Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/0702

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 29 өдөр           Дугаар 128/ШШ2020/0702          Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Д.О,

            Хариуцагч: БЗДУБХ,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж, ... дугаар байрны 7 тоот 39 м.кв 2 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хариуцагчид Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж, *** дугаар байрны 7 тоот 39 м.кв 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.О миний бие гэр бүл цуцалсантай холбоотойгоор гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөө хуваах асуудал дээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон, ***-7 тоот 39 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр намайг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхээс тогтоосон. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн хоёр тогтоолд нэг нь дээр нь намайг тэр байрын өмчлөгч мөн гэдгийг тогтоосон нөгөөх дээр нь эзэмшигч нь мөн гэдийг тогтоосон байгаа. Миний төрсөн хүү Г.З-тэй эвлэрлийн гэрээ байгуулаад дундын өмчийн хөрөнгөөс өөрт ногдох хувь буюу ...-7 тоот байрыг аваад эвлэрлийн гэрээ байгуулсныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээ байгуулж баталсан байгаа. Миний бие шүүгчийн гарсан захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх хуудсаар баталгаажуулах гээд улсын бүртгэлийн газар руу явуулсан боловч Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсийнхэн хуульд байгаагүй заалтаар миний эрхийг зөрчөөд, удаа дараа бүтэн жил явуулж байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг хариуцагч тал үндэслэж миний байрыг миний нэр дээр бүртгэхээс татгалзсан байдаг. Уг заалт нь өөрийнхөө өмчлөгч гэдгийг тогтоосон нотлох баримтуудыг цуглуулах ёстой гэсэн байгаа. Намайг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газраас өмчлөгч гэдгээ нотолж чадахгүй байна гэсэн. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр захирамж, тогтоолоор намайг өмчлөгч мөн гэдгийг нотлоод байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас намайг өмчлөгч мөн гээд албан бичиг хүргүүлээд байхад Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс энэ байрыг барьсан “Г” ХХК-ийн захирал н.Мэндбаяр гэдэг хүнээс энэ байрны төлбөрийг бүрэн төлсөн гэдэг бичиг хийлгэж авч ир гээд хуульд заагаагүй зүйл надаас шаардсан. Энэ үндэслэл нь хуульд байхгүй. Миний хүү Г.З нь “Г” ХХК-д мөнгөө зуун хувь төлөөд байрыг өөрийн нэр дээр болгоод гэрчилгээг нь авсан гэж хэлдэг. “Г” ХХК-ийн захирал н.Мэндбаяр өөрөө албан бичгээр өмчлөгч нь Г.З мөн, төлбөрөө төлөөд дууссан гээд бичгээр өгсөн байдаг. Энэ албан бичгийг нь шүүхээр нотлох баримтаар үнэлээд захирамж, шийдвэрээ гаргачхаад байхад ингэж байгаа нь хууль зөрчиж байна...” гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ зүгээр эвлэрлийн гэрээ байсан учир бид ач холбогдолтой гэж авч үзээгүй гэж хэлсэн. Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, Сансар хотхон, ***-7 тоот 39 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжилсэн нэхэмжлэгч Д.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүрэн хүлээн зөвшөөрдөг. Бүрэн хүлээн зөвшөөрснийг нь баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамж нь хэргийн оролцогчид эвлэрсэн учир шийдвэр биш захирамж хэлбэрээр гарсан. Гэхдээ энэ захирамж нь албан ёсны хүчин төгөлдөр шийдвэр юм. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн байрыг хууль ёсоор эзэмшиж байсан Г.З гэх хүн нь нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Энэ нотлох баримтад нь орон сууц захиалгын гэрээ гаргаж өгсөн. Уг гэрээ нь Г.Зын биш н.О гэх хүний нэр дээр байдаг. н.О гэдэг хүний захиалгын гэрээг Д.О, н.Г гэх хоёр хүн худалдаж авсан гэх гэрээ байдаг. Энэ хоёрын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдээд төлбөр нь бүрэн төлөгдсөн гэдэг нь бичигдсэн байгаа. Мөн шүүхэд Г.З нь Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, Сансар хотхон, ***-7 тоот 39 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгч юм гэх батламж гаргаж өгсөн байдаг. Энэ бүх зүйлийг шүүхийн материалд өгсөн байсан учир нотлох баримтын шаардлага хангуулаад гаргаж өгсөн. Мөн “Г” ХХК-иас ирсэн бичигт Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, Сансар хотхон, ***-7 тоот 39 м.кв хоёр өрөө орон сууцыг иргэн Г.З нь эзэмшдэг нь үнэн гэсэн бичиг байдаг. “Г” ХХК нь Г.З эзэмшдэг, бүрэн төлбөрөө төлсөн, батламжийг нь гаргаж өгсөн гэж байгаа юм. Энэ тохиолдолд төлбөрийг төлсөн үү үгүй юу гэдгийг нотлуулах шаардлага улсын бүртгэлд байхгүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн газар нь Улсын бүртгэлийн эрхийн бүртгэлийн тухай хуулиа баримтлах ёстой. Хуульд төлбөр тооцоо төлөгдөж барагдсан гэдэг ойлголт байхгүй. Харин өмчлөгч мөн гэдгээ нотлох ёстой гэдэг ойлголт байгаа. Бүх батламжууд нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үед өмчлөгчид өгдөг. Дээрх нотлох баримтуудаар бид өмчлөгч мөн гэдгээ бүрэн нотолсон учир гэрчилгээг гаргаж өгөх нь зөв гэж үзэж байна...” гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааны материалтай танилцсан, шүүхийн шийдвэрт эвлэрлийг нь баталсан байдаг. Тухайн үед би хэргийн материалтай танилцаагүй болохоор ямар материалууд ирсэн гэдийг би мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар би 4 дүгээр хороогоо хариуцдаг учир шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хэргийн материалтай танилцаж үзээд эвлэрлийг баталсан байна гэж харсан. Эвлэрлийг нь хоорондоо харилцан тохиролцсон гэж ойлгосон. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйл, 10 дугаар зүйлийг үндэслэж бүртгэх хүсэлтийг нь буцаасан. Бидний дагаж мөрддөг журмын 5.7 дугаар зүйлд  захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч нь өмчлөх эрхийг нь эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргасан иргэний нотлох баримт болоод гүйцэтгэгч байгууллагын захиалагчийн нэрсийн жагсаалт тэдгээрийн оруулсан хөрөнгө, ногдох талбайн хэмжээ, байршил, хэлцэл мэдээлэл гэх мэт тухайн эд хөрөнгөтэй холбоотой бүх мэдээллийг ирүүлдэг. Энийг “Г” ХХК ирүүлсэн бөгөөд ...-7 тоотын Г.З гэдэг хүн байдаг гэсэн мэдээлэл ирсэн байсан. Тухайн нотлох баримтууд хоорондоо зөрчилтэй гэж үзсэн. Иргэний шүүхээс маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхдээ өмчлөгч гэдгийг нь яг тогтоосон заалт байхгүй, мөн хоорондоо эвлэрсэн гэсэн. Эвлэрлээ өөрсдөө баталгаажуулах ёстой иймд манай байгууллага бүртгэх боломжгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу гэрчилгээ гардаг. Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, Сансар хотхон, ***, 36 дугаар байрны жагсаалт гэж байдаг. Сар бүр бүртгэгч нар ажил үүргийн хуваарийн дагуу бичиг баримттай танилцаад гэрчилгээг гаргадаг. Бид эрүүгийн хариуцлага хүлээх заалттай байдаг учир хувийн ашиг сонирхлоор ямар ч хүнд гэрчилгээ гаргахгүй зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэж гаргадаг. ...Хэрэв таны хэлсэн шиг төлбөр тооцоо нь төлөгдсөн гэж байгаа бол н.М төлбөр тооцоо нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Манайх төлбөр тооцоо болоод бусад нотлох баримтуудыг үндэслэн гүйцэтгэгч байгууллагын тодорхойлолтоор гэрчилгээг гаргадаг учир авах ёстой нотлох баримт гэж үзсэн...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж, ... дугаар байрны 7 тоот 39 м.кв 2 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хариуцагчид Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж, *** дугаар байрны 7 тоот 39 м.кв 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахыг даалгуулах” гэж тодруулжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.О нь нөхөр Ц.Г-с гэр бүлээ цуцлуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ***-ын 7 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамжаар “...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, *** дугаар байрны 7 тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Ог тогтоолгох шаардлагыг талууд хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Д.О нь гэр бүлийн дундын өмчлөлөөс ногдох хэсэг 38,446,000 төгрөгийг Ц.Гаас гаргуулах шаардлагаас татгалзсанаар” зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгчийн энэхүү захирамж нь эцсийн шийдвэр бөгөөд уг захирамжаар Д.О нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, *** дугаар байрны 7 тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоогдож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1/2881 дугаартай албан бичгийг БЗДУБХт хүргүүлжээ.

Уг албан бичигт “... төлбөр төлөгч Ц.Г, Г.З нарын эзэмшилд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, *** дугаар байрны 7 тоотыг Д.О /РД:НТ....../-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээг хуулбарлан ирүүлнэ үү” гэжээ.

Дээрх баримтуудаар, шүүхээс Д.Ог Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, *** дугаар байрны 7 тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан болох нь нотлогдож байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “...иргэн Д.Огийн өмчлөлд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад “Г” ХХК-иас төлбөр тооцоо дууссан албан бичиг авч, өмчлөх эрх шилжүүлэх материалаа үйлчилгээний танхимаар үйлчлүүлэх нь зүйтэй” гэсэн 8/995 дугаартай албан бичгийг шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх  Ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд хүргүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч Д.О бүртгэлийн байгууллагад 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг болон холбогдох бусад баримтуудыг гаргасан боловч тухай бүр татгалзсан хариу авч байсан болох нь хавтаст хэрэг авагдсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай  мэдэгдлүүдээр нотлогдож байна.

Хариуцагч захиргааны байгууллага улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлээ “...орон сууцны батламж Г.З нэрээр, захиалгын гэрээ Ш.Оюунбилэг нэрээр,  зөрүүтэй, “Г” ХХК-иас орон сууцны төлбөр тооцоо дууссан албан бичиг хавсаргах” гэж заасан нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана”, 29.1.3-д “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн”, 29.1.6-д “хуульд заасан бусад үндэслэл” гэж заасныг зөрчжээ.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7/9033 дугаартай албан бичигт “...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, ... дугаар байрны өмчлөх эрх бүхэлдээ “Г” ХХК-ийн  өмчлөлд бүртгэгдээгүй, захиалгын гэрээгээр иргэдийн өмчлөлд салж бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, хоршооллын хотхон ... дугаар байрны 7 тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэснээс үзвэл Шүүхийн хүчин төгөлдөр захирамжаар Д.Ог Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, хоршооллын хотхон ... дугаар байрны 7 тоот  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон байхад үүнийг бүртгэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана”, 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул Д.Ог Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, хоршооллын хотхон ... дугаар байрны 7 тоот  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 6 дугаар зүйлийн 6.3, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж, ... дугаар байрны 7 тоот 39 м.кв 2 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хариуцагчид Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж, *** дугаар байрны 7 тоот 39 м.кв 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                                 

 

 

 

           ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ