Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2014/0027

 

2014 оны 01 сарын 08 өдөр                    Дугаар 27                                      Улаанбаатар хот

 

 

Иргэн Т.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галмандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан хийж, Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Т.Г-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/104 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа\ “Т.Г-ийн газар эзэмших эрхийг Дарви сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар хүчингүй болгосон. Учир нь Т.Г тухайн газрыг Ц.Б-ээс газар эзэмшүүлэх эрх шилжүүлэн авсан. Ц.Б нь Ховд аймгийн Цементийн үйлдвэрийн харьяа, Хөшөөтийн коксын аж ахуйгаас газар эзэмших эрх шилжүүлж дээрх газрыг авсан. Гэтэл Хөшөөтийн коксын аж ахуй нь тухайн газрыг Цэцэг сумын Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрх авсан байна. Дээрх газрыг Хөшөөтийн коксын аж ахуй нь хууль бусаар эзэмших эрх авсан болно. Мөн Цэцэг сумын Засаг дарга нь Дарви сумын нутаг дэвсгэр дээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Иймд Хөшөөтийн коксын аж ахуйд үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн газар нь хууль зөрчиж олгогдсон тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбартаа: "... Улсын Дээд шүүхийн тайлбарыг буруу агуулгаар, өөрт ашигтай байлгах үүднээс утга, агуулга, зорилгыг хэт алдагдуулж тайлбарласан байна. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолд “ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үзнэ” гэж заасан байна. Энэ нь нэхэмжлэгчийн бичээд байгаа захиргааны акт гаргахдаа хууль тогтоомжийг зөрчсөн эсэх, ямар хууль тогтоомжийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийх, дурдах ойлголт биш бөгөөд тухайн захиргааны акт гаргах эрх хэмжээг хуулиар олгосон байхыг, улмаар албан тушаалтан тухайн хуулийн зохицуулалтыг үндэслэж шийдвэр гаргаж байх тухай ойлголт юм.

Энэ агуулгаараа Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга нь 2012 оны А/104 дүгээр захирамж гаргахдаа өөрт эрх хэмжээ олгосон хуулийн заалтыг хэрэглэсэн байна.

Иргэн Т.Г-ийн хууль бусаар эзэмшиж, хүчингүй болсон газар нь манай уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл, газрын гэрчилгээгээр олгогдсон талбай дотор байрлах бөгөөд уул уурхайн ажиллагааны тусгай бүс гэдгийг Дарви сумын Засаг дарга сайн мэдэж байсан ба хэрэв Т.Ганзориг анх өргөдөл гаргахдаа уг газар дээрээ өөрийн биеэр очиж үзэж байсан бол уг газар нь бусдын эзэмшилд байна гэдгийг бүрэн мэдэх боломжтой байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Т.Г-ийн Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/104 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо: “1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: "... Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь буруу байна. ...Ийнхүү Цэцэг сумын Засаг дарга анх Хөшөөтийн коксын аж ахуйд газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа хаана, ямар багийн, ямар нэртэй газарт газар эзэмшүүлж байгаагаа тодорхой заагаагүй нь буруу байна. Ховд аймгийн Ховд цементийн үйлдвэрийн харьяа Хөшөөтийн коксын аж ахуй нь анх газар эзэмших хүсэлт гаргахдаа газар эзэмшихийг хүссэн өргөдөл, тойм зураг гаргаж өгч байгаагүй болох нь Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2/71 “... Холбогдох материал байхгүй болно..." гэсэн албан бичгээр тогтоогдож байна.

  1. Мөн ... Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга нь ... Ц.Б-ээс Т.Г-т 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлэхдээ ... хаана, ямар нэртэй газарт, хааш хаашаа хэдэн метр квадрат газрыг эзэмших талаар тодорхой заагаагүй нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай захиргааны акт гаргасан гэж үзэж байна.
  2. Т.Г-т эзэмших эрх шилжүүлэн авсан гэх 3.8 га газар кадастрын зураг байхгүй, огт хийлгүүлж байгаагүй болох нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн 326 дугаар албан бичиг, Дарви сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/246 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байна. Мөн ... Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр татан дүгнэлт гаргуулах тухай захирамж гаргасан боловч 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 365 дугаар албан бичгээр "... уг хэргийн материалтай холбоотой эрх зүйн баримт бичиг байхгүй учир шинжээчид дүгнэлт гаргах боломжгүй.../ гэсэн албан хариу өгсөн.
  3. ”Шүүх анх газар эзэмших эрх авсан Ховд цементийн үйлдвэрийн харьяа Хөшөөтийн коксын аж ахуйн талаар нотлох баримт, цуглуулахаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасаг руу албан бичиг хүргүүлсэн боловч тус Архивын тасгийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3055 тоотоор “Ховд аймгийн Хөшөөтийн үйлдвэрийн харьяа Хөшөөтийн уурхайн коксын аж ахуйн баримт бичиг манай сан хөмрөгт байхгүй болно... “ гэсэн хариу өгсөн болно.

“Тиймээс Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/52 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай захирамжаар Мөрөн багийн нутагт 3.8 га газрыг Ц.Б-ээс Т.Г-т 15 жилийн хугацаатайгаар олгосон боловч хаана, ямар нэртэй, газар хааш хаашаа хэдэн метр квадрат газарт 3.8 га газрыг олгосон болохыг тогтоох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна“ гэжээ.

Ийнхүү бид шүүх нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох шүүхийн хянах ёстой гол захиргааны акт Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/104 дүгээр “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн эрх зүйн үндэслэлийг огт хянаагүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг огт үнэлээгүй, үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь:

Хөшөөтийн коксын аж ахуй нь Төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу Ховд Цементийн үйлдвэрт Хөшөөтийн уурхайн коксожсон нүүрсний шатаах зуух болон гүний худаг барих, тус үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахад зайлшгүй хэрэгцээтэй газрыг тухайн нутаг дэвсгэрт орших Цэцэг сумын Засаг дарга олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үед Дарви сумын нутаг дэвсгэр дээр Цэцэг сумын Засаг дарга үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд дээрх газар нь Цэцэг сум болон Дарви сумын нутаг дэвсгэрийн алинд нь хамаардаг нь тодорхойгүй байсан болно.

Ийнхүү хожим Ц.Б нь Ховд Цементийн үйлдвэрээс тус газрыг шилжүүлэн авахад Дарви сумын Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд Цэцэг сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101 дүгээр шийдвэрийг үндэслэж 3.8 га газрыг олгосон байдаг.

Бид шүүхэд Ховд цементийн үйлдвэрийн газрын гэрчилгээ болон Ц.Б-ийн газрын гэрчилгээг тус тус нэхэмжлэлийн хамт хавсаргаж өгсөн байхад шүүх зөвхөн "... Хөшөөтийн коксын аж ахуйн холбогдох материал байхгүй” гэсэн Цэцэг сумын Засаг даргын Тамгын газрын 2/71 дүгээр албан бичгийг үндэслэл болгож анхнаасаа “Ховд цемент” үйлдвэр хууль бусаар авсан байна гэж тогтоосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3.3-т заасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэсэн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-т “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-т газар эзэмших гэрээнд тусгах зүйлийн талаар зохицуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан тухайн Засаг

даргын шийдвэрийг үндэслэж, тус хуулийн 34.1-т заасны дагуу гэрчилгээ олгогддог. Мэдээж хэрэг Ц.Б-ийн газар эзэмших гэрчилгээ болон Ц.Б-ээс Т.Г-т шилжүүлсэн Дарви сумын Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн А/52 дугаар захирамж, Газар эзэмших эрхийн 0277355 дугаар гэрчилгээ, Улсын бүртгэлийн 660 дугаар “Газар эзэмшүүлэх гэрээ” зэрэг шүүхийн тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа хаана, ямар нэртэй газар, хааш хаашаа хэдэн метр газарт 3.8 га газар олгож, хуульд заасны дагуу хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичгүүд байхад шүүх үнэлэлгүй, өөрийн цуглуулсан эрх бүхий байгууллагуудаас авсан "... Холбогдох албан бичиг байхгүй байна...” гэсэн албан бичгүүдийг зөвхөн үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай, нотлох баримтыг дутуу үнэлж буруу дүгнэлт гаргасан, хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой судлан шинжлээгүй гэж үзэхээр байна.

Иргэн Т.Г-ийн газар эзэмшүүлэх гэрээний хавсралтад эзэмшиж байгаа газрын байршлыг заасан кадастрын зураг байх бөгөөд хэрэв кадастрын зураг байхгүй байсан бол уг газар эзэмшүүлэх захирамжийг гаргасан байх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгүүдийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр авч бүртгэлээс хасна” гэж заасны дагуу тухайн үед хянаж нягтлах бүхий л эрх үүрэг Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад байсан бөгөөд бүх бичиг баримт хуулийн дагуу байсан учраас газар эзэмшүүлэх захирамж гаргасан.

Гэтэл Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газар, архив болон холбогдох бусад эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Ховд цемент үйлдвэрийн гэрчилгээ, Ц.Б-ийн гэрчилгээ болон Т.Г-ийн газар эзэмших гэрчилгээ, гэрээ, захирамж хүртэл гарч ирээгүй гэх албан бичгүүд нь угаас удирдлагаас даалгавартай болох нь тодорхой харагдаж байна. Гэтэл шүүх зөвхөн тус албан бичгүүдийг үнэлж хянах ёстой Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/104 дүгээр “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн үндэслэлийг огт хяналгүй, хариуцагчийн тайлбарыг нотлох баримтуудыг цуглуулан үнэлсэн гэж үзэж байна

Мөн Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх нь тус хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хэргийн материалтай танилцах эрхийг нь хангаагүй болно. Өөрөөр хэлбэл шүүх хэргийн оролцогчид хурлаас өмнө хэргийн материалтай заавал танилцсан байх процесс ажиллагааг зөрчсөн учир тус шийдвэр хууль бус шийдвэр гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Тиймээс ийнхүү Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сар 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Ховд аймгийн Цэцэг сумын Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаар захирамжаар анх Ховд аймгийн Цементийн үйлдвэрийн харьяа Хөшөөтийн коксын аж ахуйд 0.8 га газрыг үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Мөн Дарви сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаар захирамжаар “М” ХХК-д Хөшөөтийн уурхайд, уурхайн талбайн зориулалтаар 208 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Улмаар, Дарви сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101 дүгээр захирамжаар Хөшөөтийн коксын аж ахуйн 3.8 га газрыг иргэн Ц.Б-д, мөн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/52 дугаар захирамжаар иргэн Т.Г-т 3.8 га газрыг тус тус шилжүүлж шийдвэрлэсэн байх боловч мөн сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн Т.Г-т газар эзэмшүүлсэн 2011 оны А/52 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч Т.Г нь Дарви сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/104 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ““М” ХХК нь иргэн миний газар дээр дур мэдэн үйл ажиллагаа явуулж, тус газар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг эвдлэн сүйтгэж ашиглах боломжгүй болгосон. Дарви сумын Засаг дарга болон газрын даамлаас миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг огт мэдэгдээгүй” гэж тодорхойлон маргасан байх ба хариуцагч “Хөшөөтийн коксын аж ахуй нь хууль бусаар, Цэцэг сумын Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжаар тухайн газрыг эзэмших эрхийг олж авсан. Цэцэг сумын Засаг дарга нь Дарви сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн” гэсэн тайлбар гаргажээ.

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийн хүрээнд хэргийн нөхцөл байдлыг тодруулж, үнэлэх үүргээ биелүүлээгүй, хэрэгт авагдсан ач холбогдол бүхий зарим баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хэрэгт, маргаан бүхий газар, түүн дээр баригдсан Хөшөөтийн коксын аж ахуйн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой баримт болон тус аж ахуйд анх олгосон 0.8 га газрын хэмжээг нэмэгдүүлж, 3.8 га газрыг Ц.Б-д олгох болсон үндэслэл, Хөшөөтийн коксын аж ахуйн эзэмшил газар нь гуравдагч этгээд “М” ХХК /тус компанид 2009 онд газар ашиглах эрх үүссэн/-ийн газартай давхцалтай эсэх байдлуудыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх Хөшөөтийн коксын аж ахуйн эзэмшлийн 0.8 га газар болон нэмэгдсэн 3.8 га газрын байршил, давхцалыг тогтоолгохоор шинжээч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч шинжээчийн “дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариугаар хязгаарлаж, нотлох баримтыг цуглуулах, шалгах ажиллагаа хийгээгүй нь буруу байна.

Зүй нь шүүх маргаан бүхий газарт болон газар олгогчийн бичиг баримтад үзлэг хийх, тухайн үед газар олгох болон газар шилжүүлэх ажиллагааг явуулсан сумын Засаг дарга, газрын даамал, газар эзэмшиж байсан этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах замаар, анх Хөшөөтийн коксын аж ахуйд эзэмшүүлсэн 0.8 га газар, түүн дээр баригдсан үл хөдлөх хөрөнгө, “М” ХХК-д ашиглуулахаар олгосон 208 га газар болон шилжүүлсэн 3.8 га газруудын байршлыг тогтоож, газар эзэмшүүлсэн нөхцөл байдлуудыг тодруулж, газар олгох эрх бүхий этгээд нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газрыг олгосон эсэх, газар эзэмшигч этгээдүүдэд газрын эзэмшил, ашиглал хуульд заасан журмын дагуу үүссэн эсэх, хэний буруугаас газрын давхцал үүссэн /эсвэл үүсээгүй/ эсэх, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Мөн хэргийн 87, 88, 92 дугаар талуудад авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй /уншигдахгүй/ байна.

Түүнчлэн, шүүх хэрэгт ”М” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулжээ. Тус компанийг төлөөлөн орон хариуцсан захирал Ж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тайлбар гарган, уг компанийг төлөөлөх итгэмжлэлийг М.Э, Х.Н нарт олгосон байна. Гэвч орон хариуцсан захирал Ж нь тус компанийг шүүхэд төлөөлөх эрхтэйг нотлох компанийн үүсгэн байгуулагчийн баримт бичиг, дүрэм зэрэг хэрэгт авагдаагүй байна

Иймд дээр дурдсан зөрчлийг залруулж, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулж дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.