Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/1540

 

2015 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/1540

Улаанбаатар хот

 

  Б.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, гуравдагч этгээд Л.Очирбат нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улиастай сумын Богдын гол баг, Баруун бүсийн худалдааны төвийн баруун талд байршилтай 600м2 газрыг дуудлага худалдаагаар 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар захирамжаар, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар иргэн Г.Пэрэнлэйгээс худалдан авч хуулийн дагуу эзэмшиж байна. Манайх тухайн газарт үйл ажиллагаа явуулаад 4 жил болж байгаа ба анхашиглалтад оруулахдаа дулаан хангамжийн техникийн нөхцлийн дагуу инженерийн шугам сүлжээнд холбуулсан. Гэтэл хил залгаа орших газрыг Засаг дарга Ж.Жамъянтив 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/313 дугаар захирамжаар иргэн Л.Очирбатад 467м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд энэ захирамж нь Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон байхад Засаг дарга Ж.Жамъянтив нь 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар дахин эзэмшүүлжээ. Тухайн газар нь манай татсан дулааны шугаман дээр давхцуулж газар олгосон ба байшингийн цонхны гэрэл хаагдаж байшин хоорондын зай, галын аюулгүйбайдал, орох гарах, ачаа буулгах, үйлдвэр үйлчилгээ явуулах боломжгүй боллоо. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамжийг үл хүндэтгэн шүүхийн албадан гүйцэтгэх үйл ажиллагаа бүрэн явагдаж дуусаагүй байхад дахин давтан захирамж гарган иргэн биднийг хохироож байна. Мэргэжлийн хүмүүс мэдүүлэг өгөхдөө хувь хүнээс авсан техникийн нөхцөл инженерийн шугам сүлжээнд хамаарна гэсэн болохоор, манайх инженерийн шугам сүлжээтэй газар мөн гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч Завхан аймгийн шугам сүлжээний асуудлыг зөвхөн Амь-Ус Трейд ХХК хариуцдаг гэж хэллээ. Хэрвээ ганцаараа энэ асуудлыг хариуцдаг байсан бол манайх дулаанаа яаж авах вэ? гэж асууж байхад ямар ч зөвлөгөө өгөөгүй.Л.Очирбат ямар хог шороо байсныг цэвэрлэж өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээчихээд энэ газрыг авсан юм бэ. Байшингаа барихын тулд л шороо асгасан байх. Хэрвээ энэ газар барилга баригдвал бид нарны тусгал үзэхгүй, байшин луу орох гарах хөдөлгөөн хаагдана, барилга хоорондын зай алдагдаж, галын аюулгүй байдал алдагдана. Тиймээс иргэн Л.Очирбатад газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А\79 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд урьд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэбатын үйлчилгээний төвийн барилга нь Баруун бүсийн худалдааны төвийн уурын зуухнаас дулаан цэврийн шугамаа татсан. Амь Ус трейд ХХК-аас албан ёсоор техникийн нөхцөл аваагүй, манай байгууллагад мэдэгдэж, шугам сүлжээний зураглалд оруулаагүй байна. Б.Эрдэнэбат нь бохирынцооногоо өөрийн эзэмшил хашааны гадна талд хийсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасны дагуу бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Иргэн Л.Очирбат нь өөрийн эзэмшил газартаа барилга барьж байгаа болно. Иргэн Л.Очирбатын газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны тогтоолоор иргэнд олгогдохооргазар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар болно. Мөн Л.Очирбат нь тухайн газарт нөхөн сэргээлт хийсэн байна. Засаг даргын өмнөх захирамжийг шүүгч Н.Амарзаяа хүчингүй болгосон.Б.Эрдэнэбатын байшингийн цонхыг ерөөсөө хаасан зүйл байхгүй. Барилга хоорондын зай бол 4-5 метр байгаа. Өмнөх захирамж гарсны дараа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарсан байгаа. Энэ тогтоолыг гаргахдаа хэн нэгэн хүний дарамт шахалтанд орж иргэн Л.Очирбатад газар эзэмшүүлэх тогтоол гаргаагүй нь тодорхой. Тэр тогтоолыг гаргахдаа ардчилсан зарчмаар санал хураагаад гаргадаг байх. Б.Эрдэнэбатад 600 м2 газар олгогдсон байгаа. Гэтэл газраа их хэмжээгээр сунгасан байдаг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар нөхөн сэргээлт хийсэн хэмжээгээр нь тухайн иргэнд газар эзэмшүүлж болдог байгаа. Энэ газрыг хуулийн дагуу л эзэмшүүлсэн. Л.Очирбат гуай ус зайлуулах шугам шуудуу татах байлгүй дээ. Нөхөн сэргээлтийг яг тэгж шороо асгасныг нөхөн сэргээлтэнд тооцно, тооцохгүй гэсэн стандарт дүрэм журам байдаггүй юм байна лээ. Тэгэхээр Л.Очирбат Хово машинаар шороо асгаж зөндөө зардал гаргаж нөхөн сэргээлт хийсэн байдаг. Тийм учраас нөхөн сэргээлт гэж тооцохоос өөр арга байхгүй. Тухайн газрыг газрын албанаас дур мэдээд олгочихдог зүйл биш. Аймгийн Иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын тогтоол гарсан байна, Засаг даргын захирамж гарсан байна, манайхаас кадастрын зураглал гарч байж л газар олгогдож байгаа. Түүнээс биш Засаг дарга Ж.Жамъянтив гэдэг хүн дур мэдээд Л.Очирбатад газар олгож байгаа асуудал биш юм. Тиймээс Засаг даргын захирамжийг хэвээр үлдээж өгөөч гэсэн байр суурьтай байна гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд урьд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/313 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Гэвч манайх 2015 оны 04 сараас эхлэн нөхөн сэргээлтийг баталгаажуулсан болохоор Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дүгээр захирамж дахин гарсан. Тухайн газар дээр албан ёсны шугам сүлжээ байхгүй гэдгийг Амь-Ус трейд ХХК болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар мэдэгдэж байгаа. Иргэн Б.Эрдэнэбат нь өөрийн дур мэдэн төрийн газар дээгүүр халаалт болон цэвэр усны шугам авснаас уг маргаан үүссэн. Б.Эрдэнэбат нь намайг газар эзэмших эрхээ авсны дараа гараашны хаалга болон контейнерийн хаалгаа манай газар луу харуулж барих, хайс татаж байгаа үйлдлүүд нь хүний эрхийг зөрчиж байна. Би аймгийн Засаг дарга болон газрын албанд удаа дараа газар эзэмшүүлэх өргөдөл өгсөн. Тэгэхэд ийм хэмжээний газар байна, үүнийг нөхөн сэргээлт хийгээд авах ёстой гэж хэлсэн. Түүний дагуу л нөхөн сэргээлтийг хийгээд газраа эзэмшсэн. Айлууд зэрэгцээд, зэрэгцээд газраа аваад амьдарч байгаа. Инженерийн шугам сүлжээ бол миний газрын зөвхөн өнцгийг оруулаад явсан шиг байна лээ. Үүнийг бол бид хоорондоо тохиролцоод янзлах боломжтой. Халаалтын шугамыг жоохон өөр тийш шилжүүлэх зардлыг би хариуцаж болно. Миний барьсан байшин Б.Эрдэнбатын байшингийн гэрэл, гэгээ, цонхыг хаасан зүйл ерөөсөө байхгүй. Надад эхлээд 467 м.кв газрыг эзэмшүүлсэн байгаа. Тэгээд айлын цонх хаагаад байна гээд хэл ам гараад 404 м.кв болгосон юм. Би нөхөн сэргээлтийг газар эзэмшүүлэх захирамж гарсаны дараа хийдэг гэж ойлгосон. Тэр хонхор ус тогтдог газар шороо хийхээс өөр хийх зүйл байхгүй шүү дээ. Би Байгаль орчны газарт 7 дугаар сарын сүүлээр хүсэлт өгсөн юм. Тэгээд надад хариу өгөхгүй байж байгаад мэргэжлийн хүмүүс очиж үзээд дарга нь бичиг хийж өгсөн. Хавар 4 сард хийсэн нөхөн сэргээлтийн зураг байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-дзаасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/75 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 25 тоот шийдвэрт Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц , барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсөнөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Эрдэнэбатын татсан дулааны шугам дээр давхцуулж газар олгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэсэн нь дулааны шугам сүлжээнд ямар ч хамааралгүй заалтыг хэрэглэсэн байна. Энэ заалтад шугам сүлжээ гэж оруулсан нь инженерийн шугам сүлжээ биш, эрчим хүчний шугам сүлжээг хуульчилсан байна. Эрчим хүчний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино гэжээ. Маргаан бүхий газрын дээгүүр өндөр хүчдэлийн шугам огт байхгүй. Шүүгч маргаан бүхий газарт очиж хэмжилт хийгээд иргэн Л.Очирбат нь захирамжид заасан газрын хэмжээнээс илүү газар эзэмшиж байгаа мэтээр буруу бичсэн байна. Б.Эрдэнэбат нь хашаагаа сунгаж 1000 гаруй м.кв болсон байсан. Эднийх захирамжаар 600 м.кв газар эзэмшдэг. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар газрын хэмжээний талаар маргахгүй байгаа болно. Аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай шүүх хурал явагдсан. Гэтэл Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/75 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. А/75 дугаар захирамж нь тухайн маргаан бүхий газартай ямар ч холбоогүй захирамж юм. Иймд иргэн Б.Очирбат нь тухайн газарт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу хангалттай нөхөн сэргээлт хийсэн гэж үзэж байна. Мөн тухайн газрыг хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон газар гэж үзэж байна. Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчинтэй хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлжээ.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн газар нь дулааны болон цэвэр усны шугаман дээр давхцуулж олгосон, уг газарт барилга барьсаны улмаас байшингийн цонхны гэрэл хаагдаж нарны тусгал үзэхгүй, байшин луу орох гарах хөдөлгөөн хаагдана, барилга хоорондын зай ойртож галын аюулгүй байдал алдагдана гэж тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэн Л.Очирбат тухайн газрыг нөхөн сэргээсэн тул Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмшүүлсэн, Б.Эрдэнэбатын цонх болон орц гарцыг хаасан асуудал байхгүй, нэхэмжлэгч олгосон газраасаа илүү хэмжээгээр эзэмшиж байгаа, Б.Эрдэнэбатын үйлчилгээний төвийн барилга нь Баруун бүсийн худалдааны төвийн уурын зуухнаас дулаан, цэврийн шугамаа татсан ба Амь-Ус трейд ХХК-иас албан ёсоор техникийн нөхцөл аваагүй, манай байгууллагад мэдэгдэж шугам сүлжээний зураглалд оруулаагүй гэж маргажээ.

Шүүх Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохдоо гэрч Ч.Буяндэлгэрийн мэдүүлэг болон үзлэгийн тэмдэглэлийг үндэслэсэн нь учир дутагдалтай байна.

Тодруулбал, Геодези зураг зүйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д зааснаар газар болон барилга байгууламжийн ашиглалтын үеийн геодезийн хэмжилт явуулах үйл ажиллагаа нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.7-д заасан тусгай зөвшөөрөл шаарддаг бөгөөд энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан шинжээч томилох үндэслэл болно.

Гэтэл шүүх газрын хэмжээ, байршлыг тогтоох зорилгоор өөрөө үзлэг хийж Л.Очирбатад олгосон газрын хэмжээ, барилга хоорондын зай, нэхэмжлэгчийн барилгын цонхыг хаасан байдал зэргийн хэмжээг тодорхойлсон, уг үзлэгийн тэмдэглэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.4-д ...хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж заасанд хамаарч байна.

Хэдийгээр Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр иргэн Л.Очирбатад 467 м.кв газар эзэмших эрх олгосон Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/313 дугаар захирамжийг хүчингүй болгосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх боловч маргаан бүхий Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар газрын хэмжээг багасгаж 404 м.кв болгосон, газар эзэмших эрх олгосон нөхцөл байдал, үйл баримт өөрчлөгдсөн тул урьд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзэх боломжгүй.

Зүй нь нэхэмжлэгч Б.Эрдэнэбатын дулааны болон цэвэр усны шугам сүлжээ байрлах газар иргэн Л.Очирбатад олгосон 404 м.кв газрын аль хэсэгтэй, ямар хэмжээгээр давхцаж байгааг тогтоож, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан хамгаалалтын зурваст орж байгаа эсэх, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д заасан усны барилга байгууламжид хамаарах цэвэр усны шугам Л.Очирбатын газартай ямар хэмжээгээр давхацсанд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Эрдэнэбат цэвэр усны шугам татах зөвшөөрөл хаанаас авсан, техникийн дүгнэлт гаргуулсан эсэх, дулааны шугам татах зөвшөөрөл олгосон Уулст Дөл ХХК дулаан хангамжийн техникийн нөхцөл олгох эрхтэй этгээд эсэх, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.5-д заасан зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй этгээдээр дулааны шугам татуулсан эсэх, Завхан аймгийн Улиастай сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын хилийн заагийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байдаг эсэх, 1997 онд Улиастай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан гэх /гэрчийн мэдүүлэг х.х-57/ тус сумын инженерийн шугам сүлжээ бүхий газарт нэхэмжлэгчийн татсан шугам хамаарч байгаа, маргаан бүхий актыг гаргасан захиргааны албан тушаалтан нэхэмжлэгчийн шугам сүлжээ бүхий газрыг мэдэх боломжтой байсан зэрэгт эрх зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.

Дээрхи нөхцөл байдлыг тогтоох нь хууль бус захиргааны актаар Л.Очирбатад газар эзэмшүүлснээс нэхэмжлэгчийн ямар хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас эрх нь зөрчигдсөн эсэхийг тогтоох ач холбогдолтой юм.

Мөн хэргийн оролцогчид Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дүгээр захирамжийн талаар маргаж байхад шүүх А/75 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэстэй.

Харин Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эрчим хүч гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг гэж тодорхойлсон тул дулааны шугам сүлжээнд ямар ч хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэсэн, хуулийн заалтад шугам сүлжээ гэж оруулсан нь инженерийн шугам сүлжээ биш, эрчим хүчний шугам сүлжээг хуульчилсан гэх давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

Дурьдсан нөхцөл байдлын улмаас энэхүү захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ О.НОМУУЛИН