Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/02434

 

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/02434

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг, 1 дүгээр баг, Бүргэдэй, булаг 3-9 тоотод оршин суух, Гал овогт Ринчиндоржийн Насанжаргал /РД:цд84091961/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, Өндөр гэгээн Занабазарын гудамж, “Шинэ Монгол хаад групп” ХХК-ийн байранд оршин байх, “Монголын Үндэсний алмазан өрөмдлөг” ХХК /РД:5483689/-д холбогдох,

 

2,096,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт зохигчдоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Насанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллах явцдаа 2015 оны 10 сараас жирэмсний амралтаа авч 2016 оны 5 дугаар сарын тушаалын дагуу ажилдаа орж ажилласан. Тус компани миний 2016 оны 12 дугаар сарын цалин 574,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын цалин 857,500 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын олговор 664,853 төгрөг, нийт 2,096,353 төгрөгийг олгоогүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Ганбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсан 2016 оны 12 дугаар сарын олгогдоогүй цалин гэх 574,000 төгрөгийг компанийн зүгээс тухайн цаг хугацаанд олгосон бөгөөд Р.Насанжаргалын өөрийн биеэр гаргаж тооцоо нийлсэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр  санхүүгийн баримтад цалингийн үлдэгдэлгүй тусгагдсан байна. 2017 оны 01 дүгээр сарын олгогдоогүй цалин гэх 857,500 төгрөгийг албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөөд тооцоогоо дуусгах үүрэгтэйг сануулсан боловч ажил хаяж явснаас үүдэн хойшлогдсон болно. 2016 оны ээлжийн амралтын олговор болох 664, 853 төгрөгөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 55,220 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл болох 609,633 төгрөгийн үлдэгдлийг мөн ажлаа хаяж явсан, албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөөгүйн улмаас олгогдоогүй хойшлогдсон болно. Баримтуудаас авч үзвэл нэхэмжилсэн нийт үнийн дүн болох 2,096,353 төгрөгөөс 12 дугаар сарын цалин 574,000 төгрөг, амралтын мөнгөнөөс урьдчилж авсан 55,220 төгрөгийг хасан үлдсэн 1,467,133 төгрөгийг компанийн зүгээс Р.Насанжаргалд олгох үндэслэлтэй бөгөөд хариуцсан ажлаа албан ёсоор хууль дүрмийн дагуу хүлээлгэн өгч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход боломжтой гэж үзэж тухайн дурдсан үнийн дүн дээр эвлэрэх саналтай байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1,467,133 төгрөгийг компанийн зүгээс 2017 оны 9, 10, 11 дугаар саруудын 25-ны өдрүүдэд 3 хувааж барагдуулах хүсэлтэй байна. Р.Насанжаргал дахин ажил хүлээлцэх шаардлагагүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Насанжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн 1,467,133 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр комисст ажил хүлээлгэн өгсөн тул дахин ажил хүлээлцэх шаардлагагүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Насанжаргал нь “Монголын Үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-д холбогдуулж цалин, ээлжийн амралтын мөнгө болох 2,096,353 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.Насанжаргал 2,096,353 төгрөгийн шаардлагын 629,220 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан бөгөөд тэрээр хариуцагчийн зүгээс үлдэх 1,467,133 төгрөгийг гурав хувааж буюу 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 489,044 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 489,044 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 489,044 төгрөгийг төлнө гэснийг зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбаруудаар тогтоогдож байна. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,492 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Р.Насанжаргалд буцаан олгож, хариуцагчаас 38,424 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Насанжаргал 2,096,353 төгрөгийн шаардлагын 629,220 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч үлдэх 1,467,133 төгрөгийг гурав хувааж буюу 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 489,044 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 489,044 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 489,044 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,492 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, 38,424 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

              ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ