Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 111/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0028 |
Огноо | 2014-01-08 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2014/0028
2014 оны 01 сарын 08 өдөр Дугаар 28 Улаанбаатар хот
Д.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч Э.Г, хариуцагчийн өмгөөлөгч Х.М нарыг оролцуулан хийж, Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.А-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 191 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нь төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан ерөнхий менежерийн 2012 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн учир Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэжээ.
Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 25 дугаар 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 39 дүгээр зүйлийн 39.7-д зааснаар нэхэмжлэлийг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Д.А-ийн үр дүнгийн гэрээг хэрхэн дүгнэсэн талаарх өргөдлийн дагуу аймгийн төрийн албаны зөвлөлөөс 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж, тухайн үр дүнгийн гэрээг үнэн зөв дүгнэсэн эсэхийг шалгаж, Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны 191-р захирамж буюу үр дүнгийн гэрээгээр 39.5 хувь "Р" авсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн.
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг муу хийсний улмаас аймгийн хэмжээнд 99 аж ахуйн нэгжийн 67.000 м2 талбай бүхий газрыг илүү эзэмшүүлж байсныг 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргуулсан.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна. Мөн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар төсөл сонгон шалгаруулалт буюу дуудлага худалдааны үндсэн дээр газрыг эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл дуудлага худалдааны анхны үнийг 2 дахин өсгөж, нөхөн төлбөр төлүүлээд газрыг эзэмшүүлэх тухай уг хурлын тогтоол нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчжээ.
Ерөнхий менежер нь төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний дүнтэйгээ өөрөө танилцах үүрэгтэй ба түүнд танилцуулах боломж олгосон, гарын үсгээ нэхэмжлэгч өөрөө зураагүй ба түүнийг хүлээн зөвшөөрөхгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь сумдад газар олголт хангалтгүй зохион байгуулсан, үүнтэй холбоотойгоор аймгийн хэмжээний газар өмчлөлийн нэгдсэн дүн "хангалтгүй" дүнтэй, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө муу хийгдсэнээс аймгийн хэмжээнд 99 аж ахуйн нэгжийн 67000 мкв талбай бүхий газар илүү эзэмшүүлсэн, сумдын газрын даамлуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулаагүй, Аймгийн хэмжээнд баригдсан барилга байгууламжийн газарт хяналт тавьж ажиллаагүйн улмаас зөвшөөрөлгүй газар барилга олноор баригдсан, аймгийн хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламжийн тендер сонгон шалгаруулалт явуулаагүй, мөн салбарын хэмжээнд хуулийн хэрэгжилт, сурталчилгаа хангалтгүй байсан нь тус бүрдээ нотлох баримтаар тогтоогдсон байтал шүүх түүнийг үнэлээгүйд гомдолтой байна.
2010 онд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.2 дахь хэсгийг зөрчиж аймгийн нэгдсэн эмнэлгийн эзэмшил газраас 1200 мкв талбай бүхий газрыг иргэн н.А-д эзэмшүүлсэн байдаг.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1.4-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, мөн хуулийн 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг нь бусдад ашиглуулж болдог ч Газрын тухай хуулийн 35.2 дахь хэсэгт зааснаар дээрх эрхүүд нь төрийн байгууллагад хамаардаггүй.
Мөн хуулийн 33 дугаар зүйл 33.4-т заасныг зөрчсөн. Иргэн н.А-г хүсэлт гаргасан гэж үзвэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.2, 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг тус тус ноцтой зөрчсөн байдаг. Мөн ГХГЗЗГ-н даргын 2008 оны 83-р тушаалын хавсралт "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 5.2.3, 7.1, 7.1.1 гэх мэт хууль болон журмыг илтэд зөрчсөн атал шүүх Д.А эзэмшүүлээгүй, хамааралгүй мэтээр тайлбарлалаа.
Мөн иргэн Ю.А болон "Ө МСҮТ-н эзэмшил газрын тухайд улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн 05-04-013\228 дугаар бүхий дүгнэлт гарсан. Тус газар нь 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр 2130 мкв газрыг 15 жилийн хугацаатай сургуулийн зориулалтаар Ю.А-д 0111149 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байтал дээрх шийдвэрийг үндэслэн 2009 оны 09 дүгээр сарын 08-ий өдөр давхардуулан олгосон. Улмаар "Ө" МСҮТ-н гаргасан хүсэлтийг харгалзан иргэн Д.Б-д сургуулийн байрны зориулалтаар 1227 мкв талбайг хууль бусаар шилжүүлсэн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.3-т заасан газар эзэмших үйл явцад газар эзэмшигчтэй байгуулсан гэрээг харилцан дүгнэж ажиллаагүй нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч Д.А нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Д.А нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 191 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчаас “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байх ба үндэслэл тус бүрийн талаар дүгнэж үзэхэд:
-“сумдад газар олголтыг хангалтгүй зохион байгуулсан, улсын дунджаас доогуур байгаа” гэх үндэслэлийн тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 48 дугаар тогтоолын Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журмын 4.1-д зааснаар захиргааны байгууллага нь төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхдээ тодорхой асуудлаар холбогдох нотлох баримтыг цуглуулж, судалгаа шинжилгээ хийж, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах ёстой.
Гэтэл энэ тохиолдолд захиргааны байгууллага нь хариуцагчийг буруутгасан шалтгаанаа баримтжуулаагүй, тухайлбал газар олголт улсын хэмжээнд хэд байгаа болох, үүнээс тус аймагт ямар үзүүлэлттэй байгаа болохыг шалгаагүй, энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн, хэрхэн биелүүлсэн, нэхэмжлэгчээс ямар ажлыг хийж гүйцэтгээгүй болохыг баримтжуулаагүй атлаа нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
Хавтаст хэрэгт Засгийн газрын 2012 оны 182 дугаар тогтоолын биелэлт гэсэн баримт байх боловч үүнийг нэхэмжлэгч боловсруулж, баталгаажуулсан, хариуцагчаас шалгаж тогтоогоогүй байх тул эргэлзээтэй баримт байна.
-“99 аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх захирамжид заасан хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:
Засаг даргын шийдвэр, захирамжид заасан газрын хэмжээнээс хэтрүүлэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр илүү газар эзэмшиж байгаа 87 иргэн, аж ахуйн нэгжийг хяналт шалгалтаар илрүүлжээ.
Нэхэмжлэгч Д.А нь 2009 оны 1 дүгээр сарын 9-нд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар томилогдон ажилласан байх ба 87 иргэн, аж ахуйн нэгжээс 63 иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлсэн шийдвэр нь нэхэмжлэгчийг ажилд орохоос өмнөх шийдвэр байна.
Хамгийн гол эдгээр иргэн, аж ахуйн нэгж нь хэзээнээс эхлэн газрын хэмжээг зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлж, хашаа татсан болох, үүнээс хэд нь нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалыг эрхэлж байх үед үүссэн зөрчил болох нь тогтоогдохгүй, энэ талаар захиргааны байгууллага судалгаа явуулаагүй, баримтжуулаагүй, үндэслэл бүхий тайлбар гаргаж чадахгүй байх тул нэхэмжлэгчийн “намайг ажилд ороход аль хэдийн газрыг илүү эзэмшээд хашаагаа татсан байсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь энэхүү зөрчлийг арилгаж, таслан зогсоох үүднээс аймгийн Иргэдийн Хуралд асуудлыг танилцуулж, улмаар Иргэдийн Хурлаас илүү эзэмшиж байгаа газрын төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж байжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг “хууль зөрчиж, Иргэдийн Хурлаар тогтоол гаргуулсан” гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Иргэдийн Хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар газрын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй бөгөөд энэ үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгах үндэсгүй.
-“сумдын газрын даамлуудын дунд сургалт зохион байгуулаагүй” гэх үндэслэлийн тухайд:
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.12-д зааснаар нэхэмжлэгч нь газрын даамлын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй ба энэ хүрээнд туршлага солилцох, уулзалт зохион байгуулж байжээ. Гэхдээ мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг зөвхөн “сургалт явуулах” гэсэн чиглэлээр хязгаарлах боломжгүй, сургалт явуулаагүйгээс ямар хохирол учирсан, ямар ажил тасалдсан талаар захиргааны байгууллага үндэслэлтэй тайлбарлахгүй, үүнтэй холбоотой баримт байхгүй байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2012 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөнд газрын даамлуудад тусгайлан сургалт явуулахаар төлөвлөөгүй, Үр дүнгийн гэрээнд тусгаагүй байх тул энэ асуудлаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
-“газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг бусдад эзэмшүүлсэн, зөвшөөрөлгүй газар барилга бариулж, хяналт тавиагүй, чанаргүй барилгын тоо нэмэгдсэн” гэх үндэслэлийн тухайд
Хариуцагчаас дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч үүнийг судалсан судалгаа тоо баримт байхгүй, ямар, ямар аж ахуйн нэгжид, хэний шийдвэрээр газар эзэмшүүлсэн тухай баримт байхгүй байна.
Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “зөвшөөрөлгүй барилга бариулсан, барилгын чанар муу” гэх асуудлыг зөвхөн нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбох үндэслэлгүй, Мэргэжлийн хяналтын газартай хамтран хариуцахаар байна.
-“эмнэлгийн газрыг бусдад эзэмшүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5, 32 дугаар зүйлийн зааснаар 32.1-д зааснаар Газрын алба нь газар эзэмшүүлэх хүсэлтийг хүлээн авч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, бусдын газартай давхацсан эсэхийг шалгах, газар эзэмшүүлэх шийдвэрийн төсөл бэлтгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх эрхтэй.
Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзэхэд эмнэлгийн буюу төрийн байгууллагын газраас иргэн Ц.А-д 1200 мкв газар эзэмшүүлсэн[1] нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасныг зөрчсөн байна.
Нэхэмжлэгчийн тухайд Ц.А-ийн газар эзэмших хүсэлтийг хүлээж авах, шийдвэрийн төсөл боловсруулах үйл ажиллагааг эрхэлдгийн хүрээнд хууль бус үйлдлийг таслан зогсоогоогүй буруутай байна. Гэхдээ газар эзэмшүүлэх тухай эцсийн шийдвэрийг гаргасан этгээд нь Аймгийн Засаг дарга байх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.
-“газар давхардуулан олгосон” гэх үндэслэлийн тухайд:
Хариуцагчаас “нэг газрыг хоёр гэрчилгээгээр Ю.А болон “Ө” мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд давхардуулан олгосон” гэж тайлбарлаж байгаа боловч үүнтэй холбоотой нэр дурдагдсан аж ахуйн нэгжийн захирамж, холбогдох баримт байхгүй байна.
Нэхэмжлэгчээс “захирамжаар сургуульд олгосон боловч гэрчилгээнд иргэний нэрээр олгосон байсан тул энэ алдааг залруулсан” гэж тайлбарлажээ. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар гэрээ байгуулж гэрчилгээ олгох ажлыг нэхэмжлэгч хариуцах ба энэ хүрээнд өөрийн гаргасан алдааг зассан, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 48 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 10, шинэчлэн баталсан 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 6.1-д зааснаар нэхэмжлэгчийн мэргэжлийн үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөхдөө нэхэмжлэгчтэй ярилцлага хийх ёстой байхад хариуцагч нь нэхэмжлэгчийг энэ эрхээр хангаагүй, түүний тайлбарыг сонсоогүй нь буруу юм.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.