Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                                    Б.Цагаанцоож

 Улсын яллагч                                                  Э.Энхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  С.Сувдаа

 Шүүгдэгч                                                               Г.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Мөнхбаатарт холбогдох 201618020082 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Халх, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1984 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 32 настай,  боловсролгүй, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг Дуушийн 55 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2003 онд ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 06 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Дархан овогт Ганбаатарын Мөнхбаатар /МЗ84122611/

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 09 цагийн үед гар аргаар алт олборлогчдын ухсан нүхний аман дээр байрлуулсан тайл төмөр буюу нүхрүү хүн оруулах, нүхнээс хүн болон бусад зүйлийг татаж гаргахад хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн төмөр зүйлийг нүхний амнаас холдуулахдаа хайхрамжгүй хандсаны улмаас тайл төмрийн  нэг хөл сугарч нүх рүү унаж, уг нүхрүү орохоор доош бууж байсан иргэн Н.Батсуурийн нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мөнхбаатар мэдүүлэхдээ:  ... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Гачуурт гэх газар 5-лаа хувиараа алт олборлоод алтны нүх рүү орж байсан. 03 дугаар сарын 19-ний өглөө нүхэн дээр ирэхэд хүмүүс нүхний аман дээр тайл төмөр байрлуулаад тайл төмрөөр дамжин бидний ажиллаж байсан нүх рүү хүн ороод байхаар нь би уг төмрийг нүхний амнаас холдуулахдаа хайхрамжгүй хандаж, тайл төмөрний нэг хөл сугарч унан нүх рүү орохоор доош бууж байсан Н.Батсуурийн нүүрэн тус газарт цохисон. Тухайн үед би машинтай хохирогчийг аваад шууд Зүүнхараа орж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хохирогч Н.Батсуурьтай уулзаж хохирол төлбөрт 950000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ийм зүйл болно гэж бодоогүй гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Батсуурь мэдүүлэхдээ: ...Миний бие төрсөн ах Балжиннямын хамт 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Гацууртын ам” гэх газар гар аргаар алт ухаж байсан хүмүүс дээр очиж бид 2 нүх рүү орохоор болоод би ганцаараа нүх рүү орж байхад нүхний аман дээр байсан тайлны төмөр хөл сугараад миний дээрээс унаж зүүн талын нүдний чамархайн ясыг цуулсан гэмтэл учирсан. Миний дээрээс Зүүнхараагийн Мөөгий /Г.Мөнхбаатар/ гэх залуу тайл төмрөө татаад хөлийг нь унагасан гэж тухайн үед нүхний аман дээр байсан хүмүүс ярьж байсан. Миний дээрээс тайл унах болсон шалтгаан нь Мөөгий /Г.Мөнхбаатар/ гэх залуу нүх рүү орлоо гэж уурлаад тайлаа аваад нүхний амнаас холдуулаад шидэх үед нь тайл төмрийнх нь нэг хөл нь сугараад миний дээрээс унаж намайг гэмтээсэн. Би яг нүх рүү доошоо орж байхад тайл төмөр дээрээс унасан. Би нүх рүү орохдоо Мөөгий болон тэнд байсан өөр ямар ч хүнтэй хэрэлдэж маргалдаагүй. Мөөгий гэх залуу урд өмнө нь таньдаггүй байсан...Мөөгий гэх залуу миний дээрээс тайл төмрийг санаатай унагаагүй байх. Тайл төмрөө нүхний амнаас холдуулах гээд л төмөр унасан байх. Намайг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад хэд, хэдэн удаа ирж уучлалт гуйгаад эмчилгээний зардал 950.000 төгрөг төлсөн, надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-14-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Энхтөр мэдүүлэхдээ:   ...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Г.Мөнхбаатар бид хоёр “Гацуурт” гэх газарт байж байхад нэг залуу ирээд “танай нүх рүү зөндөө хүн орох гэж байна” гэхээр нь Г.Мөнхбаатар бид хоёр машинаас буугаад нүх рүү ирэхэд тайл байхаар нь Г.Мөнхбаатар “үүгээр дамжиж хүмүүс нүх рүү ороод байхгүй юу энэ тайлыг холдуулъя” гэж хэлээд нүхний аман дээр байрлуулсан тайлыг ганцаараа өргөөд холдуулах үед тухайн тайлны нэг ширхэг хөл төмөр нь сугараад доош нүх рүү уначихсан. Тэгтэл нүхэн дотор байсан хүмүүс дээшээ гармаар байна гэж орилоод байсан. Доороос нэг танихгүй залуу гарч ирээд “хүний дээрээс тайлны хөл унаад гэмтээчихлээ ш дээ” гэж хэлсэн. Төмөрт оногдож цохиулсан гэх хүнийг нүхнээс гаргаж ирэхэд хацар, шанаа нь гэмтсэн байсныг Г.Мөнхбаатар хүмүүстэй нийлээд машинд суулгаад өөрөө эмнэлэг рүү авч явсан. Г.Мөнхбаатар “тайлыг холдуулъя” гээд л холдуулсан, тэрнээс орилж хашгирсан зүйл байхгүй, тэр төмрөнд цохиулсан хүний ах нь бид нарын хажууд байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Баяраа мэдүүлэхдээ: Гэрч Ц.Баяраагийн “...Би тухайн үед нүхэнд байсан. Дээрээс хүн орж ирж байгаа бололтой чимээ гараад байсан. Араас нэг залуу олсоор дамжаад буугаад ирсэн ба тэр залуугийн хацарнаас цус гарчихсан байсан. Би түүнээс яасан бэ, юу болсон бэ гэж асуусан чинь “доошоо бууж явсан чинь тайлны хөл дээрээс унаад оночихлоо” гэж хэлээд цаашаа явах гээд байхаар нь би чи цус нөжтэйгөө холилдчихоод яаж явах гээд байгаан бэ, нүхнээс гар гээд гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Балжинням мэдүүлэхдээ: ... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн дүү Батсуурийг дагуулаад “Ноён Уул” гэх газарт гар аргаар алт олборлохоор явсан юм. Тэгээд би дүүгээ нүх рүү оруулаад нүх рүүгээ орчихсон байх гэж бодоод цаашаа 2-3 алхатал хүмүүс бужигнаад явчихаар нь эргээд хартал Мөөгий /Г.Мөнхбаатар/ гэх залуу тайлаа цааш нь нүхний аман дээрээс сугалаад авсан. Гэтэл нэг залуу “саяны орсон залуугийн нүүр нь цөмрөөд аймар юм болчихлоо ш дээ” гэж хэлсэн. Тэгээд манай дүүг оосорлоод нүхнээс гаргаж авсан ба дүү Батсуурийн зүүн шанаа хэсэг нь цаашаа цөмрөөд орсон, язарсан хэсгээр нь цус гарсан байсан. Тэгээд Мөөгий /Г.Мөнхбаатар/ гэх залуу машиндаа суулгаад шууд Зүүн хараагийн эмнэлэг дээр ирсэн. Санаандгүй байдлаар л доошоо төмөр унчихсан болгоомжгүй зүйл болсон” гэх мэдүүлэг/хх-ийн 19-р хуудас/

Шүүх эмнэлэг үзлэг хийсэн акт №4091 дугаартай “...Н.Батсуурийн биед зүүн чамархайн ясны суурийн хэсэг, гайморовын хөндийн урд хана, зүүн хацар яс зүүн нүдний ухархайн гадна хана, дээд хана, дотор хананы хугарал, зүүн чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан дээрхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. -Дээрхи гэмтэл нь мохоо 1 удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-31-р хуудас/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 56-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/ зэргийг шинжлэв судлав.

 

Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт”-ын алт гэх газар  2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 09 цагийн үед гар аргаар алт олборлогчдын ухсан нүхний аман дээр байрлуулсан тайл төмөр буюу нүхрүү хүн оруулах, нүхнээс хүн болон бусад зүйлийг татаж гаргахад хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн төмөр зүйлийг нүхний амнаас холдуулахдаа  өшиглөж зайлуулснаас тайл төмөрний нэг хөл сугарч нүх рүү унаж, уг нүхрүү ороод доош бууж байсан иргэн Н.Батсуурийн нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Г.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан “ бусдын  бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалд  950000 төгрөгийн хохирол төлсөн, одоогоор төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг  харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метрийн урттай  4 см-ийн урттай радиус хэмжээтэй 1 ширхэг тайл төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тогтоолд тусгах нь зүйтэй байна.

       

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:

        

     1.Шүүгдэгч Дархан овогт Ганбаатарын Мөнхбаатарыг бусдын  бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар  Г.Мөнхбаатарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Мөнхбаатарт оногдуулсан 01 жил хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар  хянан харгалзаж мөн хугацаанд ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн бармтаар хураагдан ирсэн 1 метрийн урттай  4 см-ийн урттай радиус хэмжээтэй 1 ширхэг тайл төмөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.

 5.Энэ хэргийн улмаас хүнд гэмтэл авсан хохирогч нь цаашид энэ гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6.Шүүгдэгч Г.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7.Шүүгдэгч Г.Мөнхбатаарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

9.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол  гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах эрхтэй.                          

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ