Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0717

 

 

 

 

2020 оны 11 сарын 03 өдөр           Дугаар 128/ШШ2020/0717           Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: “И” ХХК

           Хариуцагч: ИНЕГД

           Гуравдагч этгээд: “Э” ХХК

         Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэний нисэхийн Ерөнхий газрын Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот дүгнэлт, зөвлөмжийн 4-д “И” ХХК-ийн ирүүлсэн тендер нь ТОӨЗ-ийн 5.2-ын 6 дахь хэсэгт заасан Асфальт бетон зуурмагийн үйлдвэрээс асфальтобетон нийлүүлэх тухай гэрээ эсхүл хэлцэл хийсэн баримт, ТОӨЗ-ийн 5.2-ийн 7-д заасан асфальтобетоныг татах, тээвэрлэх, ашиглах график төлөвлөгөө тус тус ирүүлээгүй, ТОӨЗ-ийн 5.2/в/-д заасан санал болгож буй автозамын инженер, материалын инженер, хөдөлмөр хамгааллын инженерүүд нь ажлын туршлагын шаардлага хангахгүй тул татгалзах гэснийг, дүгнэлт зөвлөмжийн 5-д заасан Тендерт ирүүлсэн “Э” ХХК-ийг үнэлгээний хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хамгийн сайн үнэлэгдсэн тул гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдэл олгохыг зөвлөж байна гэснийг, мөн ИНЕГД, гүйцэтгэгч “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан Нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвасын их засварын /Баянхонгор/ ажлыг хийж гүйцэтгэх ИНЕГ/ХО/ТББ/-07/20 тоот гэрээг  хүчингүй болгуулах, “И” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер тул гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Г.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиалагчаас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн мэдэгдэлд “асфальт бетон нийлүүлэх гэрээ ирүүлээгүй зохих шаардлага хангаагүй гэж үзэж тендерт шалгаруулахаас татгалзаж байна гээд танай компаниас ирүүлсэн тендер нь график төлөвлөгөө болон, асфальт бетон зуурмагийн үйлдвэртэй хэлцэл хийсэн баримтыг тус тус ирүүлээгүй” гэх үндэслэл заасан татгалзлыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч “И” ХХК нь өөрийн асфальт бетон зуурмагийн үйлдвэртэй, уг үйлдвэртэйгээ холбоотой баримтуудыг тендерийн баримт бичигт ирүүлсэн. Нэхэмжлэгч компани нь үйлдвэртэй учир асфальт бетон ачих, тээвэрлэх, ашиглах график төлөвлөгөө гаргах шаардлага байгаагүй. Мөн авто замын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, материалын инженерүүдийн ажлын туршлага нь шаардлага хангахгүй гэсэн. Нисэх буудлын авто замыг барих, хучих үйл ажиллагаанд инженерүүдийн хэдэн жил ажилласан талаарх шаардлага нь хууль бус байсан гэж үзэж байна. Мэргэжлийн сургуулийг төгсөөд, ажиллах эрхээ аваад үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг туршлагын шаардлага гэдэг нэрийдлээр гурваас доошгүй жил ажилласан гэж тендерийг үнэлэх үнэлгээгээр хассан нь хууль бус байна. “Э” ХХК нь 13 км-ийн зайнаас “Т” ХХК-иас асфальт бетон зөөвөрлөнө гэж тендерийн материалдаа тусгасан байдаг. Гэтэл Баянхонгор аймагт “Т” гэдэг компани байхгүй. Энэ тендерийн баримт бичигт ирүүлсэн материал нь бодит байдлаас илтэд зөрүүтэй буюу хуурамч баримтыг тендерийн баримт бичигт ирүүлсэн байна гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Өөрөөр хэлбэл  Баянхонгор аймгаас 630 км-ын зайнаас асфальт бетон зөөвөрлөх боломжгүй. Ийм зөрчил байсаар байхад “Э” ХХК-ийг тендерийн ажлыг хийх чадвартай гэж дүгнэсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын тендерийн үнэлгээний хороо болон, үнэлгээний хорооноос гарсан зөвлөмж дүгнэлтүүд нь хууль бус байна. Хөөрч буух хатуу хучилттай авто замын бетон хучилтыг засах, энэ ажлыг хийж гүйцэтгэх талаар “Э”, Иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээндээ Баянхонгор аймгийн хатуу хучилттай авто замыг иргэний нисэхийн хатуу хучилттай авто замын засварын ажлыг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дотор хийж гүйцэтгэнэ гэсэн гэрээ байгуулсан. Энэ ажлыг хийж гүйцэтгэхийг хязгаарлах талаарх хүсэлтийг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхээс энэ асуудалтай холбоотой ямар нэгэн захирамж гараагүй. Шүүхээс “Э” ХХК-ийг гуравдагч этгээдээр татаагүй байхад энэ ажлыг хийж гүйцэтгэх хугацаа нь дууссан. Гэтэл захиалагч талаас гэрээний гүйцэтгэл дээр хяналт тавиагүй байж урьдчилгаа мөнгийг нь гүйцэтгэгчид өгсөн байдаг. Гэрээнд нь заасан хугацаанаас гэрээг гүйцэтгэлгүй 28 хоног өнгөрөх юм бол гэрээ байгуулсан өдрөөс хойш 8 дугаар сарын 25-ны өдөр гэхэд гэрээгээр заасан ажлыг гүйцэтгээгүй бол 8 дугаар сарын 26-ны өдөр гэрээг цуцална гэж заасан байдаг. Гэтэл захиалагч буюу Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрээг цуцлаагүй гэх мэт зөрчлүүд гаргасан. Дээрх хууль бус тендер сонгон шалгаруулалтаас үүдэлтэй манай компанийн тухайн ажлыг хийж гүйцэтгэх эрх ашиг зөрчигдөж байгаа гэж үзэж байна. Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1 тоот зөвлөмжийг хууль бус болохыг тогтоолгох, уг зөвлөмжид үндэслэн гаргасан гэрээг хүчингүй болгуулах, мөн “И” ХХК-ийн тендерт ирүүлсэн материал нь сайн үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шаардлагыг тус тус гаргасан...” гэв. 

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“И” ХХК гомдол гаргах нь хуульд заасан эрх үүргийн асуудал юм. Нэхэмжлэгч компани нь асфальт бетон зуурмагийн үйлдвэртэй гэдгээр бид давуу байдлыг бие болгохгүй. Хэрэв ингэвэл хязгаарлагдмал буюу стандарт гэрээ гэж байдаг. Стандарт гэрээ гэдэг нь аль нэг оролцогчдод давуу байдал бие болговол стандарт гэрээ гэж үздэгтэй адил тендер зарлахдаа өөрийн гэсэн асфальт бетоны үйлдвэртэй байн гэвэл ганцхан “И” ХХК-д зориулж зарласан болно. Мөн асфальт бетон тээвэрлэх ажлыг гүйцэтгэх график нь ажил гүйцэтгэхэд маш чухал технологийн горим, техникийн үйл ажиллагаа юм. Асфальт бетон тээвэрлэх график нь ажил гүйцэтгэх графиктай уялдаж явдаг. Нэхэмжлэгч компани нь асфальт бетон, хайрган хучилттай, хатуу хучилттай зам тавих шаардлага дээр хөдөлмөр хамгааллын инженер байх ёстой байдаг. Тухайн компани нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авахын тулд Зам тээвэр, хөгжлийн яаманд хандах ёстой байдаг. Уг тусгай зөвшөөрлийг авахад хөдөлмөр хамгааллын инженер, замын инженер, материалын инженер байх ёстой байдаг. Бид өөрсдөө байхгүй хүмүүсийг байх ёстой гэж зохиогоод байгаа юм биш. Учир нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дээрх инженерүүдтэй байх ёстой байдаг. Бид үнэлгээний хороогоороо ярилцаад тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай байдаг инженерүүдийг  тендерийн үнэлгээндээ заасан байдаг. Инженерүүдийн гурван жил ажилласан байх ёстой гэдэг шаардлагыг бид зохиогоогүй, тусгай зөвшөөрлийн шаардлагад байдаг. Мөн шинэ боловсон хүчнийг энд ажиллуулахад хүний амь настай холбоотой их том ажил тул учир дутагдалтай. “И” ХХК нь 2017 онд шинэ нисэх буудлын авто замын зогсоолын тендерт оролцож ажиллаж байсан. Тухайн үед энэ тендерийн шаардлага нь хэвээрээ байсан тэгэхэд “И” ХХК нь дээрх шаардлагыг хангаад тендерт оролцож байсан. Гэтэл энийг маш сайн мэдэж байгаа ч 2020 оны Баянхонгор аймгийн шинэ нисэх буудлын ажилд шинэ инженерүүдтэй орж ирсэн. 2018, 2019 онуудад төгссөн ажлын туршлагагүй буюу нэг жил, хоёр жил ажилласан замын инженер, худалдан авах ажиллагааны инженер, материалын инженер хүмүүс байсан. Ийм том ажлыг гүйцэтгэх боломжтой гэдгийг бичиг баримтын хувьд нотлох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Компанийн өөрийнх нь чадавхыг би хүндэтгэж үзнэ. Мөн асфальт бетоны заводтой гэж үзэж байна. Ерөнхий инженер нь чадварлаг хүн байдаг гэдгийг мэдэж байна, гэхдээ үүнийгээ баримт бичгээр хангалттай сайн нотолж чадахгүй байна. Бидний зүгээс үнэлгээний хороонд Иргэний нисэхийн ерөнхий газар нисэх буудлын хатуу хучилттай хөөрч буух их засварыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж явуулсан. Тендерт гурван компани материалаа ирүүлсэн. “Д” ХХК-ийн хувьд  тендерийн баримт бичиг алдаатай байсан тул хуулийн дагуу тендерийг үнэлэхгүйгээр татгалзсан. Тендерт оролцогчдын чадварын хүснэгтээс ажиллах боловсон хүчний мэдээллийг “И” ХХК-иас шаардсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн ирүүлсэн материал нь шаардлага хангахгүй байсан учир Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар “... баримт бичигт нөхцөл шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр татгалзсан. Үнэлгээний хорооны шийдвэр нь зөвлөмж хэлбэрээр захиалагчид хүргээд захиалагчаас зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулах эрх олгох хуульд заасан зааврын дагуу нэгэн зэрэг мэдэгдэх ёстой байдаг. Бид албан бичгийг pdf хэлбэрээр цахим системд нэгэн зэрэг мэдэгдсэн. Үүний дагуу “И” ХХК гомдол гаргасан байсан...” гэв.

Гурав.хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М 2020 оны 11 дүгээр сарын 03-ны  өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт зөвлөмжөөр тендерийн нээлтэд “Э” ХХК төсөл арга хэмжээг 967 358 617 төгрөг, “Их” ХХК 983 990 041 төгрөг, “Д” ХХК 989 994 863 төгрөгөөр тус тус гүйцэтгэх санал ирүүлсэн. Үнэлгээний хорооны гишүүд тендерийн үнэлгээ хийхдээ “Д” ХХК нь татварын өртэй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.2 дахь заалтыг хангаагүй хэмээн үзэн татгалзаж, “Их богд зам” ХХК-с ирүүлсэн тендер нь ТОӨЗ-ийн 5.2.6 дахь хэсэгт заасан Асфальт бетон зуурмагийн үйлдвэрээс асфальтобетон нийлүүлэх тухай гэрээ эсхүл хэлцэл хийсэн баримт, ТОӨЗ-ийн 5.2.7-д заасан Асфальтобетоныг татах, тээвэрлэх ашиглах график төлөвлөгөө тус тус ирүүлээгүй, түүнчлэн ТОӨЗ-ийн 5.2 (в)-д заасан санал болгож буй автозамын инженер, материалын инженер, хөдөлмөр хамгааллын инженерүүд нь ажлын туршлагын шаардлагыг хангахгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4 дэх хэсэгт заасныг үндэслэн татгалзсан. Тендерт ирүүлсэн “Э” ХХК-г үнэлгээний хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100% саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт заасны дагуу хамгийн сайн тендерээр үнэлэгдсэн тул гүйцэтгэгчээр шалгаруулж тус хуулийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгосон.

 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/1350 дугаартай “И” ХХК-нд хүргүүлсэн албан бичгээр ТОӨЗ-ийн 5.2.6 дах хэсэгт заасан асфальт бетон зуурмагийн үйлдвэрээс асфальтобетон нийлүүлэх тухай гэрээ эсхүл хэлцэл хийсэн баримт, ТОӨЗ-ийн 5.2.7-д заасан Асфальтобетоныг татах, тээвэрлэх ашиглах график төлөвлөгөө тус тус ирүүлээгүй, мөн ТОӨЗ-ийн 5.2 (в)-д /ерөнхий инженер 5 жил, автозамын инженер 3 жил, материалын инженер 3 жил, хөдөлмөр хамгааллын инженер ажилтан 3 жил дээрх инженер техникийн ажилчид нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх ба 12 сараас доошгүй хугацаанд ажилласан байх шаардлагатай. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цахим үнэмлэхийн хуулбар, мэргэжлийн үнэмлэх нэг бүрчлэн ирүүлэх/-ийг заасан санал болгож буй автозамын инженер, материалын инженер, хөдөлмөр хамгааллын инженерүүд нь ажлын туршлагын шаардлагыг хангахгүй байх тул төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хэмээн тус хуулийн 27.4 дэх хэсгийг үндэслэн шалгаргаагүйг мэдэгдсэн болно. Иргэний нисэхийн ерөнхий газраас тендер зарлахдаа тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт хэсэгт шаардлагаа тодорхой заасан ба ТОӨЗ-д шалгуурыг тусгасан байсан болно. Мөн нэхэмжлэгч нь гомдлоо Сангийн яаманд гаргаагүй, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэснийг тус тус зөрчсөн байна. Иймд дээрх тендер шалгаруулалт хуульд заасан үндэслэлээр явагдсан тул И ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Дөрөв. гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан “Нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвасын их засвар Баянхонгор” гэсэн нэртэй тендер шалгаруулалтын материалыг цахим системийн дагуу худалдаж аваад тендерийн материал авах эцсийн хугацаа буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагаас өмнө цахим системд үнийн саналаа хийсэн. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу баримт бичгийг бүрдүүлж оролцсон. Үүний дагуу Иргэний нисэхийн ерөнхий газарт сонгон шалгаруулалт явагдаад улмаар гэрээ байгуулах тухай мэдэгдлийг Иргэний нисэхийн ерөнхий газраас манай компанид ирүүлсэн. Үүний дагуу манай байгууллага гэрээ байгуулах мэдэгдэл авснаас хойш хуулийн хугацаандаа буюу ажлын 6 хоногийн дараа гүйцэтгэлийн баталгааг банканд байршуулж, гэрээ байгуулах материалаа бүрдүүлж Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлж улмаар гэрээ байгуулсан. Ингээд ажлаа эхлүүлэх гээд бэлтгэл ажил хийгээд, ажлын талбайтайгаа очиж инженерүүд маань танилцаад, ажлаа хэлүүлэх гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын үндэсний төвийн мэргэжилтнүүдтэй уулзахад танай ажил шүүх дээр маргаан үүсээд явж байгаа гэдэг хариуг хэлсэн. Энэ асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа гэж мэдэгдсэн. Тухайн үед гуравдагч этгээдээр татсан гэдгийг манай байгууллагад мэдэгдээгүй. Манай байгууллагаас Иргэний нисэхийн ерөнхий газарт удаа дараа шүүхийн асуудлаа шийдсэн үү гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тул гэрээний сунгалт яаралтай хиймээр байна гэдэг хүсэлт хүргүүлсэн. Тодорхой хариу ирээгүй байгаа. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэлүүдийг харахад нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй харагдаж байна. “Т” ХХК нь Баянхонгор аймагт үйлдвэргүй гэж ямар нотлох баримтаар нотлох байгаа юм бэ? Баянхонгор аймгийн Засаг даргаас ирсэн бичгийн хувьд Баянхонгор аймгийн Засаг даргын эхнэр нь “И” ХХК-ийн захирал шүү дээ. Тендерт өгсөн шаардлагын дагуу бид зохих бүх материалыг хавсаргасан. Тендер шалгаруулалтын явцад захиалагч байгууллага өөрт ирсэн тендерийн материал буюу баримт бичигт үндэслэж шийдвэр гаргаж байгаа. Нэхэмжлэгч тал тендерийн бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн нь тендерт шалгаруулагч талын буруу биш. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Иргэний нисэхийн Ерөнхий газрын Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот дүгнэлт, зөвлөмжийн 4-д “И” ХХК-ийн ирүүлсэн тендер нь ТОӨЗ-ийн 5.2-ийн 6 дахь хэсэгт заасан Асфальт бетон зуурмагийн үйлдвэрээс асфальтобетон нийлүүлэх тухай гэрээ эсхүл хэлцэл хийсэн баримт, ТОӨЗ-ийн 5.2-ийн 7-д заасан асфальтобетоныг татах, тээвэрлэх, ашиглах график төлөвлөгөө тус тус ирүүлээгүй, ТОӨЗ-ийн 5.2/в/-д заасан санал болгож буй автозамын инженер, материлын инженер, хөдөлмөр хамгааллын инженерүүд нь ажлын туршлагын шаардлага хангахгүй тул татгалзах гэснийг, дүгнэлт зөвлөмжийн 5-д заасан Тендерт ирүүлсэн “Э” ХХК-ийг үнэлгээний хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хамгийн сайн үнэлэгдсэн тул гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдэл олгохыг зөвлөж байна гэснийг, мөн ИНЕГД, гүйцэтгэгч “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан Нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвасын их засварын /Баянхонгор/ ажлыг хийж гүйцэтгэх ИНЕГ/ХО/ТББ/-07/20 тоот гэрээг  хүчингүй болгуулах, “И” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер тул гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” гэж тодруулжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.

1. “Иргэний нисэхийн Ерөнхий газрын Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот дүгнэлт, зөвлөмжийн 4-д “И” ХХК-ийн ирүүлсэн тендер нь ТОӨЗ-ийн 5.2-ийн 6 дахь хэсэгт заасан Асфальт бетон зуурмагийн үйлдвэрээс асфальтобетон нийлүүлэх тухай гэрээ эсхүл хэлцэл хийсэн баримт, ТОӨЗ-ийн 5.2-ийн 7-д заасан асфальтобетоныг татах, тээвэрлэх, ашиглах график төлөвлөгөө тус тус ирүүлээгүй, ТОӨЗ-ийн 5.2/в/-д заасан санал болгож буй автозамын инженер, материалын инженер, хөдөлмөр хамгааллын инженерүүд нь ажлын туршлагын шаардлага хангахгүй тул татгалзах гэснийг, дүгнэлт зөвлөмжийн 5-д заасан Тендерт ирүүлсэн “Э” ХХК-ийг үнэлгээний хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хамгийн сайн үнэлэгдсэн тул гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдэл олгохыг зөвлөж байна гэснийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Анх Иргэний нисэхийн Ерөнхий газраас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны  өдөр “Нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвасын их засварын /Баянхонгор/ ажлын гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг гүйцэтгэх тухай цахим тендерийн зарлаж, энэхүү тендерт “И” ХХК, “Э” ХХК, “Д” ХХК-иуд  материалаа ирүүлжээ.

Тендерийн Үнэлгээний хорооны  2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, зөвлөмжөөр тендерийн нээлтэд “Э” ХХК 967,358,617 төгрөг, “И” ХХК 983,990,041 төгрөг, “Д” ХХК 989,994,863 төгрөгөөр тус тус гүйцэтгэх санал ирүүлсэн байх бөгөөд “Д” ХХК-ийг татварын өртэй гэж татгалзаж, “И” ХХК-ийг ТОӨЗ-ийн 5.2-ийн 6 /Асфальт бетон зуурмагийн үйлдвэрээс асфальтобетон нийлүүлэх тухай гэрээ эсхүл хэлцэл хийсэн баримт байхгүй/, 5.2-ийн 7/ асфальтобетоныг татах, тээвэрлэх, ашиглах график төлөвлөгөө ирүүлээгүй/, 5.2-ийн в /санал болгож буй автозамын инженер, материалын инженер, хөдөлмөр хамгааллын инженерүүд нь ажлын туршлагын шаардлага хангахгүй/ гэж татгалзаж, “Э” ХХК-ийн ирүүлсэн саналыг хамгийн сайн тендерээр үнэлжээ.

Тендерийн Үнэлгээний хорооны боловсруулсан “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”-ийн тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн /цаашид ТОӨЗ гэх/ 5.2-ийн 7-д /Асфальт бетон зуурмагийн үйлдвэрээс асфальтобетон нийлүүлэх тухай гэрээ эсхүл хэлцэл хийсэн баримт ирүүлэх/, 5.2-ийн 8-д / асфальтобетоныг татах, тээвэрлэх, ашиглах график төлөвлөгөө ирүүлээгүй/, 5.2-ийн в-д /шаардлагатай инженер техникийн ажилчид, ерөнхий инженер-5 жил, автозамын инженер-3 жил, материалын инженер-3 жил, хөдөлмөр хамгааллын инженер-3 жил гэж боловсон хүчний чадвар туршлагын шаардлага тавьжээ.

“И” ХХК-ийн тендерийн баримт бичгийг үзвэл Асфальт бетон зуурмагийн үйлдвэрээс асфальтобетон нийлүүлэх тухай гэрээ эсхүл хэлцэл хийсэн баримт байхгүй, асфальтобетоныг татах, тээвэрлэх, ашиглах график төлөвлөгөө ирүүлээгүй, шаардлагатай инженер техникийн ажилчдын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбараар ерөнхий инженерээс бусад автозамын инженер-3жил, материалын инженер-3 жил, хөдөлмөр хамгааллын инженер-3 жил гэсэн шаардлагад нийцээгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс дээрх нөхцөл байдлыг “...ТОӨЗ-ийн дээрх заалтууд ач холбогдолгүй өрсөлдөөнийг хязгаарласан, манай хувьд өөрийн асфальтобетон зуурмагийн үйлдвэрлэлтэй тул  өөрөө өөртэйгөө гэрээ хийх шаардлагагүй...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд шүүхээс энэ тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, мөн тендерт оролцогчийн техникийн чадвахи туршлагыг үнэлэхдээ 16.1.1-т “тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар” заасан үзүүлэлтийг харгалзан тогтоохоор заасан байна. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэж заажээ.

Хэрэв тендерт оролцогч захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийг өрсөлдөөнийг хязгаарласан, зөрчилтэй гэж үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт...” гомдол гаргахаар заасан байх ба нэхэмжлэгч дээрх хуулийн хугацаанд эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй тул ТОӨЗ-д заасан шаардлагыг хангасан  тендерийн  бичиг баримтыг ирүүлэх үүрэгтэй болно.

Дээрх үндэслэлүүдээр тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот дүгнэлт, зөвлөмжийн “И” ХХК-ийн ирүүлсэн тендерийг ТОӨЗ-д заасан “Асфальт бетон зуурмагийн үйлдвэрээс асфальтобетон нийлүүлэх тухай гэрээ эсхүл хэлцэл хийсэн баримт байхгүй,  асфальтобетоныг татах, тээвэрлэх, ашиглах график төлөвлөгөө ирүүлээгүй, санал болгож буй автозамын инженер, материалын инженер, хөдөлмөр хамгааллын инженерүүд нь ажлын туршлагын шаардлага хангахгүй” гэж үзсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендер”-ээс татгалзаж, “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу 100 хувийн саналаар гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон дүгнэлт, зөвлөмж нь зөв байна.

2. “ИНЕГД, гүйцэтгэгч “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвасын их засварын /Баянхонгор/ ажлыг хийж гүйцэтгэх ИНЕГ/ХО/ТББ/-07/20 тоот гэрээг  хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Тендерийн Үнэлгээний хорооны 100 хувийн саналаар “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах эрхийг олгожээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг хэлэх бөгөөд үүний дагуу захиалагч Иргэний нисэхийн Ерөнхий газар дарга  2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Э” ХХК-тай  “Нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвасын их засварын /Баянхонгор/ ажлын ИНЕГ/ХО/ТББ/Б-07/20 дугаартай гэрээг байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 29 дүгээр зүйлийн 29.2-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэснийг зөрчөөгүй байна.

 Нөгөөтэйгөөр Иргэний нисэхийн Ерөнхий газар даргын  2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Э” ХХК-тай байгуулсан “Нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвасын их засварын /Баянхонгор/ ажлын ИНЕГ/ХО/ТББ/Б-07/20 дугаартай гэрээ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэхүү гэрээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх сэргээгдэхүй юм. Учир нь дээрх гэрээ байгуулагдаж тендерийн үнийн дүнгийн 30 хувийг “Э” ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. 

 3. “И ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер тул гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, гэж заасны дагуу “Э” ХХК-ийн  ирүүлсэн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул хариуцагчид “И” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүлйийн 12.1, 16 дугаар зүйлийн 16.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.4, 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг баримтлан “И” ХХК-ийн ИНЕГДд холбогдуулан гаргасан “Иргэний нисэхийн Ерөнхий газрын Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот дүгнэлт, зөвлөмжийн 4-д “И” ХХК-ийн ирүүлсэн тендер нь  ТОӨЗ-ийн 5.2-ийн 6 дахь хэсэгт заасан Асфальт бетон зуурмагийн үйлдвэрээс асфальтобетон нийлүүлэх тухай гэрээ эсхүл хэлцэл хийсэн баримт, ТОӨЗ-ийн 5.2-ийн 7-д заасан асфальтобетоныг татах, тээвэрлэх, ашиглах график төлөвлөгөө тус тус ирүүлээгүй, ТОӨЗ-ийн 5.2/в/-д заасан санал болгож буй автозамын инженер, материалын инженер, хөдөлмөр хамгааллын инженерүүд нь ажлын туршлагын шаардлага хангахгүй тул татгалзах гэснийг, дүгнэлт зөвлөмжийн 5-д заасан Тендерт ирүүлсэн “Э” ХХК-ийг үнэлгээний хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хамгийн сайн үнэлэгдсэн тул гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдэл олгохыг зөвлөж байна гэснийг, мөн ИНЕГД, гүйцэтгэгч “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан Нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвасын их засварын /Баянхонгор/ ажлыг хийж гүйцэтгэх ИНЕГ/ХО/ТББ/-07/20 тоот гэрээг хүчингүй болгуулах, “И” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер тул гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                                 

 

 

 

ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ