Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/02384

 

2017 оны 09 сарын 07 өдөр

     Дугаар 102/ШШ2017/02384

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Эрэлийн 46 дугаар байр, Үйлчилгээний 2 дугаар танхимд оршин байх, “Ивээл инвест ББСБ” ХХК /РД:6068359/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байр, 6 тоотод оршин суух, Боржигон овогт Жамъянмядагийн Наранмандах /РД:чг72030774/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 267,873,269.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Ивээл инвест ББСБ” ХХК нь иргэн Ж.Наранмандахтай ЗГ/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж 160,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч Ж. Наранмандах нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/01 дугаартай гэрээ буюу зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар хороолол 50 дугаар байрны 59 тоот 3 өрөө байр, 15 м.кв авто зогсоолын захиалгын гэрээний хамт шилжүүлэн өгч барьцаалуулсан. Гэтэл зээлдэгч Ж.Наранмандах нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барьцаат зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Баянгол дүүрэг 2 дугаар хороо, 2-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 50 дугаар байр, 59 тоот, 79,92 мкв гурван өрөө, Ү-2205063785 улсын бүртгэлтэй №000486640 тоот гэрчилгээний дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсныг чөлөөлж шинээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаанд Сонгинохайрхан дүүрэг,  22 дугаар хороо Баянголын ам 18192 гудамж 260/12в тоот АОС-ны зориулалттай 166 мкв үл хөдлөх хөрөнгө болон, мөн Сүхбаатар дүүрэг Гоодой 19 дүгээр хороо, 700 мкв зуслангийн газрыг барьцаалсан. Өнөөдрийн байдлаар 8 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх тооцсон хүүнээс 12,840,000 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 4,210,000 төгрөгийг, зээлийн гэрээний хугацаа сунгалтын 1,600,000 төгрөгийг л төлсөн.  8 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 02-нд хугацаа дуусаж, 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл дахин сунгасан. Ж.Наранмандахыг зээлийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэлд 160,000,000 төгрөг, хүү 70,893,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,585,400 төгрөг нийт 267,873,269.33 төгрөгийн өр төлбөртэй байна. Зээлийн төлбөр төлөх хугацаа дууссанаас хойш зээлдэгч Ж.Наранмандах нь манай байгууллагатай холбогдох үедээ удахгүй төлнө эсвэл хуралтай байна гэсэн мессежийг байнга явуулж, худал ярьж байсан. Хамтран зээлдэгч Болормаатай уулзахад би хариуцахгүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа. Мөн гэр бүлийн хүн Баярмаатай уулзаж, батлан даалтын гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдий хүрээд байгаад бид маш харамсаж байна. Иймд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл 160,000,000 төгрөг, зээлийн хүү 70,893,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,585,400 төгрөг, тэмдэгтийн хураамж 394,536 төгрөг нийт 267,873,269.33 төгрөг хариуцагч Ж.Наранмандахаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Ивээл инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Наранмандахад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 160,000,000 төгрөг, хүү 70,893,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,585,400 төгрөг, нийт 267,873,296.33 төгрөгөөс нэхэмжлэгч тал 27,873,269.33 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 240,000,000 төгрөгийг хариуцагч 45 хоногийн хугацаанд нэхэмжлэгч “Ивээл инвест ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбадорж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Ивээл инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Наранмандахад холбогдох иргэний хэрэгт бид эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Наранмандах шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Ивээл инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Наранмандахад холбогдох иргэний хэрэгт бид эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ивээл инвест ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Наранмандахад холбогдуулж 267,873,269.33  төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 267,873,296.33 төгрөгийн шаардлагын 27,873,269.33 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 240,000,000 төгрөгийг 45 хоногийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрч байна.

 

Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй,  хуульд харшлахгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ивээл инвест ББСБ” ХХК 267,873,296.33 төгрөгийн шаардлагын 27,873,269.33 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагчЖ.Наранмандах нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 240,000,000 төгрөгийг 45 хоногийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,497,316 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 678,975 төгрөгийг улсын орлогоос, 678,975 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                           

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ