| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2017/03552/И |
| Дугаар | 181/ШШ2018/00398 |
| Огноо | 2018-02-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2018/00398
| 2018 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 181/ШШ2018/00398 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:НШШГГ-т холбогдох
үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ болон шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, гуравдагч этгээд Г.О, нарийн бичгийн даргад Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц ХХК-иас төлбөр гаргуулж иргэн Б.Батцэнгэлд олгуулах тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2724/с дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/26477 дугаартай Мэдэгдэл шуудангаар хүргүүлснийг 2017 оны 10 дугаар сарын 30-нд тус компани хүлээн авч танилцахад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар компанийн хөрөнгийг битүүмжлэн, хураасны дагуу тухайн хөрөнгийг үнэлгээчнээр үнэлүүлсэн болохыг, мөн үнэлгээний үнийн дүн дурьдагдсан байгаа болохыг мэдсэн.
Энэ үнэлгээг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009664 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Шинэ өглөө хотхон Чингисийн өргөн чөлөө 23/2 дугаар байрны 39 тоот 46.48 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 66.034.589 төгрөгийн 70%-иар тооцон 46.224.212 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061033 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс Энхтайваны өргөн чөлөө гудамжны 202 дугаар байр 177 тоот 56.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнэ болох 95.502.792 төгрөгийн 70%-иар тооцон 66.861.954 төгрөгөөр Иргэгий хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тус тус албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдсэн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний тасгийн дарга болон шийдвэр гүйцэтгэгч нарын явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль журам зөрчигдсөн, улмаар мэдэгдэлдээ дурьдсанаар шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд шинжээчийн үнэлгээ нь төлбөр төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илэрхий зөрчсөн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж, маргааныг шүүхийг журмаар шийдвэрлүүлэхээр хандаж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдлийг ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч , төлбөр авагч нараас үнийн санал аваад тэд хоорондоо тохиролцохгүй бол шинжээч томилох байтал төлбөр авагч Б.Батцэнгэлээс үнийн санал аваагүй, талуудыг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний асуудлаар тохиролцох боломжийг олгоогүй шууд шинжээч томилсонд гомдолтой байна.
Тухайн үед төлбөр авагч Б.Батцэнгэлийг Солонгос улсад байсан тул факсаар үнийн санал авч факсаар шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлсэн гэж шийдвэр гүцэтгэгч тайлбарладаг боловч үнэн хэрэг дээрээ Б.Батцэнгэл Солонгос улсад байсан талаар баримт хэрэгт болон шийдвэр гүйцэтгэлийн материалд байхгүй, мөн хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд байгаа баримт нь хуулбар хувиар байгаа тул хүсэлт ирүүлсэн гэж үзэх боломжгүй.
Мөн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авч талуудыг хооронд нь үнийн санал тохирч байгаа эсэхийг тодруулаад хэрэв үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ дээрээ тохиролцохгүй бол шинжээч томилж үнэлүүлэх байтал ийм үйл ажиллагааг хийлгүйгээр шууд шинжээчээр үнэлгээ хийлгэсэн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2724/С дугаар шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2 дахь заалтыг зөрчсөн ажиллагаа явуулж шинжээчээр үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд уг шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгүүдийг минь үнэлсэн үнэлгээ болон үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2724/с дүгээр шийдвэрээр Ц ХХК-аас 229.151.863 төгрөгийг гаргуулан Б.Бд олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 36 дугаар зүйлд заасны дагуу Ц ХХК-ийн өмчлөлийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009664 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Шинэ өглөө хотхон Чингисийн өргөн чөлөө 23/2 дугаар байрны 39 тоот 46.48 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 184/05 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 184/32 тоот хураах тогтоолоор, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2205061033 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Үйлдвэрийн бүс Энхтайваны өргөн чөлөө гудамжны 202 дугаар байрны 177 тоот 56.21 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 184/26 тоот битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 184/31 тоот хураах тогтоолоор тус тус хураасан. Энэ үйл ажиллагаанаас хойшхи ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2017 оны хуулийн дагуу явагдсан.
Тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр төлөгч Ц ХХКнь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Шинэ өглөө хотхон Чингисийн өргөн чөлөө 23/2 дугаар байрны 39 тоот 46.48 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 165.004.000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Үйлдвэрийн бүс Энхтайваны өргөн чөлөө гудамжны 202 дугаар байрны 177 тоот 56.21 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 199.545.500 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг төлбөр авагч Б.Батцэнгэл хүлээн зөвшөөрөөгүй.
Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд Итгэлт-эстимэйт ХХК нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Шинэ өглөө хотхон Чингисийн өргөн чөлөө 23/2 дугаар байрны 39 тоот 46.48 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 66.034.589 төгрөгөөр, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Үйлдвэрийн бүс Энхтайваны өргөн чөлөө гудамжны 202 дугаар байрны 177 тоот 56.21 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 95.502.792 төгрөгөөр үнэлгээг тогтоосон.
Төлбөр төлөгч “Ц” ХХК нь төлбөрийг барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, 2015 оноос хойш гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан удаа дараа шүүхэд нэхэмжпэл гаргаж, төлбөр авагчийн эрх ашгийг хохироож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгааг анхаарч үзнэ үү.
Ц ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай Итгэлт Эстимэйт ХХК-ийн хийсэн үнэлгээний их багын хэмжээ дээр биш шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд буюу шийдвэр гүйцэтгэгчийн буруутай ажиллагаанд гомдол гаргаж байгаа юм байна гэж ойлгож байна. Гэхдээ би тайлбараа хэлье. Манайх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 184 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Золбоогийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 273 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Ц ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Шинэ өглөө хотхоны 1 өрөө орон сууц , Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Цоглог хотхоны 2 өрөө орон сууцанд тус тус үнэлгээ тогтоохоор шинжээчээр томилогдсон.
Уг тогтоолын дагуу тус орон сууцнуудад газар дээр нь үзлэг хийж дүгнэлт гаргахдаа үнэлгээчин би одоогийн баримт, мэдээнд тулгуурлан зарын сайтууд болон тэнд байгаа үнэлгээ, ханшийн судалгаа, байгууллагын архив болон холбогдох бусад материалуудаас шаардагдах мэдээллээ олж авсан ба үнэлгээг хийхдээ Олон улсын үнэлгээний стандартын консулаас гаргасан нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт болон Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хүрээнд Итгэлт Эстимейт ХХК-ийн боловсруулан мөрдөж байгаа аргачлалын дагуу Олон улсын үнэлгээний стандартын 3 аргыг ашиглан зах зээлийн үнийг тогтоосон.
Шинэ өглөө хотхоны 1 өрөө байрны хувьд: Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 1,2-р хавсралтын дагуу нэгж хүчин чадлын норматив аргаар тооцоход /УБГ дээрх хэмжээ 46,48 м.кв/ 43.406.510 төгрөг, тухайн үед байрны 1м.кв –ын түрээсийн үнэ дунджаар 550.000 төгрөг байсан ба орлого олох боломжоор тооцоход 54.020.784 төгрөг, зах зээл дээр худалдагдаж буй хөрөнгүүдийн үнийн санал , мэдээллийг харьцуулах замаар тооцоход 66.034.589 төгрөгөөр тооцож үнэлгээг хийсэн.
Цоглог хотхоны 2 өрөө байрын хувьд: Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 1,2-р хавсралтын дагуу нэгж хүчин чадлын норматив аргаар тооцоход /УБГ дээрх хэмжээ 56,21 м.кв/ 59.842.150 төгрөг, тухайн үед байрны 1м.кв-ын түрээсийн үнэ дунджаар 600.000 төгрөг байсан ба орлого олох боломжоор тооцоход 60.526.016 төгрөг, зах зээл дээр худалдагдаж буй хөрөнгүүдийн үнийн санал , мэдээллийг харьцуулах замаар тооцоход 95.52.792 төгрөгөөр тооцож үнэлгээг хийсэн гэв
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч Ц ХХКнь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2724/С дугаартай шийдвэрээр Ц ХХК-иас 227.854.640 төгрөгийг гаргуулж Б.Батцэнгэлд олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 15280918 дугаартай тогтоолоор Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2724/С дугаартай шийдвэр, уг шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 23258 дугаартай захирамж, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2282 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 19-50-р хуудас/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 184/01, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 184/09, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/10 тоот, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/10-13, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 184/05-26, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 184/05-31тоот, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3/03 тоот мэдэгдэлүүдээр ... шүүхийн 2724/С дугаар шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/26477 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Ц ХХК-д мэдэгджээ. /х.х-ийн 4,51,54,56,57,66,73 -р хуудас/
2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Эд хөрөнгийг битүүмжлэх тухай 184/26,184/05 дугаартай тогтоолууд, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Эд хөрөнгийг хураах тухай 184/31,184/32 дугаартай тогтоолуудыг хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн 61-72-р хуудас/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн дээрх ажиллагаанууд нь “Шийдвэр гүйцэтгэх тухай” 2002 оны хууль хэрэгжиж байх үед хийгдсэн ажиллагаанууд байна.
Үүнээс хойшхи ажиллагаанууд нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдсан ажиллагаанууд байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч Ц ХХК2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Шинэ-Өглөө хотхон Чингисийн өргөн чөлөө 23/2 дугаар байрны 39 тоот, Ү-2206009664 дугаарт бүртгэлтэй 46,48 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны үнийг 165.004.000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс Энхтайваны өргөн чөлөө гудамжны 202 дугаар байрны 177 тоот Ү-2205061033 дугаарт бүртгэлтэй 56,21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 199.545.500 төгрөгөөр тус тус үнэлж үнийн саналаа 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/108 тоот албан бичгээр ирүүлжээ./хх-ийн 76 дугаар хуудас/
Харин төлбөр авагч Б.Б нь тухайн үед Солонгос улсад байсан тул “... төлбөр төлөгч Ц ХХК-ийн үнийн саналтай танилцлаа. Уг үнэлгээ нь зах зээлийн үнэлгээтэй нийцэхгүй, тул хөндлөнгийн шинжээч томилж өгнө үү” гэсэн хүсэлтийг факсаар,
“ ...Ц ХХК-ийн үнийн дүнтэй танилцлаа. Зах зээлийн бодит үнэд нийцэхгүй 2 дахин өндөр учраас эдгээр үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг мэдэгдэж байна” гэсэн имэйлийг [email protected] гэсэн хаягт ирүүлсэн гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч түүнийгээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлээгүй тул уг нотлох баримтыг үнэлэх боломжгүй байна. /хх-ийн 78-79-р хуудас/
Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлд “... шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг тус албаны [email protected] гэсэн хаягт ирүүлсэн” гэж бичигдсэн байгаа боловч уг мэйлд шинжээч томилуулах тухай бичигдээгүй байна.
Энэ бүхнээс дүгнэхэд төлбөр авагч Б.Батцэнгэлээс үнийн санал аваагүй, төлбөр төлөгч Ц ХХК-ийн үнийн саналыг төлбөр авагчид танилцуулаагүй, талууд буюу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч харилцан тохиролцож тогтоосон үнэ байгаа эсэх, хэрэв тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Шинжээч томилох тухай 276 дугаартай тогтоолоор Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч мөн өдөртөө хөрөнгийн ерөнхий байдалтай танилцан, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үнэлж тайланг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна./хх-ийн 83-111-р хуудас/
Шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч Ц ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шууданд хийж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гардан авсан болох нь талуудын тайлбар болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 4,81-р хуудас/
Төлбөр төлөгч Ц ХХКнь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасны дагуу үнэлгээг талуудад мэдэгдсэн өдөр болох 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буюу 4 хоногийн дараа гомдол гаргасан байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчаас үнийн санал аваагүй, талууд үнийн асуудлаар тохиролцсон эсэх нь тодорхойгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.2.2.,55.3. дах заалтуудыг зөрчсөн байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Шинжээч томилох тухай тогоолыг гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.
Иймд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 273 дугаартай Шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгох үндэстэй.
Хариуцагчийн төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 273 дугаартай Шинжээч томилсон тогтоол хууль зөрчөөгүй ... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2724/С дугаартай шийдвэрээр Ц ХХК-иас 227.854.640 төгрөгийг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 273 дугаартай Шинжээч томилсон тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО