| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00714/И |
| Дугаар | 130/ШШ2018/00001 |
| Огноо | 2017-12-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2018/00001
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Э сумын 3 дугаар багт оршин суух, Р-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Э сумын 6 дугаар багт орших, “С” өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 4200000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн “С” өрхийн эрүүл мэндийн төвд манаач, галчийн ажилд орсон юм. 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл манаач болон галчийн ажлыг тогтвортой хийж ирсэн.
Ажил олгогч эмнэлгийн дарга Г нь намайг үзэл бодлын хувьд хавчин гадуурхан хууль бусаар халсны дараа Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс намайг эгүүлэн тогтоож, ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг хүчингүй болгосон юм. Гэтэл ажил олгогч Г нь гурван шатны шүүхийн шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоосон боловч надад ажлаа өгөхгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 12 сар ажилгүй байсан юм.
Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор болох 4200000 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан өгч тус болно уу гэжээ.
Нэхэмжлэгч Р, хариуцагч Баян-Өлгий аймгийн Э сумын “С” өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г нарын хооронд байгуулсан Эвлэрэн хэлэлцэх тухай гэрээнд; Бид хоёр доорх гэрээг байгуулав.
1.Нэхэмжлэгч “С” өрхийн эрүүл мэндийн төвөөс нэхэмжилж байгаа мөнгийг нэхэмжлэхгүй байх.
2.Даулетханыг галчаар авч, гэрээнд заасан цалин хөлсийг олгох.
Иймд Р-ын “С” өрхийн эрүүл мэндийн төвтэй холбогдон гаргасан нэхэмжлэлийг бид хоёрын энэхүү гэрээг үндэслэж эвлэрэн хэлэлцэхээр шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ямар ч шалтгаангүйгээр ажлаас халагдсан. Тэр хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсэж байна. Миний сарын цалин 350000 төгрөг байгаа. Нийтдээ 4200000 төгрөгийг “С” эрүүл мэндийн төвөөс нэхэмжилж байгаа гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р нь Баян-Өлгий аймгийн С өрхийн эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор 4200000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2017/00033 дугаартай магадлалаас үзэхэд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаартай шийдвэрээр Р-ыг Баян-Өлгий аймгийн “С” өрхийн эрүүл мэндийн төвийн галчийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд уг шийдвэрийг тус магадлалаар хэвээр үлдээсэн байна. Дээрх шийдвэр магадлалыг хариуцагчийн төлөөлөгч Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ1011/00821 дугаартай тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр үйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох”-оор заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Р нь нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 14-ний хүртэл цалинг нэхэмжилж байгаа ба 2017 оны 11 дүгээр сарын 24-нд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгчээс ажилд томилсон тушаалыг гаргаж өгөөгүй боловч нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний хүртэл ажилгүй байсан гэх тайлбарыг няцаах нотлох баримт байхгүй байгаа тул нэхэмжлэгчийн тайлбарласнаар түүний ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс нэг сарын дундаж цалинг 350000 төгрөгөөр тооцож 4200000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлаж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг гаргаж өгчээ. Энэхүү тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч Р-ын дундаж цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу тооцоход Р нь 2016 оны 9 дүгээр сард 192000 төгрөг, 10 дугаар сард 326667 төгрөг, 11 дүгээр сард 186667 төгрөгийн цалин авснаар тусгагдсан байх тул нэхэмжлэгчийн дундаж цалин 235111 /192000+326667+186667=705334:3=235111/ төгрөг болж байгаа бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 19-нээс 2017 оны 11 дүгээр сарын 14-нийг хүртэл 12 сарын хугацааны олговор нийт 2821336 /235111х12=2821336/ төгрөг байна.
Иймд С өрхийн эрүүл мэндийн төвөөс 2821336 төгрөгийг гаргуулан Р-д олгож, илүү нэхэмжилсэн 1378664 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчаас нэхэмжлэгч Р-тай эвлэрсэн тухай эвлэрлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн боловч уг гэрээг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулахад эвлэрэн хэлэлцэх саналыг хүлээн зөвшөөрөөгүй байх ба уг гэрээнд “нэхэмжлэгч “С” өрхийн эрүүл мэндийн төвөөс нэхэмжилж байгаа мөнгийг нэхэмжлэхгүй байгаа” талаар тусгасан ба нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаагүй тул Иргэний хуульд нийцсэн гэрээ гэж үзэх боломжгүй болно.
Хариуцагч Г-д шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба нэхэмжлэгчээс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “С” өрхийн эрүүл мэндийн төвөөс 2821336 төгрөгийг гаргуулан Р-д олгож, илүү нэхэмжилсэн 1378664 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С өрхийн эрүүл мэндийн төвөөс 60091 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М