Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/310

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн  1921006460332 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* ******* 2-р баг “Байшинт” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 1990 онд Дорнод аймгийн 5-р хэсгийн ардын шүүхийн 1990 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр  зүйлийн 2-т зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Дорнод аймгийн Чойбалсан ******* шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3–д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д зааснаар 5 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт ******* /РД:*******/   

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Дашбалбар ******* 1 дүгээр багийн нутаг Мардай гэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчимд ******* толгойн тус газарт хоолны шанагаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Дашбалбар ******* 1 дүгээр багийн нутаг Мардай гэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчимд ******* толгойн тус газарт хоолны шанагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921006460332 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр миний төрсөн ээж ******* гэрт дүү нарын хамтаар байхад ...өргөж авсан ээж , аав нар ирсэн.  ...намайг өргөж авсан аав нь төрсөн ээж хандан “дүү нарыг чинь гөлөг болгон ална шүү” “чи намайг чадахгүй гэж бодож байна уу” гэх мэтчилэн элдвээр хэлээд маргалдаад байхад нь гэрээс гарч Дорнод аймагт байсан ахруу залгаж эд нар хэрэлдээд байна та болиулаач гэж хэлсэн. ... би цохиж зодсон талаар хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,  

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ...манай төрсөн эгч нөхөр болох ын хамтаар ирж манай гэрт хэрүүл маргаан үүсгэн улмаар миний духанд хоолны шанагаар цохиж гэмтээсэн учир цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан юм. ...харин архи уух болгондоо байнга ална шүү, гөлөг минь энэ тэр гэж заналхийлж хэрүүл маргаан үүсгэж гэр орноор минь ирж дарамталдаг юм. ...Би гомдолтой байна, байнга хэл амаар доромжилж архи уух болгондоо агсам тавьж гэр орондоо тайван байж чадахгүй, сэтгэл санааны дарамтанд байдаг. ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2017 онд эхнэрийн төрсөн дүү Гантулгын эзэмшлийн мал сүргийг харж байгаад хөлсөнд нь ишиг, хурга нийлсэн 14 тооны эм бог малын төл авсан юм. Тухайн үед дүү Гантулга надад өгөх байсан төл малаа миний эхнэрийн төрсөн дүү ******* мал сүрэгт үлдээчихээд нүүчихсэн байсан. Ингээд би 2019 оны 09 дүгээр сарын эхээр ...үлдээсэн малыг авахад П.Саруултуяа нь гурван эм хонийг маань зарчихсан мөн нэг эм борлон ямааг маань эр борлон ямаагаар сольчихсон байсан бөгөөд миний хувьд зарсан болон сольсон малаа аваагүй дараа ирж эр борлон ямааг чинь эм борлон ямаагаар солино шүү гэж хэлээд буцаад явсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн орчимд байх эхнэр П.ын хамтаар малын солиог гаргах гэж Дорнод аймгийн Дашбалбар ******* 1 дүгээр баг “Мардай” гэх газарт оршин суух дүү ******* гэрт очиход ямааг маань сольж өгөхгүй ...уурлаж байснаа сүүлдээ хараалын үг хэлж намайг хэл амаар доромжлоод байсан бөгөөд миний хувьд өөдөөс нь ямар нэгэн зүйл хэлээгүй. ...П.Саруултуяа нь надруу дайрч хоосон цаасан хайрцаг авч шидээд байхаар нь “би одоо арай дэндэж байна, яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд ширээн дээр байсан хоолны ган шанага аваад намайг цохиод байхаар нь би гарт нь байсан төмөр ган шанагыг нь булааж аваад уурандаа нэг удаа цохисон юм. Энэ үед ******* дух орчимоос цус гараад мөн “пизда та нарыг ална” гээд орилж, хашгираад байхаар би ахин хэрүүл маргаан үүсгээд яахав гээд шууд гэрлүүгээ эхнэр П.ын хамтаар явчихсан. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

     Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 599 дугаартай:

1. ******* биед духны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

- Эд зүйлийг хураан авсан, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар, магадлалын хуулбар  /хх-ийн 34-35, 36, 38-43, 46-47, 51-53, 54-56, 59-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1921006460332 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Дашбалбар ******* 1 дүгээр багийн нутаг Мардай гэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчимд ******* толгойн тус газарт хоолны шанагаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн... мэдүүлэг, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 599 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчтой маргалдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******* хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч П.Саруултуяа нь хохирол нэхэмжлээгүй гэсэн тул шүүгдэгч  *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” заасныг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  26 см урттай, хоолны төмөр шанага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4  /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 см урттай, хоолны төмөр шанага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН