 2 дугуйт ачигчийг хүлээлгэж өгсөн байдаг. Урьдчилгаа төлбөрийг төлж авсан байдаг. Мөн 2015 онд 036 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээгээр ИДЖ-200 маркийн генераторыг шилжүүлж өгсөн байдаг. Гэрээний дагуу төлөх ёстой хуваарьт төлбөрөө төлж чадаагүй учраас гэрээг цуцалсан байдаг. Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.1, санхүүгийн түрээсийн гэрээний 4.2-т тоног төхөөрөмжүүдийг ашигласан хугацааг түрээсийн төлбөрөөр тооцоод худалдагч, худалдан авагчид төлнө гэж тохиролцсон байдаг. Тоног төхөөрөмж тус бүр дээр ямар хугацаанд ашигласан гэдгийг тооцоод нэхэмжилж байгаа. 10148 арлын дугаартай дугуйт ачигч 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 388 өдөр ашигласан байгаа. Үүний дараа өөрсдийн буруутай үйлдлээс болж тоног төхөөрөмжийг эвдэлсэн байхад нь бид очиж авсан байгаа. 1 сарын түрээсийн төлбөр 16,940,000 гэж тохиролцсноор өмнө төлсөн төлбөрийг хасаад нийт 220,147,300 төгрөг, 10149 арлын дугаартай дугуйт ачигчийн хувьд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 426 өдөр ашиглаад түрээсийн төлбөр өмнө төлсөн төлбөрийг хасаад нийт 183,342,500 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх ёстой гэж тодорхойлж байна. 3 дахь тоног төхөөрөмж ИДЖ-200 маркийн цахилгаан үүсгэгч генераторыг 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 42 хоног ашигласан гэж үзээд өмнө төлсөн төлбөрийг хасаад нийт 12,506,730 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тодорхойлж байна. Нийтдээ 415,996,530 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,897,810 төгрөг төлснийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зохигчид хоорондоо 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед өгсөн 2 дугуйт ачигч бүрэн бус ажиллагаатай, доголдолтой техник өгсөн байсан. Ирээд 7 хоноогүй байхад тормос эвдэрсэн. Тухайн үед мэдэгдсэн боловч сэлбэг байхгүй, сэлбэгээ захиалсан гэх шалтгаанууд хэлдэг байсан. Үүнээс болж манай талд маши их хэмжээний хохирол учирч байсан. Үнэхээр тоног төхөөрөөмжийг ажиллуулаад ашиг шимийг нь хүртсэн бол төлөх нь зүйтэй. Байгуулсан гэрээний 4.4 зааснаар түрээсийн гэрээ болгоно гэж заасан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 317-р зүйлд зааснаар бичгээр хийх ёстой байдаг, мөн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэл бүртгүүлнэ гэж заасан байдаг учраас манайх огт хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ албан ёсоор 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр цуцалсан гэдгийг мэдэгдэж хүсэлтээ өгсөн байдаг. Гэрээг цуцалснаар гэрээгээр авсан зүйлээ буцаан хүлээлгэн өгдөг. Манайх өнөөдрийн байдлаар 115,970,400 төгрөг төлсөн гэдэг боловч Ёос гэдэг компани манайд 200 сая төгрөгний өртэй байгаад мөн төлсөн байдаг. Манай талаас худалдаж авсан үнээ төлсөн юм. Нэхэмжлэлийн шаардлагад заасан мөнгөн дүндээ Улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь мөн дутуу харагддаг. Тээврийн зардал, эвдэрсэн дугуйт ачигчийн засвар гэх баримтгүй зүйлс нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Ньюпэрл ХХК-иас 10149 арлын дугаартай 4153 улсын дугаартай SD300N маркийн дугуйт ачигч, түрээсийн төлбөрт 300.230.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-нд олгож, үлдэх 115.766.030 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 56.1.1-д зааснаар Ньюпэрл ХХК-иас хариуцагч Эбердигм Монгол ХХК-нд холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.046.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ньюпэрл ХХК-иас 1.659.102 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, Ньюпэрл ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2015/24970, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2016/05118 дугаартай шүүгчийн захирамжууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.04-ны өдрийн 151/ШШ2017/00369 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. 1. Зохигчдын хооронд эхлээд нэг этгээдээс нөгөөд тодорхой хэмжээний өмчийг өөрийнх нь өмчлөлд шилжүүлж байгаа гэрээний харилцаа үүссэн байна. Хариуцагч Ньюпэрл ХХК нь тэдгээр тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхтэй. Нэхэмжлэгч Эбердигм Монгол ХХК нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл Эбердигм ХХК анхнаасаа л доголтолтой мөн анхны туршилтын тоног төхөөрөмжийг Ньюпэрл ХХК-д шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагдаж байна. 2. Маргаж буй асуудлыг шийдвэрлэхэд гэрээнд заагдсан баталгаат гэрээний хугацаа болон ... цагийг зайлшгүй тогтоосны эцэст шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Шүүх хүсэлтийг хангаагүй. 3. Түрээсийн гэрээ байгуулахдаа хариуцагч талын эрх зүйн байдлыг илт доройтуулсан гэрээ байгуулсан.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.04-ний өдрийн 151/ШШ2017/00369 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлгүй гарсан гэж үзэж дээрх шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг үндэслэн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзэв. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 04-ны өдрийн 151/ШШ2017/00369 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчын эдлэх эрхийг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хэргийн хариуцагч Ньюпэрл ХХК-ны захирал Ж.Ариунболдоос 2016 оны 12 сарын 15-ны өдөр Ванчиндоржийн Алтанцэцэгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, итгэмжлэл олгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нь зохигч... тэдгээрийн төлөөлөгч байх бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг эдлдэх ёстой бөгөөд энэхүү эрхээ эдлэх боломжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д тусгаж, шүүгч эдлэх эрхийг нь тайлбарлаж өгөхөөр хуульчилжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчид эрхийг нь тайлбарлаж өгсөн баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийг нь хангасан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Хариуцагч талаас давж заалдах гомдолдоо... маргаж буй асуудлыг шийдвэрлэхэд гэрээнд заагдсан баталгаат гэрээний хугацаа болон мото цагийг зайлшгүй тогтоосны эцэст шийдвэрлэх ёстой гэж дурджээ.

Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2016 оны 02 сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтдээ: ...мото цагийг хөндлөнгийн шинжээч томилуулж, тогтоолгохыг шүүхээс хүссэн ч анхан шатны шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт уг хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул хангалгүй орхих тухай дурдсан ч тогтоох хэсэгтээ шийдвэрлэлгүй орхигдуулжээ. 2016 оны 05 сарын 11-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг дугуйт ачигчийн мото цагийг тогтоолгох хүсэлтийг дахин тавьсан боловч урьд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжтай гэсэн үндэслэлээр 2016 оны 05 сарын 11-ны өдрийн 102/ШЗ2016/19651 тоото захирамжаар хангахгүй орхижээ. Гэтэл 2016 оны 03 сарын 02-ны 102/ШЗ2016/08152 тоот захирамжид энэ тухай ямар нэг шийдвэрлэлт гаргаагүй байгаа нь хууль зөрчсөн, зохигчийн эрхийг хохироосон шинжтэй бөгөөд иймэрхүү нөхцөл байдал үүссэн байсныг хэрэг шийдвэрлэхээр хүлээн авсан шүүх анхаарвал зохих асуудал байжээ.

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хуулийн зүйл заалтыг зөв сонгон тайлбарлаж хэрэглээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Зохигч талууд нь 2014 оны 05 сарын 21-ны өдрийн 052/2014, 053/2014 тоот тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүд, 2015 оны 05 сарын 08-ны өдөр 036/2015 тоот санхүүгийн түрээсийн гэрээ тус тус байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээнүүдийн биелэлттэй холбогдуулж үүссэн маргааныг шүүх хянаад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч талаас 1. 10149 аралын дугаартай 4153 ЗН улсын дугаартай SD300N дугуйт ачигч гаргуулах, 2. Тоног төхөөрмжүүдий түрээсийн төлбөр, 3. Сэлбэгийн үнэ, 4. Засварын хөлс, 5. Тээвэрлэлтийн зардал зэрэг 5 төрлийн шаардлага бүхий 415 996 530 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх тус бүрийг нарийн тодруулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хамаарах нэхэмжлэгчийн шаардах эрхийг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглээгүй, зөвхөн гэрээнд дурдагдсан түрээсийн 1 сарын хөлс 15 400 000 төгрөг гэсэн нөхцлийг баримтлан төлбөр гаргуулсан нь үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна. Мөн шүүхээс төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ санхүүгийн түрээсийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний заалтыг баримталсан нэхэмжлэгч талын тавьсан шаардлагуудын зарим хэсэг болох сэлбэг, засварын хөлс, тээвэрлэлтийн зардал зэрэг шаардлагын шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлж шийдвэрлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчилтэй явагдсан, эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийг үндэстэй зөв тайлбарлан хэрэглээгүй байх бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж зөвтгөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжийг гомдол гаргагчид буцаан олгохоор тогтов.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 151/ШШ2017/00369 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, харицуцагчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,659,102 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгохыг дурдсугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Г.БОЛОРМАА

                                          ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                                   Ш.ТӨМӨРБААТАР