| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2017/0097/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/85 |
| Огноо | 2017-07-21 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/85
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,
шүүгдэгч Д.М******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн яллагдагч Д*******гийн М*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай саналтай, эрүүгийн 201706000103 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 04-нд хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн 1-8-4 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, оюун ухааны хөнгөн хэлбэрийн “хулгайн дон” өвчтэй гэх, Халх овогт Д*******гийн М******* РД: ГН95010319.
Холбогдсон хэргийн талаар:
Д.М******* нь 2017 оны 3 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багт байрлалтай “Далт”, “Буянтогтох” барааны дэлгүүр болон иргэн А.Эр*******ийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
201706000103 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч П.А*******ы өгсөн: ...Манайх 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш дэлгүүртээ очилгүй байж байгаад 3 дугаар сарын 04-ний өглөө дэлгүүр дээрээ очиход манай дэлгүүрийн тампараар дамжаад тааз цөмлөөд хулгай орчихсон байсан. ...2 сим ордог хар өнгийн, ягаан оруулагатай NOKIO маркийн гар утас-2 ширхэг, хар ногоон өнгийн, зузаан батарейтай гар утас-1 ширхэг, NOKIO маркийн, хөх өнгийн 1 сим ордог гар утас, эрэгтэй хүний хөх өнгийн “ХХХЛ” размерийн ширээстэй, хавар намрын куртик, эмэгтэй хүний ягаан өнгийн палатье, хүүхдийн хөх өнгийн бээлий 1 хос зэргийг буцааж бүрэн бүтнээр нь хүлээж авлаа. Бусад зүйлээ 2 нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх- 9 тал/,
Хохирогч А.У*******ийн өгсөн: ...2017 оны 3 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө манай дэлгүүрт хулгай орж эд зүйлс алдагдсан. Дэлгүүрээ 20 цагийн үед хааж яваад маргааш өглөө нь ирэхэд дэлгүүрийн гадна талын цонхны хамгаалалт төмрийн талыг хөшиж онгойлгосон байдалтай, цонх онгорхой, доторх тор нь урагдсан байсан. ...Dubblicc тамхи 29 ширхэг, ягаан нарийн LD тамхи 20 ширхэг, ногоон Esse тамхи 10 ширхэг, сэнстэй West тамхи 10 ширхэг, улаан West тамхи 10 ширхэг, алтан навч тамхи 9 ширхэг “Glaksi S Ti” гар утас 1 ширхэг, Nokio-3060 гар утас 1 ширхэг зэргийг хүлээж авлаа. Бусад эд зүйлсээ нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-11 тал/
Хохирогч А.Эр*******ийн өгсөн: Манайхан 2017 оны 3 дугаар сарын 04-нд Булган аймгийн Хялганат тосгон руу яваад 3 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ирээд гэрээ онгойлгоход манай гэрийн зуухан дээр сандал тавиатай байхаар нь гайхаад гэр доторх эд зүйлсээ бүртгэж үзэхэд DVD удирдлагатайгаа, 30 ширхэг СD, ...тал шуудай борц зэрэг алга болсон байсан. DVD удирдлагатай нь олж авсан, 30 ширхэг СD, тал шуудай борц олдоогүй ч нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-13 тал/
Гэрч Ц.Д*******ийн өгсөн: ...Манай Хутаг-Өндөр сумын Далт, Буянтогтох дэлгүүрт мөн А.Эр*******ийн гэрт хулгай орсон хэргийг М******* үйлдсэн байж болзошгүй "change Esse" тамхи татаж явсан гэх мэдээллийг аваад хамт ажилладаг ахлах ахлагч С*******ын хамт М*******гийн гэрт очиход М******* гэртээ байсан. Хаанаас тамхи авсан талаар асуухад дэлгүүрээс хулгай хийсэн гэдгээ хэлсэн. …Орон доор нуусан байгаа гээд дэлгүүр болон айлаас хулгайлсан тамхи гар утас, хувцас зэрэг эд зүйлсийг гаргаж харуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 55 тал/,
Гэрч Н.С*******ын өгсөн: ...Ц.Д*******ийн хамт М*******гийн гэрт очиход М******* гэртээ байж байсан. Тэгээд хаанаас "change Esse" тамхи авсан талаар асуухад дэлгүүрээс, айлаас хулгай хийсэн гэдгээ ярьсан. Орон доор нуусан байгаа гээд дэлгүүр болон айлаас хулгайлсан тамхи гар утас, хувцас зэрэг эд зүйлсийг гаргаж өгсөн гэх мэдүүлэг /хх-н 56 тал/,
Гэрч С.Б*******ын өгсөн: 3 сард ямаа самнаж байх үед Д.М******* надтай Бунхан толгойн цаад талын хороололд гудамжинд тааралдаад 2 ширхэг, нэг нь мэдрэгчтэй, нөгөө нь зүгээр товчлууртай гар утас барьчихсан “худалдаж аваач” гэхээр нь би “юу яриад байгаа юм авахгүй” гэсэн чинь “тэгвэл таны утсаар сольчихьё” гэж хэлэхээр нь “битгий балай юм яриал бай” гэж хэлээд би явсан. Гар утас худалдаж авсан сольсон зүйл огт байхгүй гэх мэдүүлэг /хх-н 57 тал/,
Шинжээч эмч Н.Уын өгсөн: ...Д.М******* нь сэтгэцийн хувьд оюун ухааны хомсдол өвчтэй, өөрийнхөө хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадваргүй, хэрэг хариуцах чадваргүй. Үнэн зөв байцаалт өгөх чадваргүй, хулгайн дон өвчтэй учраас албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг сэтгэцийн байдал болон бодит үзлэгийг үндэслэн гаргасан. Хулгайн дон өвчний тухайд хүчлэгдсэн гэнэтийн дур хүрсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар хүнд хэрэгцээтэй үгүйгээс үл хамааран хулгай хийснээр дур нь дарагддаг. Хулгайлсан эд зүйлээ заавал зарж борлуулж ашиг олох гэсэн сэдлээр хулгайлдаггүй. Ихэнх хулгай хийх дон нь удаа дараагийн үйлдэлтэй байдаг нь нийгэмд аюултай гэж үзэж байна. 2015 оноос эмчийн байнгын хяналтанд орсон. Илрэх шинжийн хувьд догшин ширүүн зан авир гаргадаггүй болохоор сэтгэцэд нөлөөлөх эм уудаггүй. Д.М******* нь удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа нь нийгэмд, иргэдэд эд материалын хохирол учруулж байгаа тул 3 нийгэмд аюултай, сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт эмчлүүлэх шаардлагатай гэж үзэж байна гэх мэдүүлэг /хх-58 тал/,
Шүүхийн сэтгэц гэм судлалын 3 тоот дүгнэлтэнд: 1. Д.М******* нь оюун ухааны хомсдол өвчтэй болно. Тухайн үед өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан болно. 2. Д.Мөнхадалай нь Оюун ухааны хомсдол хөнгөн хэлбэрийн өвчтэй болно. 3. Д.М******* нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадваргүй. Үнэн зөв байцаалт өгөх чадваргүй болно. 4. Д.М*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна гэх дүгнэлт /хх-27 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-1 тал/,
гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,
баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-51 тал/, гэрэл зургийн үзүүлэлт / хх-52-54 тал/, /шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол болон эд зүйлсийн үнэлгээ /хх-14-15, 18- 19, 22-23 тал/, шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-26 тал/, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол, тэмдэглэл /хх-33-36 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-40-42 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.М******* нь 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багт байрлалтай “Далт”, “Буянтогтох” барааны дэлгүүр болон тус сумын 1 дүгээр багийн 4-1 тоотод оршин суух иргэн А.Эр*******ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.А*******, А.У*******, А.Эр*******, гэрч Ц.Д*******, Н.С*******, С.Б******* нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.М******* нь оюун ухааны хөнгөн хэлбэрийн хулгайн дон өвчтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан, хулгайн дон өвчний тухайд хүчлэгдсэн гэнэтийн дур хүрсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар хүнд хэрэгцээтэй үгүйгээс үл хамааран хулгай хийснээр дур нь дарагддаг, давтагддаг шинжээрээ нийгэмд аюултай болох нь Шүүхийн сэтгэц гэм судлалын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3 тоот дүгнэлт, шинжээч эмч Н.Уын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.М******* нь 2015 оноос хойш сэтгэцийн эмчийн байнгын 4 хяналтад байгаа боловч үр дүн муу байгаа, түүний нийгэмд аюултай үйлдэл давтагдах шинжтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэхээр сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт 6 сарын хугацаагаар эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч А.У*******, П.А*******, А.Эр******* нарт 1228800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.А*******, А.Эр******* нар зарим эд зүйлийг хүлээн авснаар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Харин хохирогч А.У******* нь 404200 төгрөгийн эд зүйл алдагдсанаас буцаан авсан эд зүйлийн үнэлгээг хасаж, 92900 төгрөгийг шүүгдэгч Д.М*******гаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дүгээр зүйлийн 4.2, 19.3 дүгээр зүйлийн 6, 7-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Халх овогт Д*******гийн М*******д эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч Д.М*******д донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт 6 /зургаа/ сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.
3. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.М*******гаас 92900 /ерэн хоёр ма есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч А.У*******т олгож, хохирогч П.А*******, А.Эр******* нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.
5. Шүүгчийн захирамжид оролцогчид ердийн журмаар давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД