| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2017/0179/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/183 |
| Огноо | 2017-12-13 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/183
2017 оны 12 сарын 13 өдөр 2017/ШЦТ/183 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0179/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхзул
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан
Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х холбогдох 1739001550045 дугаартай эрүүгийн хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Хнь 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг Нөөлөгийн энгэр гэх газраас иргэн Б.Гын 138 хонь, 18 тооны ямаа, С.О 108 тооны хонь, 12 тооны ямааг нууцаар, хууль бусаар хулгайлан Б.Гад 11.830.000 төгрөгийн, С.О 10.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017.10.02-ны орой 18 цагийн орчимд зүүн хойд зүгээс 1 км орчмын зайд байх ууланд хонь маань бэлчиж байсан. орой 20 цаг өнгөрөөд гэрийн гадаа ирсэн байсан. Хонь ямаагаа хаших үед мал маань тасарч алга болсон бололтой цөөхөн байхаар нь гэрэлтүүлж хайгаад олж авч чадаагүй. Маргааш өглөө нь хайхад мотоциклоор хонь хөөсөн мөр олж аваад түүнийг мөрдөөд зүүн хойд зүгт явж байх хугацаандаа Батноров сумын цагдаад утсаар энэ тухайгаа мэдэгдчихээд нөгөө мөрөө надтай хамт явж байсан Б.Батбаатарын хамтаар мөрдөж явж байтал Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Сайхан багийн нутаг “Ухасгайн ам ” гэдэг *******тэй газрын хойд талд айлын эзэнгүй өвөлжөөний саравчинд алдагдсан хонь, ямааг маань хашчихсан байсан. Манай хонийг тууж явж хашсан гэх мотоцикльтой 2 хүнийг барьж авч хонь туусныг нь тогтоогоод тэр 2 хүнээр өөрсдөөр нь заалгаад хойшоо тууж явсан хонио олж авсан. Миний хувьд алдагдсан хонь ямаагаа тоо толгой бүрэн олж авсан. Харин эрэлд 1 машин 2 мотоциклтой явж 75 литр А-80 бензиний үнэ 117.750 төгрөгийг нэхэмжилж байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 19 тал/,
Хохирогч С.О мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2017.09.29-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг “Нөөлөгийн энгэр” гэх газар нутаглах авга дүү Б.Гын хонинд өөрийн 406 тооны хонь, 147 тооны ямааг нийлүүлээд дүү маань хариулж байсан юм. Гэтэл 2017.10.02-ны орой бэлчээрт байсан хонь ямаанаасаа 246 хонь, 30 ямааг таслуулж, хулгайд алдсан гэсэн. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өглөө Б.Г дүү маань алдагдсан хонь, ямаагаа мотоциклоор туугдсан байж болзошгүй мөрөөр нь мөрдөж яваад Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Сайхан” багийн нутагт алдсан хонь ямаагаа айлын эзэнгүй малын саравчинд хашаатай байхад нь олж авсан. Би хулгайд алдсан хонь ямаагаа бүрэн бүтэн олж авсан эрэлд зарцуулсан зардлыг Б.Г нэхэмжлэх байх, хонь ямааг хулгайлж намрын хайлган цагаар хол газар хөөж явсан буруутай этгээдэд гомдолтой байна ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Гэрч Б.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Б.Гтай хамт алдагдсан хонь, ямааг нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өглөө эрж явж байгаад тэдний хонь алдагдах үед бэлчээрт байсан гэх газраас нь нэг мотоциклтой хүн хонь тууж зүүн хойд зүг рүү явсан мөрийг олж уг мөрийг мөрдөж явж байгаад Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Сайхан” багийн нутаг “Ухасгайн ам” гэх газраас хойд зүгт эзэнгүй өвөлжөөний малын саравчинд алдагдсан хонь ямааг нь хашчихсан байхыг олж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,
Гэрч Ц.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баян-Адрага сум 1 дүгээр баг “Хараат” гэх газар нутаглах гэрийнхээ гадаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн орчимд эх*******тээ үнээг нь ивэлгэж өгөөд байж байхад миний найз болох Б.Ххөх өнгийн улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклтой манай гэрт ирээд надтай уулзаад ярихдаа Баян-Овоо сум руу хүнд мод зараад өлтгөнд нь 200 гаруй тооны хонь, ямаа авсан авсан хонь ямаагаа тууж явж байгаа. “Ухасгайн ам”-ны өвөлжөөнд хашчихаад явж байна, танай хонинд 50 тооны хонь тавъ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 тал/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-61 тал/
Гэмт хэрэг үйлдэгдэх үед ашигласан гэх мотоциклийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 тал/
Малын үнэлгээ /хх-ийн 46-47 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Хнь 2017 оны 10 дугаар сарын 02-ны орой Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг Нөөлөгийн энгэр гэх газраас иргэн Б.Гын 138 хонь, 18 тооны ямаа, С.О 108 тооны хонь, 12 тооны ямааг нууцаар, хууль бусаар хулгайлан Б.Гад 11.830.000 төгрөгийн, С.О 10.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймээс шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн зохих зүйл ангид заасан хариуцлагыг оногдуулах үндэслэлтэй болно.
Хохирогч Б.Г, С.О нар нь хулгайд алдагдсан хонь ямаагаа бүрэн олж авсан гэх ба хохирогч Б.Г алдсан малыг эрж хайхад зарцуулсан шатахууны үнэ 117.750 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн бөгөөд уг нэхэмжлэлийг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Хнь гэмт хэрэг үйлдэхдээ улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг ашигласан бөгөөд уг мотоциклийг худалдаж авсан боловч үнийг төлөөгүй гэжээ. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг түүний өмчлөлд бүрэн шилжсэн гэж үзээд хураан авч улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Х бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х 02 жил, 01 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х оногдуулсан 02 жил, 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Dayun маркийн YG162FMU19000180 гэсэн моторын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг мотоциклийг хураан авч улсын орлого болгохоор Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хэрлэнболдын цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 ахь хэсэгт зааснаар хохирогч Б.Гын нэхэмжилсэн шатахууны үнэ 117.750 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, шүүгдэгч нь хохирогч С.О төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Х авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА