Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/02381

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/02381

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 22 дугаар байрны гаднах өөрийн байранд оршин байх, “Нөхөрлөл” СӨХ /сууц өмчлөгчдийн холбоо/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 22 дугаар байр, 21 тоотод оршин суух, Ц.Дамдинсүрэнд  холбогдох,

 

128,800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нөхөрлөл” Сууц өмчлөгчийн холбоо нь дээрх төлбөрийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна. Баянгол дүүргийн 17-р хорооны 22-р байрны 21 тоотод оршин суух иргэн Ц.Дамдинсүрэн нь дээрх мөнгийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүрэгтэй байна. Мөн сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д заасны дагуу “Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй”, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6 “Дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс иргэний хуулийн 148.2.1-148.2.3-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үүргийг хамтран хариуцах үүрэгтэй байна. Гэтэл хариуцагч Ц.Дамдинсүрэн орон сууцыг ашиглаж байсан хэдий ч “Нөхөрлөл” сууц өмчлөгчдийн холбоонд байрны цэвэрлэгээ, харуул, лифт, цэвэр, бохир ус, хог, цахилгаан, холбооны төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Түүнээс хойш “Нөхөрлөл” сууц өмчлөгчдийн холбооноос гурван удаа бичгээр анхааруулга хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Иймд хариуцагчаас 2017 оны 6 дугаар сарын 01-ний байдлаар орон сууц ашигласны төлбөр болох 128,800 төгрөгийг Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасны дагуу төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд “Нөхөрлөл” СӨХ-ны нэхэмжлэлтэй, иргэн Ц.Дамдинсүрэнд холбогдуулан 128,800 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Нөхөрлөл” СӨХ нь хариуцагч Ц.Дамдинсүрэнд холбогдуулан 128,800 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ц.Дамдинсүрэнгээс 128,800 төгрөг гаргуулах тухай “Нөхөрлөл” СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ