Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/138

 

                                                                                    

 

 

 

 

 

 

    2017         11           06                                              2017/ШЦТ/138

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хэргийн индекс:180/2017/0145/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                              А.Уламбаяр

Улсын яллагч                                                            Т.Баярмаа

Хохирогч                                                                    Д.Б

Шүүгдэгч                                                                   Б.Э нарыг оролцуулан

    

Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э холбогдох 1739001480029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

   Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Д.Б-тэй “Ус асгалаа гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг гараараа нүүр, цээж, толгой хэсэг рүү нь цохиж үүдэн дээд талын 1 ширхэг шүдийг унагаан, буйл, зүүн чихний ар болон цээжний хэсэгт шарх бүхий гэмтлүүдийг учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

                     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хх-ийн 9хуу/

        Хохирогч Д.Б-н: ... Хангэрэлийн морийг услах гээд зогсож байтал Э-д өчигдөр ямар их ус асгасан юм бэ гэж хэлтэл чи муу ер нь юу гээд байгаа юм бэ гээд шууд босч ирээд үгийн зөрүүгүй заамдаж аваад миний уруул дээр цохитол миний шүд эвгүй болчихлоо гэж хэлээд гараараа дартал дарсан газар дээр цус асгарч байсан. Тэгээд юу болов гээд хартал миний шүд унасан байсан. Тэгээд хөөе болиоч шүд уначихаад байна шүү дээ гээд хэлтэл намайг доог заамдан дарж байгаад хөл гараараа хаа сайгүй цохиж зодоод байсан. Тэр үед би салгах гэж гараараа тэмтэрч байгаад дээлийнх нь энгэрээс зуураад дээлийг нь ханзалсан юм. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14хуу/

 

        Насанд хүрээгүй гэрч О.Х: .. Тэгээд Бг нь Э-д өмнөх өдөр чи их ус асгасан байсан шүү түүнийгээ янзалчихад яадаг юм гэж хэлтэл Э нь уурлаж хүрч ирээд үгийн зөрөөгүй хоолойноос нь боогоод баруун гараараа нүүрэн тус газар нь буюу уруул хавьцаа газар нь хэд хэд цохиж байсан. Тэгээд хөлөөрөө бас биеийн бүх хэсэг рүү нь өшиглөөд байсан. Тэгээд Э болон Б нарыг зодолдож байхад Б ахын амнаас цус гарч байсан. ... Б ах зодуулсаны дараа нүүрээ гэр дотроо угаачихаад шүдээ хартал уначихсан байсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 19-21хуу/

 

        Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 277 дугаартай: ... Д.Б-ийн үүдэн 1 шүдний уналт, буйлны язарсан шарх, зүүн чихний ар болон цээжний зулгарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 29хуу/

 

        Шинжээч эмч Ч.А-ийн: ... Би Б-ийн дүгнэлтийг гаргахдаа эмнэлэгийн бичиг баримт болон өөрийн биеэр үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэн гаргасан. Анх үзсэн эмчийн тодорхойлолтонд дээд шүд унасан гэж тодорхойлсон байсан ба энэ нь үзлэгээр тогтоогдсон. ... Б-ийн хувьд шүдний уналт бүхий гэмтлээс гадна буйлны язарсан шарх, зүүн чихний ар болон цээжний зулгарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдсон. Эдгээр гэмтэл мөн гэмтлийн хөнгөн зэрэгт ялгаагүй хамаарна гэх мэдүүлэг. /хх-ийн 32хуу/

 

         Шүүгдэгч Б.Э: ... Тэр үед миний танил Б морь хөтлөөд ирсэн. Нэг хүүтэй хамт явж байсан. Б нь худаг дээр ирээд миний услаж байсан адууг хөөж, өөрийнхөө хөтөлж ирсэн морийг усалсан. ... Тэгээд Б морио услаж байхдаа “өчигдөр морио услахдаа ус асгаж шавхаа болголоо” гээд уурласан. Тэгээд үүнээс болж Б бид хоёр маргалдаж муудалцсан. ... Хамраас нь цус гарсан бололтой нүүр нь цус болчихсон байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

 

              Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Д.Б-тэй “Ус асгалаа гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг гараараа нүүр, цээж, толгой хэсэг рүү нь цохиж үүдэн дээд талын 1 ширхэг шүдийг унагаан, буйл, зүүн чихний ар болон цээжний хэсэгт шарх бүхий гэмтлүүдийг учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, Шинжээч эмч Ч.А-ийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

           Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 3.014.000 төгрөгийн хохирол учирсан хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул уг хохиролыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

         Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэхээр шийдвэрлэлээ.

       

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                   

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-г 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

   3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь түүнд оногдуулсан 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

   5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-с 3.014.000 /гурван сая арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д олгосугай.

 

   6.Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

   7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүдийг хохирогчид буцаан өгөхөөр шийдсүгэй.

 

   8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   9.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА