| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2017/0170/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/169 |
| Огноо | 2017-12-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.О |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2017/ШЦТ/169
2017 оны 12 сарын 04 өдөр 2017/ШЦТ/169 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0170/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Н.Энхзул
Улсын яллагч Д.Отгонтуяа
Шүүгдэгч У.Г нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Г д холбогдох 1739000000066 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч У.Г нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Жиргэлэх гэрэл” ХХК-ийн уурхайд гурилын элдүүр модоор иргэн Б.Б.Бын зүүн гарын шуу орчимд цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
мөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Жиргэлэх гэрэл” ХХК-ийн уурхайн 5 ханатай гэр, вакум цонх, нарны зай хураагуурын толь зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн,
мөн иргэн Д.Цэрэннямын эзэмшлийн “киа бонго” маркийн 04-84 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж автомашиныг нь унагаж хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “... Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Жиргэлэх гэрэл” ХХК-д манаач ажилтай ба 2 ажилд ороод 2 сар болж байна. 2017.11.08-ны орой 21 цаг болж байхад манай найз Дамдиндорж над руу утсаар залгаад юу хийж байна. Танай захирал бусад хүмүүс хотоос ирэх болж байгаа юм уу гэж асуухаар нь “өнөөдөр худлаа юм шиг байна” гэж хэлсэн. Дамдиндорж 1 цаг гарны дараа манай гэрт 3 хүнтэй ирсэн. Тэд 3 шил архи, 2 том пивотой ирсэн. ... 2 дахь архи дуусаж байтал У.Г согтчихсон Дамдиндоржийг хараагаад байсан. Би түүнд “чи манай найзыг яагаад хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн чинь У.Г над руу цохих гэж дайрахаар би бултаад түрүүлж Гантулгыг цохисон. Тэгтэл У.Г 1 хутга гаргаж ирээд намайг хараад байхаар нь би бас 1 хутга аваад үзвэл үзье гэж хэлсэн. Тэгтэл Дамдиндорж бид 2-ыг боль гэж хэлээд миний гараас хутгыг минь авсан. У.Г бас хутгаа хаясан. .... Тэгээд У.Г бид 2-ыг зодолдох гээд хоорондоо ноцолдож байхад гэнэт гэрэл унтарсан. Тэгэхээр нь би архины шил аваад У.Г зүг рүү буюу хаалга руу чулуудсан чинь Одонбаярын толгой хэсгийг оноод архины шил хагарсан. ... У.Г гэр тойрч гарч ирээд гурилын элдүүрээр намайг хэд хэд цохиод авсан. Би тухайн үед зүүн гараараа хаагаад байсан болохоор миний зүүн гар хугарсан байсан. Бас толгойноос маань цус гарч байсан. Тэгээд Дамдиндорж бид 2 байшинд ороод байж байхад У.Г машинаа унаж ирээд манай найз Одонбаяр байхгүй байна. Ална та нарыг гээд унаж явсан машинтайгаа байшингийн урд байсан 5 ханатай гэрийг дайр ч нураагаад, дараа нь байшинг бас дайрах гээд ойр хавийн эд зүйлсийг болон байшингийн вакум цонхыг хагалаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Иргэний нэхэмжлэгч И.Иын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...Би Хэнтий аймгийн “Жиргэлэх гэрэл” ХХК-д захирал ажилтай. Манай компани уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2017.11.08-ны өдөр Улаанбаатарт гэртээ байж байхад манай менежер Эрдэнэбямба утсаар яриад уурхайд зодоон болсон гэнэ хамт явах уу гэсэн. Бид 2017.11.09-ний 4 цаг Цэнхэрмандал суманд ирсэн. ... өдөр 12 цагийн үед цагдаагийн хамт уурхай дээр ирэхэд 5 ханатай монгол гэр машинд дайруулсан байдалтай юу ч үгүй эвдэрсэн, нарны зай хураагуурын толь нь бяцарч ашиглагдахаа больсон, галын булан торон хашаа хажуу тийш унасан, вагончигны ойр орчимд машин ирж мөргөсөн байдалтай мөр байсан. Мөн 41-09 ОРА улсын дугаартай зил 130 маркийн машины жолооч талын хаалгыг юу ч үгүй мөргөөд хонхойлгосон байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багт байрлах “Цаст орд” ХХК-н захирал ажилтай. Манай компани алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2017.11.08-ны өдөр 15 цагийн үед би Улаанбаатар хот руу ажлаар явсан юм. Тэгээд орой намайг Улаанбаатар хотод байхад манай ажилчин У.Г эх******* над руу утсаар залгаад У.Г согтуу уурхайгаас утасдаж байна та нэг холбоо бариач гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би У.Г руу ярьсан чинь У.Г согтуу Одонбаяр бид нар архи уугаад тэгсэн нэг залуу Одонбаярыг хутгалчихлаа тэгээд Одонбаяр олдохгүй байна ахаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос У.Г эх*******ийг аваад аймгийн цагдаагийн газарт дуудлага өгөөд Цэнхэрмандал суманд ирсэн. У.Г манай компаны 04-84 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуу жолоодож яваад уурхайгаас ертөнцийн зүгээр 5 км газарт хөдөө тал дээр онхолдуулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
Гэрч Л.Дамдиндоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “... У.Г, Одонбаяр, Болдбаатар бид нар Б.Бын гэр лүү очоод хоол идэж, архи уусан. ... У.Г, Б.Б нар хоорондоо маргалдсан байдалтай байсан. Б.Бын гарт улбар шар өнгийн хутга, нөгөө нь жижигхэн хутга байсан. Би тэр 2-ыг салгасан. Тэр үед Болдбаатар Одонбаярыг байшингаас аваад гарах гэж байхдаа гэрлийн утсыг татаад гэрэл унтарсан. Гэрэл унтрах зуур Б.Б архины шил аваад хаалга руу чулуудахад Одонбаярын толгой оногдож архины шил хагарсан. Гэрэл унтарсан болохоор байшингаас бүгд гарсан байхад У.Г хаанаас ч юм нэг мод авчраад Б.Б руу хэд хэд цохиод авсан. ... удалгүй У.Г унаж явсан 04-84 УБЧ улсын дугаартай машинтайгаа ирээд байшингийн урд байсан 5 ханатай гэрийг дайр ч нураагаад, дахин байшингийн урд байсан төмөр сараалжин төмөртэй галын хорыг дайраад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
Гэрч А.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “... бид “Жиргэлэх гэрэл” ХХК-д алтны уурхайд очсон. Б.Б бид нарт мах хуурч өгөөд, бөөнөөрөө хуурсан махаа идээд авчирсан архиа уусан. Гантулгыг аваад машинд хүрч ирсэн чинь Одонбаяр машинд байхгүй байсан. Тэгээд У.Г машинаа бариад бид 2 Одонбаярыг хайгаад тэр хавиар жоохон яваад эргэж алтны уурхай дээр ирсэн. Тухайн үед У.Г архи согтууруулах ундаа хэрэглэсэн бас Одонбаярыг алга болсон гээд сандраад машиныхаа тоормосыг гишгэхгүй алтны уурхай дээр байсан монгол гэрийг шууд мөргөсөн. Дахиж ухрах гэж байгаад дахиад нөгөө гэрээ мөргөсөн. Тэгээд арай гэж машинаа ухраагаад Одонбаярыг хайж явахдаа машин маань цасанд хальтарч онхолдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
Шүүх эмнэлгийн 2017.11.13-ны №347 дугаартай дүгнэлт: 1. Б.Б.Бын биед зүүн гарын шуу ясны далд хугарал, баруун чихний ар болон баруун гарын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх зүүн гарын шуу ясны далд хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин баруун чихний ард язарсан шархтай, духны дээд хэсэгт язарч зулгарсан шарх нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай шинжийг агуулаагүй болно. 5. Цаашид дээрх хүндэвтэр зэргийн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15% алдагдана. Хөнгөн зэргийн гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 34 тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 тал/
Эд зүйлд хийсэн үнэлгээ /хх-ийн 49-50, 52-59 тал/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 тал/
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 тал/ зэрэг болно.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч У.Г согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Жиргэлэх гэрэл” ХХК-ийн уурхайд гурилын элдүүр модоор иргэн Б.Б. ын зүүн гарын шуу орчимд цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Жиргэлэх гэрэл” ХХК-ийн уурхайн 5 ханатай гэр, вакум цонх, нарны зай хураагуурын толь зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн,
Иргэн Д.Цэрэннямын эзэмшлийн “киа бонго” маркийн 04-84 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж автомашиныг нь унагаж хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Б.Б.Б, иргэний нэхэмжлэгч И.И, Д.Ц, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй болно.
Шүүгдэгч У.Г нь улсын яллагчтай нийт 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд ямар нэгэн маргаангүй гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Шүүгдэгч У.Г бусдын эрүүл мэндэд хүндтэвтэр хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зааснаар шүүгдэгч У.Г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус, тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г д оногдуулсан торгуулийн ялыг нэмж нэгтгэн ялтны эдлэх нийт торгуулийн ялыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г д оногдуулсан торгох ялыг 01 сарын хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурилын 1 ширхэг элдүүрийг устгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Г д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА