| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00604/И |
| Дугаар | 130/ШШ2018/00011 |
| Огноо | 2018-01-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2018/00011
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, утас Х овогт С-н Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, утас Т овогт Н-ны С-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ж-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Е, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Тээвэрлэлтийн явцад ачаанд учирсан хохирол болох 2010 оны Samsung SM5 маркийн автомашины үнэ 4800000 төгрөг, машин дотор байсан гэх эд бараа, сэлбэгийн үнэ, нэр бүхий үйлчилгээний хөлсийг нэмээд нийтдээ 7259800 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч С.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 12 дугаар сарын 15-ны үед тээврийн жолооч Н.С-тай тээвэрлэлтийн зардлыг харилцан тохиролцож Улаанбаатар хотоос 2010 онд үйлдвэрлэгдсэн Samsung SM5 маркийн суудлын тэргийг Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу хүргүүлэхээр ачуулж, С- бүрэн бүтэн байдлыг хариуцан тээвэрлэн хүргэж өгөхөөр болсон. Гэтэл миний бие суудлын тэрэг ачиж явсан Н.С-н ачааны машин 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын ойролцоо явж байгаад шатсан байх ба үүний улмаас дээр нь ачиж явсан миний суудлын тэрэг мөн цаашид ашиглах боломжгүйгээр бүрэн шатсан байна. Үүнийг цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй гэж шалгаж Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 5\12 дугаар бүхий тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна. Прокурорын тогтоолд С-н мэдүүлгийг иш татан, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон бөгөөд энэхүү байдлаар гадны ямар ч нөлөөгүй тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас уг ачааны машин шатаж надад гэм хор учирсан нь нотлогдож байх тул би өөрт учирсан гэм хорыг арилгахыг С-аас шаардах эрхтэй гэж үзнэ. Миний энэхүү машин одоогийн орон нутгийн ханшаар 8000000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа болно. Иймд надад учирсан хохирол болох 8000000 төгрөгийг С-аас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ
Хариуцагч Н.С- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие хот хооронд тээвэр хийдэг жолооч юм. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу өөрийн автомашинаар ачаа ачиж явахад тухайлбал, Ховд аймгийн Зэрэг суманд автомашин маань шатаж дахин ашиглагдахгүй болсон юм. Уг шатсан ******** улсын дугаартай BEIBEN ND 1250 маркийн автомашинаар тээвэр хийж амьдралаа залгуулж байсан юм. Миний өмчлөлийн ******** улсын дугаартай BEIBEN ND 1250 маркийн автомашин гарсан гал түймрийн талаар Ховд аймгийн Онцгой байдлын Газар гамшгаас хамгаалах улсын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Гал түймрийн хохирлын тухай” №02\162\03 дугаар бүхий акт гарсан юм. Энэ гал түймрийн улмаас 110000000 төгрөгийн хохирол учирсан юм. Улаанбаатар хотод байхад С.Ж- Samsung SM5 маркийн суудлын тэргийг Баян-Өлгий аймагт хүргэж өгөхөөр автомашиндаа ачсан юм. Гэтэл дээр дурдсан шалтгаан нөхцөлийн улмаас С.Ж-ийн автомашин бүрэн шатсан юм. Уг автомашиныг бие би санаатайгаар шатаагаагүй, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ийм байдал үүссэн. Нэхэмжлэгч С.Ж-ийн М.С- надаас 8000000 төгрөг нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, Samsung SM5 маркийн автомашин нь одоо Улаанбаатар хотын Да хүрээ зах болон техникийн захад 4000000 орчим сая төгрөгийн үнэлгээтэй байна. Нэхэмжлэгч С.Ж- нь уг автомашинд үнийг маш өндөр үнээр үнэлсэн байгааг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Ж- шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өгсөн мэдүүлэгт: Өнөөдрийн шүүх хуралдаанд анхны нэхэмжлэлийн шаардлага 8000000 төгрөгийг 7259800 болгон багасгаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Анх Samsung SM5 маркийн машиныг Баян-Өлгий аймгийн зах зээлийн үнэлгээгээр 8 сая төгрөгөөр нэхэмжилсэн. Одоо анх машиныг худалдан авсан үнээр буюу машины үнэ 4800000 төгрөг, машин дотор байсан үлдсэн, эд бараа, сэлбэгийн үнэ, нэр бүхий үйлчилгээний хөлс зэргийг нэмж тооцон нийт 7259800 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд автомашиныг 4,8 сая төгрөгөөр, аккумулятор 60А-130000 төгрөг, амортизатор-120000 төгрөг, дугуй 5 ширхэг х 70000=350000 төгрөг, дэлгэцтэй хөгжим 180000 төгрөг, суудлын бүрээс 120000 төгрөг, шалны резин-45,000 төгрөг, Т-ийн зардал-100,000 төгрөг, машин дотор байсан АК лед-375000 төгрөг, моторын тос сольсон-40,000 төгрөг, кропны тос сольсон-170000 төгрөг, цонхны цуурсан хэсгийг зассан-26000 төгрөг, галын хор 25000 төгрөг, эмийн сан-15000 төгрөг, торос-13000 төгрөг зэргийг нотлох баримттай гаргаж өгсөн. Мөн бичгийн нотлох баримт байхгүй ч тухайн үед машины оношилгоо, резин, даатгал, дугаар, гэрчилгээ, дугаарыг хүрээ, түлхүүр багаж хэрэгсэл, газ зэрэгт төлсөн мөнгө, мөн хүүхдийн ширээ, том хүний куртик зэргийн үнийг нэмээд 7259800 төгрөгийг хариуцагч Н.С-аас гаргуулж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь, 2016 оны 12 дугаар сарын 15-ны үед хариуцагч Н.С- нь өөрийн ******** улсын дугаартай BEIBEN ND 1250 маркийн автомашинд нэхэмжлэгч С.Ж-ийн 2010 онд үйлдвэрлэгдсэн SAMSUNG SM5 маркийн, *********** улсын дугаартай суудлын автомашиныг Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу хүргүүлэхээр ачсан болох нь зохигчдын хүлээн мэдүүлсэн тайлбараар нотлогдож байгаа ба энэ талаар зохигчид маргаагүй болно. Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан “тээвэрлэгч нь ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцсэн тохирсон хөлс төлөх үүрэг”-тэй тээвэрлэлтийн гэрээ хийгдсэн байна.
Тээвэрлэлтийн гэрээний дотор нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1, 386.4-д заасан ачаа тээвэрлэлтийн гэрээ амаар хийгдсэн байна.
Хариуцагч С.Ж- нь “Улаанбаатар хотоос машин худалдан авахуулахаар Б.Т-ийг Улаанбаатар хот руу явуулан, худалдан авсан машиныг Б.Т-ийн нэр дээр буулган Өлгийд очсоны дараа С.Ж-ийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч машин замд шатсан, машины жинхэнэ эзэн С.Ж- мөн болох нь Б.Т-ийн шүүхэд өгсөн мэдүүлэг, шүүхэд бичгээр гаргасан тодорхойлолт, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №0134095 дугаартай Хот хоорондын зорчих тасалбар, мөн хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр машины үнэ гэж 5000000 төгрөгийг Төрийн банкаар шилжүүлсэн нь тус банкны 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн Мөнгөн шилжүүлэг”ийн баримтаар тус тус нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан худалдагч Д.Б, худалдан авагч Б.Т- нарын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6312 дугаартай “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ээр улсын дугаар аваагүй, мөнгөлөг өнгөтэй, арал KNMA4C2CMAP135272, Samsung SM5 маркийн автомашиныг 4800000 төгрөгөөр худалдаж авсан болох нь нотлогдож байна.
Энэ мөнгөлөг өнгөтэй, машин арал KNMA4C2CMAP135272, SAMSUNG SM5 маркийн тээврийн хэрэгсэл нь, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр импортоор орж ирсэн нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр нотлогдож байна.
Мөн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн бүртгэлийн мэргэжилтний тодорхойлолтоор: Б.Т-ийн нэр дээр ********* улсын дугаартай /арал KNMA4C2CMAP135272/ SAMSUNG SM5 маркийн тээврийн хэрэгсэл нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэгдэж, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр импортолж ирсэн гэсэн байна.
Ачаа тээвэрлэлтийн гэрээгээр нэхэмжлэгч С.Ж-ийн SAMSUNG SM5 маркийн ******* улсын дугаартай машиныг Улаанбаатар хот Баян-Өлгий аймаг хүртэл тээвэрлэлтийн явцад хариуцагчийн өмчлөлийн ******** улсын дугаартай BEIBEN ND 1250 маркийн автомашин шатаж үгүй болоход ачсан бүх ачаанууд мөн адил шатаж үгүй болсон нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 5/12 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Н.С-н Ховд аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Н.С-н Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэг, гэрч И.Чингис, Г.Аззаяа нарын мэдүүлэг, хохирогч С.Ж-ийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэг, Ховд аймгийн Зэрэг сумын эхэм багийн нутаг дэвсгэрт ***** улсын дугаартай Норд бенз маркийн автомашин шатсан гэх газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримт болон хариуцагчийн хүлээн мэдүүлсэн тайлбараар тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д заасны дагуу тээвэрлэгч нь ачааг авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачааг гэмтээсэн /устгасан/ хариуцлагыг тээвэрлэгч Н.С- бүхэлд нь хүлээх ёстой.
Харин 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6312 дугаартай “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-нд “Худалдагч автомашиныг худалдан авагчид шилжүүлэн өгөхдөө хүлээлгэн өгөх акт үйлдэнэ” Тус актад худалдан авагч талын хүсэлтээр автомашины бүрэн бүтэн байдал, гэмтлийг зохих шинжилгээний байгууллагаар шинжлүүлэн баримтыг хавсаргана” гэж заасан боловч энэ тухай ямар нэгэн нотлох баримт байхгүй байгаа тул хариуцагчийн тухайн импортоор орж ирсэн машинд 60А-130000 төгрөгийн аккумулятор, 120000 төгрөгийн амортизатор, 350000 төгрөгийн 5 ширхэг дугуй, 180000 төгрөгийн дэлгэцтэй хөгжим, 120000 төгрөгийн суудлын бүрээс, 45000 төгрөгийн шалны резин, 375000 төгрөгийн АК лед гэрэл, моторын тос сольсон-40000 төгрөг, кропны тос сольсон-170000 төгрөг, цонхны цуурсан хэсгийг зассан-26000 төгрөг, галын хор 25000 төгрөг, эмийн сан-15000 төгрөг, торос-13000 төгрөг зэргийг тус тус худалдан авсан гэдэг нь эргэлзээтэй байна.
Мөн хариуцагчийн нэхэмжилж буй эдгээр машины сэлбэг, хэрэгслүүд нь машины доголдол гэмтэлтэй холбоотой бол Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.1-д заасны дагуу худалдан авагчаас хуулийн дагуу шаардах эрхтэй болохоос энэ нь ачаа тээвэрлэлтийн гэрээнд хамааралгүй болно.
Машин авахуулахаар Б.Т-ийн зардал-100000, тухайн үед машины оношилгоо, резин, даатгал, дугаар, гэрчилгээ, дугаарыг хүрээ, түлхүүр багаж хэрэгсэл, газ зэрэгт төлсөн мөнгө, мөн хүүхдийн ширээ, том хүний куртик зэргийг машины дотор байсан гэх боловч нэхэмжлэгч Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулаагүй, мөн эдгээр эд зүйлсийг хариуцагч Н.С-д хүлээлгэн өгсөн эсэхийг нотлох баримт байхгүй байна. Шүүхэд гэрч Б.Г нь эдгээр зүйлийг хариуцагч Н.С-д хүлээлгэн өгч машин дотор хийсэн гэх боловч энэ нь хөндлөнгийн бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.
Иймд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 6312 дугаартай “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн 2010 оны Samsung SM5 маркийн автомашины үнэ 4800000 төгрөгийг хариуцагч Н.С-аас гаргуулан нэхэмжлэгч С.Ж-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.С-аас нэхэмжлэлийн хангасан хэмжээнд оногдох 91750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т овогт Н-ны С-аас 2010 оны Samsung SM5 маркийн автомашины үнэ 4800000 (дөрвөн сая найман зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х овогт С-н Ж-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2459800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.С-аас 91750 (ерэн нэгэн мянга долоон зуун тавин) төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ж-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК