Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00796

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00062 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

Метро экспресс ХХК-д холбогдох

Гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн В/112 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч*******, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Нэхэмжлэгч 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл тус компанийн хуулийн зөвлөх орон тоон дээр ажиллаж ирсэн. Мөн тус компанийн үүсгэн байгуулагч нарын хувийн асуудалтай холбоотой хууль эрх зүй, шүүхийн шатны олон асуудлыг шийдвэрлэж ажиллаж байсан.******* ХХК болон******* холдинг ХХК-ийн бүх бичиг баримт, гэрээ, бусад асуудлуудыг хуулийн хүрээнд хариуцан боловсруулж зохих бүх шатны байгууллагад төлөөлөн ажиллаж байсан. 2018 оноос тус компанийн техникийн албанд цалингүйгээр давхар менежер зохион байгуулалтыг хариуцан халагдах хүртэл ажилласан. Гэвч 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тус компанийн 352 тоот хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдэл танилцуулж, уншсан мөн өдрөө В/112 тоот тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Энэ өдөр тус компанийн нийт 7 хүнийг хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдэж 3 хүнийг ажлын байрны өөрчлөлт хийх тухай хурал хийсэн бөгөөд эдгээр үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 17 дугаар зүйлийг ноцтойгоор зөрчсөн. Николь Борохов, Боаз Борохов нар нь тухайн үед Монгол улсад байгаагүй атал шийдвэр гарсан газар Улаанбаатар хот гэж бланк дээр хэвлэгдсэн. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл өгсөн ч тэр өдрөө тушаал нь гарсан. Энэхүү тушаал дээрээ мөн өдрийн мэдэгдлийг үндэслэж гэж бичсэн байгаа буюу тушаалын хөл толгойгоо сольсон байна. Тушаалыг үндэслэж байж мэдэгдэл гардаг болохоос мэдэгдлийг үндэслэж тушаал гаргадаггүй. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг харахад ажилчдыг бөөнөөр халж байгаа шинжтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар тушаал гарах ёстой. Энэ үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл ба компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй байхад гаргасан тул хууль бус тушаалын дээр нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Иймд В/112 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Метро экспресс ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Тус компани нь Израил улсын 2 иргэний буюу гадаадын хөрөнгө оруулалттай юм. Компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн Николь Борохов нь сүүлийн 2, 3 жилд Монгол улсад байнга оршин сууж, компанийн үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. ******* 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хуулийн зөвлөхөөр ажилд орж, энэ хугацаанд нийт 134.425.082 төгрөгийн цалин, 6.095.000 төгрөгийн түлш шатахууны хангамж авсан, 2012 онд эхнэр Ц.Цэцэгдэлгэрийг агуулахын няраваар ажилд оруулсан, одоог хүртэл ажиллаж байна. Мөн татварын 2013, 2014, 2015, 2016 онуудын шалгалт 2017 онд хийгдэн, татварын албанаас 88.000.000 төгрөгийн торгууль тавихад ******* ажил үүргийнхээ дагуу хууль эрх зүйн зөвлөгөө өгөөгүй тул хуульч хөлсөлсөн. 2019 онд 2017, 2018 оны татварын шалгалт ороход дахин хуульч хөлслөн ажилласан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр онлайн хэлбэрээр хийсэн шийдвэрийг нэр бүхий ажилчдад танилцуулсан. Дээрх шийдвэрт тус компанийн хуулийн зөвлөхийн орон тоог цомхотгосон шийдвэр орсон ба хуулийн зөвлөх *******т 352 тоот мэдэгдлийг танилцуулж, гардуулж өгсөн. ******* мэдэгдлийг уншаад гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн тухай хууль 30 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлсэн, тэтгэмж мөнгө өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00062 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан "Метро экспресс" ХХК-д /РД:2625962/ холбогдох, В/112 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Алаг адуут овогтой Равдандоржийн Сүхбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00062 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ыг******* ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 454 545 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж, 2 дах заалтын нэхэмжлэгчид олгосугай гэснийг нэхэмжлэгчид олгож, хариуцагч*******" ХХК-аас 230 223 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг зөвшөөрсөн байна. Үүнийг нэхэмжлэгч *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9.1.5-д ...хөдөлмөрийн болон дотоод журамд заасан үндэслэлээр... мөн гэрээний 9.2.1-д ...байгууллага болон салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн... тохиолдолд цуцалж болохыг талууд харилцан зөвшөөрсөн. Иймд ажил олгогчид ажилтны хөдөлмөрийн гэрээг тухайн орон тоо хасагдсан тохиолдолд цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэл, эрх хэмжээнээс гадна Метро Экспресс ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2019.07.05-ны өдрийн хурлаар орон тоо хасах шийдвэрийг гаргасан. Уг хуралдаанаар тухайн компаний өмчлөгчид буюу хувьцаа эзэмшигчид ...хуулийн зөвлөхийн орон тоо байх шаардлагагүй гэдгээ... зохих үндэслэлийн дагуу танилцуулж шийдвэрлэсэн. Ийнхүү ...хуулийн зөвлөхийн орон тоог хасч... хувь нийлүүлэгчдийн 2019.07.05-ны өдрийн 11 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн нь компаний дотоод журам, Компаний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн болно. Хуулийн зөвлөхийн орон тоог хасч шийдвэрлэсэн шалтгаан нь ...нэгдүгээрт компани эдийн засаг, ашиг орлогын хувьд алдагдалтай болсны улмаас компаний бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан, хоёрдугаарт хуулийн зөвлөхийн орон тоо тус компанид зайлшгүй байх шаардлагагүй болсон тул... ийнхүү орон тоог хасч шийдвэрлэсэн. Учир нь манай компани иргэн *******ыг компанидаа 2012 оноос өдийг хүртэл авч ажиллуулсан, энэ хугацаанд 140 гаруй сая төгрөгийн урамшуулал, цалин хангамж өгсөн бөгөөд харин тэрээр ажил олгогч буюу компанид үр бүтээлтэй, идэвхи санаачлагатай, итгэлийг олж ажиллаагүй билээ. Түүний хариуцлагагүй байдлаас болж 2017, 2018 онуудад хуульч хөлсөлж ажиллуулсан, компанид тавьсан татварын акт, торгуульд хуулийн зөвлөхийн хувьд ажлаа хийгээгүй гэх мэт олон шалтгаан байсан тул түүний орон тоог ажил олгогч хасч шийдвэрлэсэн билээ. Энэ талаарх баримтуудыг шүүхэд өгсөн бөгөөд анхан шатны шүүх зөв үнэлж шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх энэхүү нотлох баримтад дүгнэлт өгч үнэлээгүй. Давж заалдах шатны шүүхээс компаний хууль, дүрмээр олгогдсон бүрэн эрхэд халдаж, хуульчийн орон тоонд ажиллуулахыг даалгаж шийдвэрлэсэнд бид гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэсэгтээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсгийг зөрчиж 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан... гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий биш байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д ...аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж зохицуулсан. Манай компани дээрх хуулийн дагуу байгууллагын нэгж, түүний салбар нэгж бүхэлдээ татан буугдаагүй, зөвхөн цөөн албан тушаал болон хуулийн зөвлөхийн орон тоог хасч шийдвэрлэсэн билээ. Иймд 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан гэж дүгнэсэн нь хууль бус юм. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэсэгт ...Ажил олгогч байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргах эрхтэй ч уг тушаал шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хассан нь бодитой байх... буюу бодитой байгаагүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн үндэслэлгүй байна. Мөтро Экспрөсс ХХК 2019.07.05-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар хуулийн зөвлөхийн орон тоог хасч" шийдвэрлэсэн. Манай компанид өнөөдөр хуулийн зөвлөхийн орон тоогоор хүн ажиллаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх орон тоо хассан нь бодитой байгаагүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Орон тоог хасч шийдвэрлэсэн талаарх холбогдох бүх баримтыг бид нотлох баримтаар өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх... 43.1-д ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана... гэж тус тус заасан. Дээрх хуулийн заалтын агуулгаас харахад ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэх зохицуулалт бөгөөд манай компани хуулийн зөвлөхийн орон тоог хасч, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг 2019.07.09-ний өдөр хүргүүлж уг мэдэгдэлд Хөдөлмөрийн гэрээг 2019.08.09-ний өдрөөр дуусгавар болгож цуцлах болсныг тодорхой мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх шаардлагыг бид зөрчөөгүй. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд ...Ажил олгогч 2019.08.09-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар 2019.07.09-ний өдөр ажилтанд мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалаа 2019.08.09-ний өдөр гаргасан тохиолдолд хуульд нийцэх байсан гэж дүгнэжээ. Гэтэл бодит байдалд давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд дурдсан зарчим хэрэгжсэн билээ. Тодруулбал нэхэмжлэгчийг 2019.07.09-ний өдөр мэдэгдэж, 2019.08.09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хэдийгээр хэлбэрийн хувьд 2019.07.09-ний өдөр гэрээг дуусгавар болгох шийдвэр гарсан боловч бодит байдалд нэхэмжлэгчид 2019.07.09-ний өдөр мэдэгдэж 2019.08.09-ний өдөр гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсгийг зарчмын хувьд зөрчөөгүй гэж үзэж байна. Тиймдээ ч ******* нь 2019.07.09-ний өдрөөс 2019.08.09-ний өдрийг хүртлэх хугацаанд 1 сарын цалин 2 сая төгрөг авсан. Эндээс харахад бид 1 сарын өмнө мэдэгдсэн, сарын дараа чөлөөлөх шийдвэрийг гаргасан бөгөөд түүний эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй. Нэхэмжлэгч нь тухайн үед ажлаас чөлөөлж 2019.08.09-ний өдрөөс дуусгавар болгох тухай мэдэгдлийг хүлээн авч, гарын үсэг зурсан бөгөөд үүнтэй тэрээр маргаагүй, өөрийн хүсэлт, шаардлагаар 2019.07.09-ний өдрийн тушаалыг гаргаж авсан. Ийнхүү тушаалаа авсны үндсэн дээр мөн 1 сарын тэтгэмж болох 2 сая төгрөг, нийт 12.828.266 төгрөгийг *******т төлж бид харилцан тохиролцож дуусгавар болсны дараагаар ийнхүү маргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч анх 2019.08.07-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний нэхэмжлэлийн нэг шаардлага нь ...ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговрыг гаргуулах... гэсэн шаардлагыг гаргасан. Анхан шатны шүүх 2020.01.07-ны өдөр шийдвэрээ гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх 2020.02 сард шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацаа буюу 7 сарын цалинг олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх учиртай бөгөөд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаа буюу шүүхэд нэхэмжлэл өгөхдөө ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлоогүй билээ. Гэтэл шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэсэн болон давж заалдах шатны шүүхэд маргаан хянан шийдвэрлэсэн хугацааг ажилгүй байсан хугацаа гэж тооцож шууд 14.454.545 төгрөгийг тодорхойлж олго гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч******* ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2019.07.09-ний өдрийн В/112 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийн баримтаас үзвэл,******* ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2019.07.05-ны өдрийн компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах 11 тоот тогтоолын дагуу дэд захирал Т.Сакен 2019.07.09-ний өдрийн В/112 тоот тушаал гаргаж, компанийн хуулийн зөвлөх ажилтай *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан үндэслэлээр цуцалж, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 9.2.1, хувь нийлүүлэгчдийн хурлын 11 дүгээр шийдвэрийг баримталжээ.

11 тоот тогтоол гаргахдаа хувьцаа эзэмшигч нар Монгол улсад байгаагүй нь тогтоогдсон боловч Компанийн тухай хууль болон тухайн компанийн дүрэмд зааснаар компанийн эрх барих дээд байгууллага хувь нийлүүлэгчдийн хурлыг онлайнаар хийж, шийдвэр гарган, компанид мэдэгдэн, улмаар уг шийдвэрийг биелүүлэхийг эрх бүхий этгээдэд даалгасан нь хууль зөрчсөн гэх боломжгүй байна.

Компанийн зүгээс 2019.07.09-ний өдрийн хуралд орон тоо хасагдсан үндэслэлээр 2019.08.09-ний өдөр ажлаас халах болсныг *******т танилцуулж, энэ талаархи мэдэгдлийг бичгээр гардуулсныг хүлээн авч гарын үсэг зурснаа нэхэмжлэгч маргаагүй.

Харин хөдөлмөрийн гэрээг цуцалсан В/112 тоот тушаалыг, мэдэгдэлд заасан 2019.08.09-ний өдөр бус, мэдэгдэл гардуулсан 2019.07.09-ний өдөр гаргасан ба уг шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйлийн нэг болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагаа, хариуцагч татгалзлын үндэслэлээ тус тус нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр тушаал гаргасан гэх хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг нэхэмжлэгч няцаагаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажил олгогч нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн зохицуулалт нь уг хугацаанд ажилтан өөр ажил олох боломжийг олгосон талаар давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь зөв боловч ажилтан өөрөө хүссэн тохиолдолд уг хуулийн хэм хэмжээг ажил олгогч зөрчсөн гэх боломжгүй байна. Энэ байдлыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ.

Нөгөө талаар, нэхэмжлэгчид 10.000.000 төгрөгийг 2019.08.19-ний өдөр олгосноос 4.000.000 төгрөг нь 2019.07.09-ний өдрөөс 2019.08.09-ний өдөр хүртэлхи хугацааны олгогдвол зохих цалин болон нэг сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж өгсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 42 дугаар зүйлийн 42.1, 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалаар батлагдсан ээлжийн амралт олгох зааврын дагуу ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын тооцоог заавал хийж мөнгөн олговор олгох үүрэгтэй. В/112 тоот тушаалд ээлжийн амралтын олговор олгох талаар заагаагүй хэдий ч хариуцагч 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр В/116 тоот тушаал гаргаж, 1.520.539 төгрөг олгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ...45 хоногийн өмнө мэдэгдэх... нь аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсны улмаас ажилчдыг бөөнөөр халахад хамааралтай.******* ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 11 тоот шийдвэрээс харахад тус компанийн бүтцээс ажлын байрны 3 орон тоо хасагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ...нэг сарын өмнө мэдэгдэх... зохицуулалт хэрэглэгдэх юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгч *******ыг ажлаас халсан, ажлаас халах тухай нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Хариуцагч Метро экспресс ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 230.223 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ