Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 223/МА2017/00026

 

Ж.Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар  сарын 22-ны өдрийн 151/ШШ2017/00870 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Цэцэгдэлгэрт холбогдох

“Хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг  2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюундэлгэр, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Түвшинтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Шүүхийн шийдвэрээр Г.Цэцэгдэлгэрээс гэрлэлтээ цуцлуулж өөрийн охин Т.Энхжинг төрсөн эхийн асрамжид өгч шийдвэрлүүлсэн. Гэтэл Г.Цэцэгдэлгэр нь охин Т.Энхжинг асран хамгаалахгүй байна. Т.Энхжингийн хувьд ид өсөж торниж, эрүүл энх, боловрол мэдлэгт нь байнга анхаарал хяналтанд байх шаардлагатай охин хүүхэд учир эцэг миний асрамжид байх шаардлагатай байна. Иймд миний охин 2008 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн Т.Энхжинг миний асрамжид байлгахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид нь анх 2006 онд гэр бүл болсон. 2008 оны 1-р сард охин Т.Энхжин төрсөн. Г.Цэцэгдэлгэр, Ж.Түвшинтөгс нар нь 2013 онд гэрлэлтээ цуцлуулсан. Ж.Түвшинтөгс хүнтэй суугаад 2 хүүхэдтэй болоод сайхан амьдарч байгаа, газар тариалангийн бизнес эрхэлдэг. Улаанбаатар хотод 10-р хороолол, Цэлмэг хотхонд 2 өрөө байртай. 2013 онд Т.Энхжин 5 настай байсан учир хуулиараа бага насны хүүхдийг эцэгт нь өгдөггүй байсан. Иймд охин Т.Энхжинг ээжийнх нь асрамжид өгсөн. Одоо Ж.Түвшинтөгсийн амьдралын түвшин боломжийн болсон. Одоо охиноо Улаанбаатар хотод сургуульд сургаж, өөр эхтэй боловч нэг эцгийн хүүхдүүд ойр байх шаардлагатай гэж үзэж байгаа тул 2 дүүтэй нь ойр өсгөх бодолтой байгаа. Г.Цэцэгдэлгэр Ж.Түвшинтөгс нар нь хоорондоо маргаж муудалцаж байгаагүй хадам ээжтэйгээ таарамжгүй байсан. Охин Т.Энхжин нь ээж дээрээ байдаггүй. Эмээ дээрээ байдаг. Охиноо өндөр мэдлэг боловсролтой болгохын тулд өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Баянчандмань орохоор охинтойгоо уулзах гэхээр хадам ээж нь уулзуулдаггүй. Хадам аав нь хааяа уулзуулдаг байсан. Г.Цэцэгдэлгэртэй муудалцаж байгаагүй. Хадам ээжтэйгээ таарамжгүй байсан. Хүүхдийн тэтгэлгийг төлөлгүй 4 сар болсон нь үнэн. Хүүхэдтэй нь нэг ч удаа уулздаггүй учир өгөөгүй байж байгаад саяхан өгөөд дууссан. Одоо тэтгэмжийн талаар өр байхгүй. Охинд нь чиний аав архи уудаг, ээжийг нь зовоодог байсан гэж хэлдэг байх. Хүүхдэд эцгийг нь муугаар хэлж болохгүй. Хаан банкинд 8 000 000 төгрөгийн өртэй гэж байна. Монголд өргүй хүн гэж байхгүй. Хувь хүний нууцад халдсан учраас тодорхойлолт гаргаж өгсөн хүнийг захиргааны хэргийн шүүхэд өгөөрэй гэж би хэлсэн. Хүүхдийг сайн эмээ дээр өсгөөд сайн явж байгаа боловч эх нь өөрөө харж хандахгүй байна. Г.Цэцэгдэлгэр залуу хүн учир өөр хүнтэй сууна. Суусан хүн нь охиныг нь дээрэлхээд, зовоогоод байвал хэцүү” гэжээ.

Хариуцагч Г.Цэцэгдэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж.Түвшинтөгс нь анхнаасаа эхнэр, үр хүүхэд бидэндээ анхаарал хайр халамж тавьж байгаагүй. Харин гэр бүлээсээ гадуур өөр хүнтэй холбоо тогтоож өөр амьдралтай болсон учраас бид шүүхээр 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж охиндоо тэтгэлэг тогтоолгосон юм. Ж.Түвшинтөгс нь охиноо эргэж тойрох нь битгий хэл шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийн мөнгөө цаг хугацаанд өгдөггүй, хааяа хагас дутуу өгөхдөө хэл амаар доромжилж өгдөг. Охин Т.Энхжин нь ээж, эмээтэйгээ хамт өсөж торниж сурч боловсрохдоо илүү их аз жаргалтай байдаг. Би охин Т.Энхжингээ ирээдүйд эрдэм номтой сайн хүн болохын тулд сурч боловсроход нь анхаарч хайр халамжаар дутаагаагүй явсны үр дүнд охин маань өнөөдөр эрүүл саруул өсөж торниж улмаар сурсан сургууль, анги хамт олондоо сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлж сургуулийнхаа нэр төрийг гаргаж амжилттай сайн сурч байна. Иймд Ж.Түвшинтөгсийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, охин Т.Энхжинг төрсөн эхийн асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Түвшинтөгс нь 10 гаруй жил миний хүргэн байсан. Өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, архи их уудаг. Гэр бүлээсээ гадуур харилцаатай байсан. Миний охиныг зоддог байсан. Ач охиноо би өөрийн нэр дээр авах гэсэн боловч Ж.Түвшинтөгс зөвшөөрөөгүй тэгээд нэхэмжлэл гаргасан байх. Охиноо зодуулчхаад би чимээгүй байгаад байхгүй. Миний охин онц сурдаг сурлагатай хүүхэд байсан. Ж.Түвшинтөгстэй гэр бүл болоод сургуулиа хаясан. Хүүхдийн тэтгэмжээ 3 сар өгөөгүй байгаа. Хэлэхээр хоосон хүнээс юу авах вэ гэдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зохигчид нь 2006 онд гэр бүл болж, 2008 онд охин нь төрсөн. 2013 онд гэрлэлтээ цуцлуулсан. Охин Т.Энхжинг эхийн асрамжид үлдээсэн шүүхийн шийдвэр гарсан. Эцэг Ж.Түвшинтөгс эцгийнхээ үүргийг биелүүлээгүй. Ж.Түвшинтөгс өөрөө эх Г.Цэцэгдэлгэрийнх нь асрамжид үлдээсэн байдаг. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг ч удаа очиж уулзаж байгаагүй. Хүүхэддээ төлөх тэтгэмжээс зугтаадаг. Өөр хүнтэй гэр бүл зохиогоод амьдарч байгаа. Эхнэр нь ажилгүй архи, тамхи хэрэглэдэг. Хаан банкинд зээлтэй. Нэхэмжлэгч тал үндэслэлгүй зүйл ярьж байна. Ярьж байгаа зүйлийг нь нотлох баримт байхгүй. Г.Цэцэгдэлгэр нь тогтсон ажилтай 1 000 000 төгрөгийн цалинтай. Эмээ нь тэтгэвэрт байдаг. Т.Энхжин онц сурдаг, олон медаль, шагнал авсан. Эх нь хүүхдээ тэжээн тэтгэж чадахгүй байсан бол өнөөдөр охин нь аз жаргалтай, ийм олон медаль авч, онц сурахгүй байсан. Хүүхэд хөгжлийн төвөөс гаргасан нөхцөл байдлын үнэлгээ дэлгэрэнгүй байгаа. Иймд эхийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна” гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Т.Энхжинг эх Гантулгын Цэцэгдэлгэрийн асрамжид үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Түвшинтөгсийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй Цэцэгдэлгэрт холбогдох охин Энхжинг асрамжиндаа авах тухай Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8-р сарын 22-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Нэхэмжлэгч Түвшинтөгсийн охиноо өөрийн асрамжиндаа авч хот хүрээ бараадуулан илүү их мэдлэг боловсролтой ирээдүйн амьдралд нь эцэг хүний хувьд анхааралтай хандсаныг нь үнэлээгүй.
  2. Хүмүүсийн өнөөгийн амьдралын 2 газар орон байртай, өөрөөр хэлбэл мал аж ахуй газар тариалан эрхэлдэг газарт нь амьдралын нөхцлийн үнэлгээ хийлгэсэн, харин УБ хот суурин бизнес эрхэлдэг газрын орон байрны амьдралын нөхцлийн үнэлгээг очиж хийгээгүй, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн үнэлгээг голчлон үнэлсэнд нэхэмжлэгч Түвшинтөгс гомдолтой байдаг.

Мөн эцэг охины холбоо харилцааг ойртуулж өгөхийг оронд эцгийг нь хэтэрхий муугаар ойлгуулж хожим нь цусан төрлийн холбоог мэдэлцэхгүйгээр хуулиар аль аль нь бие биенээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг насанд хүрсэн хойноо ч мэддэггүй болгож өсгөдөг муу талтай гэдгийг шүүх дутуу үнэлсэнд зэрэгт гомдолтой байдаг юм байна.

Иймд дээрх нэхэмжлэгчийн гомдолыг үндэслэн Төв аймгийн Шүүхийн 2017.08.22-ны өдрийн шийдвэрийг давж заалдах гомдолоор хянан шийдвэрлэж хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэх боломжоор ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.Түвшинтөгс нь охин Т.Энхжинг өөрийн асрамжид авч, хүүхдийн асрамжийг өөрчлөн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч Г.Цэцэгдэлгэрийн охин Т.Энхжинг асрамжлах ажиллагаа нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж буй эсэх, түүний улмаас 2013 оны 09 сарын 20-ны өдрийн 361 тоот шүүхийн шийдвэрээр тогтоосон охин Т.Энхжинг эх Г.Цэцэгдэлгэрийн асрамжид байлгах тухай заалтыг өөрчлөх ямар нэгэн үндэслэл тогтоогдоогүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн нь зөв боловч үүнийгээ шийдвэрлэлгүй орхигдуулж, урьд нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад шүүхийн шийдвэрээр Т.Энхжинг эх Г.Цэцэгдэлгэрийн асрамжид үлдээхээр дахин уг асуудлыг шийдвэрлэн тогтоож, Ж.Түвшинтөгсийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хуулийн үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг өөрчилж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэглэсэн нэмэлт заалтыг шийдвэрт оруулахаар тогтов.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэвээр бөгөөд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2017/00870 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Түвшинтөгсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
  • 2 дахь заалтад “Гэр бүлийн тухай хуулийн 26, 38, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар Ж.Түвшинтөгсийг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагч Г.Цэцэгдэлгэрт үүүрэг болгосугай” гэсэн заалт нэмж,
  • 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.БОЛОРМАА         

                                  ШҮҮГЧИД                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                        Ш.ТӨМӨРБААТАР