Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/465

 

 

 

 

   2022        03         30                                   2022/ШЦТ/465

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

            Шүүгдэгч П.М /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Мад холбогдох эрүүгийн 2206 00000 0912 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

.....

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч П.М нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоотод хохирогч Б.Атай “шөнө чимээ их гаргалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохин, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

  Эрүүгийн 2206 00000 0912 дугаартай хэргээс:

  Яллагдагч П.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 03 дугаар сарын 04-ний орой би өөрийн найзтай Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянцээл худалдааны төвийн ойролцоо сааданд суунгаа 0.75 хэмжээтэй “Хараа” нэртэй архинаас нэг шилийг хувааж уугаад 23 цагийн үед өөрийн амьдардаг гэр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод орсон. Тухайн үед би гэртээ орох үедээ  нэлээн согтолттой байсан гэхдээ болж өнгөрч буй зүйлсийг ялгаж салгаж ойлгож хүлээн авах ухаантай байсан. Намайг гэртээ орсны дараа манай дээд давхрын айл дээрээс түжигнээд байсан учраас би хаалгыг тогшиход нэг зүс таних эмэгтэй хүн хаалга тайлж өгсөн. Тэгтэл цаад талд нь нөхөр гэх зүс таних залуу зогсож байсан ба тэр хоёр надруу хаалга балбалаа гээд элдэв үгээр доромжилсон. Тэгэхээр нь би нөхрийг нь өөрийнхөө баруун гараа зангидаж байгаад хамар хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ“...Би 2022 оны 03 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо ... тоотод хоолоо идчихээд ороо засаж унтах гэж шалныхаа тоосыг соруулж байхад гэнэт маш хүчтэй хаалга нүдсэн. Манай эхнэр Б.Оюунчимэг хаалга тайлсан чинь доод айлын зүс таних залуу шууд манай эхнэрийн хувцаснаас зуураад авахаар нь би очоод дундуур нь орж салгасан. Тэгээд нөгөө хүнтэй зууралдаж байсан чинь түүний ээж салгахад нөгөө залуу миний хамар хэсэг рүү нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэр үед миний хамраас цус гарсан. Толинд харсан чинь миний хамар мурийсан байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3843 дугаартай “...Б.Аын биед баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг  үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм бугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн,прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч П.Мад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.М нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод хохирогч Б.Атай “шөнө чимээ их гаргалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохин, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Мын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3843 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Мын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Б.Аын биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч П.Мын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Мын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Б.А нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч П.Мыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох П.Маас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас П.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч П.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч  П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан П.Мад оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээд болох П.Маас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                   Х.САНЖИДМАА