Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 92

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
    Улсын яллагч: Б.Батсайхан 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэсувд
    Хохирогч: Н.Батсүх  
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Барбаатарын Батсүмбэрэлд холбогдох эрүүгийн 201603000300 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Иргэдийн Буянд” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ дөл хотхоны 99Б байрны 801 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Тайжууд овогт Барбаатарын Батсүмбэрэл /РД:АК83061011/
 
Шүүгдэгч Б.Батсүмбэрэл нь согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр Хүнүйн голын эрэг дээр “урьд өмнө аккумлъятораа өгч байгаагүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч Н.Батсүхийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Н.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед болсон асуудлыг үнэн зөвөөр ярьж байна. Би гомдолгүй. Миний хохирол төлбөрийг барагдуулсан гэв. 
201603000300 тоот эрүүгийн хэргээс:     
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.Батсүхийн: “...Би өмгөөлөгч сонгон аваагүй. Өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би Батсүмбэрэлийг танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Би 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17-18 цагийн орчимд шиг санагдаж байна Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг Хүнүйн голын эрэг дээр өөрийн эзэмшлийн автомашинтай эхнэрийгээ авахаар очсон. Тухайн газар Ардын намын цайллага болж байсан. Тухайн цайллаган дээр оччихоод нилээн хол явж бие засчихаад буцаад алхтал тухайн цайллага болж байсан газраас 100-аад метр зайд Батсүмбэрэл 3 залуутай хамт архи уугаад сууж байсан. Гэтэл Батсүмбэрэлтэй хамт сууж байсан Нацагаа гэх залуу намайг нааш ир гээд дуудсан үүний дагуу намайг очиход Батсүмбэрэл архи өгсөн. Би Батсүмбэрэлд хандаж би архи уухгүй автомашин жолоодож явна гэхэд Батсүмбэрэл надад хандаж архи уу гэж шахаад чи яахаараа архи уудаггүй юм, чамайг газар дээр чинь алсан ч яадаг юм, надад мөнгө байна гэсэн. Тэгээд намайг сууж байтал Батсүмбэрэл өндийгөөд шууд толгойгоороо нэг удаа миний нүүрэн хэсэг рүү мөргөж газар унагасан. Тэгээд миний хоёр мөрөн дээрээс гараараа барьж байгаад миний нүүр рүү нүцгэн хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн, хөлийн өсгийгөөрөө 2 удаа нүүрэн тус газар өсгийдсөн. Тухайн үед Мөнхөө гэх залуу ирж Батсүмбэрэлийг надаас салгасан. Тэгээд би голын эрэг дээр очоод нүүрээ угааж байтал Батсүмбэрэл миний нуруу хэсэг рүү өшиглөхөөр нь би түүнтэй барьцалдаад автал намайг гол руу түлхээд унагасан. Ийм л зүйл болсон. Эхлээд зодуулахад Хайрхан сумын Нацагаа, Лхамжав, Энэбиш гэх хүмүүс байсан. Зодуулж байх үед Мөнхөө ирж салгасан. Голын эрэг дээр өшиглүүлж ус руу түлхүүлэхэд Мөнхөө бас л байсан. Өөр хүн бол байгаагүй. Би Батсүмбэрэлтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Хайрхан суманд Батсүмбэрэлийг байдаг гэдгийг л мэднэ. Миний хувьд Батсүмбэрэлд өс хонзон санаад байх зүйлгүй. Батсүмбэрэл ч надад өс хонзон санах шалтгаан байхгүй. Батсүмбэрэл архи уусангүй, Хайрхан суманд надад томордог хүн байхгүй гэсэн утга бүхий зүйл хэлээд зодож цохисон. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би маш их гомдолтой байна. Би цаашид эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Би Батсүмбэрэлээс саяхан 1.500.000 төгрөг эмчилгээний зардалд авсан цаашид 13.000.000 төгрөг нэхэмжилнэ. Үүнийгээ авсан тохиолдолд би өөрийн биеэ бүрэн эмчлүүлж чадахаар байна. Миний бие ямар нэгэн өвчин эмгэггүй болсон тохиолдолд Батсүмбэрэлд гомдолгүй. Харин биеэ бүрэн эмчлүүлж чадаагүй тохиолдолд маш их гомдолтой.
Миний санаж байгаагаар 2010-2011 оны үед буюу одоогоос 5-6 жилийн өмнө Архангай аймгийн Хайрхан сумын соёлын төвийн үүдэнд миний аккумляторыг гуйхаар нь би өгөөгүй үүнээс болж хэрүүл маргаан үүсгэж намайг цохиж зодсон. Үүнээс хойш уулзалдаагүй байж байгаад 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг Хүнүйн голын эрэг дээр зодож цохисон. Би угаасаа эмнэлгийн байгууллагад хандаагүй. Шууд хөдөө явсан, тухайн үед миний нүүр ам, нуруу, ууц зулгарсан. Энэ талаар манай эхнэр мэдэж байгаа. Би гомдолтой байгаа. Батсүмбэрэл надад нийт 2.500.000 төгрөгийг өгсөн. Одоо миний бие цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Одоогийн байдлаар би түүнээс 12 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 16х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Баярнэмэхийн: “...Би Батсүмбэрэл, Батсүх гэх хоёр хүнийг танина. Батсүх миний нөхөр юм тиймээс бид хоёр гэр бүлийн харилцаатай. Харин Батсүмбэрэлтэй ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Хуулийн хариуцлагатай холбогдуулан асуух зүйл надад байхгүй. Би энэ хэргийн талаар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Хүнүйн голын эрэг дээр Батсүмбэрэл гэгчид зодуулсан. Зодуулсных нь дараахан мэдсэн. Гэхдээ манай нөхөр Батсүхийг Батсүмбэрэл нь хэрхэн яаж зодсон эсэхийг хараагүй. Батсүмбэрэлд зодуулахаас өмнөхөн 20-иод минутын өмнөхөн зүгээр салсан. Бие засна гээд надаас салаад явсан. Надаас салж явахдаа ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй байсан. Тэгээд Батсүмбэрэлд зодуулсных нь дараа очиход нүүр ам нь цус нөж болсон байдалтай битүү хавдартай, дүйнгэ юм шиг царайтай зогсож байсан. Тэгээд юу болсон талаар нь асуухад Батсүмбэрэлд зодуулсан талаараа хэлсэн. 2010-2011 оны үед шиг санагдаж байна. Ойролцоогоор 7 сарын үед л байх. Манай нөхөрийг автомашиныхаа аккумлъяторыг өгсөнгүй гэж машин дотроос нь тэвэрч гаргаж ирээд зодсон гэсэн. Би зодсоных нь дараахан очсон. Би Батсүмбэрэлд хандаж чи яах гэж миний нөхрийг зодож байгаа юм бэ гэхэд Батсүмбэрэл хэл амаар доромжилж байсан. Манай нөхөр Батсүхийн нүүр амыг шалбалсан, ууц нурууг хөхөртөл нь цохиж зодож байсан. Бид нар энэ үед цагдаагийн байгууллагад болон эмнэлгийн байгууллагад хандаагүй. Би Батсүмбэрэлийг саяханаас эхэлж мэддэг болсон. Манай суманд морь мал уядаг. Уг нь аав, ээж нь сэхээтэн хүмүүс байсан. Би хувьдаа Батсүмбэрэлийг хүмүүжлийн доголдолтой бардам зантай, хүн бүхнийг өөрийнхөө санаагаар байлгахыг хүсдэг хүн гэж бодож байна. Би өөрийн нөхөр Батсүхтэйгээ 1999 онд гэрлэж одоо дундаасаа хоёр хүүхдийн эх, эцэг болцгоосон. Батсүх архи дарсыг хааяа хэрэглэдэг. Төлөв даруу зантай, ажилсаг, хөдөлмөрч, хүмүүстэй найрсаг, тусархаг хүн байгаа юм. Гэр бүлдээ халамжтай хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Лхамжавын: “...Би Батсүмбэрэл, Батсүх нарыг танина. Дээрх хүмүүстэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би энэ талаар мэднэ. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Хүнүйн голын эрэг дээр Батсүмбэрэл, Энэбиш, Нацагаа бид нар архи уугаад сууцгааж байсан. Тэгээд байж байтал Батсүх ирсэн. Тэгээд Батсүмбэрэл Батсүх хоёр хоорондоо юм яриад байх шиг байсан. Бид нар бүгдээрээ их согтуу байсан. Тэгээд бид нарын ард талд л Батсүмбэрэл Батсүх нар ноцолдоод байх шиг байсан. Тэгээд удалгүй эргээд хартал Батсүхийн хамар амнаас цус нөж гоожчихсон байсан. Тэгээд удалгүй яваад өгсөн. Үүний дараа юу болсон талаар мэдэхгүй. Ямар шалтгааны улмаас маргаан хийсэн талаар нь мэдэхгүй. Би яг хэн нь хэнийгээ хэдэн удаа яаж цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Бие нь зүгээр байсан. Харин Батсүмбэрэлд зодуулсны дараа бол нүүр ам нь хавдсан байсан. Батсүх нь миний мэдэхээр Батсүмбэрэлээс өөр хүнтэй зодоон цохион хийгээгүй. Би Батсүмбэрэлийг сургуульд байхаас нь мэднэ. Надаас нилээн олон дүү таарахаараа сайн уу ах гээд л явж байдаг. Дажгүй зан ааштай л залуу байгаа юм. Гэхдээ би тийм их ойр дотно биш. Архи уучихсан нилээн халанги байсан. Би голын эрэг дээр л таараад цуг сууцгааж байсан. Өмнө нь хэр хэмжээний архи уусан талаар нь мэдэхгүй. Би энэ талаар мэдэхгүй. Ийм зүйл сонсоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/ 

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Нацагдоржийн: “...Би Батсүмбэрэл, Батсүх нарыг танина. Энэ хоёр хүнийг нэг нутгийн хүмүүс гэдгээр нь танина. Ямар нэгэн ойр дотно, төрөл садангийн холбоо байхгүй. Би Батсүх, Батсүмбэрэл нарыг хэрүүл маргаан хийж зодоон цохион хийх үед нь хажууд нь байсан. Эхлээд Батсүмбэрэл, Энэбиш хоёр цуг явж байсан ба Лхамжав бид хоёртой таараад цуг сууцгааж байсан. Нэг шил архи задлаад уугаад сууж байсан. Гэтэл Батсүх ирсэн. Батсүх, Батсүмбэрэл нар эхлээд зүгээр юм яриад сууж байснаа гэнэтхэн хэрүүл маргаан хийгээд босоод барьцалдаж авсан. Батсүмбэрэл Батсүхийг хоёр удаа гараараа цохиод авах шиг болсон, мөн газар ноцолдоод байхаар нь Лхамжав, Энэбиш бид гурав салгаж байтал Мөнхбаатар ирсэн. Тэгээд салгачихаад яваад өгсөн. Би тухайн үед нилээн согтуу байсан ба яг ч ухаан алдаагүй байсан. Би тухайн үйл явдлыг яг нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан хэрүүл маргаан үүсгэж зодоон цохион хийсэн. Ийм л зүйл болсон. Бие биенийгээ пиздагаар нь дуудалцаад байсан. Үүнийг би мэдэхгүй. Гэнэт л хэрүүл маргаан хийгээд зодоон цохион хийсэн. Батсүмбэрэл Батсүхийг гараараа л 2 удаа цохисон. Үүнээс хойш юу болсонг мэдэхгүй. Бие нь зүгээр байсан. Би түүнийг хүүхэд байхаас нь л мэднэ. Батсүмбэрэл гайгүй зан ааштай залуу. Надтай зүгээр энгийн сайхан харьцаатай л байдаг. Архи уучихсан л байсан. Хэр согтуу байсанг нь хэлж чадахгүй байна. Миний харснаар гайгүй л байх шиг байсан. Би энэ талаар сонсож байгаагүй. Угаасаа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Мөнхбаатарын: “...Би Батсүх, Батсүмбэрэл нарыг танина. Нэг нутгийн хүмүүс гэдгээр нь танина. Харин төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Би 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Хүнүйн голын эрэг дээр байж байтал манай нутгийн Батсүмбэрэл, Батсүх нар хэрүүл маргаан хийсэн. Би МАН-ын ялалтын баяр тэмдэглэж байсан хүмүүс дээр байж байгаад бие засах гээд хүмүүсээс холдтол Батсүмбэрэл Батсүх нар барьцалдаад авсан байсан. Тэгээд би очиж салгасан. Энэ явдал болохоос өмнө Хайрхан сумын төвөөс Энэбиш, Батсүмбэрэл бид гурав хамт Хүнүйн голын эрэг дээр гарч ирсэн. Батсүмбэрэл, Энэбиш нартай хамт нэг шил архи уучихаад гарч ирсэн ба голын эрэг дээр ирээд би салаад явчихсан юм. Тэгээд нэг хартал дээрх зүйл болж байхаар нь би очиж салгасан. Намайг салгахаар очиход Энэбиш, Лхамжав нар байсан. Өөр хүн анзаарагдаагүй. Хүмүүс ярихдаа манай нутгийн Нацагаа гэх залууг байсан гэж ярьцгааж байсан. Би түүнийг хараагүй. Намайг очиход ямар ч байсан Батсүхийн баруун нүд шиг санагдаж байна хавдчихсан байсан. Харин Батсүмбэрэлийн биед ил гэмтэл анзаарагдаагүй. Зодоон нүдээн хийгээд бараг дуусчихсан Энэбиш, Лхамжав нарыг салгаж байхад нь л очиж цуг салгасан. Яг зодоон нүдээн хийхийг хараагүй. Ямар шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэж зодоон цохион хийсэн талаар нь ч мэдэхгүй. Харин би Батсүмбэрэлийн архийг нь гаргах зорилгоор гол руу шидсэн. Ийм л зүйл болсон. Лхамжавийг би мэдэхгүй байна. Харин Батсүмбэрэл, Энэбиш нар маш их согтуу байсан. Бие биенийгээ ална, гөлөг, нохой гэх мэтээр хараацгаагаад л байсан. Батсүмбэрэл бид хоёр багаасаа бие биенийгээ мэднэ. Батсүмбэрэл нь ер нь хүнтэй эвсэг, хэрүүл маргаан хийгээд байдаггүй л хүн. Би түүнийг гайгүй хүн гэж дотроо бодоод л хамт хааяадаа архи дарс уудаг. Миний мэдэхээр урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Би байнга цуг байдаггүй болохоор нарийн сайн мэдэхгүй байна. Батсүх, Батсүмбэрэл нар хоорондоо өр авлага өс хонзонгийн асуудалтай эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Тийм асуудал байхгүй байх л гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Өсөхбаатарын: “...Би Батсүхийг сайн танихгүй зүс мэднэ. Харин Батсүмбэрэлийг танина. Дээрх хоёр хүнтэй төрөл садангийн болон ойр дотно харилцаа байхгүй. Намайг манай Хайрхан сумынхан Энэбиш гэж дууддаг. Намайг бүр бага байхад ингэж дууддаг байсан, нэр таарахгүй ороогоод байдаг байсан гэсэн. Тиймээс миний нэрийг өөрөөр дууддаг болсон гэсэн. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Хүнүйн голын эрэг дээр Батсүмбэрэл бид хоёр байсан. Уг нь Мөнхбаатар сумын төвөөс бид хоёртой голын эрэг дээр ирчихээд өөр тийшээ явчихсан байсан. Үүний дараа Лхамжав нэг танихгүй залуутай ирсэн. Тэгээд архи уугаад байж байхад зүс таних Батсүх гэх залуу ирсэн. Тэгээд Батсүх, Батсүмбэрэл нар маргаад байх шиг байсан би согтуу байсан учраас сайн санахгүй байна юу ярьж байсанг нь мэдэхгүй байна. Тэгээд нэг мэдэхэд Батсүмбэрэл, Батсүх нар газар уначихсан байсан би очиж салгасан. Яг салгах үед Мөнхбаатар цаанаас ирж салгасан. Дахиад хэрүүл маргаан хийгээд зодолдох гээд байсан. Батсүх, Батсүмбэрэл нар юунаас болж хэрүүл маргаан үүссэн талаар би мэдэхгүй. Мод, чулуу бариагүй байсан гар хөлөөрөө цохилцсон байх. Би согтуу байсан учраас хэн хэнийх нь биед ямар гэмтэл учирсан байсанг нь мэдэхгүй байна. Мөн Батсүмбэрэлийн архийг нь гаргах гэж гол руу хийсэн ийм л зүйл болсон. Би өөрийн санаж байгаа зүйлээ хэллээ. Би тухайн өдөр маш их согтуу байсан ба яг юу болоод байгааг ойлгоогүй. Хэн нь хэнийгээ хаана нь хэдэн удаа юугаар цохиж зодсонг нь хараагүй. Ямар ч байсан мод чулуу болон өөр зүйлээ бие биенийгээ цохиогүй. Намайг очсоноос хойш бие биенийгээ цохиогүй. Салгаж байхад л бие бие рүүгээ дайрад сарваганаад байсан. Гар хөлөөрөө л цохилцсон байх. Бие биенийгээ пизда минь гэх мэтээр хараалын үг хэлээд бие биенийгээ ална гээд л дайрсан. Батсүмбэрэл маш их согтуу байсан. Бид нар бүгдээрээ маш их архи уусан. Батсүх, Батсүмбэрэл нар урьд өмнө хэрүүл маргаан, зодоон цохион хийж байсан талаар сайн мэдэхгүй байна. Би Батсүмбэрэлийг бага байхаас нь мэднэ. Батсүмбэрэл нь архи хааяа нэг ууж идэж л байдаг. Би нилээн олон удаа Батсүмбэрэлтэй архи дарс ууж байсан. Надтай хэрүүл маргаан хийж байсан удаагүй. Харин бусад үед ямар байдгийг мэдэхгүй байна. Олон ч жил энэ тэнд морь мал хамт уяад ийш тийшээ явдаг байсан. Миний мэдэхээр янз бүрийн асуудал гаргаж байгаагүй. Зан аашийн хувьд гайгүй, нийтэч, эелдэг л хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагч Б.Батсүмбэрэлийн: “...би өмгөөлөгч сонгон аваагүй. Өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үдээс хойш Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг Хүнүйн голын эрэг дээр Батсүх гэгчтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан хийж зодолдсон. Батсүх бид хоёр өмнө нь бие биенийгээ мэддэг байсан ба бид хоёр хоёулаа тухайн үед согтуу байсан. Би Батсүхтэй автомашины аккумлъятороос болж 2011 онд хэрүүл маргаан хийж байсан. Үүнээс л болж хэрүүл маргаан хийсэн. Би гараараа нэг удаа түүний нүүрэн хэсэг рүү цохиж газар унагасан. Газар унасан байхад нь хөл нүцгэн хөлөөрөө түүний нүүрэн хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн. Харин Батсүх намайг нэг ч удаа цохиж зодоогүй. Би Батсүхэд зодуулж цохиулаагүй учраас шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулахгүй. Учир нь надад ямар ч гэмтэл бэртэл байхгүй. Батсүхийг би түрүүлж унагаад өшиглөсөн. Лхамжав, Энэбиш, Нацагаа гурав байсан. Голын эрэг дээр бид нараас нилээн зайтай олон хүмүүс байсан. Тухайн хүмүүс хараагүй байх. Батсүх бид хоёрыг Лхамжав, Энэбиш, Нацагаа нар салгасан. 
Би зүйл ангийг ойлгож байна. Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч сонгон аваагүй. Байцаалтандаа өмгөөлөгч оролцуулахгүй. Би өөрийгөө өмгөөлж мэдүүлэг өгнө. Татгалзах зүйлгүй. Би 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Хүнүйн голын эрэг дээр нутгийн залуу болох Батсүхтэй хэрүүл маргаан үүсгэж түүнийг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Би түүнийг нэг удаа гараараа нүүрэн тус газар нь цохисон. Газар унахаар нь нүүрэн тус газар нь нүцгэн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Би энэ хэрэг болохоос өмнө Батсүхтэй Архангай аймгийн Хайрхан сумын соёлын төвийн үүдэнд хэрүүл маргаан үүсгэж байсан ба үүнээс болж л хэрүүл маргаан үүсгэж түүнийг зодож цохисон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би Батсүхээс тухайн үед автомашины аккумлъятор гуйтал надад өгөөгүй. Үүнээс болж маргалдаж байсан. Гэтэл манай талийгаач дүү маань Батсүхийг нэг удаа тонгорч газар унагасан. Өөр зүйл болоогүй. Одоогоос 5 жилийн өмнөх асуудал юм. Би сайн санахгүй байна. Угаасаа харанхуй байсан. Уг хүмүүс харсан байж магадгүй. Гэхдээ ямар хүмүүс соёлын төв орчмоор байсанг нь санахгүй байна. Ямар ч байсан хөл хөдөлгөөнтэй л байсан байх. Би хохиролд эхлээд 1.500.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөгийг өгсөн. Мөн би өөрийн эзэмшлийн 69-25 УНЯ улсын дугаартай Ниссан екстрал маркийн автомашиныг өгье гэж хэлэхэд шийдтэй хариу өгөөгүй. Надад энэ машинаас өөр өгөх зүйл түүнд байхгүй. Би түүнийг миний автомашиныг авъя гэвэл шууд өгнө. Миний эзэмшилд хэдэн автомашин байгааг мэдэхгүй байна. Ямар ч байсан миний эзэмшлийн 69-25 УНЯ улсын дугаартай Ниссан екстрал маркийн автомашин байгаа. Манай эхнэрийн эзэмшлийн 64-63 УБЧ улсын дугаартай приус 20 маркийн автомашин, манай аавын эзэмшлийн 06-62 УНЭ улсын дугаартай пронтер маркийн автомашинууд миний нэр дээр байгаа. Надад 01-09 УНТ улсын дугаартай ланд круйзерь 80 маркийн автомашин байсан үүнийг зарсан. 92-65 УНЭ улсын дугаартай королла маркийн автомашинтай байж байгаад зарсан, 34-41 УНР улсын дугаартай Кантер маркийн автомашин байсан үүнийг мөн л зарсан. Худалдах худалдан авах гэрээ хийгээд зардаг, заримд нь итгэмжлэл хийж өгөөд нотариатаар батлуулаад л зардаг байсан. Өөр  автомашин байхгүй шиг санагдаж байна. Яг миний эзэмшилд байгаа автомашин нь 69-25 УНЯ улсын дугаартай ниссан екстрал маркийн автомашин юм. Ер нь архи уучихсан согтуу л байсан. Юу хийж юу болж байгааг мэдэж байсан. Намайг цохиж зодоогүй. Нэг ч удаа цохиогүй. Би хохиролдоо өөрийн эзэмшлийн автомашиныг өгнө. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролоо барагдуулах учрыг ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61, 63-64х/

* Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 285 дугаартай дүгнэлт: “...1.Н.Батсүхийн биед баруун гайморын хөндийн урд хананд 0.2 см зөрөө бүхий, зүүн гайморын хөндийн дээд хананд 0.1 см зөрөө бүхий шинэ хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 2 нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хоёр гайморын хөндийн зөрөө багатай хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журамын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2-4-1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар сарниулах ба эдгэрэлтээс хамааран эргэн сэргэнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 28х/

* Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 285 /нэмэлт/ дүгнэлт: “...1. Н.Батсүхийн биед нэмэлт шинжилгээгээр зүүн чинхний сонсгол 500 Гц-ийн давтамжинд 50 Дц баллаар буурсан буюу сонсгол үлэмж хэмжээгээр буурсан өөрчлөлттэй байна. 2. Энэ нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гэмтлийн ултаас үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Зүүн чихний сонсгол бууралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын найм: 39-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтмол алдагдуулна /зүүн чих/ 5. Өмнөх №285 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд болон гэмтлийн зэрэг хэвээр байна...” гэх дүгнэлт /хх-ийн 36х/
* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9х/
* Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10, 33х/
* Н.Батсүхийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 30-32, 37-47х/
* Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50х/
* Архангай аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 874 тоот тодорхойлолт /хх-ийн 66х/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69х/
* Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2816 тоот тодорхойлолт /хх-ийн 72х/ болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн бичгийн нотлох баримт зэргийг тус тус шинжлэн судлав. 
 
Шүүгдэгч Б.Батсүмбэрэл нь согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэр Хүннү голын эрэг дээр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч Н.Батсүхийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Н.Батсүхийн “...намайг сууж байтал Батсүмбэрэл өндийгөөд шууд толгойгоороо нэг удаа миний нүүрэн хэсэг рүү мөргөж газар унагасан. Тэгээд миний хоёр мөрөн дээрээс гараараа барьж байгаад миний нүүр рүү нүцгэн хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн, хөлийн өсггийгөөрөө 2 удаа нүүрэн тус газар өсгийдсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Баярнэмэнхийн “...Батсүмбэрэлд зодуулсных нь дараа очиход нүүр ам нь цус нөж болсон байдалтай битүү хавдартай, дүйнгэ юм шиг царайтай зогсож байсан. Тэгээд юу болсон талаар нь асуухад Батсүмбэрэлд зодуулсан талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Лхамжавын “...Батсүмбэрэлд зодуулсны дараа бол нүүр ам нь хавдсан байсан. Батсүх нь миний мэдэхээр Батсүмбэрэлээс өөр хүнтэй зодоон цохион хийгээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Нацагдоржийн “...Батсүмбэрэл Батсүхийг хоёр удаа гараараа цохиод авах шиг болсон...” гэх мэдүүлэг, гэрч С.Мөнхбаатарын “...Батсүхийн баруун нүд шиг санагдаж байна хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Батсүмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 285 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Батсүмбэрэлийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Батсүх нь “...Би гомдолгүй. Миний хохирол төлбөрийг барагдуулсан...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Батсүмбэрэлийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.  
Шүүгдэгч Б.Батсүмбэрэл нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон, хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэв. 

 Хохирогч Н.Батсүхэд учирсан гэмтэл нь бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байх тул түүнийг цаашид учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч Б.Батсүмбэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайжууд овогт Барбаатарын Батсүмбэрэлийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Б.Батсүмбэрэлийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Батсүмбэрэлд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4.  Шүүгдэгч Б.Батсүмбэрэл нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Н.Батсүх өөрт учирсан хохирлыг цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 69-25 УНЯ улсын дугаартай Ниссан екстрал маркийн автомашиныг өмчлөгч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ дөл хотхоны 99Б-801 тоотод оршин суух Б.Батсүмбэрэлд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Батсүмбэрэлд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэсэгт даалгасугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж танилцуулсанаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батсүмбэрэлд урьд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                П.ГАНДОЛГОР