| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2017/0185/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/179 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2017/ШЦТ/179
2017 оны 12 сарын 11 өдөр 2017/ШЦТ/179 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0185/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхзул
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгч Ч.П нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.П холбогдох 1739000750017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.П нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө малын бэлчээрт “малын хаваржаа барьлаа” гэх шалтгаанаар Х.Шакемшарертийн нуруун тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х.Шакимшарертийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би адуундаа ганцаараа мотоцикльтой явсан. Манай нутгийн Ч.П гэх залуу цагаан машинтай ирсэн. Би ойртоод ирэхээр нь мотоциклоо унтраагаад зогссон. Машинаас Ч.П бууж ирээд миний нүүр лүү баруун гараараа цохисон. Дараа нь миний нуруу хэсэгт хөлөөрөө цохисон. Би мотоциклоосоо буугаагүй байсан болохоор мотоцикльтойгоо хамт унасан. Ч.Птэй хамт явж байсан Бажа гэх хочтой залуу салгасан. Ч.П мотоциклийн түлхүүр авчихаад өгөхгүй байсан. Намайг Ч.П зодох гээд байсан. Бажа болиулсан. Эрүүл мэндээрээ хохирсон. Гомдолтой байна. ... Дараа нь би мотоциклоо асаагаад дутуу адуугаа олох гээд явсан боловч Ч.Пэд өшиглүүлсэн биеийн хэсэгт хөндүүрлээд амьсгаа маань давхцаад байхаар нь гэртээ очсон. Гэртээ очиход миний төрсөн эгч Х.Нагиймаа байсан учир эгчдээ Ч.Пэд зодуулсан талаараа хэлэхэд эгч маань Бэрх хотын Эрүүл мэндийн төв рүү утасдаж түргэн тусламж дуудахад эмнэлэгээс К.Булбулгүл эмч ирж миний биеийг үзээд гаднаас хараад мэдэгдэх зүйлгүй байгаа тул Бэрх хотын төв рүү авч явах шаардлагатай гэсэн. Намайг бага дүү Х.Эрбол маань үүрч гарган эмнэлэгийн машинд суулгаж Бэрх хотын эмнэлэгт авчирсан. Нуруу маань бөгтийж хөшчихөөд босч чадахгүй байсан. 2017.09.08-ны өдрөөс 2017.09.18-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. 2017.09.21-нд Улаанбаатар хотын Люкс мед эмнэлэгт очиж нурууны зураг авахуулахад нурууны 3 дахь үеийн сэртэнг яс хугарсан гэж хэлсэн, Ч.Пэд зодуулснаас хойш удаан зогсож суухаар нуруу хөшиж өвдөөд, моринд мордож малдаа явж чадайхгүй байгаа бөгөөд урт бүсээр нуруугаа тойруулж бүслээд ойр суур мордож малаа харж байгаа гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20, 21-22 тал/,
Гэрч их эмч К.Булбулгүлийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Х.Шнь хүнд зодуулсан гэх дуудлагын дагуу очиход эмнэлэгийн жолооч Э.Батхүүгийн хамт түргэн тусламжийн машинтай уг дуудлагад очсон. Намайг очиход Х.Шхүнд зодуулаад нуруу нь хөдөлж болохгүй байна гээд зүүн талын орон дээр хэвтэж байсан. Би түүнээс биед нь ямар зовиур байгааг асуухад нуруу бөөр татна гэсэн зовиуртай байсан. Бэрх хот руу авч явах гээд машинд суулгах гэтэл хөл дээрээ гишгэж явж чадахгүй байсан. Х.Шнь малын бэлчээр дээр мотоциклтой явж байхад Ч.П ирээд үгийн зөрөөгүй нуруу руу өшиглөсөн гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
Гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Х.Шнь 8 сарын сүүлээр Бэрхийн төв дээр Есөнболын жоншны хашаанд байдаг гэрт хэвтэж байхад нь таарахад Ч.П гэдэг хүнд зодуулаад хөдөлж чадахгүй хэвтэж байна гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
Гэрч Х.Эрболын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017.08.19-ний өдөр 11 цагийн орчим Х.Ш гэрт дүү Х.Нурболын хамт очиход ах маань адуундаа мотоциклтой явж байгаад хөдөө малынхаа бэлчээр дээр 10 цагийн орчим ойролцоо нутаглах Ч.П гэдэг хүнд зодуулчихсан гээд гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байсан. Ахын биед ил харагдах шарх байхгүй. Харин нуруу нь хөдөлж чадахгүй хатгуулж өвдөөд тэнийхгүй байна гээд бөгтийчихсөн хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,
Гэрч Л.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... би найз Ч.Пийн гэрт 2017.08.16-ны өдөр очсон. 2017.08.19-нд Ч.П Хэрлэн сумын 8 дугаар багийн “Харганатай” гэх манай өвөлжөөний саравчинд ойрхон Есөнбол гэх хүн малын хашаа барих гэж байна. Очиж уулзана гээд 10 цагийн орчим намайг эхнэр Тунгаагийнхаа хамт вонго-3 маркийн машинтай явж байтал Есөнболын дүү Х.Шнь хөдөө малын бэлчээр дээр мотоциклтой явж байсан. Ч.П зогсоож уулзах гэтэл тэр цааш яваад байсан. ...яг тэр үед юу болсныг анзаарч хараагүй. Гэтэл Тунгаа болиочээ гэж хашгирахаар нь би машинаас бууж очсон. Х.Шнь мотоцикль дээрээ суучихсан Ч.П түүнийг заамдаж аваад цохих гэж дайрахад нь тэр 2-ыг салгасан. Ч.П та нар их даварч байна. Манай өвөлжөөнд ойрхон малын хашаа барих гэлээ гээд Х.Шакимшарертыг зодчих гээд уурлаад байсан. Харин Х.Шби тэр малын хашааг барих гээгүй. Барих гэж байгаа эзэнтэй нь буюу манай ахтай ярь гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
Шинжээчийн 2017.09.27-ны өдрийн 233 дүгнэлт: 1. Х.Ш биед бүсэлхийн 3,4-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хөндлөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь бүсэлхийн 3,4-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хөндлөн хугарал үүссэн байна. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15% алдагдана /хх-ийн 62 тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 69 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/,
Хохирогч Х.Ш гаргасан нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай
тодорхойлолт /хх-ийн 89 тал/,
Депозит дансны харилцагчийн хуулга /74-83 тал/ зэрэг болно.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ч.Пийг 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө малын бэлчээрт “малын хаваржаа барих гэлээ гэсэн” гэж хохирогч Х.Ш нуруун тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Х.Ш нь эмчилгээний зардал 500,000 төгрөг авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй болно.
Шүүгдэгч Ч.П нь улсын яллагчтай 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд ямар нэгэн маргаангүй гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Пийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Пийг 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг танилцуулснаас хойш 01 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Пэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА