Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2015/0080

 

 

 

 

 

 

 

 

Т.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаар шийдвэртэй, Т.Б-н нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н-д холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч иргэн Т.Б-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Дархан сумын 4 дүгээр багт баршилтай 2272 м2 талбайтай газрыг 2005 онд А-с 2500,0 мянган төгрөгөөр худалдаж авч байсан ба Аймгийн засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаар захирамжаар худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаад мөн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 528 дугаар захирамжаар нийтийн орон сууцны зориулалгаар эзэмшүүлэхээр зориупалтыг нь өөрчилсөн. Энэ хугацаанд ил зогсоол хэлбэрээр ашиглаж машин тавиулж, манаач айл буулгасан юм. 2011 онд зориулалтыг нь өөрчилж гидротехникийн дүгнэлтийг гаргуулж өрөмдлөгийн ажил хийлгэсэн. 2012 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 549 дүгээр захирамжаар нэг жилийн хугацаатай тухайн газрыг эзэмших хугацааг сунгуулсан. 2013 оны 10 сард газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулахаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлэхгүй их удсан, надад мэдэгдсэн зүйл байхгүй. 2014 оны 05 дугаар сарын 14-нд Аймгийн Засаг дарга Н даргатай уулзахад болох талаас нь шийдэж өгье гэсэн ба Б даргыг өрөөндөө дуудан оруулж ирээд энэ хүний асуудлыг аль болох талаас нь авч үзэж, тодорхой хугацаанд ажлаа эхлүүлэх хатуу гэрээтэйгээр, газрынх нь суурь үнийг төлүүлж, газрын гэрээг нь сунгах арга хэмжээ авч шийдэж, хариуг нь өг гэсэн. Тэгээд Б дарга дээр ороход газрын албаныхныг дуудсан, одоо ирнэ гэж байснаа чи одоо газрын албаныхантай уулзаад асуудлаа шийдчихээд, гэрчилгээгээ авчраад тодорхой хугацаанд ажлаа эхлэх гэрээгээ хийгээрэй гэж хэлсэн. Би шууд архитектор Э-тэй очиж уулзахад маргааш хурал болно та өргөдлөө өгөөд ороод ир гэхээр нь би Ч байцаагч дээр очиж дутуу төлөгдсөн газрын төлбөрөө төлж, тойруулах хуудас авч тухайн албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж нарийн бичгийн даргад нь өгсөн. 20-ны өдрийн хурал хойшлогдлоо гэсэн ба миний гадаад явах ажил маань давхцаад би гадаад руу явж ирээд газрын албаны М даргатай уулзахад байгаль орчны нөлөөлийн дүгнэлтийг гаргуулаад ир гэхэд нь би материалаа бүрдүүлж өгөөд байж байтал ээжийн маань бие муудаж нарийн бичигт өгөөд хот явсан. Тэгээд захирамж гарсан байх гэтэл гараагүй байсан.

06 дугаар сарын 19-ны өдөр буюу гадаадад явж байхад миний утсанд мессеж ирсэн байсан бөгөөд би очиход таны газар эзэмших хугацааг сунгах боломжгүй, Аймгийн Засаг даргын захирамж гарсан байсныг би авсан ба Аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан. Энэ захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Мөн Газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан хугацаагаар сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлээ гаргаж байна. 2011 оноос хойш хөрөнгө оруулалт хайж маш их хэмжээний хөрөнгө гарсан. Орон сууцны барилгын инженер геологийн судалгаа дүгнэлтийн ажлыг "Э" ХХК-р хийлгэж, 2013 оны 2 сард 5 сая төгрөгийг төлсөн. Мөн техникийн нөхцөлүүдийг 5, 6, 7 саруудад Дархан ус суваг, Дархан Дулааны сүлжээ, Мэдээлэл холбоогоор хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байгаа” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 305 дугаар захирамжийн Т.Б-д холбогдох хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Аймгийн Засаг даргын захирамжид Газрын тухай хуулийн 40.1.3, 40.1.6-г баримталсан байдаг боловч 40.1.3-д "шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгэээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй" гэсэн байна. Т.Б нь гэрээ байгуулж, гэрчилгээгээ авсан байгаа. Хуулийн 40.1.6-д гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн байна. Тухайн үед энэ  газрыг худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшиж байснаа 2011 онд өөрчилж нийтийн орон сууцны зориулалттайаар болгосон ба техникийн нөхцлүүдийг холбогдох байгууллагуудаар гаргуулж, Орон сууцны барилгын инженер геологийн судалгаа дүгнэлтийг гаргуулан өрөмдлөгийн ажлыг хийлгэсэн. Энэ хугацаанд Т.Б нь 2005, 2007, 2009, 2012 онуудад 4 хүүхэд төрүүлсөн ба 2009 онд хүндрэлтэй төрсний улмаас биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлыг эхлүүлэх боломжгүй байсан байдал, 4 хүүхэд төрүүлсэн зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжтой. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж олгох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд "гурав хүртлэх насны хүүхэдтэй эх өөрөө хүсвэл хүүхэд асрах чөлөө олгоно" гэж зааснаас үзэхэд 3 жил хүүхдээ асарсан хугацааг хуулиар олгогдсон хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж үзэж байна.

Мөн Барилгын тухай хуулийн 3.1.1-д зааснаар зураг төслөө гаргуулан, техникийн болон ажлын зураг, инженер геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал зэрэг бүх хийлгэсэн ажил нь нотлох баримтаар тогтоогдож байгаа ба 3.1.14-д барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх зэргийг "үе шатны ажил" гэж үзэхээр заасан бөгөөд энэ хийгдсэн ажлууд маань энэ үе шатанд хамаарч байгаа учир эхний үе шатны ажлыг хийсэн гэж үзэж байгаа. Тухайн газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж байгаа нь үндэслэлгүй энэ хугацаанд Барилгын тухай хуульд зааснаар эхний шатны бүх ажлыг хийсэн тул зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй юмаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа” гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлегч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хууль эрх зүйн ажилтан А.Н-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Б нь өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан тул дахин энэ асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иргэн Т.Б нь анх 2005 онд Б.А-с 0,04 га газрыг шилжүүлж авсан захирамж байх ба Т.Б нь 2285 м2 газрыг эзэмшихээр Дархан сумын Засаг даргын 2005 оны 180 дугаар захирамж гаргуулж гэрээ байгуулсан нь анхнаасаа энэ асуудалд хайнга хандсан байдаг. Тухайн үед гэрээ хийсэн албан тушаалтан маань байхгүй байгаа учир энэ байдлыг тодруулах боломжгүй байгаа. Т.Б нь тухайн газраа 2005 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр огт ашиглаагүй байж байгаад аймгийн Засаг даргын 2008 оны 135 дугаар захирамжаар 2 жилээр сунгуулсан, мөн 2011, 2012 онуудад тус тус нэг жилээр газар эзэмших эрхийг сунгуулж нийтдээ 9 жилийн турш энэ газар Т.Б-д хадгалагдаж байгаа боловч одоог хүртэл ямар ч ажиллагаа хийгдээгүй, газраа ашиглаагүй байгаа нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Газар эзэмшиж байгаа бол жил бүр өөрөө газрын албанд ирж газрын гэрээгээ дүгнүүлж, газрын төлбөрөө төлж байх үүрэгтэй байтал Т.Б нь 2005-2012 онуудад газрын төлбөр нэг ч төгрөгийг төлөөгүй, нэг ч удаа ирж гэрээгээ дүгнүүлж байгаагүй. 2013, 2014 онуудад газрын төлбөрийг төлүүлж тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн, гэрээгээ дүгнүүлж байж тухайн газар эзэмших эрхийнхээхугацааг сунгуулах ёстой байсан.

Гэтэл хүндэтгэн үзэх тодорхой шалтгаан нь өргөдөлд тусгагдаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байхад дахин дахин газар эзэмших эрхийн хугацааг сунгаж байсан нь манай байгууллагын буруу байгаа ба сунгагдаж явсан энэ 9 жилийн хугацаанд энэ газраа огт ашиглаагүй нь тодорхой байсан учир аймгийн Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд 2014 оны 305 дугаар захирамжаар Т.Б-н газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 40.1.6-д тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ газрын ашиглаагүй гэж тайлбарлаж байгаа боловч хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг тайлбарлаад өгчихсөн Улсын Дээд Шүүхийн тогтоол байгаа. Энэ газар дээр машин тавиулж, гэр бариад, жорлон ухаж, нохой уяж болохгүй гэж заасан байдаг ба энэ тал дээр тодорхой арга хэмжээ авагдсаны үндсэн дээр тухайн газарт машин тавиулж байсныг болиулсан байдаг. Т.Б нь 2013 онд техникийн нөхцлүүдийг авсан, 2013 онд гидротехникийн дүгнэлтийг гаргуулсан, хугацааг сунгах эсэх нь тодорхойгүй байхад дүгнэлтийг гаргуулсан байгаа, бодит хохирол учруулсан гэж үзэх боломжгүй. Энэ хүн тухайн үед газар дээрээ үйл ажиллагаагаа явуулаагүй учир өөрөө тэр хохирлоо хүлээх ёстой. Ерөнхий архитектор Элдэвсайханы тайлбарт тодорхой байгаа. Геологийн дүгнэлтийг тухайн газрыг эзэмших эрхийг авсан ондоо гаргах ёстой юм. Барилгын схем зургийг эрх бүхий албан тушаалтан батлаагүй байхад цааш нь барилгын зураг хийх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэн нэгэн албан тушаалтны амаар шийдэгддэг асуудал биш, албан ёсны баримт акт үйлдэгдэн гарч шийдвэрлэгддэг” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр: 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-н “Газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан хугацаагаар сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-н “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар захирамжийн Т.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Т.Б-н нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн засаг дарга С.Н-д холбогдох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнуудын илт хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан хугацаагаар сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах тухай захиргааны хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаартай шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх "Нэхэмжлэгч ... 9 жилийн хугацаанд маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийл 35.1.1 -нд "гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмшиж ашиглах эрхтэй" гэж заасныг зөрчин гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газрын хил хязгаарыг тогтоож тэмдэглээгүй, хашаа бариагүй болох хэрэгт авагдсан нотлох баримт, газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна." гэж дүгнэсэн нь үндсэлэлгүй дүгнэлт болсон.

Учир нь Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаар захирамжаар тус аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 10 дугаар байрны баруун талд 2285,3 мкв хэмжээтэй 080121028 нэгж талбар бүхий газрыг иргэн Т.Б-д худалдаа, үйлчилгээний зориулалтаар 2 жилийн хугадаатайгаар олгож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байдаг. Уг худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг 2011 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 528 дугаар захирамжаар 1 жилээр сунгахдаа орон сууц, үйлчилгээний зориулалттай болгож газар эзэмших зориулалтыг өөрчилсөн болох нь Засаг даргын захирамж, газрын гэрээ, гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 549 дугаартай захирамжаар тухайн газрыг сунгахдаа зориулалтыг нь дахин өөрчилж "нийтийн орон сууцны зориулалттай" болгосон байдаг.

Иймд уг газрыг Т.Бт 2005 оноос 2011 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийг хүртэл худалдааны үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан байдаг ба уг газрын зориулалтыг 2011 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр орон сууцны зориулалттай болгож өөрчилсөн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байгаа ба уг захирамжтай холбоотой маргаан гараагүй тул үүнээс өмнө газрыг зориулалтын бусаар ашиглаж байсан тухай маргалдах үндэслэл байхгүй юм.

Харин 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 528 дугаартай захирамж гарч, маргаан бүхий газрын зориулалт өөрчлөгдснөөс хойш 2 жилийн хугацаанд уг газрыг зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн нь маргааны гол зүйл юм. Өөрөөр хэлбэл 2011 оны 11  дүгээр сарын  22-ны өдрөөс хойш маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч нь барилгын ажлыг эхлүүлсэн эсэх нь энэ маргааныг шийдвэрлэх гол хүчин зүйл болох юм. Энэ  хоёр   жилийн   хугацаанд   нэхэмжлэгч   нь   дараахь   ажлуудыг   хийж   гүйцэтгэсэн байдаг.Үүнд:

Орон сууцны барилгын инжеиер геолгогийн судалгаа дүгнэлтийн ажлыг "Эко гидро гео" ХХК-иар хийлгэж, 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийг төлсөн.

-     2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр "Д" ХК-ийн техникийн нөхцөл, "2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр "М" ТӨХК-ийн техникийн нөхдөл, 2013 оны 5 дугаар сард "Эрчим хүчний яамны техникийн нөхцлийг тус тус гаргуулсан.

Барилгын газар олголт байршилтын зургийг эрх бүхий албан тушаалтнуудаар зөвшөөрүүлж гарын үсэг зуруулан, аймгийн ерөнхий архитектороор батлуулсан. Аймгийн ерөнхий архитектор Батбулганаар барилгын эскиз зургийг батлуулсан.

-     2013 оны 01  дүгээр сарын  15-ны өдор 28.000.000 төгрөг /урьдчилгаа 30 %/ төлж,  "Б"  ХХК-иар  барилгын ажлын зургийг хийлгэсэн. 2014 онд Ерөнхий   архитектор Элдэвсайханы шаардлагаар "Х" ХК-иар барилгын зургаа хоёр удаа өөрчилж зуруулсан.

Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "зураг төсөл" гэж барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсвийг ойлгоно, 3 дугаар зүйлийн 3.1,14-д "үе шатны ажил" гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагаа тус бүрийн технологийн дарааллын хэсгүүдийг ойлгоно гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь газрыг орон сууцны зориулалттай болгож өөрчилснөөс хойш 2 жилийн хугацаанд Барилгын тухай хуульд заасан барилгын ажлын эхний шат ажил болох, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлтийг гаргуулсан болох нь нотлох баримтаар тогтоогддог. Хэрвээ газрын зориулалтыг өөрчлөөгүй, 2012 онд дахин сунгаагүй бол нэхэмжлэгч дээрх ажлуудыг хийж, эд хөрөнгийн алдагдалд орохгүй байх байсан.

Түүнчлэн нэхэмжлэгч нь уг газрыг эзэмших шийдвэр анх 2005 онд гарснаас хойш 2005 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин Д.С-г, 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Д.Д-г, 2008 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүндрэлтэй төрж хүүхдээ алдсан, 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр охин Д.С-н төрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаанд зүй ёсоор орно.

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д "Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралт эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд асрах чөлөө олгоно", Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д "Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно” энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журамд хүүхдээ асрахаар чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч байгууллага Нийгмийн даатгалын санд төлж байхаар хуульчилсан байна. Жирэмсэн болон амаржсан эхийн эрх зүйн байдлыг өндөрт тавьсан хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд хүүхэд төрүүлж өсгөсөн эмэгтэйг" хүндэтгэн үзэх шалтгаантайгаар газраа ашиглаж чадаагүй гэж үзэх бүрэн боломжтой байна.

Мөн түүнчлэн Засаг дарга болон газрын албаны албан тушаалтнууд нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны газрын гэрээ, гэрчилгээг сунгах тухай шийдвэрийг гаргана гэж ойлгуулж, шүүхэд гаргасан нэхэмжлэлииг татуулах, барилгын ажлын зургийг өөрчлүүлэх, Байгаль орчны үнэлгээг гаргуулах зэрэг шаардлага тавьж, хуурч мэхлэн, нэхэмжлэгчийг эд хөрөнгөний алдагдалд нэмж оруулсан талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй.

Түүнчлэн уг маргаантай газар Т.Б-н эзэмшилд байхад 2013 онд уг газрын зарим хэсэг дээр хүүхдийн тоглоомын талбай барих зураг төслийн ажлыг хийж батлуулсан байдгаас үзэхэд уг газрыг ямар нэгэн шалтгаан зааж, хугацааг нь цаашид сунгахгүй байх тухай ажиллагаа эртнээс явагдаж байсныг гэрчилдэг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны щүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч Т.Б-н “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар захирамжийн Т.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

            Т.Б нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаар захирамжаар тус аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 10 дугаар байрны баруун талд 2285,3 м.кв хэмжээтэй газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмшиж байжээ.

            Аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар захирамжаар дээрх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байх ба нэхэмжлэгч уг захирамжийг эс зөвшөөрч, маргасан байна.

            Баримтаас үзэхэд иргэн Т.Б-н газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг хариуцагч 2005 оноос хойш сунгаж ирсэн бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 549 дүгээр захирамжаар 1 жилийн хугацаагаар сунгасан байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт гаргасан боловч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

            Учир нь, газраа 2 жил дараалан ашиглаагүй хугацааг хамгийн сүүлд сунгалт хийсэн үеэс тооцох бөгөөд энэ тохиолдолд 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 549 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг хуульд заасан хугацаа[1] гэж 1 жилээр сунгасан атлаа нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд хүсэлт гаргасан байхад “газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэл зааж, гэрчилгээг нь хүчингүй болгож байгаа нь хууль бус байна.

            Түүнчлэн газар эзэмшиж байх хугацаанд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 528 дугаар захирамжаар газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахдаа газрын зориулалтыг нь “нийтийн орон сууцны” гэж өөрчилсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн газарт барилга барихаар төлөвлөж, барилгын ажлын эхний шатны ажил болох техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, орон сууцны барилга бариулахаар хийсэн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 49/12 дугаартай инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ зэргийг байгуулж, орон сууц үйлчилгээний барилгын эскиз зураг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах акт зэргийг гаргуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Харин нэхэмжлэгчийн “Газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан хугацаагаар сунгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасан үр дагавар үүссэн байх тул анхан шатны шүүх мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6 дахь хэсэгт заасны дагуу уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь зөв байна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-н “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар захирамжийн Т.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар захирамжийн Т.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87.3 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-н “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар захирамжийн Т.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар захирамжийн Т.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай”  гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

[1]Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-6О жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 4О жилээс илүүгүй байна” гэж заажээ.