Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/450

 

                                                                                                                            

 

 

 

 

 

 

  2022          03          28                                 2022/ШЦТ/450

                                                                                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Д.Хорлоо,   

шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Пид холбогдох эрүүгийн 2206 00331 0560 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

...

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.П нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Американ дэнжийн орчимд такси үйлчилгээ үзүүлж явахдаа хохирогч Д.Дын таксины хойд талын суудалд унагааж үлдээсэн, “Орро reno-2” загварын гар утсыг хувьдаа авч завшиж, 675.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2206 00331 0560  дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн

мэдүүлэгтээ: “Би болсон зүйлийн талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан одоо өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Хуулийн мэдлэг дутуу учраас ийм үйлдэл гаргасан ийм үйлдэж гэмшиж байгаа. Утсыг нь буцааж бүрэн бүтэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол,

мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хохирогч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12

дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн Амар зочид буудлын 1 давхрын ресторанд Отгонсугар, Отгонжаргал гэх 2 найзтайгаа уулзаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд тэндээсээ 00:20 минутын үед гараад замын хойд талаас такси бариад гэр лүүгээ явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор таксинд сууснаас хойш болсон үйл явдлыг санахгүй байна. Өглөө сэрээд эхнэрээсээ утсаар асуухад “чамайг 03 цаг 40 минутын үед 2 цагдаа Американ дэнж хотхоны хойд талд хэвтэж байхад нь дуудлагын дагуу авчирлаа” гэж хэлсэн. Тэгээд гар утсаа хувцасныхаа халаасанд үзэхэд байхгүй байсан. Амар зочид буудлын хойд талаас таксинд суухаас өмнө найз Отгонсугартай утсаар яриад тэгээд халаасандаа хийснээ санаж байна” гэх мэдүүлэг /хх-н 8 дугаар хуудас/,

Гэрч С.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний үед би гэрээсээ гараад таксинд явж байгаад 00:10 цагийн үед Жуков худалдааны төвийн автобусны буудал дээрээс эмэгтэй хүн аваад “Американ дэнж хотхоны гадна ирээд буулгасан. Тэгээд байрны гадна ирээд зогсоолд байж байтал машины ард нэг хүн орилсон бөгөөд би буугаад харахад нэг жижиг биетэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Би тэр хүний хэвтэж байсан газрын ойр орчимд гар утас байсан эсэхийг хараагүй ба би ойртоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн БЗД2-22-27 дугаартай алдагдсан эд зүйлийг 675.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.П нь бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Пид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.П нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Американ дэнжийн орчимд такси үйлчилгээ үзүүлж явахдаа хохирогч Д.Дын таксины хойд талын суудалд унагааж үлдээсэн, “Орро reno-2” загварын гар утсыг хувьдаа авч завшиж, 675.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Пийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ”, 1.1 дэх заалтад “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж иргэний үндсэн үүргийг хуульчилж өгсөн.

“Гээгдэл эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчийн эзэмшлээс хүсэл зоригоос гадуур алдагдсан ба хэн нэгэн илрүүлж олсон аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг (эд хөрөнгө) хэлдэг.

“Завших” гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Б.П нь гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.П нь гээгдэл эд хөрөнгийг завшсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Д.Д нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Пийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Б.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Пийг гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Пийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Пид оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.  Шүүгдэгч Б.П нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Х.САНЖИДМАА