Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02417

 

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02417

Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Их хөдөлгөөн гудамж, 0 тоотод оршин суух, Боржигон овогт Цэнд-Аюушийн Булгантамир /РД:аг81071407/-ын

 

Өлзийсайханы Нямцэрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Булгантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Булгантамир шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ө.Нямцэрэнтэй 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр танилцаж, 2008 оны 12 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Н.Нямбаярыг төрүүлсэн. Түүнээс хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаа нөхөр Ө.Нямцэрэн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бид энэ хугацаанд өөрийн гэр болон Баянгол дүүргийн “Их хөдөлгөөн” дромын сахиулаар амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хүү Н.Нямбаярт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул биднийг 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нас барсан өдрийг хүртэл буюу 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Булгантамир нь хүү Б.Нямбаярт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор талийгаач Ө.Нямцэрэнтэй 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд Ц.Булгантамир нь талийгаач Боржигон овогт Өлзийсайханы Нямцэрэнтэй 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан, хамтран амьдрах хугацаандаа буюу 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү  Б.Нямбаяр төрсөн, Өлзийсайханы Нямцэрэн нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нас барсан, мөн тэд гэрлэлтийн албан ёсны бүртгэлгүй амьдарч байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, №0000197591 тоот нас барсны гэрчилгээ, 1116004073 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,  фото зураг зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

 

Иймд Ц.Булгантамир, Ө.Нямцэрэн нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 133.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт Цэнд-Аюушийн Булгантамирыг Боржигон овогт Өлзийсайханы Нямцэрэнтэй 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                             Н.ХАНГАЛ