| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02498/И |
| Дугаар | 102/ШШ2017/02370 |
| Огноо | 2017-09-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2017/02370
| 2017 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2017/02370 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 А байр, 39 тоотод оршин суух, Эрдэнээгийн Шинэхүү /РД:рз92102128/-д холбогдох, 79,460 төгрөг гаргуулахыг хүссэн “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Шинэхүү нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 8376 тоот скаймедиа үйлчилгээний гэрээг “Скаймедиа корпораци” ХХК-тай байгуулсан. Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Г.Шинэхүү нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.2, 3.2.4, 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т заасны дагуу 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тасалбар болгон “Скаймедиа корпораци” ХХК-иас зогсоосон боловч үйлчилгээний төлбөр болох 75,960 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Э.Шинэхүүгээс үйлчилгээний төлбөр 75,960 төгрөг, нотариатын зардалд 3,500 төгрөг, нийт 79,460 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Шинэхүүгээс үйлчилгээний хугацаан дахь төлбөр, нотариатын зардал нийт 79,460 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь Э.Шинэхүүд холбогдуулж 79,460 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.Шинхүүгээс 79,460 төгрөг гаргуулах тухай “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,225 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ХАНГАЛ