Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/175

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх
хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч С.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хэлэлцүүлгээр Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М******* холбогдох 1715001370065 дугаартай, 132/2017/0166/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, **-** оршин суух, Бүргэд овогт Сэдэдийн Мөнхцэцэг
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Мөнхцэцэг нь 2017 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын хооронд Булган аймгийн Булган сумын Балгас гэх газарт иргэн Н.Д******* эзэмшлийн ногооны талбайгаас өргөстэй торон хашаа, хашааны шон зэргийг хулгайлан авч 360600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Мөнхцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Намар эрэгтэй дүүгээрээ ногоогоо мануулсан мал ороод байхаар нь эдний хашааг авсан. байсан. Сэтгэцийн өвчтэй дүүгээ хэрэгт оруулаад яахав гээд өөрөө яваад байгаа. С хүнд хашаагаа зарсан гэдгийг мэдээгүй. Солонгоод хэлчихнэ болох байх гэж бодож байсан. Хүний юм авсан буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг. Хохирогч Н.Дэлгэрэмжил шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2015 оны намар С ногооны газар авсан. 2017 оны 6 дугаар сарын дундуур очиход зүгээр байсан. 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр очиход байхгүй байсан. Тэр хавийн айлуудаас асуухад С.Мөнхцэцэг гуай авсан байсан. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн. Манайх газраа тойруулаад шон барьсан байсан. Манай хашаа тэр хавийн айлуудаас арай содон. Тэгээд эднийх манай хашааг авсан гэдэг нь нотлогдсон. Манай хашааг 360600 төгрөгөөр үнэлсэн. Би гомдолтой байна гэх мэдүүлэг. 1715001370065 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Н.Д******* өгсөн: 2017 оны 6 дугаар сараас ногоо тарьдаг хашаагаа очиж үзээгүй байж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ногооны хашаагаа очиж үзэхэд 300 метр хашаа хулгайд алдагдсан байсан. Тэр хашааг маань Түмэнбаяр гэх айл авсан юм шиг байна. Учир нь тэднийх манай залгаа хашаа юм. Тэднийх манай хашааг барьчихсан байсан гэх мэдүүлэг /хх 13-
14 тал/,
Гэрч А.Батзоригийн өгсөн: 2017 оны 7 дугаар сард Дэлгэрнамжил эгч ногоо тарихуу гэхээр нь хашааг нь очиж үзэж байсан. Цагаан өнгийн тортой 1 га орчим газар байсан гэх мэдүүлэг, /хх 15, 16 тал/,
Гэрч С.Солонгын өгсөн: Би өөрийнхөө ногооны талбайг 2016 оны намар Золжаргал, Дэлгэрнамжил гэх 2 хүнд 6000000 төгргөөр зарсан. Миний зарсан ногооны талбай битүү торон төмөр хашаатай байсан гэх мэдүүлэг /хх 28 тал/,
Шүүгдэгч С.М******* яллагдагчаар өгсөн: Би 1 дүгээр багийн Балгас гэх газарт 2 жил ногоо тарьж байгаа юм. Манай ногооны талбайн хажуу талд Сийн ногооны талбай залгаа байдаг байсан. 2017 оны 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхээр манай хашааны зүүн урд талд хашаа байхгүй мал ороод байхаар нь Солонгоо өнгөрсөн жил нь ногоо тариагүй болохоор нь ногооны талбайн төмөр торноос нь 200-300 метр хэсэг тасалж аваад өөрийнхөө хашаанд нэмж хийсэн. С асуувал өөрийнхөө талбайд хийсэн хэлнэ, намайг авсан гэж хэлвэл тоохгүй байх гэж бодож явтал 2017 оны хавар Д зарсан байсныг цагдаад дуудагдсан хойноо мэдсэн гэх мэдүүлэг /хх 27 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 3 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5-6 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-10 тал/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн үнэлгээ /хх 20-24 тал/, урьд ял шийтгэлийг шалгасан хуудас /хх 32 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Мөнхцэцэг нь 2017 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын хооронд Булган аймгийн Булган сумын Балгас гэх газарт иргэн Н.Д******* эзэмшлийн ногооны талбайгаас өргөстэй торон хашаа, хашааны шон зэргийг хулгайлан авч 360600 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Н.Дэлгэрнамжил, гэрч А.Батзориг, С.Солонго нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч С.М******* бусдын эд зүйлийг нууцаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.М******* ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсанг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч С.М******* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Д 360600 төгрөгийн бодит хохирол учирсан ба шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсан байна. Харин хохирогч Н.Дэлгэрнамжил нь хашаагаа бариулахад гарах шууд бус зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч С. Мөнхцэцэг нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Мөнхцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг барамтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус
удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Бүргэд овогт Сэдэдийн М******* бусдын эд хөрөнгийг хүч
хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.М******* хорих ял оногдуулахгүйгээр 6 / зургаан/ сарын хугацаагаар тэнсэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.М******* тэнсэгдсэн хугацаанд хохирогч Н.Дэлгэрнамжилын ногооны хашааг барьж өгөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С. М******* шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.Мөнхцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ