| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0304/э |
| Дугаар | 2019/ШЦТ/311 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Идэрбат
Иргэний нэхэмжлэгч *******, *******
Орчуулагч Г.Гэрэлтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч БНХАУ-ын иргэн ******* /*******/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн ******* /*******/-д холбогдох эрүүгийн 1921001530294 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
БНХАУлсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ӨМӨЗОрны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга хошууны Алтан эмээл балгасанд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, 9 дүгээр анги төгссөн, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг ******* 4-01 тоотод хамтран амьдрагч *******, хүүхдийн хамт оршин суух, ******* ******* ******* // баримт бичгийн дугаар: /passort:E03905075/.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч БНХАУлсын иргэн ******* /*******/ нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга хилийн боомтоор Бүгд найрамдах Хятад ард улс руу гарах чиглэлд зорчихдоо Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны жагсаалтад орсон саарал чонын хоншоор 1 ширхэг, чонын шагай 64 ширхэгийг тус тус нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч БНХАУ-н иргэн ******* /*******/ нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга хилийн боомтоор Бүгд найрамдах Хятад ард улс руу гарах чиглэлд зорчихдоо Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны жагсаалтад орсон саарал чонын хоншоор 1 ширхэг, чонын шагай 64 ширхэгийг тус тус нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921001530294 хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь саарал зүсмийн чонын хоншоор байна.
2. Ховор болон нэн ховор амьтны жагсаалтад саарал чоно ороогүй.
3. Төлбөр төлж тусгай зөвшөөрөл авалгүйгээр чоно агнасан, барьсан гэм буруутай этгээдэд нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн Газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсны дагуу Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр Азарганд 510000, Өлөгчинг 600000 төгрөгөөр тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дугаар зүйлд зааснаар Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг. Хүйсийг тодорхойлох боломжгүй байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн 80 ширхэг шагай нь чонын шагай мөн болохыг тогтоов.
5. Ховор болон нэн ховор амьтны жагсаалтад саарал чоно ороогүй.
6. 80 ширхэг шагай нь 40-н толгой чонын эд эрхтэн болох тул Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр Азарганд 510000, Өлөгчинг 600000 төгрөгөөр тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дугаар зүйлд зааснаар Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг. Хүйсийг тодорхойлох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гадаад паспортны хуулбар /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа зэргээр нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч БНХАУлсын иргэн ******* /*******/ нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга хилийн боомтоор Бүгд найрамдах Хятад ард улс руу гарах чиглэлд зорчихдоо Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны жагсаалтад орсон саарал чонын хоншоор 1 ширхэг, чонын шагай 64 ширхэгийг тус тус нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******* /*******/, иргэний нэхэмжлэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Батхуяг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны улсын байцаагч Д.Ганзоригийн 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/, Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Г.Гантулгын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргасан дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 20-24 дүгээр хуудас/, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, акт /хх-ийн 25, 57 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /26-29 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 29 дүгээр хуудас/, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 482 дугаартай албан тоот, 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А-61 дугаартай сайдын тушаал /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, Монгол улсын Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт /хх-ийн 70-74 дүгээр хуудас/, улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны жагсаалт /хх-ийн 77-80 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч БНХАУлсын иргэн ******* /*******/-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны жагсаалтад орсон саарал чонын эд эрхтэнг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* /*******/ нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах Хавирга хилийн боомтоор Бүгд найрамдах Хятад ард улс руу гарах чиглэлд зорчихдоо Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны жагсаалтад орсон саарал чонын хоншоор 1 ширхэг, чонын шагай 64 ширхэгийг тус тус нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч БНХАУлсын иргэн ******* /*******/ нь чонын хоншоор 1 ширхэг, 64 ширхэг чонын шагайг иргэн худалдан авсан талаар мэдүүлж байгаа бөгөөд гэрч “...1 ширхэг, 64 ширхэг чонын шагайг... ******* /*******/-д зарсан...” /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ гэж мэдүүлж байгаа, иргэний нэхэмжлэгч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тооцон хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
-Шүүгдэгч БНХАУлсын иргэн ******* /*******/ нь Toyota prius-30 маркийн 88-18 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан гэрч “...Жолооч би машинаа бүртгүүлчихье миний гар тээшийг авч орж бай гэхээр нь аваад орсон. Дотор нь янз бүрийн юм байсныг үнэхээр мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч “...гар тээш сэжиг бүхий өнгөтэй байхаар нь тухайн цүнхийг авч эзэмшигчийг нь тодорхойлоход БНХАУлсын иргэн ******* /*******/ байсан. ...гялгар уутанд боосон чонын эд эрхтэн /чонын хоншоор, 80 ширхэг шагай/ зэрэг байхаар нь ...хураан авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч *******ы “...гаалийн байцаагч О.Онон нь рентгэн аппаратаар тус иргэний гар тээшийг оруулахад зөрчилтэй түүхий эд оруулж байсныг тогтоож хойшлуулашгүй ажиллагаа явуулсан...” /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг болон эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /20-24, 26-29 дүгээр хуудас/ зэрэг баримтаар үгүйсгэгдэж байх тул тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч “Их Мөнх Наран” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч ******* /*******/-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******* /*******/-ыг Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны жагсаалтад орсон саарал чонын хоншоор 1 ширхэг, чонын шагай 64 ширхэгийг тус тус нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасныг баримтлан шүүгдэгч ******* /*******/-д Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* /*******/-ны гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ******* /*******/-ийн дугаартай гадаад паспортны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чонын хоншоор 1 ширхэг, чонын шагай 64 ширхэг, 16 ширхэг нохойн шагайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч БНХАУ-н иргэн ******* /*******/-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны жагсаалтад орсон саарал чонын хоншоор 1 ширхэг, чонын шагай 64 ширхэгийг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар БНХАУ-н иргэн ******* /*******/-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч БНХАУ-н иргэн ******* /*******/-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чонын хоншоор 1 ширхэг, чонын шагай 64 ширхэг, нохойн шагай 16 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн TOYOTA PRIUS-30 маркийн 88-18 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч “Их Мөнх Наран” ХХК-нд олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ******* /*******/-ны Е039050075 дугаартай гадаад паспортны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******* /*******/-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН