| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0312/э |
| Дугаар | 2019/ШЦТ/318 |
| Огноо | 2019-12-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Төрболд
Хохирогч, шүүгдэгч Б.Т
Хохирогч, шүүгдэгч С.Б
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Б.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Б.О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт С.Б нарт холбогдох эрүүгийн 1921004720337 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч, хохирогч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...........” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Б.Т. /РД: ........../
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, .................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .......... овогт Б.О. /РД: ................./
3. Шүүгдэгч, хохирогч: Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....... овогт С.Б. /РД: .................../
1. Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8 дугаар гудамж 02 тоот хашааны гадна талбайд иргэн С.Б-тай маргалдах явцдаа түүнийг газар унагах, хөлөөрөө нуруу, хавирга тус газарт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Б.О нь 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8 дугаар гудамж 02 тоот хашааны гадна талбайд иргэн Б.Т-тэй маргалдах явцдаа түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч С.Б нь 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8 дугаар гудамж 02 тоот хашааны гадна талбайд иргэн М.Т, О.Мөнх-Од нартай маргалдах явцдаа тэдний унаж байсан “............... ХХК-ийн өмчлөлийн “Тоёота Альфард” маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, хохирогч Б.Т-н “Самсунг Галакси Жи-6” маркийн гар утасны дэлгэц зэргийг тус тус чулуугаар цохиж хагалсан, гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч, хохирогч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.
Шүүгдэгч, хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.
Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.
Шүүгдэгч, хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн орчим найз Ганхуягийн хамтаар Хэрлэн сумын 4 дүгээр баг, ............ дугаар эгнээнд баруун талаасаа зүүн тийш гэр рүүгээ алхаж явахад цагаан өнгийн “Альфард” маркийн машинтай хоёр эрэгтэй хүн хаалгаа онгорхой сууж байхаар нь би “дүү нар сайн уу” гэж мэндлэхэд “сайн муу нь чамд ямар хамаатай юм” гээд тухайн хоёр залуутай маргалдсан. Маргалдахад жолооч нь болох Т гэх залуу намайг заамдаад хөл рүү маань хавирч өшиглөж намайг газарт унагаасан. Намайг газарт унахад Т нь хамт унасан ба газраасаа босоогүй Т-тэй зууралдаж зодолдсон. Газарт зууралдаж байгаад Т нь босоод миний хавирга, нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөж байхад манай хүү О нь ирээд салгасан. Хүү О-ыг ирэхэд Т нь О-той маргалдаж зодолдсон...” гэжээ. /хх-ийн 19-20 тал/
Шүүгдэгч, хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн орчим Хэрлэн сумын 4 дүгээр баг, ......... тоот хашааны гадаа би найз Мөнх-Одын хамтаар сууж байхад нэг хорооны ах болох Б нэг танихгүй ахын хамт баруун талаас ирж байсан ба ирээд Б ах найз Мөнх-Одтой мэндэлсэнгүй гэх шалтгаанаар маргахаар нь би буугаад “та одоо яв” гэхэд Б ах машины ард гараад машины номер хараад чулуу аваад шидээд байсан. ...Б ахын хүү О ирээд маргалдаж байгаад миний цамцны захаас барьж аваад миний нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохисон. ...Б ах газраас чулуу аваад .................. улсын дугаартай “Альфард” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуу шидэж хагалсан. Машины шил хагалахаар нь би цагдаа дуудлаа гээд утсаа гаргахад мөн Б ах чулуу шидэж гар утасны дэлгэц хагалсан...” гэжээ. /хх-ийн 16-17 тал/
Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орой 23 цагийн орчим би Хэрлэн сумын 4 дүгээр баг, ............ өргөн гудамжинд /8 дугаар/ найз Т-ийн “Альфард” маркийн машин дотор нь пиво уугаад сууж байсан. Тэр үед нэг согтуу сахалтай ах ирээд машины онгорхой цонхны раман дээр гараараа дараад “сайн байцгаана уу” гэж мэндэлсэн. Тэр үед манай найз Т “та сайн уу” гэхэд тэр ах намайг “чи яагаад мэндлэхгүй байгаа юм” гээд машины цонхоор гараа оруулаад миний шилэн хүзүүн дээр хальт алгадсан. Тэгэхээр нь би уурлаж машинаас гараад “та яагаад байгаа юм би таньтай мэндлэх албатай юм уу” гэж хэлсэн. Тэр үед уг сахалтай ах “чи муу жаахан бацаан юу гээд байгаа юм ална шүү” гэж хэлсэн. Тэр үед найз Т машинаас бууж ирээд миний урдуур орж уг сахалтай ахыг надаас салгасан. Тэр үед бид нарын хажууд бас нэг согтуу хүн зогсож байсан. Тэгээд бид нар маргалдаж байгаад машиндаа буцаад суусан. Тэр үед гаднаас машин руу чулуу шидсэн. Бид хоёр буугаад машинаа шалгатал сахалтай ах “хохь чинь” гэж хэлээд над руу дайраад цохих гээд сарвалзаад байсан. Би тэр ахын хоёр гарнаас нь барьж аваад байж байтал голоор манай найз Т орж ирээд тэр ахтай барьцалдаж уг сахалтай ахыг түлхэж унагаасан. Тэр ах дахин босож ирээд Т рүү дайрахад дахин түлхэж унагаасан. ...Буцаад машин дээрээ ирэхэд Т нүүр нь их том хавдаад амнаас нь цус гарчихсан байсан бөгөөд Т-г зодсон залуу согтуу хоёр ахыг дагуулаад зүүн тийшээгээ алхаж байсан. Тухайн үед Т-гээс юу болсон талаар асуухад “манай хорооны дүү намайг гурван удаа нүүр рүү цохьчихлоо” гэж хэлсэн. ...Тэгээд бид хоёр цагдаа дуудсан бөгөөд тэд нар Т-гийн машины урд шил болон гар утасных нь дэлгэцийг хагалсан байсан...” гэжээ. /хх-ийн 32-34 тал/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн орчим найз Б-тай цуг явж байсан юм. Тэр үед бид хоёр нэг шил архи уучихсан хоёулаа согтуу байсан. Би түрүүлээд алхаж байсан бөгөөд миний араас нилээн зайтай Б алхаад явж байсан. Б-рыг ирэхгүй болохоор нь эргээд харахад Б машины хойно нэг залуутай маргалдаад барьцалдаад зогсож байсан. ...Би зугтаагаад Б-ын хашаа руу орж хүү О-ыг нь дуудсан юм. Тэгээд О бид хоёр Б дээр яваад очтол Т гэх залуу нь О-той барьцалдаад авсан. ...Сүүлд нь Т гэх залуу гар утсаа гаргаж ирээд “цагдаа дуудлаа” гээд байж байтал Б тэр залуугийн гар утсыг цохиод унагаачихсан юм. Тэр үед О аавыгаа “та хүний утас эвдлээ боль” гэж загнаад бид хоёрыг аваад гэр рүүгээ явсан юм. Найз Б маань маргалдаж байхдаа газраас чулуу аваад гартаа барьж байсан...” гэжээ. /хх-ийн 35-36 тал/
Иргэний нэхэмжлэгч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “................” ХХК-н шавхалтын оператор ажилтай. Манай байгууллагын өмчлөлийн “Тоёота Альфард” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарснаар 280.000 төгрөгийн хохирол учирсан. Манай байгууллага хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 24 тал/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 417 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:
1. С.Б-н биед баруун 8, 9-р хавирганы хугарал, цээжний ард баруун талын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний урд өвчүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтлүүдийн баруун 8, 9-р хавирганы хугарал нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 52 тал/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 419 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:
1. Б.Т-н биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаа, эрүүний зүүн булан, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хамарсан цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн хацар, хамрын зүүн угалзны орчимын цус хуралт, зүүн завьж, эрүүний зүүн булангийн цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун дээд төвийн үүдэн шүд /11-р/ болон зүүн дээд төвийн үүдэн шүд /21-р/-ний сулрал, зүүн дээд төвийн үүдэн шүд /21-р/-ний хугарал, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтлүүдийн баруун дээд төвийн үүдэн шүд /11-р/ болон зүүн дээд төвийн үүдэн шүд /21-р/-ний сулрал, зүүн дээд төвийн үүдэн шүд /21-р/-ний хугарал нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 48 тал/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11, 13-14 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12 тал/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50-51 тал/
- Б.Т-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-27, 68-69 тал/
- С.Б-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29, 66-67 тал/
- Б.О-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31, 70-71 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
- Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8 дугаар гудамж 02 тоот хашааны гадна талбайд хохирогч С.Б-тай маргалдах явцдаа зодож эрүүл мэндэд нь “баруун 8, 9-р хавирганы хугарал, цээжний ард баруун талын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний урд өвчүүний зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
- Шүүгдэгч Б.О нь 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8 дугаар гудамж 02 тоот хашааны гадна талбайд хохирогч Б.Т-тэй маргалдах явцдаа зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаа, эрүүний зүүн булан, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хамарсан цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн хацар, хамрын зүүн угалзны орчимын цус хуралт, зүүн завьж, эрүүний зүүн булангийн цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт, баруун дээд төвийн үүдэн шүд /11-р/ болон зүүн дээд төвийн үүдэн шүд /21-р/-ний сулрал, зүүн дээд төвийн үүдэн шүд /21-р/-ний хугарал, хүзүүний цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
- Шүүгдэгч С.Б нь 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8 дугаар гудамж 02 тоот хашааны гадна талбайд хохирогч М.Т, О.Мөнх-Од нартай маргалдах явцдаа тэдний унаж байсан “.................” ХХК-ийн өмчлөлийн “Toyota Alphard” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, хохирогч Б.Т-ийн “Samsung galaxy ji-6” маркийн гар утасны дэлгэц зэргийг тус тус чулуугаар цохиж хагалсан, гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, гэрч О.Мөнх-Од, Д.Ганхуяг, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхтулга нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 417 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 419 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т, С.Б, Б.О нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.О-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч С.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т, Б.О, С.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Б.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох,
Шүүгдэгч Б.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох,
Шүүгдэгч С.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т-гийн үйлдлийн улмаас хохирогч С.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч Б.О-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Т-д хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч С.Б-ын үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч “.....................” ХХК-д 280.000 төгрөгийн, хохирогч Б.Т-д 40.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч С.Б нь иргэний нэхэмжлэгч “..............” ХХК-д учруулсан 280.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч, хохирогч нар нь харилцан хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т, Б.О, С.Б нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Т-гийн .......... тоот, Б.О-ын ........... тоот, С.Б-н ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.О, С.Б нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Т-н .............. тоот, Б.О-н .............. тоот, С.Б-н ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т, Б.О, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ