Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/189

 

 

 

    

 

2017 оны 12 сарын 18 өдөр                   2017/ШЦТ/189                                           Хэрлэн сум

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2017/0181/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             А.Уламбаяр,

Улсын яллагч                                         Д.Отгонтуяа,

Хохирогч                                                   Л.Цоодол,

Хохирогчийн өмгөөлөгч                           Б.Жавхлан,

Шинжээч эмч                                             н.Алтанцэцэг,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                Ц.Э нарыг оролцуулан

          Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэрэнбатын Эд холбогдох 1739002180053 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1973 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх*******, хүүхэд, дүүгийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Салхитын энгэр гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Цэрэнбатын Э  /РД:СЭ73110616/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутагт 55-51 ХЭҮ улсын дугаартай Mitsubishi Pajero маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”  2.3 б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”  9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ж.Болормаагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутагт 55-51 ХЭҮ улсын дугаартай Mitsubishi Pajero маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3 б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ж.Болормаагийн амь насыг хохироосон болох нь:  

Хохирогч Л.Цоодолын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг унтаж байхад тэр Э манайд ирсэн юм билээ. Тэгээд явж байгаад сумын төв орох замдаа машин нь онхолдож манай гэр бүлийн хүн Ж.Болормаа нас барсан байсан. Би энэ тухай сумын төвөөс манай бэр утсаар дуулгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9 хуудас/

Гэрч Н.Дамдингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Батноров сум 2 дугаар баг Эхэнбүрдийн гол ороод буцаад явж байхад Батноров сумын 2 дугаар баг Булгийн нууд гэх газар хөх өнгийн пажеро маркийн автомашин зам тээврийн осол гаргаж онхолдсон байсан.... осол болсон газраас 100 метрийн зайд замаас гарч зогссон. Замын зүүн талд эмэгтэй хүн хэвтэж байсан хажууд Э сууж байсан. Э эмнэлэг дуудаж өгөөч гэсэн тэгээд бид хоёр за гэж хэлсэн. Тухайн үед цас бороо ороогүй зам бараан байсан осол гардаг газар тал газар байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36-37 хуудас/

       Сэжигтэн Ц.Эийн мөрдөн байцаалтан өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 16 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 55-51 ХЭҮ улсын дугаартай пажиро маркийн автомашинтай Батноров сум 2 дугаар баг Булгийн ухаа гэх газарт байх өөрийн гэрээсээ гараад баруун урд зүп- 500 метр орчим зайд байх Цоодол гэх ахынд очсон. Би Цоодол ахын гэрт ганцаараа очсон. Цоодол ах надаар хадлан авахуулсан байсан дахиж өвс хадуулах эсэхийг нь асуухаар очсон. Цоодол ах намайг очиход унтаж байсан. Гэрт нь Цоодол ахын эх******* Болормаа эгч гэртэй байсан мөн тэдний 2 ач нь байсан. Цоодол ахыг сэрээх гэсэн чинь Болормаа эгч яах гэж байгаа юм Цоодол саяхан унтсан, жоохон архи уусан гэсэн. Болормаа эгч намайг аль орох гэж байгаа юм гэсэн би энэ зуур явж байна гэж хэлсэн.Тэгтэл Болормаа эгч чи завтай юу гэж асуусан би завтай байна гэж хэлсэн чинь Болормаа эгч охиныгоо тосох гэсэн юм машинтайгаа яваад өгөөч гэж гуйсан би зөвшеөрсөн. Би тэгээд гэртэ очиж хувцасаа солиод буцаад Цоодол ахын гэрт ирсэн. Цоодол ах унтаж л байсан би Болормаа эгчээс та охиноо Батноров сумаас тосож авах юмуу, Бэрх тосгоноос тосож авах юм уу гэж асуусан чинь Болормаа эгч Батноров сумаас тосож авна гэж хэлсэн. Тэгээд Болормаа эгч охинруугаа утсаар ярьсан ээж нь Төрөө ахыг гуйгаад тосож авахаар гарах  гэж байна гэж охиндоо хэлэж байсан. Болормаа эгч бид хоёр 17 цагийн орчим Батноров сум 2 дугаар баг Булгийн ухаа гэх газраас Батноров сум явсан. Бид хоёртой цуг тэдний ач Зэв явсан. Зэв 2 настай хүүхэд байсан. Болормаа эгч гараад явж байхад эгч нь гар утасныхаа сем картыг солихоо мартсан байна гэсэн тэгээд буцаад Цоодол ахын гэрт  ирсэн Болормаа эгч гар утасны сем картаа солчихоод гэрт үлдсэн ач Тэнгисийг дагуулаад гарч ирсэн. Тэгээд Болормаа эгч тэдний ач Зэв, Тэнгис бид нар Батноров сумруу миний машинтай явцгаасан. Булгийн ухаа гэх газраас Батноров сум 30 км зайтай байдаг юм. Замд явж байхад Болормаа эгч хоёр ачаа өвөр дэзрээ бариад унтаад явж байсан. Булгийн ухаа гэх газраас гараад 15 км газарт Булангийн нуур гэх газар явж байхад миний машины үрүүл баруун гар тийш үрүүл булаасан тэгээд би зүүн гар тийш дараад конс тормоз гишгэтэл шороо тоос гараад л машин онхолдсон, тэгээд машин хэд өнхөрснийг мэдзхгүй байна машин дугуйн дээрээ буусан машин дотор сууж явсан хүмүүсээ хартал бүгд байхгүй байсан. Миний машины урд талын салхины шил хагарч унасан байсан би машинаасаа гараад хартал миний машин баруун хойд зүгт хараад зогсож байсан, машин асаалттай байсан машин байгаа газраас баруун зүгт Болормаа эгч ухаангүй хэвтэж байсан, хоёр ач нь босчихсон уйлж байсан. Би Болормаа эгчийг өвөр дээрээ аваад сууж байтал араас мотоцикольтой хүмүүс ирсэн. Мотоцикльтой Дамдин, Чаминчулуун гэх хоёр залуу явж байсан би эмнэлэг цагдаа дуудаж өгөөч гэж гуйсан тэгээд Дамдийн, Чаминчулуун хоёр Батноров сум явж эмнэлэг цагдаад мэдэгдсэн. Батноров сумаас эмч нар ирсэн Болормаа эгчийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 77-79 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9295 дүгнэлт

Шинжилгээнд ирүүлсэн Ц.Эийн цусанд спиртийн агууламж илрээгүй. /ХХ-ийн 59 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээичйн дүгнэлт 9195, 934 дугаартай дүгнэлтүүд.

Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 59 дугаартай акт.

        Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүнгэлт. /ХХ-ийн 64-65 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Шүүдэгч Боржигон овогт Цэрэнбатын Эийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна

         Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогч Л.Цоодол нь оршуулгын болон бусад зардалд нийт 13912820 төгрөг нэхэмжилсэн боловч  шүүх хуралдаан дээр дээрх хохирлоос шүүгдэгчийн төлсөн 5800000 төгрөгийг хасаад 3295000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн хэмжээгээ багасгасныг шүүгдэгч төлөхийг зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул уг хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.

        Шүүгдэгч нь болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                    

ТОГТООХ нь:

1. Шүүдэгч Боржигон овогт Цэрэнбатын Эийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эөөс 3.295.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Цоодолд олгосугай.

 8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 9. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай. 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ