Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02479

 

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02479

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил  хороолол, 16 дугаар байр, 11 тоотод оршин байх, “Бичил бизнес бичил-12” ХЗХ /хадгаламж зээлийн хоршоо/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6б байр, 57 тоотод оршин суух, Боржигон овогт Төмөрийн Өнөржаргал /РД:чн79062008/-д холбогдох,

 

3,165,348.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бичил бизнес бичил-12” хадгаламж зээлийн хоршооны зээлийн хоршооны дарга Б.Болормаа, нягтлан бодогч В.Алтанчимэг, гүйцэтгэх захирал С.Алтангэрэл бид Т.Өнөржаргалын хүсэлтийн дагуу “Анунгоо” үсчин гоо сайхан төсөлд нь зориулж “Бичил бизнес бичил-12” хадгаламж зээлийн хоршооны зээлийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2016/32/63/89 тоот зээлийг хүүтэй, 12 сарын хугацаатай зээл олгосон. Т.Өнөржаргал нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0382728 тоот гэрчилгээг 7,000,000 төгрөгөөр үнэлж зээлийн барьцаанд тавьсан. Т.Өнөржаргал нь зээл авсанаас хойш үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрт 940,000 төгрөг төлсөн. Т.Өнөржаргал нь үсчний мэргэжилтэй “Анунгоо” үсчин гоо сайхан салон ажиллуулдаг өдөр тутмын тогтмол орлоготой боловч тэрээр төлбөрөө төлөх талаар сонирхолгүй, ямар ч санаачлага гаргахгүй байгаа ба 2016, 2017 онд шаардах хуудсыг 21 хоногийн хугацаатай 3-аас доошгүй удаа мөн 96860404 дугаарын гар утсаар нь холбогдон удаа дараа сануулан нэхэмжилж байсан. Т.Өнөржаргал нь харилцан зөвшилцөж байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй эргэн төлөлтийн графикийг байнга зөрчиж байгаа нь манай хоршооны хэвийн үйл ажиллагаанд саад болж байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 2940289,52 төгрөг, зээлийн хүү 176417,37 төгрөг, алданги 17641,74 төгрөг, нотариатын баталгаажуулалтын төлбөр 31000 төгрөг, тэмдэгтийн хураамж 65595,58 төгрөг, нийт 3230944,21 төгрөгийг Төмөр овогтой Өнөржаргалаас нэхэмжлэн гаргуулж “Бичил бизнес бичил-12” хадгаламж зээлийн хоршоонд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Бичил бизнес бичил-12” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Т.Өнөржаргалд холбогдох иргэний хэрэгт Т.Өнөржаргал миний бие 3,165,348.63 төгрөгөөс 8 дугаар сарын 26-ны өдөр 300,000 төгрөг төлсөн ба үлдэх 2,865,348.63 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

1/ 2017 оны 9 дүгээр сард 720,000 төгрөг,

2/ 2017 оны 10 дугаар сард 930,000 төгрөг,

3/ 2017 оны 11 дүгээр сард 900,000 төгрөг,

2/ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 315,348.63 төгрөгийн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Бичил бизнес бичил-12” ХЗХ нь хариуцагч Т.Өнөржаргалд холбогдуулж 3,165,348.63 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3,165,348.63 төгрөгөөс 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 300,000 төгрөг төлсөн байх бөгөөд үлдэх 2,865,348.63 төгрөгийн 720,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард, 930,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард, 900,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сард, 315,348.63 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн гэрээгээр тогтоогдож байна.  

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Т.Өнөржаргал нэхэмжлэлийн шаардлага болох 3,165,348.63 төгрөгөөс 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 300,000 төгрөг төлсөн ба үлдэх 2,865,348.63 төгрөгийн 720,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард, 930,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард, 900,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сард, 315,348.63 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус тус нэхэмжлэгч “Бичил бизнес бичил-12” ХЗХ-нд төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,595.58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 32,797 төгрөгийг улсын орлогоос, 32,797 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                           

 

 

 

                              ШҮҮГЧ                                                          Н.ХАНГАЛ