Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02413

 

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02413

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дугаар байр, 73 тоотод оршин суух, Харчин овогт Рэнцэнгийн Пүрэвжав /РД:ЧЗ66061610/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дугаар байр, 77 тоотод оршин суух, Боржигон овогт Агвааны Батболд /РД:ЧЗ86020972/-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Пүрэвжав, хариуцагч А.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 7 дугаар сард дээд айлаас ус алдаж үүссэн хохирлыг өөрийн хөрөнгөөр буюу 3,000,000 төгрөгийн зардал гаргаж засуулсан. Гэвч 2016 оны 8 дугаар сард дахин ус алдаж үлэмж их хэмжээний хохирол учруулсан болно. Энэ нь олон удаагийн давтамжтайгаар дээд айлаас байнга ус нэвчин алдасны улмаас цахилгаанд саатал гарч одоо манай байранд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Иймд гэм хорын хохиролд нийт 8,000,000 төгрөгийг хариуцагч А.Батболдоос гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч Р.Пүрэвжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ус алдалтаас үүссэн засварыг тохирсон хугацаанд янзлаж засуулахаар тохиролцож байна. Ус алдаж хохирол учруулснаа хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Тэрээр манай байранд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд засварын ажлыг шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан ажлыг буюу эмчилгээний өрөө, коридор, ариутгалын өрөө, 00-н өрөө, эхоны өрөө, барианы өрөө, үүдний өрөөнд хийхээр, тохирсон хугацаанд засварыг хийж дуусгаагүй нөхцөлд 2,703,300 төгрөгийг нэхэмжлэгч надад төлж барагдуулна гэснийг зөвшөөрнө. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч А.Батболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Батболд нь нэхэмжлэгч Р.Пүрэвжавтай эвлэрэх хүсэлттэй байна. Ус алдаж хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би нэхэмжлэгчийн байранд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд засварын ажлыг шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан ажлыг буюу эмчилгээний өрөө, коридор, ариутгалын өрөө, 00-н өрөө, эхоны өрөө, барианы өрөө, үүдний өрөөнд хийхээр, тохирсон хугацаанд засварыг хийж дуусгаагүй нөхцөлд 2,703,300 төгрөгийг нэхэмжлэгч Р.Пүрэвжавд төлж барагдуулна. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Пүрэвжав нь хариуцагч А.Батболдод холбогдуулж гэм хорын хохиролд 8,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч А.Батболд нь нэхэмжлэгч Р.Пүрэвжавын Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 71 дүгээр байрны 73 тоот орон сууцанд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд засварын ажлыг шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан байдлаар /эмчилгээний өрөө, коридор, ариутгалын өрөө, 00-н өрөө, эхоны өрөө, барианы өрөө, үүдний өрөөнд/ хийхээр, тохирсон хугацаанд засварыг хийж дуусгаагүй нөхцөлд 2,703,300 төгрөгийг нэхэмжлэгч Р.Пүрэвжавд төлж барагдуулахаар эвлэрч байна. 

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч А.Батболд нь нэхэмжлэгч Р.Пүрэвжавын Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 71 дүгээр байрны 73 тоот орон сууцанд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд засварын ажлыг шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан байдлаар /эмчилгээний өрөө, коридор, ариутгалын өрөө, 00-н өрөө, эхоны өрөө, барианы өрөө, үүдний өрөөнд/ хийхээр, тохирсон хугацаанд засварыг хийж дуусгаагүй нөхцөлд 2,703,300 төгрөгийг нэхэмжлэгч Р.Пүрэвжавд төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Батболдоос 58,203 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                           

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.ХАНГАЛ

 

                                         ШҮҮГЧИД                                            Б.АЗБАЯР

 

            Ч.МӨНХЦЭЦЭГ