| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/04168/и |
| Дугаар | 00096 |
| Огноо | 2018-01-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 00096
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2018/00096
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Н.З-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.С-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намжилмаа, хариуцагч Б.С, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Н.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1999 онд Баатар овогтой Сувдтай танилцан, улмаар 2005 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэр болж, 1999 оны 6 дугаар сарын 02-ны өдар гэрлэлтээ батлуулан, 2000 онд охин З.Халиун, 2006 онд охин З.Шижир нар төрсөн.
Бидний хамтран амьдрах үед гэр бүлийн харьцаанд хэд хэдэн удаа ноцтой асуудлууд үүссэж байсан бөгөөд тухайн тохиолдол бүрт удаан хугацаагаар тус тусдаа амьдарч, энэ байдал дээрдээгүйн улмаас 2011 оноос эхлэн салж амьдарсан. Охидууд маань одоо эхийнхээ асрамжинд өсөж торниж байна.
Иймээс бид тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Эцгийн зүгээс хүүхдийнхээ эрүүл мэнд, сурч боловсрох нөхцөлд бололцоогоороо анхаарч мөнгөн тэтгэлэг олгодог. Мөн эд хөрөнгийн маргаангүй, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намжилмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.З-ын ээж нь. нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай хүү анх Б.С-тай 1999 онд танилцаад, таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдардаг.Охидууд эхийнхээ асрамжинд байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүүхдүүдэд сар бүр 300.000 төгрөг өгнө. Эд хөрөнгийн маргаангүй, гэжээ.
Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Хүүхдүүдээ сар бүр 300.000 төгрөг өгнө гэснийг шийдвэрт тусгуулмаар байна. Эд хөрөнгийн маргаангүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Н.З, хариуцагч Б.С-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.З, хариуцагч Б.С нар 1999 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2000 оны 6 дугаар сарын 02-ны өдөр охин З.Х, 2006 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр охин З.Ш нар төрсөн болох нь Г-780 дугаарын төрсний ПА-170 дугаартай гэрчилгээ, цахим үнэмлэх, гэрлэлтийн баталгааны хуулбаруудаар тогтоогдож байна.
Зохигчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Н.З, Б.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Хан-Уул дүүргийн бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Одончимэгт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА