| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2017/0178/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/181 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2017/ШЦТ/181
2017 оны 12 сарын 12 өдөр 2017/ШЦТ/181 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0178/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхзул
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гангантөгс
Шүүгдэгч А.Внарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.В холбогдох 1739000650036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Внь 2017 оны 07 дугаар сарын 02, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт сумын Бархын голоос 3 ширхэг ховор амьтан болох тул загасыг зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.А мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Батширээт сумын захиргаанд Байгал хамгаалагчийн ажил хийж байгаа ба манай сумын захиргаанаас манай суманд түр оршин суудаг Оросын холбооны улсын иргэн Алексей Викторовичид холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор томилсон байна. 3 ширхэг тул загасыг хууль бусаар агнасан гэх хэрэг дээр Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан бодит хохирлыг бүрэн барагдуулсан байвал өөр санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
Гэрч М.Саруулын мөрдөн байцаалтад өгсөн: “... Миний байгаа айл нь манай хүргэн Мөнхболорынх юмаа. Охин хүргэн хоёр хэд хоног зээ охиныг маань харж өгөөч гээд хот явсан юм. Надад хөргөгчинд ийм тийм зүйл байгаа гэж хэлээгүй. Намайг ирснээс хойш бол хөргөгчинд нь хэн нэгэн хүн ямар нэг зүйл хийгээгүй. Би мэдээгүй. Өнөө өглөө хөрш Алексей гэх Орос залуу орж ирээд хөргөгчинд загас хийсэн юм. Нэг загас авъя гээд аваад гарсан. Яг ямар загас байгааг нь мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
Гэрч Д.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Алексейг танина надтай хамт манай гэрт 13 жил хамт амьдарч байна. Тэр Бэрх хотод аав, ээж ах дүү нарын хамт амьдарч байгаад аав ээж нь нас барснаас хойш Бэрхээс гараад Дорнод аймагт амьдарч байгаад эх*******ээсээ салаад Батширээт суманд ахыгаа дагаж ирсэн. Аав ээж нь цэвэр орос хүмүүс байсан гэдэг, түүнд орос монгол 2 паспорт аль аль нь байсныг өөрөө хаячихсан. Сүүлийн үед архи уугаад байдаг болсон. Алексей завтай үедээ гол явж загас барих дуртай. Батширээт сумаас урагш Бархын голоос загас барьдаг гэж байсан. Манайх хөргөгчгүй болохоор агнасан загасаа айлын хөргөгчинд гуйж тавьдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
Шүүгдэгч А.В өгсөн мэдүүлэг: “... Би Хэнтий аймгийн Батширээт сумын төвд түр оршин сууж амьдардаг хүн байгаа юм. Тэгээд би 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Батширээт сумын төвд байх гэртээ байж байгаад ойролцоогоор 19-20 цагийн үед Батширээт сумын Барх багийн нутаг Бархын голын хуучин эвдэрхий гүүр гэх газар луу загас барьж агнахаар ганцаараа явган явсан. Тэгээд би уг газартаа ирээд загас барьж агнах газраа сонгоод гэрээсээ авч ирсэн хуучин муу сэрээгээр загас барьж агнаж эхэлсэн юм. Тэгээд би уг газраас 2 ш тул загас, 10 ширхэг зэвэг загас , 1 ш зурхай загас нийтдээ 13 ширхэг загас барьж агнаад 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэгээ оронгуут буюу ойролцоогоор 05 цагийн үед би загаснуудаа аваад гэр лүүгээ явсан. Тэгээд би гэртээ ирээд өөрийн агнасан загаснуудаа зүүн талын айлын хөргөгчинд хийн түр хадгалсан юм. Тэгээд 5и 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Батширээт сумын төвд байх гэртээ байж байгаад ойролцоогоор 18-19 цагийн үед Батширээт сумын Барх багийн хуучин эвдэрхий гүүр гэх газар луу дахин загас барьж агнахаар ганцаараа явган явсан юм. Тэгээд би уг газраас 1 ширхэг тул загас, 5 ширхэг зэвэг загас1 ширхэг зурхай загас нийтдээ 7 ширхэг загас барьж агнаад ....гэрлүүгээ явсан. Тэгээд би гэртээ ирээд өөрийн барьж агнасан загаснуудаа мөн адил зүүн талын айлынхаа хөргөгчинд хийн өмнө нь барьж агнасан нийт 13 ширхэг загасныхаа хамт түр хадгалж байгаад цагдаад баригдсан юм гэх мэдүүлэг.../хх-ийн 37-38 тал /
Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн 20 толгой загасны 3 толгой нь тул, 15 толгой нь амрын зэвэг, 2 толгой нь цурхай Монгол улсын засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтанд тул загас орсон....Монгол улсын засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Үүнд 1 толгой тул 211.000 төгрөг.... гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-10 тал/
Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл / хх-ийн 15-16 тал /
Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 11-13 тал /
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-40 тал/
Улсын байцаагчийн акт / хх-ийн 51 тал / зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч А.Внь 2017 оны 07 дугаар сарын 02, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт сумын Бархын голоос 3 ширхэг ховор амьтан болох тул загасыг зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Внь байгаль экологид учруулсан хохирол болох 3 ширхэг тул загасны үнэ 633.000 төгрөгийг 1-2 сарын хугацаанд төлж барагдуулна хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Улсын яллагчаас энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг тул загасыг 2017 оны 7 дугаар сард эд мөрийн баримтаар хураан авч өнөөг хүртэл хөлдөөн хадгалсан гэх боловч хэрэг хянан шийдвэрлэж буй өнөөдрийг хүртэл зориулалтаар хадгалагдсан гэж үзэхэд эргэлзээтэй, зарж борлуулахад хүнсний эрүүл ахуйн шаардлага хангах боломжгүй гэж үзэн устгуулах саналыг гаргажээ.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгээр эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тул загасны гаднах байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан санал нь үндэслэлтэй гэж дүгнээд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тул загасыг устгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Внь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.В хууль бусаар ховор амьтны агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.В 01 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хэрэг зөрчилд холбогдохгүй байж, оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг тул загасыг устгасугай.
4. Шүүгдэгч А.Внь цагдан хоригдоогүй бөгөөд байгаль экологид учруулсан хохирол 633.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 633,000 төгрөгийг гаргуулж хохирогч Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын тамгын газар олгож, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.В авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА