Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 113/ШШ2020/0004

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Хавхчин боржигин овогт Н-ийн М (РД:), Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байр 6-1 тоотод оршин суух;

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга;

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Хөрөнгө оруулалт, эдийн засаг төлөвлөлт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж[1], нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М, хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш Хөрөнгө оруулалт, эдийн засгийн төлөвлөлт, худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байна. Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Н.М надад “...албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлэн худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчлийг зориуд санаатай дахин давтан гаргасан” тул албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

Уг тушаалыг гаргахдаа Н.М миний биед Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т зааснаар мэдэгдээгүй. Би худалдан авах ажиллагаатай холбоотой ямар зөрчил гаргасан нь уг тушаалд тодорхойгүй байсан учир 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс уг тушаал, гаргасан зөрчилтэй холбоотой нотлох баримтыг гаргах, хариуцагч талын ирүүлсэн баримттай танилцаж нэмэлт тайлбар гаргах боломжийг олгоогүй хариуг ирүүлсэн. Уг хариу мэдэгдэлд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахаар 2020 оны 4 дүгээр сард “Би Эс Би” ХХК-тай байгуулсан гэрээг устгаж, дээд шатны албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр “Би Си Ти” ХХК-ийн дансанд 6.7 сая төгрөгийн гүйлгээ хийлгэсэн зөрчил гарсан тухай тусгасан байсан. Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь 2020 онд “Би Эс Би” ХХК-тай бараа худалдан авах тухай гэрээ огт байгуулаагүй бөгөөд “Би Си Ти” ХХК-ийн дансанд 6.7 сая төгрөгийг шилжүүлэхийг сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга нар бүгд мэдэж байсан бөгөөд гүйлгээг тус бүр хянаж баталгаажуулж, нягтлан бодогчоор гүйлгээг хийлгүүлсэн нь Н.М намайг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагч нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Уг тушаал гарснаар Н.М надад Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу цалин хөлсөө бүтнээр нь авах, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн албан хаагчийн шатлан дэвшүүлэх журам батлах тухай” 16 дугаар тогтоолын дагуу цаашид шатлан дэвшиж ажиллах боломжийг хязгаарлаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Н.М нь 2015 оны 9 дүгээр сараас эхлэн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт Хөрөнгө оруулалт, эдийн засгийн төлөвлөлт, худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байна. Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн 2017 оны 4 дүгээр сарын 20-нд жинхлэн томилогдсон. Н.М нь ажиллаж байх хугацаандаа 2017, 2018 онуудад сахилгын шийтгэл авч байсан ба албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчлийг дахин давтан гаргасаар байна. Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалд тодорхойлсон албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэгт:

1/ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар хурлын шийдвэргүйгээр нийтийн эзэмшлийн орон сууцны 121-127 дугаар байрны дээврийн хэсэгчилсэн засвар, авто зогсоолын ажлын тоо хэмжээг дур мэдэн өөрчилсөн, захиалагчийг мэдээллээр хангаагүй гэдгээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  төлөөлөгчдийн өмнө хариуцлага бүрэн хүлээхээ мэдэгдэж байсан. Энэ нь албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 4-т “Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулах, санхүүжүүлэх”, 3 дугаар зорилтын 3-т “Төрийн албаны стандартыг мөрдөж, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих” гэсэн үндсэн чиг үүргээ зөрчсөн.

2/ Н.М нь 2020 оны 4 дүгээр сард Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах гэрээ 6710000 төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг “Би Эс Би” ХХК-д шилжүүлэхээр гарын үсэг зуран гэрээг батлуулсан хэдий ч гүйлгээ хийх явцад санхүүжилт олгох баримтын хүснэгтэнд “Би Си Ти” ХХК-д шилжүүлэхээр өөрчилснөө хэлж танилцуулалгүй гарын үсэг зуруулсан. Орон нутгийн хөгжлийн сан хариуцсан нягтлан бодогчид гүйлгээ хийхээр орохдоо “Би Эс Би” ХХК-тай байгуулахгүй, гэрээ, холбогдох материалаа эргээд өгье, дарга “Би Си Ти” ХХК-тай байгуулахаар болсон гэж хэлэн гүйлгээг хийлгэсэн. Миний бие гүйлгээг “Би Си Ти” ХХК руу шижлсэн гүйлгээг маргааш өдөр нь Санхүүгийн албаны даргаас мэдэж тухайн албан хаагчийг Санхүүгийн албаны өрөөнд дуудаж өчигдөр надаар батлуулсан “Би Эс Би” ХХК-ийн гүйлгээ өнөөдөр яагаад өөр компани руу шилжвээ, “Би Эс Би” ХХК-тай байгуулсан гэрээ хаана байна гэтэл урчихсан, одоо хэрэггүй байх гэж бодоод угаасаа тийшээ шилжихгүй юм чинь гэх маягаар тайлбарласан. Тухайн албан хаагчид Санхүүгийн албан хаагчдын дэргэд яагаад гэрээ өгөлгүй гүйлгээ хийв, хэн хяналт тавив, чамд ашиг сонирхлын зөрчил байна, 2019 онд бас ийм зөрчил гаргасан гэж хэлээд арга хэмжээ авах талаар дурдсан. Засаг дарга, Засаг даргын орлогч нарт Тамгын газрын дарга “Би Эс Би” ХХК-тай гэрээ байгуулсан талаар огт хэлээгүй, төлбөрийн хүсэлт, санхүүжилт олгох баримтын хүснэгтэнд хүчин чадал сайтай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх нь “Би Си Ти” ХХК юм байна гэж худал хэлэн тус тус гарын үсэг зуруулсан. Уг албан хаагчтай холбоотой асуудлыг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгууллагын ёс зүйн зөвлөлийн хурлаар оруулсан.

Н.М нь “Би Си Ти” ХХК-иас тоног төхөөрөмжөө өөрийн биеэр хүлээн авч ирсний дараа “Би Си Ти” ХХК-тай гэрээг нөхөж зуруулахаар орж ирэхэд нь би “Би Эс Би” ХХК-тай байгуулсан гэрээг сольж орж ирсэн “Би Си Ти” ХХК-ийн гэрээнд гарын үсэг зурахгүй талаар хэлж буцаасан. Энэ нь албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 4-т, 3 дугаар зорилтын 2, 3-т заасан чиг үүргүүдээ зөрчсөн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нийлүүлэх тухайн тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэт хүлээлгэн өгөх ажил одоог хүртэл маргаантай хэвээр байна.

3/ 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэлгүй 9, 10-ны өдөр удирдлагад мэдэгдэлгүй ажил тасалсан зөрчлүүд удаа дараа давтагдан гарсаар байгаа тул Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн дагуу өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзах хүртэл хариуцлага хүлээх, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлаас халах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдэж, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөх албан мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтын дагуу сонсох ажиллагаа явуулж албан тоотыг хүргүүлсэн хэдий ч өөрийн тайлбартаа уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа талаар хариу тайлбар ирүүлсэн. Ажил тасалсан нь Албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын 4-т “Удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлэх” гэсэн заалтыг зөрсөн.

Н.М нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай өрөөнд орж ирэн би шатлан дэвшмээр байна, аймгийн Засаг даргын Тамгын газрын Орон нутгийн өмчийн газарт мэргэжил таарах ажил байна, аймагт материалаа бүрдүүлээд өгье, аймгийн Төрийн албаны зөвлөлд сүүлийн 1 жилийн хугацаанд сахилгын шийтгэл аваагүй гэсэн тоот гаргаад өгчих гэж гуйж орж ирсэн. Тухайн үед би чиний сая гаргасан зөрчилд арга хэмжээ авна, чи өөрөө шатлан дэвших боломжоо алдаад байгаа талаар хэлсэн, гэхдээ өнөөдрийн байдлаар арга хэмжээ авагдаагүй учир тоотыг гаргаж өгье гээд 2020 оны 6 дугаар сарын 02-ны В/303 тоотыг аймгийн Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Аймгийн Төрийн албаны зөвлөлийн дарга болон аймгин Засаг даргын Тамгын газрын бусад удирдах ажилтнууд уг албан хаагчийн гаргасан зөрчлийн талаар мэдэж байсан учир одоогийн зөрчилд ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар тодруулж асуусан. Ингээд 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр В/310 тоотоор хариуг хүргүүлж, уг албан хаагч төрийн албаны тусгай шалгалтанд орж чадаагүй.

Иймд тухайн албан хаагчийг ажлаас чөлөөлөхгүйгээр удаа дараагийн зөрчилд нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн дагуу үндсэн цалингийн хэмжээг 6 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

4/ Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын дагуу албан хаагчдын 2, 3-р улирлын гэрээг дүгнэсэн ба Н.М нь II улиралд сахилгын шийтгэл авч,  гэрээг хангалтгүй дүгнүүлсэн. III улирлын гүйцэтгэлийн тайлангаа өгөлгүй “хангалтгүй” дүгнүүлсэн. Энэ нь сахилгын шийтгэлтэй албан хаагчдад урамшуулал олгогдохгүй учир тайлангаа дүгнүүлэхгүй гэсэн буруу ойлголттой байгаагаас Албан тушаалын тодорхойлолтын 3-р зорилтын 6-д “Гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэх, тайлан мэдээг тогтоосон хугацаанд нь гарган өгөх” чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахгүй байна. Н.М нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн дагуу өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах байтал өөрийн гаргасан зөрчил дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүй 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Энэ хэрэгт “төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан” –тай холбоотой маргаан хэлэлцэгдсэн бөгөөд хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Хөрөнгө оруулалт, эдийн засаг төлөвлөлт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.М-д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.2, 3.1.7-д заасныг тус тус үндэслэн “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Ингэхдээ Н.М-д холбогдох зөрчлийг маргаан бүхий захиргааны актад “албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлэн худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчлийг зориуд санаатай давтан гаргасангэж тодорхойлсон бол шүүхэд “1/ 2019 оны 6 дугаар сард нийтийн эзэмшлийн орон сууцны 121-127 дугаар байрны дээврийн хэсэгчилсэн засвар, авто зогсоолын ажлын тоо хэмжээг дур мэдэн өөрчилсөн, 2/ 2020 оны 5 дугаар сарын 9, 10-ны өдөр ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй, 3/ 2020 оны II, III улирлын гүйцэтгэлийн тайланг хангалтгүй дүгнүүлсэн, 4/ 2020 оны 4 дүгээр сард төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахтай холбоотой зөрчил гаргасан гэж хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгчээс худалдан авах ажиллагаатай холбоотой ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27, 43.1, 43.2-т заасны дагуу сонсох ажиллагаа хийж мэдэгдээгүй, 2020 оны 5 дугаар сарын 9, 10-ны өдрүүд нь хуулинд зааснаар долоо хоногийн амралтын өдрүүд байсан” гэж маргажээ.

1/ Нийтийн эзэмшлийн орон сууцны барилгын засварын ажил (тендер)-ын тоо хэмжээ өөрчилсөн гэх зөрчлийн тухайд;

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, сумын 2019 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байх ба “нийтийн орон сууцны 6 байрны засварын ажилд 80 сая төгрөгийн төсөв баталсан байхад тендер зарлахдаа 3 байр болгон ажлын тоо хэмжээг өөрчилсөн”-ийг хариуцсан мэргэжилтний гаргасан алдаа, зөрчил гэж үзжээ.

Улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаар албан бичгийг сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлж, дээрх зөрчлийг гаргасан худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.М-д арга хэмжээ авах талаар мэдэгдсэн байна.

Гэвч уг зөрчилд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар хариуцлага хүлээлгэсэн явдал нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн үйлдэл болжээ.

Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг[2] хариуцагчийн гаргасан “... тухайн тоотын дагуу арга хэмжээ авагдаагүй, тухайн үед дахин ийм зөрчил гаргахгүй шүү гэж арга хэмжээ тооцолгүй явсаар хугацаа хэтэрсэн”[3] гэх тайлбартай харьцуулан дүгнэвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын Тамгын газрын даргад албан бичиг хүргүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг “зөрчлийг илрүүлсэн хугацаа” гэж үзэх бөгөөд түүнээс хойш 6 сарын хугацаа нь 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх тул 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар шийтгэл ногдуулсан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.  

2/ 2020 оны 5 дугаар сарын 9, 10-ны өдөр ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй гэх зөрчлийн тухайд;

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэж заасан үүргийг төрийн жинхэнэ албан хаагч хүлээнэ.

Мөн хуулийн 4 дүгээр 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2-т ажилтныг долоо хоногийн амралтын өдрөөр ажиллуулахтай холбоотой харилцааг зохицуулсан ба эдгээр тохиолдолд тус хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан “... долоо хоногийн амралтын өдрөөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин олгоно” гэх зохицуулалт үйлчилнэ.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 10.3-д “... Ажлын шаардлагаар Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу амралтын болон баярын өдрүүдэд дуудан ажиллуулж болно” гэж заасан ба 12.9-д “ажлын зайлшгүй шаардлага гэдгийг тухайн үед давхар ажил гүйцэтгэж байсан, ажлын ачаалал их тайлан мэдээлэл гаргах үеэр, байгалийн гамшиг тохиолдсон нөхцөлд” гэж тодорхойлсон байна.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл, ирц бүртгэл, гэрч П.А, Н.Х нарын мэдүүлэг, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын 2020 оны 5 дугаар сарын цагийн бүртгэл зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг[4] хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан дүгнэвэл, тухайн амралтын өдрүүдэд Н.М-ын ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын үндсэн чиг үүрэгт хамаарах бус, харин Улсын тэргүүний сум шалгаруулах бэлтгэл хангах ажлыг Тамгын газрын ажилтнууд гүйцэтгэжээ.

Түүнчлэн ажилтнуудад 2020 оны 5 дугаар сарын 9, 10-ны долоо хоногийн амралтын өдрүүдэд ажилласны нэмэгдэл гэж олгоогүй, уг шалтгаанаар Н.М-ын цалин хөлснөөс суутгал хийгээгүй, 2020 оны 5 сарын 10-ны өдөр салхи ихтэй байсны улмаас Чойрын богд уулын дэргэд гэр барих ажлыг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэсэн, түүнд Н.М оролцсон гэх үйл баримтууд тогтоогдоно.

Өөрөөр хэлбэл, тухайн өдрүүдэд гүйцэтгэсэн ажил нь ажилтныг долоо хоногийн амралтын өдрөөр ажиллуулах Хөдөлмөрийн тухай хуульд заасан тохиолдол хийгээд байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан “ажлын зайлшгүй шаардлага” гэдэгтэй тохирохгүй, Н.М-ын ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэгт хамааралгүй байх тул “ажил тасалсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй” гэх зөрчил гаргасан, шалгаж тогтоосон гэж дүгнэх боломжгүй юм.

3/ 2020 оны II, III улирлын гүйцэтгэлийн тайланг хангалтгүй дүгнүүлсэн гэх зөрчлийн тухайд;

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.4 дэх хэсгийн зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн үйлдсэн, эрх бүхий этгээдээс шалгаж тогтоосон зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах учиртай.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын улирлын гүйцэтгэлийн тайланг дүгнэсэн хурлын тэмдэглэл, урамшуулал олгосон тушаал зэрэг[5] нь цаг хугацааны хувьд маргаан бүхий Б/22 дугаар тушаал гарснаас хойш үйлдэгдсэн байна.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааруулж тайлбарласан энэ зөрчлийн хувьд төрийн албан хаагчдын 2020 оны II улирлын гүйцэтгэлийн тайланг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хурал дээр дүгнэж, Тамгын газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар “хангалттай” үнэлэгдсэн албан хаагчдад урамшуулал олгосон[6] болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Зөрчил гэж тодорхойлсон эс үйлдэхүйг илрүүлж тогтоохоос өмнө гарсан Б/22 дугаар тушаалд түүнийг үндэслэл болгох боломж цаг хугацаа, хууль зүйн хувьд байхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад хариуцагчийн гаргасан “Б/22 тушаалд заасан ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэдэгт 2020 оны II улирлын гүйцэтгэлийн тайланг “хангалтгүй” дүгнүүлсэн, III улирлын гүйцэтгэлийн тайлан өгөөгүй зэргийг хамааруулсан” гэх тайлбар үндэслэлгүй тул хүлээж авахгүй боломжгүй гэж дүгнэсэн.

4/ Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахтай холбоотой гаргасан гэх зөрчлийн тухайд;

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор сумын 2020 оны төсвийг батлахдаа, Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад орон нутгийн хөгжлийн сангаас 7500000 төгрөг төсөвлөжээ.

Үүний дагуу Сүмбэр сумын Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар бага төсөвтэй барааг шууд худалдан авахаар шийдвэрлэж, нийлүүлэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан байна.

Хэргийн оролцогчдын гаргасан тайлбарыг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд шууд худалдан авалт хийх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн тодорхойлолт, үзүүлэлтийг сумын Засаг даргын Тамгын газарт үзүүлж, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн “Би Эс Би”, “Номин электроникс”, “Би Си Ти” зэрэг компаниудын адил төрлийн барааны үнийн судалгааг хийж, сумын Засаг дарга, Засаг даргын орлогчид танилцуулсан, дээд шатны удирдах албан тушаалтнуудын зүгээс чанар, үзүүлэлт сайтай бараа авах чиглэл өгсөн, ажлын хэсгийн гишүүдийн хувьд нийлүүлэгчийн талаар харилцан адилгүй саналтай байсан, хурлын тэмдэглэлийг /нөхөж/ үйлдээгүй, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.М нь сумын Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулж, боловсруулсан гэрээний төсөлд зааснаас өөр компаниас бараа худалдан авсан зэрэг үйл баримтууд тогтоогдоно.

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №16 төлбөрийн хүсэлт, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хорооны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, уг худалдан авах ажиллагааны талаар Н.М-тын бичгээр гаргасан тайлбар, “Би Си Ти” ХХК-тай хийсэн гэрээ, нэхэмжлэх, гэрч Б., П.А, Н.Х нарын мэдүүлэг зэрэг[7] бичгийн нотлох баримтуудаас Н.М нь энэ тохиолдолд Сумын Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, эдийн засаг төлөвлөлт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан “худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах, үр дүнг ил тод тайлагнах, худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулах”[8] чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж дүгнэхээр байна.

Н.М-ыг “төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах нийлүүлэгч сонгох ажилд удирдлагыг мэдээллээр хангаагүй, “Би Эс Би” ХХК-тай байгуулахаар батлуулсан гэрээг устгаж, зөвшөөрөлгүйгээр “Би Си Ти” ХХК-иас худалдан авалт хийсэн” –ийг сахилгын зөрчил гэж үзэж хариуцлага хүлээлгэсэн гэж Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга тайлбарладаг.

Нэхэмжлэгч нь Сүмбэр сумын Засаг даргад бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бүрдүүлсэн “Би Эс Би” ХХК-ийн баримт бичгийг устгасан. Гэрээний төслийг урсан нь миний буруу. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийн гүйлгээ хийхээр яарч байсан тул “Би Си Ти” ХХК-ийн талаар Тамгын газрын даргад мэдэгдээгүй. Удирдлагаа мэдээллээр хангаж ажиллаж чадаагүй. Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэнд нийлүүлэгчийг сонгох эрх байгаа ч худалдан авах эрх байхгүй” зэргээр зөрчилд тооцсон тодорхой үйлдэл буюу тэдгээр үйл баримтын талаар маргаагүй.

Харин тэрээр “Б/22 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, тушаалыг гардуулж мэдэгдээгүй” гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийг шалгаж тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах харилцаанд Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулиар тогтоосон журмыг мөрдөх учиртай.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь  2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Н.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/22 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.6, 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу Н.М-д сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагааны явцын талаар тэмдэглэл үйлдээгүй, маргаан бүхий захиргааны актыг гардуулсан талаар баримт үйлдээгүй боловч энэ нь дээрх зөрчлийг үгүйсгэж, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн в/264 дүгээр албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд Б/22 дугаар тушаалд заасан зөрчлийг дурдсан, гаргасан зөрчлийнх нь талаар Н.М-аас 2020 оны 4 дүгээр сарын 27, 5 дугаар сарын 21-ний өдрүүдэд 2 удаа бичгээр тайлбар авсан, Б/22 дугаар тушаалыг гарсан өдөр нь, албан өрөөнд нь түүнд гардуулсан болох нь гэрч Д.А-ын мэдүүлэг, Н.М-ын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдоно.

Тодруулбал, тухайн зөрчлийг сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хороо хэлэлцэж, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн” гэх дүгнэлт гаргасан, зөрчлийг илрүүлснээс хойш сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлээгүй зэргээс үзэхэд Н.М-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон энэ зөрчлийг хуульд заасан журмын дагуу шалгаж тогтоож, хариуцлага хүлээлгэсэн, улмаар Б/22 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэл нь /төрөл, хэмжээний хувьд/ хэрэгжиж дууссан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Учир нь Б/22 дугаар тушаалын 1-д “... албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэж ногдуулах сахилгын шийтгэлийн төрөл буюу захиргааны актын үндсэн зохицуулалтыг, 2-т “Сахилгын шийтгэлийг 2020 оны 6 дугаар сарын үндсэн цалингаас эхлэн суутгаж бодохыг ... зөвшөөрсүгэй” гэж захиргааны акт хэрэгжиж эхлэх нэмэлт зохицуулалтыг тусгасан.

Захиргааны актын дээрх зохицуулалтын дагуу 2020 оны 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудын турш, Н.М-ын үндсэн цалингаас сар бүр 20 хувийн суутгал хийх нь Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасан захиргааны актын зорилго, агуулгад нийцнэ.

Гэтэл захиргааны байгууллага дээрх тушаалыг хэрэгжүүлэхдээ 2020 оны 6, 7 дугаар сард суутгал хийгээгүй, харин 8 дугаар сард үндсэн цалингийн 40 хувиар, 9, 10, 11 дүгээр сард тус бүр 20 хувиар суутгал хийсэн болох нь Н.М-ын цалингийн дэлгэрэнгүй картаар[9] нотлогдоно.

Нэг сард цалин хөслний 40 хувиар суутгал хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин хөлсний 20 хувиас, ... хэтрүүлж болохгүй” гэж заасныг зөрчсөн болохыг ч дурдах шаардлагатай байна.

Н.М-д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасны дагуу ногдуулсан сахилгын шийтгэлийн төрөл, хэмжээ нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны “сонгох боломж”-д хамаардаг.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасны дагуу захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуульд заасан хязгаарыг зөрчсөн эсэхийг шалгахаас бус захиргааны акт хэрэгжиж дууссан гэдэг үндэслэлээр тухайн захиргааны актыг өөрчлөх буюу ногдуулсан сахилгын шийтгэлийн төрөл, хэмжээг хасах эрхгүй.

Харин дээрх үндэслэлээр Б/22 дугаар тушаал нэгэнт хэрэгжиж дууссан байхад Н.М-ын цалин хөлснөөс дахин суутгал хийсэн тохиолдолд, учирсан хохирлоо шүүхийн журмаар захиргааны байгууллагаас нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тэмдэглэх шаардлагатай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.М-ын гаргасан “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Хөрөнгө оруулалт, эдийн засаг төлөвлөлт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний үндсэн цалингаас суутгасан цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

 


[1] Нэхэмжлэгч нь шаардлагын энэ хэсгийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд “шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа сахилгын шийтгэлд суутгасан 2 сарын цалинг нэхэмжилсэн байсан. Үүнд нэмээд шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны суутгасан цалинг гаргуулахаар нэхэмжилнэ” гэж тодруулсан. /Хэргийн I хавтасны 224 дэх талд/

[2] Хэргийн I хавтасны 34-37, 39-52, 74, 181-184 дэх талд

[3] Хэргийн I хавтасны 200, 232-233 дахь талд

[4] Хэргийн I хавтасны 159-160, 216-219, 241-245 дахь талд

[5] Хэргийн I хавтасны 75-78, II хавтасны 1-6 дахь талд

[6] Хариуцагчаас “Н.М сахилгын шийтгэл хүлээсэн тул II улирлын гэрээг хангалтгүй дүгнүүлж, түүнд урамшуулал олгоогүй” гэж тайлбарлана.

[7] Хэргийн I хавтасны 23, 63-67, 71, 81-83, 113, 194-196, 216-219

[8] Хэргийн I хавтасны 88 дахь талд

[9] Хэргийн I хавтасны 161, II хавтасны 9, 27 дахь талд