Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00793

 

Я.Нацагдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00198 дугаар шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 458 дугаар магадлалтай,

 Нэхэмжлэгч: Я.Нацагдорж

Хариуцагч: Шпаркассэ банкны Монгол дахь сан

 ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 13 дахь сарын цалин 3,293,377 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамбын гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба /нар цахимаар/, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2019-05-01-ний өдөр Шпаркассэ банкны Монгол дахь санд ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан орсон. Туршилтын хугацаа 2019-08-01-ний өдөр дуусгавар болж, 2021-11-30-н хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2019-10-21-ний өдөр Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч дуудаж, ажлаас халах тушаал өгч, ажилтай холбоотой бүх зүйлийг хурааж авсан. Тушаалд зааснаар ажлын байрыг цөөрүүлсэн эсэх, эсхүл ажлын байр хасагдсан эсэх нь тодорхойгүй, надад огт мэдэгдэл өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-т зааснаар мэдэгдэл, бүтцийн өөрчлөлтийн тушаалаа танилцуулаагүй. Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч 2019-10-21-ний өдөр шууд дуудан, ажлаас халсан тушаал өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.5-т нийцэхгүй, мөн цомхотгол хийх хууль зүйн үндэслэлгүй байсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. Үндэслэлгүйгээр ажлаас халсан тул 13 дахь сарын цалин урамшууллыг бүтнээр нь авах хууль зүйн үндэслэлтэй. Харин 2019-08-24, 09-14-ний өдөр илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 459 540.97 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төвтэй бөгөөд 2018-11-06-ны өдрийн ТУЗ-н шийдвэрээр 2019-05-01-ний өдөр Монгол Улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн. Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сан төлөөлөгчийн газар нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд гол зорилго нь хөгжлийн хамтын ажиллагаа, хоорондын харилцаанд дэмжлэг үзүүлэх төдийгүй эдийн засгийн ба нийгмийн тогтвортой хөгжилд орон нутгийн, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд дэмжлэг үзүүлэх, банкны салбарыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх боловсрол олгох, сургалт, семинар зохион байгуулах зэрэг арга замаар Монгол Улсад иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд оршдог. Я.Нацагдорж болон Шпаркассэ Монгол дахь сан суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун нарын хооронд 2019-04-01-ний өдөр 19/0001 дугаар даалгаврын гэрээ байгуулсан. Уг гэрээ нь 2019-04-01-с 2019-07-31-ний өдрийг дуустал 4 сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд гэрээний төлбөрт 3 690 евротой тэнцэх хөлсийг гүйцэтгэх өдрийн банкны бэлэн бус худалдан авах ханшаар тооцож олгохоор харилцан тохиролцсон. Гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь Дархан Уул аймагт даалгавар гүйцэтгэх, энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг тус тус даалгавар гүйцэтгэгч тал буюу Я.Нацагдорж нь сайн дураар төлөхөөр харилцан тохиролцсон. Даалгаврын гэрээний хугацаа 2019-07-31-ний өдөр дуусгавар болох тул 2019-07-25-ны өдөр суурин төлөөлөгч нууцлалын зэрэглэлтэй ажлын ярилцлага хийж, тухайн ярилцлагыг үндэслэн төв салбарт санал хүргүүлсний үндсэн дээр 2019-08-01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн харилцаа үүссэн. Шпаркассэ банкны Монгол дахь Сангийн төлөөлөгчийн газар нь Монгол Улсад 2019-05-01-с эхлэн үйл ажиллагаагаа эхлэхдээ хэд хэдэн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд төслийн ажилтан өөрт байгаа хөдөлмөрийн гэрээний бэлэн загварыг ашиглан Я.Нацагдоржтой хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа техникийн алдаа гаргаснаар түүнтэй байгуулсан гэрээний эхлэх огноо 2019-05-01-ний өдөр гэж буруу гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо 2019-05-01-с эхлэн хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй тайлбарыг гаргаж байгаа нь бусдын жижиг алдааг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 12.1-т талууд хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа 3 cap байхаар харилцан тохиролцсон. 2019-10-21-ний өдрийн 19/10 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай суурин төлөөлөгчийн тушаал нь ХБНГУ-ын Бонн хотод байршилтай Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сангийн удирдлагын зүгээс 2019-10-17-ны өдөр орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн тухай шийдвэрийн дагуу гарсан. Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч нь тухайн үед туршилтын хугацаагаар ажиллаж байсан Я.Нацагдоржтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг хугацаанаас нь өмнө цуцалсан байдаг. Ажил олгогчийн хувьд 10-р сарын цалин хөлсийг бүрэн олгож, мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэг сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болон Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг тус тус төлж хуульд заасан үүргээ гүйцэтгэсэн. Я.Нацагдоржид цалин хөлсийг байгууллагын зүгээс дутуу олгосон зүйл байхгүй, 2019 оны 10, 11 дүгээр сарын цалин хөлс, шимтгэл, татвар болон гэнэт ажлаас чөлөөлсөн олговрыг бүхэлд нь тооцож олгосон. ХБНГУ-ын Бонн хотод байршилтай Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сангийн удирдлагаас орон тоо хасагдсан, ажилтны тоо цөөрүүлсэн шийдвэр гаргасан тул 2019-10-21-ний өдрийн 19/10 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1-т тус тус нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 181/ШШ2020/00198 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-д заасныг тус тус баримтлан Шпаркассэ банкны Монгол дахь санд холбогдуулан гаргасан Я.Нацагдоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Шпаркассэ банкны Монгол дахь санд холбогдуулан гаргасан илүү цагийн нэмэгдэл хөлс 459,540.97 төгрөг гаргуулах шаардлагаасаа Я.Нацагдорж татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус зааснаар Я.Нацагдоржийн нэхэмжлэлийн зарим шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 458 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018-11-06-ны өдрийн шийдвэрийн баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулан, нотариатаар гэрчлүүлж, Шпаркассэ банкны Монгол дахь сан төлөөлөгчийн газрын дүрэм нь байгууллагын албан ёсны тамгатай эх хувь ба баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулан герман хэл дээрх эх хувьтай хамт, Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сан-ийн 2019-10-17-ны өдрийн Орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн шийдвэрийн тухай мэдэгдлийг нь баталгаат орчуулгын товчоогоор орчуулан нотариатаар гэрчлүүлж, Хөдөлмөрийн гэрээ болон Даалгаврын гэрээ-г мөн хуулийн шаардлага хангасан байдлаар буюу баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулан, герман хэл дээрх эх хувьтай хамт тус тус шүүхэд гаргаж өгсөн нь ИХШХШтХ-ийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.. гэж заасантай нийцэж байхад давах шүүх ...хэрэгт авагдсан төлөөлөгчийн газрын дүрэм зохих журмын дагуу бүртгэгдсэн эсэх, төлөөлөгчийн газрын бүрэн эрхийг тодорхойлсон дүрэм нотлох баримтын хуулиар тогтоосон шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна гээд Мөн И.Гэрэлчулуунд Шпаркассэ банкны Монгол дахь сан төлөөлөгчийн газрыг төлөөлөх эрх олгосон итгэмжлэл эрх бүхий этгээдээс олгогдсон эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй, уг баримтууд нь орчуулгын бөгөөд эх хувиар бус баримт байх ба үндсэн эх болох герман хэл дээрх баримтгүй тул ажилтныг ажилд авах, ажлаас халах зэргээр дүрэмд заасан эрхээ хэрэгжүүлсэн үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нотлох баримтууд хуулийн шаардлага хангаж байхад нотлох баримтын хуулиар тогтоосон шаардлага хангасан эсэх эргэлзээтэй гэж дүгнэх ИХШХШтХ-ийн нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах түүнийг үнэлэх журмаас өөр ямар шаардлага, эрх зүйн хэм хэмжээг үндэслэл болгоод буй нь тодорхойгүй, үндэслэлгүй байна. Хэргийн оролцогч нар ч энэ талаар ямар нэгэн маргаангүй байсныг тодотгон дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь нотлох баримт, хариуцагчийн эрх зүйн байдлын талаар маргаангүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа 2020-01-15-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Энэ нь хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Давж заалдах шатны шүүх Шүүх хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй, тодорхой бус байхад Шпаркассэ банкны Монгол дахь сан төлөөлөгчийн газрыг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэж үзсэн нь ИХШХШТХ-н 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй, үндэслэл муутай болжээ гэж дүгнэх нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн эрх зүйн байдал, төлөөлөх эрх бүхий этгээд тодорхой байна. Холбооны бүгд найрамдах Герман улсад төвтэй Шпаркассэ банкны Монгол дахь сан нь Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2019-03-28-ны өдрийн А/114 тоот тушаалын үндсэн дээр 1 жилийн хугацаагаар тодорхой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан Иргэний хуулийн 29.3-т заасан төлөөлөгчийн газар болох нь 2019-05-01-ний өдрийн 237 тоот Монгол Улсад Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогддог. Мөн И.Гэрэлчулуун нь Шпаркассэ банкны монгол дахь сан төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилогдон, суурин төлөөлөгчөөр ажилладаг болох нь шүүхэд гаргаж өгсөн Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны төв-ийн 2018-11-06-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр-ээр, 2019-08-01-ний өдрийн Я.Нацагдоржийг ажилтнаар томилсон тухай тушаал, Даалгаврын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ зэрэг холбогдох бусад нотлох баримтаар бүрэн нотлогддог. Иймд Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх дүгнэлт хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль хэсгийг ямар байдлаар зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.. шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тухайд Холбооны Бүгд Найрамдах Герман улсад төвтэй Шпаркассэ банкны Монгол дахь сан нь ИХ-ийн 29.3-т Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ гэж заасан төлөөлөгчийн газар мөн. Иргэн Я.Нацагдорж болон Шпаркассэ Монгол дахь сан суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун нарын хооронд 2019-04-01-ний өдөр Иргэний хуулийн 399-405 дугаар зүйлд зааснаар 19/0001 дугаар Даалгаврын гэрээ-г байгуулсан байдаг. Тус гэрээ нь 2019-04-01-с эхлэн 2019-07-31-г дуустал буюу 4 сарын хугацаатай үргэлжилсэн бөгөөд гэрээний төлбөр 3690 еврог сар тутам сар бүр 900 еврод хуваан Я.Нацагдоржийн өөрөө сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвараа төлөх хүсэлтийн дагуу суутгалгүйгээр хас банкны дансруу нь шууд шилжүүлж байсан. Даалгаврын гэрээ-ний хугацаа 2019-07-31-ний өдөр дуусгавар болох тул 07-25-ны өдөр суурин төлөөлөгч Нууцлалын зэрэглэлтэй ажлын ярилцлага хийж, түүнийгээ үндэслэн төв салбарт хүргүүлсний үндсэн дээр 2019-08-01-ний өдрийн Ажилд томилох тухай суурин төлөөлөгчийн 19/08 дугаар тушаалаар6 ажилд томилсон. Уг тушаалын 2 дах хэсэгт Я.Нацагдоржтой Хөдөлмөрийн гэрээг холбогдох хуульд нийцүүлэн байгуулсугай гэж заасны дагуу тус өдөр Хөдөлмөрийн гэрээ-г байгуулж хөдөлмөрийн харилцаа үүссэн. Гэвч Я.Нацагдорж нь 2019-05-01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж төслийн ажилтны огноо тавихдаа гаргасан алдааг ашиглан илүү мөнгө завших зорилготой үндэслэлгүй шаардлага нь дээрх И.Гэрэлчулууны Ажилд томилох тухай тушаал мөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш сар бүрийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар суутгаж шилжүүлж байсан зэргээс тодорхой болдог. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1-т Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно гэж, 23.2-т Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна гэж тус тус заасны дагуу Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Туршилтын хугацаа 3 сар байх бөгөөд энэ хугацаанд талууд гэрээг ямар нэг үндэслэл заалгүйгээр цуцлах эрхтэй гэж оруулж талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Я.Нацагдорж нь банкны нууцлалын зэрэглэлтэй мэдээллийг задруулах, бусдад дамжуулах, ажлын цагаар өөр ажил хийх зэрэг алдаа дутагдлыг маш их гаргасан байдаг ба хөдөлмөрийн гэрээний хугацаа буруу тавигдсаныг мэдсээр байж ийнхүү хууль бусаар ашиглаж байгаа нь ажилтны шаардлага, ёс зүйгүй үйлдэл юм. Банкны салбар бол эмзэг, маш өндөр нууцлалыг шаарддаг газар болно. Шпаркассэ банкны Монгол дахь сан төлөөлөгчийн газар нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсад байрлах Шпаркассэ банкны тавьдаг маш өндөр шаардлага, шийдвэр бүрийг яг таг даган биелүүлдэг. Тухайн шийдвэр шаардлага бүрийг нь ИХ-ийн 29.3, 29.4, 29.5, 63.3, Шпаркассэ банкны Монгол дахь сан төлөөлөгчийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийг тус тус заасныг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөгөө болгодог. 2019-10-21-ний өдрийн 19/10 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь дээр дурдсанаар хууль, дүрмийг баримтлан ХБНГУ-ын Бонн хотод байршилтай Шпаркассэ Банкны Олон Улсын хамтын ажиллагааны сан- ны удирдлагын зүгээс гаргасан 2019-10-17-ны өдрийн Орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн тухай шийдвэрт Шпаркассэ банкны Монгол дахь сангийн толгой байгууллага болох ХБНГУ-ын Бонн хотод байршилтай Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн удирдлагын зүгээс гаргасан Орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн шийдвэрийг үндэслэн Монгол дахь төлөөлөгчийн газарт 2019-10-21-ний өдөр ноён Я.Нацагдоржийг ажлаас чөлөөлөхийг даалгасугай. Шпаркассэ банкны Монгол дахь сан нь цаашид ч ХБНГУ- аас томилогдсон тэргүүнээсээ гадна 7-оос дээш ажилтны орон тоо батлахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэж заасныг даган мөрдөж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иргэний хуулийн 29.6- Шпаркассэ банкны Монгол дахь сан төлөөлөгчийн газрын дүрмийн 2-р зүйл, Иргэний хуулийн 63.2, 63.3-т тус тус заасны дагуу дүрэмд заасан бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, ийнхүү бүрэн эрхээ хэрэгжүүлснээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох тул ХБНГУ-ын Бонн хотод байршилтай Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн удирдлагуудын гаргасан шийдвэрийн үр дагаврыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн банкны салбар гэдэг хариуцлагатай ажил байдаг. Гэтэл Я.Нацагдоржийн Герман дахь банк Монгол улсад иргэдийн боловсролыг дээшлүүлэх чухал үйл ажиллагаа эрхэлдэг албан мэдээллийг бусдад задруулсан, давхар ажил эрхэлж байсан нь илэрсэн зэрэг нь хамгийн том зөрчил юм. Дараагийн ажил, албан тушаал эрхлэхэд саад болно гэж үзээд тушаалд тодорхой тусгаагүй байдлыг Я.Нацагдорж бүрэн гүйцэд ухамсарлахгүй байна. Ажлаас халахдаа ажил олгогчийн зүгээс 10-р сарын цалин хөлсийг бүрэн олгож, мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болон НДШ, ХХОАТ-ыг тус тус бүрэн төлж хуульд заасан үүргээ гүйцэтгэсэн болно. Гэтэл одоо ямар үндэслэлээр цалин хөлс шаардаж буй, ямар хугацаанд ажилгүй байсан нийт яг хэдэн төгрөг болж буй нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байгаа хууль зүйн үндэслэлгүй байдал зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Я.Нацагдорж 2019-11-20-ны өдөр Шпаркассэ банкны Монгол дахь санд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 13 дахь сарын цалин 3,293,377 төгрөг, нэмэгдэл хөлс 459,540.97 төгрөг шаардсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 459,540.97 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хуулийн үндэслэл бүхий байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Я.Нацагдорж нь Шпаркассэ банкны Монгол дахь санд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн төлөөлөгчийн газар болохыг зохигчийн хэн аль үгүйсгээгүй байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч нь Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сангийн төлөөлөгчийн газар байна гэсэн дүгнэлт хийсэн атлаа уг сангийн зарим үйл ажиллагааг төлөөлөх эрхгүй буюу ...удирдлагуудын гаргасан шийдвэрийн үр дагаврыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй.. гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд нийцээгүй байна.

 Хууль болон үүсгэн байгуулах баримт бичигт заасан бол хуулийн этгээд өөрийн төлөөлөгчийн газраа тогтоосон журмын дагуу байгуулж болно. Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ. Төлөөлөгчийн газрын эрх, үүргийг тухайн хуулийн этгээдийн дүрмээр тодорхойлно. Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна.

 Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийг зөрчөөгүйгээс гадна магадлалд заасан үндэслэлийг буруутгах баримт хэрэгт байхгүй байна.

 Түүнчлэн, анхан шатны шүүх ..ажилд эгүүлэн тогтоолгох.. шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4 -д нийцэхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Шүүх нотлох баримтыг холбогдох хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 458 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 75,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН        Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                              Б.УНДРАХ