Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2542

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Ч-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Д холбогдох

 

граж албадан буулгуулж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч А.Т,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10-р сарын 12-ны өдрийн 495 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, одоогоор 27-р хорооны нутаг дэвсгэрт 962м2 амины орон сууцны зориулалттай газар эзэмшдэг юм. Энэ газар нь Орчлон хорооллын 46-р байрны баруун талд байрлалтай. Уг газрыг 2007 оноос эхлэн 2012 оныг хүртэл "Орлчон констракшн” ХХК барилгын материалын талбай, контор, ажилчдын байр зэрэгт ашиглаж байсан. Ж.Ч би өөрийн газар дээр 9х24м хэмжээтэй граж бүхий орон сууцны зураг хийлгүүлж Нийслэлийн газрын албаны удирдах зөвлөлийн хурлаар оруулан батлуулж авсан. Техникийн нөхцлийг хөөцөлдөж зарим зүйлийг авсан. Энэ бүх зүйлийг амжуулж явсаар 2012 онд дахин хүсэлт гаргаж газар эзэмших гэрчилгээгээ 2013 оны 09-р сарын 05-ны А-829 тоот шийдвэрийг үндэслэн дугаар №000475419 бүхий гэрчилгээ авч дахин 5 жилээр сунгаж Нийслэлийн газрын албатай 5 жилийн гэрээ байгуулсан. Энэ бүх хугацаанд газрын төлбөрөө тухай бүрд нь төлж байсан болно. Гэтэл тус газрын хажууд 2012 онд гражууд барьж эхэлж байна гэсэн сургаар очиж барилгын ажилчдад энэ газар нь Ж.Ч газар, бусдын газар дээр зөвшөөрөлгүй барилга барьж болохгүй гэж мэдэгдсэн, бичиг баримтаа үзүүлсэн боловч үр дүнд хүрээгүй байдаг. ... Тус зөвшөөрөлгүй баригдсан гражын эзэн хэн болохыг судалж эрэн сурвалжилсаар Б.Дангаасүрэн гэгч хүн барьж зарсан болохыг олж мэдсэн. Уг гражуудын асуудлаар Нийслэлийн засаг дарга, СХД-ийн засаг дарга болон газрын албанд өргөдөл гаргахад уг гражуудад хууль ёсны газар эзэмших эрх олгоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж албан тоот өгсөн. Энэ 23 ширхэг гражийг Б.Д барьсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг түүнд холбогдуулж гаргасан, энэ хүнээс граж худалдаж авсан хүмүүс хохирсон тохиолдолд тэд Б.Д л хохирлоо нэхэмжлэх ёстой, тиймээс хариуцагчийг солихгүй.

... миний газар эзэмших эрхийг хэрхэн хөндөж байгаа вэ гэхээр би тухайн эзэмшил газартаа барилга барихаар төлөвлөж барилгын архитекторын даалгавар, зураг хийлгэж Нийслэлийн хот төлөвлөлтийн газраар орж батлуулсан бөгөөд тухайн барилгын орц, гарцыг дээрх 23 ширхэг граж шууд хааж байгаа. Мөн барилгын ажил эхлүүлэх ямар ч боломжгүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл барилгын ажил эхэлсэн тохиолдолд хашаа нь тухайн гражуудад шууд тулахаар байна. Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар хариуцагч Б.Д бариулсан 23 ширхэг гражыг албадан буулгаж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг гражийг миний бие Орчлон хорооллын 46,48 дугаар байрны оршин суугчдын захиалга, хүсэлтийн дагуу барьж, оршин суугчдад худалдсан. Гражийг 2012 оны 3 дугаар сард барьж эхлээд 12 сард дууссан, 6 сарын хугацаанд барьсан. Энэ 23 ширхэг гражийг 2012, 2013 онд оршин суугчдад худалдсан, одоо миний эзэмшлийн энэ 23 ширхэг граж дотор нэг ч байхгүй, яагаад надад холбогдуулж нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Гражийг барьж байх хугацаанд надад хэн ч миний эзэмшлийн газар гэж хэлж ирээгүй. Харин нэхэмжлэгч Ж.Ч 3 жилийн дараа энэ асуудлаар намайг цагдаад мэдэгдсэн байсан. Нэхэмжлэл гарснаас хойш граж хаана баригдсан, энэ хүний захирамжтай газар хаана байгааг бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг тогтоогоод нэхэмжлэгчийн газар, гражийн хооронд ямар нэг  давхцал байхгүй гэсэн шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийн эзэмшлийн энэ газрыг тухайн үед Орчлон констракшн ХХК нь Орчлон хорооллыг барьж дуусаад 46, 48 дугаар байрны нийтийн эзэмшлийн талбай болгож, улсын комисст хүлээлгэж өгсөн. Тиймээс энэ хүний газар эзэмших эрхийг Орчлон констракшн ХХК л энэ зөрчсөн байх боломжтой гэж үзэж байна. Би энэ хүний газар эзэмших эрхийг зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын баруун талаар үерийн далан байдаг нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас баруун тал руугаа орц, гарц байх боломжгүй. Харин орц гарц одоо машин тэрэг ороод байгаа хэсгээрээ чөлөөтэй л байгаа шүү дээ. 23 ширхэг граж энэ үерийн далангийн дагуу зурвас газарт баригдсан, нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай ямар нэг байдлаар давхцаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Б.Д холбогдуулан анх газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 23 ширхэг гражийг албадан буулгаж газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг тодорхойлвол,

Нэхэмжлэгч Ж.Чнь Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар нэгж талбарын 18635311215573 дугаар бүхий 962 м2/га газрыг 2007 оноос эзэмшиж эхэлсэн ба Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/829 дүгээр шийдвэрээр түүний газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгажээ.

 

            Тэрээр эзэмшлийн газартаа 2 давхар мансардтай орон сууц барихаар 2009 онд барилга, архитектурын эскиз зураг гаргуулж Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраар батлуулсан боловч тухайн газарт ямар нэгэн барилга байгууламж баригдаагүй, 2012 оныг хүртэл “Орчлон констракшн” ХХК-ийн барилгын талбай, контор, ажилчдын байр зэрэгт ашиглагдаж байсан талаар нэхэмжлэгч тайлбартаа дурдсан байна.

 

            Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэх бөгөөд мөн хуулийн 27.1-д газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан.

 

            Ийнхүү нэхэмжлэгч газрыг хууль ёсоор, эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байгаа нь болох Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000475419 дугаар гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Газрын байршлын кадастрын зураг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг тухайн газрын шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй. 

 

            Нэхэмжлэгч Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.” гэж заасныг нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэл болгосон боловч хуулийн энэ заалт баригдсан барилга байгууламжийг буулгах талаар нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй юм.      

 

Харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.”, мөн хуулийн 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна.” гэж зааснаар нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлээ зогсоох шаардлагыг эрх зөрчигч этгээдэд холбогдогдуулж гаргах эрхтэй боловч нэхэмжлэгч нь өөрийн газар дээр баригдсан бус хөрш зэргэлдээ газарт баригдсан гражийн барилгыг буулгуулах, энэ гражийн барилгаас үүдэн өөрийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэснээс үзэхэд хөршийн эрхийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох эрх зүйн хэм хэмжээнд хамааралтай гэж үзэхээр байна.   

 

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч нь эрх зөрчсөн үйлдлээ зогсоох, барилга байгууламжийг буулгах шаардлага гаргах эрхтэй.  

 

Гэхдээ хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д “газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй”  байх”-аар заасан.

 

Өөрөөр хэлбэл эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах хууль ёсны эзэмшигчийн эрх хөршийн хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруйд хэрэгжих боломжтой байхаар байх ба энэ үеэс хойш тавигдсан шаардлагад хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасан зөрчлийг хүлээн зөвшөөрөх зохицуулалт үйлчлэхээр байна.   

 

 Тухайн маргаан бүхий 23 ширхэг гражийг 2012 оны 4 дүгээс сараас 10 дугаар сарын хооронд барьж дуусгасан талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч Ж.Ч зөрчлийн талаар хариуцагчид анхнаас нь буюу гражийн барилгын суурийн ажил хийгдэх үеэс эхлэн үйлдлээ зогсоох талаар шаардлага гаргасан гэж тайлбарласан боловч энэ байдал нь энэ хариуцагч Б.Д “ ... Гражийг барьж байх хугацаанд надад хэн ч миний эзэмшлийн газар гэж хэлж ирээгүй, харин нэхэмжлэгч Ж.Ч 3 жилийн дараа энэ асуудлаар намайг цагдаад мэдэгдсэн байсан ... “ гэх тайлбар, гэрч З.Доржсүрэнгийн “ ... миний бие 2011 оноос 2013 он хүртэл Орчлон өргөө СӨХ-ны даргаар ажиллаж байсан ... тухайн үед гражийг буулгах талаар газрын албанаас албан бичиг ирж байгаагүй ... Ж.Ч газар эзэмших эрхтэй талаар тийм зүйл мэдэхгүй ... “ гэх мэдүүлэг болон нэхэмжлэгчээс 2014 онд граж зөвшөөрөлгүй баригдсан асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж өргөдөл гаргаж байсан талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 5/5961 тоот албан бичиг /хх15/, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны №50, №869 тоот албан бичиг /хх18,19/,  бүртгэл хяналтын карт /хх16, 20/ зэрэг бичгийн баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Иймд өмчлөх эрхийн хязгаарлалтын дагуу нэхэмжлэгч нь тухайн гражийг буулган зайлуулах талаар шаардах эрхгүй болсон гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг болохыг заасан ба нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болох аливаа үйлдэл, нөлөөлөл бий болсныг, энэ нь ямар этгээдийн үйлдэлтэй холбоотой болохыг нотлох үүрэгтэй юм.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2016-А/204 дугаартай дүгнэлтийн 2-т “ ... хариуцагч Б.Д барьсан гэх 23 авто гражийг нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд байх иргэн Ж.Ч эзэмшиж буй 962 м.кв талбайтай газартай давхцуулж үзэхэд байршлын хувьд давхцалгүй ... “ гэсэн ба шинжээчийн дүгнэлтийн 1-4 дүгээр хавсралтаар авагдсан зурган мэдээлэл, ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнд давхацуулсан баримт болон үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг болон гэрч З.Д “ ... блокон хашааны гадна талын үерийн далангийн ирмэгээр граж баригдсан ... “, гэрч С.А “ ... уг граж блокон хашааны гадна талд баригдсан ... “ гэх мэдүүлэг зэргээр тухайн 23 ширхэг авто граж нь нэхэмжлэгчийн газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, үерийн далангийн дагуух зурвас газарт баригдсан болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн бодит байдал дээр нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр хашаа болон ямар нэгэн барилга, байгууламж баригдаагүй, тухайн газрын хойд, урд хэсгээр оршин суугчдын автомашинууд дамжин орж, гарч байгаа нөхцөл байдлаас үзэхэд орц, гарц хаасан гэх, улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээс ямар нэгэн зүй бус нөлөөлөл үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн эрх бодитойгоор зөрчигдөж эхэлсэн нь тогтоогдоогүй ба нэхэмжлэгч өөрийн газар эзэмших эрх ирээдүйд ямар байдлаар зөрчигдөж болохыг баримтаар нотолж чадсангүй.

 

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Б.Д хариуцагчаар тодорхойлж, түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан үндэслэлээ маргааны зүйл болох 23 ширхэг гражийг анх барьж бий болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах ёстой гэжээ.

 

Хариуцагч Б.Д тухайн 23 ширхэг гражийг 2012 онд барьж дуусгаад 2012, 2013 онд Орчлон хорооллын оршин суугчдад худалдан борлуулсаны дагуу өөр этгээдүүдэд шилжсэн, одоо миний эзэмшлийн граж байхгүй гэж тайлбарлаж, маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтууд болох Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 863 тоот албан бичигт “ ... тус газрын баруун талд баригдсан 23 ширхэг тоосгон граж нь дүүргийн Засаг даргын захирамж болон эрх зүйн актаар эзэмшүүлээгүй болно ... “, гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны гаргасан тайлбарт “ ... 23 ширхэг тоосгон гражийг дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлж газар эзэмших эрх олгогдоогүй байна ... “, гэрч З.Д “ ... тухайн гражийг барьсаны дараа Орчлон хорооллын оршин суугчид худалдаж авсан ... “ гэх мэдүүлэг болон гуравдагч этгээдээр оролцсон Орчлон хорооллын оршин суугч иргэдийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр 23 ширхэг граж нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр баригдаж, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй боловч оршин суугчид шилжүүлэн авч эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдож байна. 

 

Гэвч гражууд эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй баригдсан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь тухайн граж хариуцагч Б.Д эзэмшилд байгааг цаашлаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд мөн болох нь тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч Ж.Ч газар эзэмших эрхийг зөрчсөн, энэ эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан болох нь нотлогдож, тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүхийн зардал болох шинжээчийн ажлын хөлс 553,102 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Чулуунчимэгээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ч гаргасан хариуцагч Б.Д холбогдох 23 ширхэг гражийг албадан буулгаж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ч шинжээчийн ажлын хөлс 553,102 төгрөгийг гаргуулж “Геомэл” ХХК /Голомт банкин дахь 1405006459 данс/-д олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ЛХАГВАСҮРЭН