Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02464

 

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02464

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, төмөр зам 2 дугаар хэсэг 65 тоотод оршин суух, Буурлынхан овогт Ганхуягийн Булгантамир /РД:ух93052530/-ийн нэхэмжлэлтэй,


Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам, 1 гудамж, 27-32 тоотод оршин суух, Тайжууд овогт Даваадоржийн Аззаяа /РД:шв83102014/-д холбогдох,

 

22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт зохигчдоос ирүүлсэн хүсэлтийг хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Аззаяатай байгуулсан хэлцлийн хүрээнд 15,000,000 төгрөгийн үнэ бүхий цонх, хаалга, дээврийн материалыг нийлүүлэх бөгөөд суурилуулж угсарч өгөхөөр харилцан тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр төлсөн боловч өнөөдрийн байдлаар дээрх ажил хийгдээгүй байна. Энэхүү хэлцэлд тусгасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 166 хоногийн алданги тооцоход 12,450,000 төгрөг болснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход 7,500,000 төгрөг болж байна. Иймд хэлцлийн төлбөр болох 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг иргэн Д.Аззаяагаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Аззаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Булгантамирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй, “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу хариуцагч иргэн Д.Аззаяагийн үүргийн гүйцэтгэлийн төлбөр болох 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Миний бие Д.Аззаяа нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Г.Булгантамиртай 2011 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Jeep wrangler (1J4ВА5Н11ВЬ604412 арлын дугаартай) автомашиныг 2012 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн К1А sportage (KNАРС81DD7394741 арлын дугаартай) автомашинаар солилцон зөрүү 35,000,000 төгрөг өгөхөөр тохиролцон тус бүр дээр нь “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээ байгуулан Г.Булгантамирт 20,000,000 (хорин сая) төгрөг бэлнээр төлсөн ба үлдэх 15,000,000 төгрөгийн төлбөрт бараа материал, ажил үйлчилгээ (цонх, хаалга, дээврийн материал) нийлүүлэхээр харилцан тохиролцон төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан болно. Энэхүү хэлцлийн дагуу Нэхэмжлэгч Г.Булгантамир нь хэлцэлд дурьдагсан цонх, хаалга, дээврийн материалыг хариуцагч Д.Аззаяа надаас нэхэмжлэлд заасан хугацаа (2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх)-нд авах захиалгыг албан ёсоор гаргаж өгөөгүй. Иймд ямар хэмжээтэй, хичнээн ширхэг, цонх, хаалга, дээврийн материал авах нь тодорхойгүй байхад миний бие дур мэдэн материал нийлүүлэх боломжгүй юм. Захиалгаа албан ёсоор өгөөгүйгээс үүдэн одоог хүртэл материал нийлүүлэх боломжгүй байсан ба энэ бүхэнд төлбөр авагч буюу нэхэмжлэгч өөрөө 100 хувь буруутай юм. Нэхэмжлэгч Г.Булгантамирын хувьд төлбөр барагдуулах хэлцлийн дагуу 15,000,000 төгрөгийн үнэ бүхий ямар тоо хэмжээтэй, хичнээн тооны цонх, хаалга, дээврийн материалыг авах хүсэлтээ албан ёсоор бичгээр ирүүлсэн тохиолдолд миний бие төлбөр барагдуулах хэлцэлд заасан хугацаанд нийлүүлэх бүрэн боломжтой байсан бөгөөд одоо ч нийлүүлэх боломжтой талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан. Нэхэмжлэлд дурьдсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн үүргээ биелүүлээгүй гэж үзэн 7,500,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна.Нэхэмжлэгч гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөл болон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байж төлбөр төлөгчийг хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр алданги тооцож нэхэмжлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “Д.Аззаяатай байгуулсан хэлцлийн хүрээнд 15,000,000 төгрөгийн үнэ бүхий цонх, хаалга, дээврийн материалыг нийлүүлэх бөгөөд суурьлуулж угсарч өгөхөөр харилцан тохиролцож 2016 оны 1-р сарын 18-ны өдөр төлбөр төлсөн боловч”гэж заасан байгаа бөгөөд дээр дурьдсан 15,000,000 төгрөгийг хариуцагч миний бие хүлээн аваагүй болно өгнө үү гэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Иргэн Г.Булгантамир нь иргэн Д.Аззаяад холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г.Булгантамирын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Аззаяа нь хүлээн зөвшөөрсөн тул бид дараах байдлаар эвлэрч байна.

1/ Хариуцагч Д.Аззаяа нь нэхэмжлэгч Г.Булгантамирт 12,500,000 төгрөгийг төлөх бөгөөд нэхэмжлэгч Г.Булгантамир нь үлдэх 10,000,000 төгрөгөөс татгалзах болно.

2/ Эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрээг батлуулан шүүгчийн захирамж гаргуулна.

3/ Энэхүү гэрээг байгуулснаар төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлбөр гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн болно

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Булгантамир нь хариуцагч Д.Аззаяад холбогдуулж 22,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 22,500,000 төгрөгийн 10,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба үлдэх 12,500,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн байна. 

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Булгантамир нэхэмжлэлийн шаардлага болох 22,500,000 төгрөгийн 10,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба үлдэх 12,500,000 төгрөгийг хариуцагч Д.Аззаяа нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 135,225 төгрөгийг улсын орлогоос, 135,225 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

 

                            

                 ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ