| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2018/00404/И |
| Дугаар | 146/ШШ2018/00016 |
| Огноо | 2018-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 146/ШШ2018/00016
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сум 3 дугаар баг Эрдэнэтолгой багт байрлах, “Хархорин” ХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум, Онгоцон Ухаа багт байрлах “НасааНэм” БГБХ нөхөрлөлд холбогдох
“Худалдах, худалдан гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөрт 34.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, “алданги 11.900.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, хариуцагч Ч.Н, түүний өмгөөлөгч Н.Дашдулам, гэрч Б.М, М.Т, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хархорин” ХК-ий гүйцэтгэх захирал Р.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хархорин ХК-ий менежер Р.О “Насаа нэм” нөхөрлөлийн дэд дарга Ч.Н-тэй 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Суулгац худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 3 настай чацарганы суулгацыг 1 ширхэгийг 1500 төгрөгөөр тооцож 25.000 ширхэг чацарганы суулгацыг худалдан авагчид нийлүүлэх, худалдагч талд хэлэлцэн тохирсон үнэ болох 37.500.000 /гучин долоон сая таван зуун мянга/ төгрөг төлөхөөр харилцан тохирч гэрээг байгуулж гарын үсэг зурж 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр худалдан авагч талд өгсөн. Гэрээний урьдчилгаа хөлс 3.500.000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсны дараа хүлээн авсан. Хархорин ХК нь гэрээнд заасны дагуу 3 настай 25.000 ширхэг чацарганы суулгацыг 1 өдрийн дотор ажилтан нараар бойжуулгын талбайгаас ухуулан гаргаж “Насаа нэм” нөхөрлөлийн дэд дарга Ч.Н-д 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шаардах хуудас, зарлагын падаан дээр хоёр тал гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн. “Насаа нэм” нөхөрлөл нь одоогоор нийлүүлсэн чацарганы суулгацын үлдэгдэл 34.000.000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг өгөх боломжгүй үлдэгдэл хөлсийг хоёр хувааж ойрын хугацаанд төлж барагдуулна гэхэд нь би зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл өгөөгүй байгаа. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч “зээл хөөцөлдөж байна” гээд одоо болтол төлбөрийг өгөхгүй байгаа тул “Насаа нэм” нөхөрлөлөөс Хархорин ХК-ий нийлүүлсэн 3 настай суулгацын үлдэгдэл төлбөр болох 34.000.000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 327.950 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбаяр шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: “...НасааНэм нөхөрлөл нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хархорин компаниас 3 насжилттай 250 боодол буюу 250.000 суулгацыг худалдаж авах санал гаргаж ирсэн. Тухайн үед бид нар ярилцаж тохирохдоо 3 насжилттай суулгац нь дээр баталгаа өгдөггүй. Ачилтын явцад хугарч гэмтэх тохиолдол гарах тул 2 боодол суулгац илүү өгч явуулдаг. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ЧС-ХХ-АГ 2017/08 дугаартай гэрээ байгуулж 3 насжилтай 25.000 суулгацыг нэг бүрийн үнийг 1500 төгрөгөөр бодож гэрээнд заагдсан хуваарийн дагуу урьдчилгаа 3.500.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг гэрээнд заагдсан хуваарийн дагуу төлөхөөр тохирсон. Хариуцагч тал 34.000.000 төгрөгөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд гэрээний үүрэг дээр тодорхойлсон заалт дээр худалдагч гэрээ хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги авах эрхтэй гэж зааж өгсөн байгаа тул 7 сарын хугацааны алданги 11.900.000 төгрөг тооцож гаргасан байгаа. Үндсэн гэрээний үнэ 34.000.000 төгрөг байгаа. 3.500.000 төгрөг нь төлөгдсөн байгаа. Нийт худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 45.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ч.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай байгууллага нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр суулгац худалдах, худалдан авах гэрээг Хархорин ХК-тай байгууласан нь үнэн бөгөөд бид 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3 настай гэх 25000 ширхэг чацарганы суулгацыг авахаар гэрээгээр тохиролцсон. Гэтэл “Хархорин” ХК нь гэрээний дагуу 3 настай суулгац нийлүүлээгүй гэж үзэж байна. Учир нь хүлээн авсан суулгац нь 100 хувь 3 насжилттай биш, чанарыг шаардлага хангахгүй сав баглаа боодолтой байсан ба мөн 25000 ширхэг суулгац (боодолдоо 100 ширхэгээр багцалж боосон гэх 250 боодол хүлээн авсан) гэж тохиролцсон боловч боодол бүр нь тооноосоо 10-30 ширхэг дутуу болон хатсан үхсэн суулгац нийлүүлсэн байв. Манай байгууллага нь авсан суулгацаа цааш нь “Агро-Форест” ХХК болон “Өнө-Эв” ХХК-д нийлүүлсэн боловч аль аль нь чанарын шаардлага хангахгүй, дутуу, хатсан үхсэн суулгац нийлүүлсэн гэж шүүмжилж манай байгууллагын нэр хүндэд ч муугаар нөлөөлсөн.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч чадахгүй ба 25000 суулгацнаас дутсан, хатсан үхсэн, чанарын шаардлага хангахгүй 9322 ширхэг чацарганы суулгацыг хасаж тооцон нэхэмжилсэн 34 сая төгрөгнөөс 13.983.000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Хариуцагч Ч.Нарангэрэл шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: Би Хархорин компанитай 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж Сэлэнгэ аймагт 20 га тайлбайд чацаргана тарихаар 25.000 суулгац авсан. Урьдчилгаа 30 хувийг нь буюу 3.500.000 төгрөгийг нь төлөөд зээлийн гэрээ байгуулсан. Суулгацаа 2 компанид нийлүүлсэн гээд байгаагийн нэг компани нь Солонгос улсын мод нийлүүлдэг компани байгаа. Суулгац нийлүүлэхэд маш их дутагдал гарсан. Хархорин компани суулгацаа шөнө боосон болоод ч тэр юм уу мэдэхгүй. Ялгалт хийхгүйгээр шууд боосон байсан. Би тухайн үед утсаар мэдэгдсэн. Гэхдээ би гэрээнд заасны дагуу 5 хоногийн дотор мэдэгдээгүй гэдгээрээ буруудаж байна. Суулгацнаас нь 3 боодол дутуу ирсэн. Бямбасүрэн агрономич мэдэж байгаа. Танай компани олон газар мод өгдөг. Тендерийн мод гаргадаг гэдэг шалтгаанаар би хүлээж авахдаа задалж хүлээж авах боломж байгаагүй. Харанхуй шөнө хүмүүс амандаа гэрэл зуугаад суулгацыг бэлдэж байсан. Би 5 хоногтоо хэлж чадаагүй болохоос нотлох баримт хангалттай байгаа. Би Саранцэцэг захиралд утсаар хэлсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Улаанбаатар хот ороод жолооч нь суулгацуудыг буулгаад хэдэн тийш тараагаад аваад явахад дутуу байна гэсэн. Тэр үед нь шалгаж үзэхэд дутуу хатсан мод их байсан. Харилцсан газрууд нь тодорхой байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хархорин” ХХК нь хариуцагч “НасааНэм” БГБХ нөхөрлөлд холбогдуулан “худалдах, худалдан гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөрт 34.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, “алданги 11.900.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ худалдах, худалдах авах гэрээний үндсэн дээр 3 настай чацарганы үлдэгдэл үнэ болох 34.000.000 төгрөг, мөн нэмэгдүүлсэн шаардлага болох гэрээний үнийг хугацаандаа төлөөгүй 7 сарын хугацааны алданги болох 11.900.000 төгрөг, нийт 45.900.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан гэж” тайлбарласан.
Хариуцагч шүүх хуралдаанд “тухайн 3 настай чацарганы суулгац нь чанарын шаардлага хангаагүй, суулгац дутуу, үхсэн, хатсан суулгацууд байсан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж” маргажээ.
“Хархорин” ХК болон “Насаа Нэм” БГБХ нөхөрлөлийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №ЧС-ХХ-АГ/2017/08 дугаартай “Суулгац худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан болох нь талуудын тайлбар, гэрээ, урьдчилгаа төлбөр 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, зарлагын баримт, шаардах хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.
Худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заасан байдаг.
Хариуцагч нь шүүх хуралдаанд “3 настай чацарганы суулгац нь чанарын шаардлага хангаагүй, суулгац дутуу, үхсэн, хатсан доголдолтой байсан. Тухайн үед компаний эрх бүхий албан тушаалтан руу утсаар ярьж хэлсэн” гэж тайлбарлаж байх боловч үүнийг баримтаар нотлоогүй, энэ талаар худалдагчид гомдлын шаардлага гаргаагүй байхаас гадна эдгээр доголдлуудыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан худалдан авах үедээ мэдэх боломжтой доголдлууд байна.
2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №ЧС-ХХ-АГ/2017/08 дугаартай “Суулгац худалдах, худалдан авах гэрээ” хийгдсэнтэй талууд маргаагүй.
Нэхэмжлэгчийн “7 сарын алданги 11.900.000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд, талууд бичгээр байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Суулгац худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1.4, 4.2.5 дугаар зүйлд алданги төлөхөөр тохиролцсон байх тул төлбөр төлөх хугацаа хожимдуулсан хариуцагч “НасааНэм” БГБХ нөхөрлөл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги төлөх үүрэгтэй. Харин мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар торгууль, алдангийн хэмжээ нь төлөх ёстой төлбөрийн 50%-иас хэтэрч болохгүй тул торгууль, алдангийг “НасааНэм” БГБХ нөхөрлөлөөс гаргуулах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “НасааНэм” БГБХ нөхөрлөлөөс “худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 45.900.000 төгрөгийг гаргуулан” нэхэмжлэгч “Хархорин” ХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
“НасааНэм” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №000025216 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний “хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл” гэсэн хэсгийн 3 дугаарт “хувь нийлүүлэгчээс 2 нэмэгдэж, 4 хасагдаж үүсгэн байгуулагчдын тоо нийт 2 болж өөрчлөгдсөнийг бүртгэв. 2016.12.23” гэж бүртгэгдсэн /хх 6/ бөгөөд “НасааНэм” БГБХ нөхөрлөл нь 2 тооны гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй” гэж заасан байх тул “НасааНэм” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэж “НасааНэм” БГБХ нөхөрлөлийн дэд дарга Ч.Н-д шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.
Хариуцагчаас хэрэгт баримтаар “НасааНэм” БГБХ нөхөрлөлөөс “Агро-Форест” ХХК-д чацарганы ногоон мөчрөөр үржүүлсэн 3 настай стандартын суулгац нийлүүлэх гэрээ, акт /хх 25-26/, Чацарганы суулгац хүлээлцсэн акт /хх 27/, 3 настай суулгацын талаарх фото зураг /хх 28-31/ тус тус баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Насаа Нэм” БГБХ нөхөрлөлөөс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч “Хархорин” ХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “НасааНэм” бүх гишүүд бүрэн хариуцлагатай хариуцлагатай нөхөрлөлөөс 45.900.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хархорин” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “НасааНэм” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс 533.300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хархорин” ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533.300 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН